| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2017/01565/И |
| Дугаар | 101/ШШ2017/01899 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2017/01899
20* оны 06 сарын 02 өдөр Дугаар 101/ШШ20*/01899 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүххуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * хороо, * байр, * тоотод оршин суух, 51 настай, эмэгтэй М овогт А Цгийн /*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, Монелийн гудамж, * хорооллын борлуулалтын албаны байранд байрлах Ш ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны болон ажилгүй хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаЧ.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Ш ХХК-д барилгын ерөнхий инженерээр, уг компанийн толгой компани болох И ХХК-д захиалагчийн хяналтын инженерээр ажиллахаар тохиролцон Ш ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай бичгээр байгуулж 2016 оны * сарын 09-ний өдрийг дуустал ажилласан бөгөөд 2016 оны * сарын 09-ний орой 18.00 цагт оффис менежер гэх Liu Fang нь орчуулагч Хурцгэрэлийн Баяржаргалаар дамжуулан хамтарч ажиллахгүй болсон, компанийн баримт бичгийг хүлээлгэж өг гээд надад албан журмаар хэрэглэгдэж байсан бүхий л бичиг баримтуудыг булааж авсан юм.
Би хамтарч ажиллахгүй болсон шалтгааны талаар тайлбар хүсэхэд ямар нэгэн тайлбар, хариуг хэлээгүй, хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон үндэслэл, шалтгааныг надад мэдэгдээгүй, хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг одоог хүртэл бичгээр гаргаж өгөөгүй байна.
Ажлаас халсан шийдвэрийг болон ажилласан хугацааны олгогдоогүй цалин, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авахаар Ш ХХК-аас удаа дараа шаардсан хэдий ч дараа өгнө гээд өгөөгүй ба нийгмийн даатгалын дэвтэргүйгээс татварын хөнгөлөлтийг авах, эдлэх боломжгүй болоод байгаа тухайгаа хэлж гуйн 20* оны 02 дугаар сарын 14-ний өдөр өдөржин Ш ХХК дээр суусны эцэст арайхийж нийгмийн даатгалын дэвтрээ авсан юм. Гэтэл уг дэвтэрт 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/03 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн гэсэн тэмдэглэл бичигдсэн байсан тул ажлаас халсан шийдвэрийг авъя гэсэн боловч өгөөгүй юм.
Миний тухайд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ цуцлах зөрчил, дутагдал гаргаагүй, ажлын хариуцлага алдаагүй байхад хариуцагч Ш ХХК нь ажлаас хууль бусаар халж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна.
Ш ХХК-ийн барилгын инженерээр эгүүлэн тогтоолгох, 2016 оны 10 дугаар сарын 01-нээс * сарын 10-ны өдөр хүртэл ажилласан хугацааны олгогдоогүй байсан цалин /сарын үндсэн цалин 2 700 000 төгрөг: 22 хоног*122 727 нэг өдрийн цалин*33 өдөр/ 4 050 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 12 227 724 төгрөг, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хариуцагчаар хийлгүүлж зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч 20* оны 0* сарын *-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:
Ажилласан хугацааны олгогдоогүй цалин 4 050 000 төгрөг, ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө 1 848 864 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 4 777 165 төгрөг, нийт 10 676 029 төгрөг гаргуулах гэж өөрчилж байна.
Нэг. Би 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ш ХХК-д барилгын ерөнхий инженерээр, энэ компанийн толгой компани болох И ХХК-д захиалагчийн хяналтын инженерээр ажиллахаар тохиролцон Ш ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж 2016 оны * сарын 09-ний өдрийг дуустал ажилласан юм.
2016 оны * сарын 09-ний орой 18:00 цагт оффис менежер Liu Fang нь орчуулагч Х.Баяржаргалаар дамжуулан хамтарч ажиллахгүй боллоо, компанийн холбогдолтой баримт бичгийг хүлээлгэн өг гэсэн шаардлагыг тавьсны дагуу ажлын шаардлагаар надад хүлээлгэн өгсөн 25 төрлийн бичиг баримтуудыг хүлээлгэн өгөөд 2016 оны 1 дугаар сарын 01-ний өдрөөс * сарын 10-ны өдөр хүртэл ажилласан хугацааны олгогдоогүй цалин, ажлаас халагдсан шийдвэр, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авъя гэхэд дараа өгье гээд өгөөгүй юм. Би цалин болон бичиг баримтуудаа авъя гэж утсаар болон биеэр очиж удаа дараа шаардсан боловч сүүлд өгнө гээд өгөхгүй байсан. Нийгмийн даатгалын дэвтэргүйгээс болж татварын хөнгөлөлтөө авч чадахгүй болох гээд байна гэж уйлах шахам гуйн байж 20* оны 02 дугаар сарын 14-нд арайхийж нийгмийн даатгалын дэвтрээ авсан.
