Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/389

 

 

 

 

 

 

2022         03          15                                      2022/ШЦТ/389

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бд холбогдох 2203 00000 0121 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, “Е-Т\/” телевизэд зураглаач ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 24 дүгээр байрны 17 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овогт Бийн Б /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, “Ганц худаг”-ийн шинэ буудлын урд замд Тоёота приус маркийн 78-91 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйл, 4 дүгээр хавсралтын 5.2, 12.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Нэргүйг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх.05-11/,

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх.12-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Нэргүйн өгсөн: “... Ганц худгийн шинэ замд байрлах гадна тойруу 3 буудал дээр буугаад ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд зам хөндлөн гарч явах үед баруунаас зүүн тийш явсан автомашинд мөргүүлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлж шинжилгээ өгөхөд баруун талын 2 хавирга хугарсан, баруун гарын булчин хэсгийн яс цуурсан байна гээд гипс тавьж өгсөн...гэх мэдүүлэг /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Баярбатын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 19:20 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах аавынхаа гэрээс гарч ажилдаа явах гээд өөрийн эзэмшлийн Тоёота приус 11 маркийн 78-91 УНВ улсын дугаартай автомашины жолоодон ганц худгийн шинэ замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд явж байхад явган хүний гарцгүй хэгсээр замын баруун талаас гэнэт явган зорчигч гарч ирээд тоормос гишгэсэн боловч амжилгүй машины баруун урд хэсгээр мөргөж урд шилийг мөргөөд унасан. Тэгэхээр нь машинаас буугаад очиход замын хажууд талд уначихсан байхаар нь биеийн байдлыг нь асуухад ёолоод байхаар нь өөрийн 9966- 5587 дугаарын утсаар цагдаа болон түргэн дуудаад 20-30 минутын дараа ирж үзчихээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай гэж хэлээд явахад замын цагдаа нар ирсэн. Би тэндээс үзлэг хийж дууссаны дараа хүнээ аваад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж нарийн шинжилгээ хийлгэхэд цээжний баруун талын дээрээс 2 дахь хавирга хугарсан баруун гарын булчингийн ял цуурсан байна гээд гипс тавьж өгсөн...”,

“... Би буруугаа ухамсарлаж байгаа хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлгүүд /хх.26, 68/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Г.Алтанцэцэгийн өгсөн: “... Яагаад иргэний хариуцагчаар татагдаж байгаагаа ойлгосон. Гэхдээ манай нөхөр мөргүүлсэн хүнээс нэхэмжилсэн эмчилгээ эм тарианы зардлыг бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх.23/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2153 дугаар:

“1. С.Нэргүйн биед баруун атгаал ясны төвгөр дайрсан хугарал, баруун 2,4,5-р хавирганы хугарал, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн мөргөгдөх үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.29-30/,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн гаргасан 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.35-40/,

Техникийн хяналтын үзлэгийн хуудас /хх.41/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.42-43/,

Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.47-58, 75/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.60-62/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.67/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн гаргасан хүсэлт /хх.72/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн гаргасан хүсэлт /хх.73/,

Хохирлын болон хохирол барагдуулсан тухай баримт /хх.76-77/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.79-80/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, “Ганц худаг”-ийн шинэ буудлын урд замд Тоёота приус маркийн 78-91 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйл, 4 дүгээр хавсралтын 5.2, 12.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Нэргүйг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх.05-11/,

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх.12-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Нэргүйн өгсөн: “... Ганц худгийн шинэ замд байрлах гадна тойруу 3 буудал дээр буугаад ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд зам хөндлөн гарч явах үед баруунаас зүүн тийш явсан автомашинд мөргүүлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлж шинжилгээ өгөхөд баруун талын 2 хавирга хугарсан, баруун гарын булчин хэсгийн яс цуурсан байна гээд гипс тавьж өгсөн...гэх мэдүүлэг /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Баярбатын яллагдагчаар өгсөн: “... Би буруугаа ухамсарлаж байгаа хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх.68/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Г.Алтанцэцэгийн өгсөн: “... Яагаад иргэний хариуцагчаар татагдаж байгаагаа ойлгосон. Гэхдээ манай нөхөр мөргүүлсэн хүнээс нэхэмжилсэн эмчилгээ эм тарианы зардлыг бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх.23/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2153 дугаар:

“1. С.Нэргүйн биед баруун атгаал ясны төвгөр дайрсан хугарал, баруун 2,4,5-р хавирганы хугарал, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн мөргөгдөх үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.29-30/,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн гаргасан 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.35-40/,

Техникийн хяналтын үзлэгийн хуудас /хх.41/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.42-43/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Б.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 700 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Бг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Б нь хохиролд 550.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч С.Нэргүй нь гомдолгүй гэсэн байх боловч тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Б жич нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Бд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг хувийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч О овогт Бийн Бг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бд сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Нэргүй нь 550.000 төгрөг авсан, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч С.Нэргүй нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Бгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР