Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2022/0104/Э |
Дугаар | 2022/ШЦТ/118 |
Огноо | 2022-01-20 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/118
2022 01 20 2022/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Ж.Сувданчимэг,
шүүгдэгч Б.Г.....................т нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигин овогт Б......................рийн Г.....................тад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208 0000 00037 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Боржигин овогт Б......................рийн Г.....................т, Монгол улсын иргэн, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт 1978 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Ган хийц” ХХК-нд үйлдвэрлэл хариуцсан захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 24 дүгээр хороо 52а байрны 4 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЧС78120676.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Г.....................т нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, .......................... байрлах “.......................хашаанд Э.А............үүг ажлаа сайн хийсэнгүй гэж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохин хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зүүн, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, хүзүүний зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.Г.....................т нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, .......................... байрлах “Ган хийц” ХХК-ийн хашаанд Э.А............үүг ажлаа сайн хийсэнгүй гэж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохин хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зүүн, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, хүзүүний зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хохирогч Э.А............үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны 17 цаг 30 минутад ажлаа тараад гэр рүүгээ явах гэж байтал манай ажлын газрын инженерүүд намайг ажлаа ярингаа жоохон ууя өнөөдөр цалин буусан гэж хэлэхээр нь би тэгье гээд Ган хийц ажлын байрны гадаа хашаанд Н..........................аа А..........................н, Д................рж Г.....................т бид 5 цуг 2 шил 1 литрийн Вискийг хувааж ууцгаасан. Тэгээд архи уугаад тарах гэж байхад орой 23 цагийн үед Г.....................т инженер над руу ажлаа ч муу хийгээд байна гэж агсраад миний хоолойг боохоор нь би зөрүүлээд “би таны удирдлага дор ажилладаг хүн биш” гэтэл Г.....................т инженер миний нүүр рүү гараараа цохиод байна. Тэгээд би ухаан алдаад унасан ба намайг сэргэх үед миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгж байхад Н..........................аа, А..........................н, Д................рж нар салгацгаасан...намайг Ган Хийц ХХК-ийн хашаанд байхад Г.....................т инженер нүүр рүү эхлээд гараараа цохиж байгаад ухаан алдуулаад сэргэх хөлөөрөө нүүр рүү өшиглөж гэмтээсэн...би эмчилгээний зардлаа гаргуулан авч эмчилгээ хийлгэн эрүүл болмоор байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дахь тал),
-“...Би эмчилгээний зардалд 4.000.000 төгрөгийг авч хохиролгүй болсон. Би Г.....................таас мөнгөө гаргуулан эмчилгээ хийлгэсэн...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
-Гэрч Д................ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажлын хүмүүс сүүлийн 2 сарын хугацаанд нэлээн завгүй ажиллаж байгаад сая зав гараад бас цалин буугаад манай ажлын газрын инженерүүд ажлын тухайн ярилцъя гэж уулзахаар болсон ба Г.....................т, А..........................н, А............үү Н..........................аа бид 5 Ган Хийц ХХК-ний хашаан дотор 2 шил 0.75 литрийн Виски ууцгаасан. Тэгээд байж байтал Г.....................т, А............үү ажлаа сайн хийхгүй байна гэж маргалдаад Г.....................т, А............үүг нүүр рүү нь гараараа цохиод байсан чинь А............үү ухаан алдаж унаад эргээд сэргэсэн чинь Г.....................т А............үүгийн нүүр рүү нь өшиглөсөн. Тэгтэл А............үү цагдаа дуудсан...Г.....................т А............үүгийн нүүр хэсэг рүү гараараа цохиж байгаад хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
-Гэрч Б.Н..........................аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.....................т, А............үүг ажлаа сайн хийхгүй байна гэж маргалдаад А............үүгийн нүүрэн тус газар нь гараараа цохиод боосон ба би харчхаад Г.....................т, А............үү хоёрыг салгатал А............үү муужраад унасан. Тэгээд буцаад босох гэтэл Г.....................т А............үү хөлөөрөө өшиглөсөн..Г.....................т А............үүгийн нүүр хэсэг рүү гараараа цохиж байгаад хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
-Гэрч Б.А..........................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажлын газрынхан ойрд завгүй байж байгаад зав олдсон дээр нь гээд ажлын талаар ярьж суухаар болоод Г.....................т, Н..........................аа, Д................рж, А............үү бид 5 Ганхийц ХХК-ийн хашаан дотор 2 шил 0.75 литрийн виски ууцгаасан. Тэгээд ууж бараг дуусаж байхад Г.....................т, А............үү ажлаа сайн хийхгүй байна гээд маргалдаад А............үүг барьж нүүр рүү нь гараараа цохиж байгаад боосон тэгээд А..........................н салгатал А............үүг муужирч унаад босох үед Г.....................т А............үүг өшиглөчихсөн. Тухайн үед би А............үүг Г.....................таас салгах гээд хичээсэн...Г.....................т А............үүгийн нүүр хэсэг рүү гараараа цохиж байгаад хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12013 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод зовхи, овойж хавдсан, 4х5см хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн нүдний дээд, доод зовхи, овойж хавдсан, 2х5см хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун хацрын төвгөрт 0.5х5см 2 ширхэг хүрэн улаан өнгийн зулгаралттай, духны зүүн дээд хэсэгт овойж хавдсан, 0.5х3см хүрэн улаан өнгийн зулгаралттай, хүзүүний баруун дээд хэсэгт 0.5х11см хүрэн улаан өнгийн зулгаралттай.
2021.12.01-ний өдөр Лазер мед эмнэлгийн Толгойн КТГ-д: хамар ясны зүүн хажуу хана зөрүүтэй хугаралтай, нүдний ухархайн хана хэвийн, духны урд хэсэг, хамрын нуруу, баруун хацар зөөлөн эдэд хаван хавдартай тархины эдэд гэмтэлгүй гэжээ...ДҮГНЭлт
“...1.Э.А............үүгийн биед хамар ясны хугарал, зүүн, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Б.Г.....................тын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлын газрын инженерүүдтэй ойрд уулзаагүй юм чинь гээд А..........................н, Н..........................аа, Д................рж, А............үү бид 5 уулзаж Ган хийц ХХК-ний хашаан дотор 2 шил 0.75 литрийн Виски ууцгааж ажлын талаар ярьсан. Тэгээд байж байтал А............үү надтай ажлаас болж маргалдахаар нь би ажлаа сай хийхгүй байн гээд уурлаад А............үүгийн нүүр рүү нь гараараа цохиод хоолойг нь боосон чинь А............үү ухаан алдсан...би А............үүгээс холдохдоо нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн...би Э.А............үүд эмчилгээний зардал болох 4.000.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр гарган өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Бат-Эрдэнэ нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12013 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Г.....................т нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр “ажлаа хийж чадахгүй байна” гэх сэдэлтээр хохирогч Э.А............үүгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Б.Г.....................т нь хохирогч Э.А............үүгийн нүүр тус газар гараараа болон хөлөөрөө өшиглөж хамар ясны хугарал, зүүн, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар хүзүүний зулгарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч шүүгдэгч нар нь архидан согтуурсны улмаас маргаан үүсгэж, энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Г.....................тыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Э.А............үү нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Б.Г.....................т эмчилгээний зардалд 4.000.000 (хавтаст хэргийн 64 дэх тал) төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Б.Г.....................тыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Г.....................тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Б.Г.....................т нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.Г.....................т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 73, 74 дэх тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 75 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 77 дахь тал),
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 29, 31 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 26 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 30, 38 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 33-37 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 40-44 дэх тал), Ган Хийц ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г.....................т, хохирогч Э.А............үү нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Б.Г.....................тыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Г.....................тад торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0000 00037 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Б......................рийн Г.....................тыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г.....................тыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г.....................тад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г.....................т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