Харин ажлаас халсан шийдвэрийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй ба шүүхэд хариуцагч талын өгсөн баримтаас уг шийдвэрийг хуулбарлан авлаа.
Ажлаас халсан шийдвэр болон нийгмийн даатгалын дэвтрийг тухайн үед авч чадаагүйгээс нийгмийн даатгалын сангаас авах байсан ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй хохирсон.
Миний бие Ш ХХК-д 7 сар 9 хоног ажилласан ба уг ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хариуцагч олгох байсан. Ер нь хариуцагч компанийн хувьд Гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд үйл ажиллагаа явуулахдаа Монгол улсын хуулийг үл хүндэтгэж байнга зөрчдөг, тиймээс би цаашид ажиллахгүй учир ажилд эгүүлэн тогтоох шаардлагаас татгалзаж, ажилласан хугацааны олгогдоогүй цалин 4 050 000 төгрөг, ажилласан хугацаанд оногдвол зохих ээлжийн амралтын мөнгө нийт 10 676 029 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 20* оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 20* оны 0* сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчээс хариуцагч Ш ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд:
Хариуцагч байгууллага нь А.Цтай 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр №05 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, Ерөнхий инженерийн ажил албан тушаалд томилон ажиллуулсан ба гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу А.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байх ба хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалтай нэхэмжлэгч А.Ц танилцаж хүлээн авсан бөгөөд хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд А.Цгаас Ш ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр нэмэлт нотлох баримт, тайлбар гаргах болно гэжээ.
Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны олгогдоогүй цалин 4 050 000 төгрөг, ажилласан хугацаанд оногдвол зохих ээлжийн амралтын мөнгө 1 848 864 төгрөг, авах байсан ажилгүйдлийн тэтгэмж 4 777 165 төгрөг, нийт 10 676 029 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч А.Ц нь Ш ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ерөнхий инженерээр ажиллаж 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар болон нэхэмжлэгч А.Цгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар /х.х-ийн 8 дахь талд/ тогтоогдох бөгөөд ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор зохигч талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлжээ.
Нэг. Ажилласан хугацаанд олгогдоогүй байсан цалинд 4 050 000 төгрөг, ээлжийн амралтын мөнгөнд 1 848 864 төгрөг гаргуулна гэжээ.
Тус шаардлагын хувьд, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа тухайн тооцоолол хэрхэн тодорхойлогдсон талаар тодорхой тусгаагүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар 2016 оны 10 болон * сард цалин дутуу олгогдсон гэх бөгөөд тооцооллын хувьд зөрүүтэй талаар тайлбарлаж байна.
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажиллаж байх хугацаанд олгогдоогүй үлдсэн цалингийн талаар тайлбарлах боловч тус тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр биш гэдгийг тодруулж байна.
Ажиллаж байсан хугацааны олгогдоогүй цалин, хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан цалин хөлс олгох зарчмын дагуу тодорхойлогдох хөдөлмөрийн маргаан бөгөөд мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаан юм.
Тухайн маргааны талаар гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт, Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэж зохицуулжээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь аль хугацаанд хамаарах дутуу олгогдсон цалин хөлсний талаар тодорхой тусгаагүй байна. Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 10 болон * сард дутуу олгогдсон цалин хөлс гэж тодорхойлсон байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн шаардлагыг өөрчилсөн болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлага болон түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт тусгагдсан мэдээллээр 2016 оны * сарын 09-ний өдрийг дуустал ажилласан гэдгээр дүгнэлт хийхэд, олгогдоогүй байсан цалин, дутуу олгогдсон цалингийн асуудал тухайн хугацаанд хамаарахаар байна.
Нийгмийн даатгалын бичилтээс үзэхэд 2016 оны 10 дугаар сард 1 827 368 төгрөг олгогдсон гэж бичигдсэн, * сард цалин олгосон бичилт хийгдээгүй байна.
Энэ нь ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанд тодорхойлогдсон хэмжээгээр цалин олгох үүргээ ажил олгогч зөрчиж, ажилтны эрх зөрчигдсөн талаар тухайн хугацаанд буюу хамгийн сүүлийн хугацаа болох 2016 оны * сарын 09-ний өдрөөр мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан гэж үзнэ.
Ажилласан хугацаанд оногдвол зохих ээлжийн амралтын мөнгө 1 848 864 төгрөгийг хууль болон гэрээнд зааснаар олгоогүй асуудал нь мөн л ажилтны хөдөлмөрлөх эрх, цалин хөлс авах эрх зөрчигдөж байгаа хөдөлмөрийн маргаан бөгөөд ийнхүү эрх нь зөрчигдөж байгааг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үед мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан гэж үзнэ.
Дурдсан хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцоолоход гомдол гаргах сүүлийн хугацаа нь 20* оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуусах бөгөөд нэхэмжлэлийг 20* оны 03 дугаар сарын 21-ний өдөр бичсэнийг шүүх 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан байна.
Иймд шүүхэд тухайн асуудлаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын дурдсан хэсгүүдийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох зохицуулалт байх боловч хэргийн нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан баримтаар хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн хугацааг сэргээн тогтоох үндэслэл тогтоогдохгүй байна.
Хоёр. Авах байсан ажилгүйдлийн тэтгэмжид 4 777 165 төгрөг гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгч энэ шаардлагын үндэслэлийг ажлаас халсан шийдвэр болон нийгмийн даатгалын дэвтрийг тухайн үед авч чадаагүйгээс нийгмийн даатгалын сангаас авах байсан ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй хохирсон гэж тайлбарлаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт, Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт өгөх үүрэгтэй. гэж зохицуулжээ.
Нэхэмжлэлийн тус шаардлага нь хөдөлмөрийн гэрээний нэг тал гэрээ болон хуульд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас хохирол учирсан гэж үзэж байх тул энэ нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдох шаардах эрх бөгөөд энэ шаардлагад Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөөн хэлэлцэх тусгай хугацааг хамааруулан авч үзэх нь тухайн харилцааны зорилгод нийцэхгүй байна.
Иймд тус шаардлагад хамаарах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэх бөгөөд харин гэрээний нэг талын үүргийн зөрчил, түүнээс хохирол учирсан байх нөхцөл байдал, тэдгээрийн шалтгаант холбоог хохирол шаардаж байгаа тал өөрөө нотлох үүрэгтэй.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т, Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ. гэж зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оны 04 дүгээр сараас эхлэн 10 дугаар сар хүртэл төлсөн тэмдэглэл байх бөгөөд тухайн хугацаанаас өмнө /2015 оны * сараас 2016 оны 03 дугаар сар хүртэл/ сайн дураар шимтгэлийг төлсөн байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар ажил олгогчид ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд ажил олгогч Ш ХХК-ийн ямар үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, хохирлын хэмжээ яагаад 4 777 165 төгрөг гэж тогтоогдсон болон ажил олгогчийг тус хохирлыг учруулсан гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.
Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тус хэргийн шүүх хуралдааныг 20* оны 06 дугаар сарын 02-ны өдөр товлосон бөгөөд хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шүүх хуралдааны товоо мэдсэн байна.
Шүүх хуралд нэхэмжлэгч хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй, энэ талаар ямар нэг баримт тайлбар ирүүлээгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмнө нь хойшлогдсон хурлын тов дээр гарын үсэг зуран товлосон хугацааг хүлээн зөвшөөрсөн боловч шүүх хуралдаан давхацсан талаар хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсанаар шүүх хуралд давхацсан гэх боловч энэ нь шаардлага хангасан баримтаар нотлогдохгүй, дурдаж байгаа хуралд өмгөөлөгчөөр оролцож байгаа гэх баримтгүй байсныг дурдах нь зүйтэй.
Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийг шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн тэдгээрийн эзгүйд хурлыг үргэлжлүүлэх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш ХХК-иас 10 676 029 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч 5 898 864 төгрөгт холбогдох улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдан, 4 777 165 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад төлөгдвөл зохих 91 385 төгрөгийг нэхэмжлэгч А.Цгаас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.АМАРЖАРГАЛАН