Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2016/0091

 

Ц.А- нарын 5 иргэний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 766 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.А- нарын 5 иргэний нэхэмжлэлтэй, ТАЗ-, ТАЗ-ийн Мэдээлэл хянан шалгах комисст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А-, Т.О-, Б.Э-, Д.О-, Б.О- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Монгол Улсын ТАЗ-ийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын дагуу сонгон шалгаруулалт явуулахаас 21 хоногийн өмнө Монгол Улсын ТАЗ-, Ховд аймгийн Боловсрол, Соёлын газрын веб сайтад байршуулсан. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлагдсан. Дээрх сонгон шалгаруулалтанд ерөнхий боловсролын 4 сургуулийн захирал, 2 цэцэрлэгийн эрхлэгч нийт 6 орон тоонд 9 хүн шалгалт өгсөн. Боловсрол, Соёлын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг нь 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутад шалгалтыг эхлүүлсэн. Урьд нь бидэнд цахимаар авна гэж зарласан байсан бөгөөд шалгалт эхлэхийн өмнө Ховд аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Б.У- мэдээлэл хийхдээ бид ХоИС-ийн мэдээлэл зүйн кабинетийг гэрээ хийж ашигладаг. Урьд кабинетийг ашигласан хөлс төлөөгүй болоод өнөөдрийн шалгалтыг цахимаар авах боломжгүй боллоо. Иймд сорил, сорилын аргаар авахаар байна. Та бүхэн зөвшөөрөх үү гэж бид нараас санал асуухад бид нар зөвшөөрсөн. Үүний дагуу ТАЗ-ийн 60 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх зүйлийг мөрдлөг болгож шалгалтыг авна гэж танилцуулаад шалгалтаа эхэлсэн. Шалгалтын явцад ямар нэг будлиан, маргаан гараагүй ба шударга, ил тод байдалд нээлттэй болсон. Шалгалтын дараа ч шалгалтанд оролцогчдоос хэн нэг нь гомдол гаргаагүй. Шалгалтанд орж нэр дэвшигчдийн материалыг онооны дарааллаар жагсаан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Боловсрол, Соёлын газрын мэргэжилтэн Э.Б- Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд уламжилсан тухайгаа бидэнд

мэдэгдсэн. 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Боловсрол, Соёлын газрын дарга Б.У- нэр дэвшигчдийг дуудаж та нарыг томилохгүй Монгол Улсын ТАЗ-өөс сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 365 дугаар албан бичиг ирсэн гэж мэдээлэл өгсөн. Бид яагаад юуны учир хүчингүй болгосныг лавлаж материалтай танилцахад

Нэгдүгээрт, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга бөгөөд Төрийн албаны Ховд аймаг дах салбар зөвлөлийн дарга Б.Батмөнх заавал цахимаар авах ёстой шалгалтыг цахимаар аваагүй учраас энэ сонгон шалгаруулалтыг чинь хүчингүй болгуулна гэж хэлж байна. Боловсрол, Соёлын газар 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын ТАЗ-д сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд явуулсан, мөн нэр дэвшигчдийн нэрс, тайлангаа эрх бүхий хүмүүст хүргүүлсэн. Гэтэл ТАЗ-ийн Мэдээлэл хянан шалгах комиссын 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн дугааргүй дүгнэлт, дүгнэлтийг Монгол Улсын ТАЗ-ийн дарга Б.Ц-гийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар шийдвэр, хуралдааны тэмдэглэлд бичсэнээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэл байгаагүй.

Хоёрдугаарт, Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Батмөнхийн дураараа аашилсан дээрх үйлдэл нь ТАЗ-ийн 60 дугаар тогтоолын 9 дүгээр зүйлийн 9.3 дах хэсэгт заасан Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахад улс төрийн хүчин, төрийн өндөр албан тушаалтан, төсвийн ерөнхийлөн захирагчийн зүгээс Салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт нөлөө үзүүлэхийг хориглоно гэсэн заалтыг ноцтойгоор зөрчиж аймгийн Боловсролын газарт хууль бус шахалтыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнх үзүүлж, Төрийн албаны салбар зөвлөлд хөндлөнгөөс нөлөөлж байна гэж бид үзэж байна. 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан журмын 1 дүгээр хавсралтын Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг

сонгон шалгаруулах журмыг бүрэн баримталсан. Хоёрдугаар хавсралтын Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ дүгнэлт гаргах зааврын 3 дугаар зүйлд ТАЗ-ийн 60 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дугаар зүйлийн 3.1-д комисс, шалгалтын хэлбэр төрөл шалгалтанд оролцогчдын тоо, шалгалт авах байрны боломж, мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологийн хангамж зэргийг харгалзан тухайн төрлийн шалгалтыг дор дурдсан аргуудаар сонгон авна. ТАЗ-ийн 60 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дугаар зүйлийн 3.1.1-д Сорилын шалгалтыг цахим сүлжээ ашиглах боломжгүй тохиолдолд сорил, сорилын хуудас бөглөх хугацаа 40 минутаас хэтрэхгүй гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ТАЗ-ийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан заалтад хоёр салаа утга санааг агуулсан байна. 3.1.1-ийн А-д Сорилын шалгалтыг цахим сүлжээ ашиглах, 3.1.1-ийн Б-д Боломжгүй тохиолдолд сорил, сорилын хуудас бөглөх хугацаа 40 минутаас хэтрэхгүй гэж заасан хоёр хэлбэрийн алинаар нь авсан ч болохоор журамд ойлгомжтойгоор тодорхой заажээ. Ховд аймгийн Боловсролын газрын дарга Б.У- тухайн нөхцөл байдалд зохицуулж гаргасан шийдвэр нь Монгол Улсын ТАЗ-ийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ дүгнэлт гаргах зааврын 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг зөрчиж цахимаар аваагүй гэсэн ТАЗ-ийн Мэдээлэл хянан шалгах комиссын дугааргүй дүгнэлт, Монгол Улсын ТАЗ-ийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар тогтоолуудыг зөрчөөгүй байна. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 18 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Монгол Улсын Их Хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолд заасан журмыг баримталж ТАЗ-ийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэж гаргасан 60 дугаар тогтоолын дагуу авсан Ховд аймгийн Боловсрол, Соёлын газрын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй байсан гэж бид үзэж ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Монгол Улсын ТАЗ-ийн Мэдээлэл хянан шалгах комиссын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугааргүй дүгнэлт, ТАЗ-ийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар шийдвэр нь Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Э-, Т.О-, Ц.А-, Д.Одонтуяа, Б.О- нарын Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан Төрийн үйлчилгээний албан тушаал, 9.1.2, ТАЗ-ийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрээр баталсан 60 дугаар тогтоолын 9 дүгээр зүйлийн 9.3 зэрэг заалтыг зөрчиж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасан Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах эрхийг, мөн хуулийн 16.14-д заасан эрхүүдийг зөрчсөн тул уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргаж байна. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.4, 5 дугаар зүйлийн 5.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг эрхэлдэг Монгол Улсын ТАЗ-ийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан нэгдүгээр хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.4.3 дагуу сонгон шалгаруулалтанд энэ журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан журмыг бүрэн хангасан сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн бидний Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах иргэн бидний эрхийг зөрчиж байсан. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д иргэнд хуульд заасан болзол журмын дагуу Төрийн албанд орох адил тэгш боломжтой байх, 4.2.6-д Төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангана гэсэн хуулийн заалт зөрчигдөж байх тул бидний эрхийг зөрчиж буй Монгол Улсын ТАЗ-ийн Мэдээлэл хянан шалгах комиссын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугааргүй дүгнэлт, ТАЗ-ийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөр огноологдсон шийдвэрийг Монгол Улсын ТАЗ-ийн 8 дугаар шийдвэрийг Захиргааны илт хууль бус актад тооцож нэхэмжлэгч Б.Э-, Т.О-, Ц.А-, Д.О-, Б.О- нарын сонгон шалгаруулалтанд тэнцсэн Ховд аймгийн Боловсрол, Соёлын газрын Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүн хуульд нийцсэнийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч ТАЗ-ийн дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

...ТАЗ-ийн 2013 оны 60 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах зааврын 3.1.1-д Сорилын шалгалтыг цахим сүлжээ ашиглах, цахим сүлжээ ашиглах боломжгүй тохиолдолд сорил, сорилын хуудас бөглөх... гэсэн нь сорилын шалгалтыг цахим хэлбэрээр авахыг чухалчлан заасан бөгөөд цахим сүлжээ ашиглах боломжгүй тохиолдолд сорил, сорилын хуудас бөглөх гэсэн нь техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжид гэмтэл, саатал гарч, түүнийг сэргээн ажиллуулах, цахим тоноглолын сүлжээ гэмтсэн, мэдээлэл дамжуулах боломжгүй болсон, цахилгааны эх үүсвэр тасалдсан тохиолдол байхыг үгүйсгэлгүйгээр ийм тохиолдолд сорилын хуудас /prepaid card/-аар хариултыг бөглөж тусгай хэрэгсэл /scantron/-ээр уншуулан дүгнэх агуулгыг тусгасан болно. ТАЗ-өөс мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрт шилжүүлэх /2010/-ээс өмнө дээрх аргаар шалгалтыг зохион байгуулж байсан түүх байгаа. 2010 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд Төрийн албаны мэргэшлийн шалгалт, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын сорил, мэдээллийн технологийн мэдлэгийг сорих шалгалтыг цахимаар авч хэвшүүлсэн бөгөөд дан ганц Ховд аймаг дах орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийн шалгалтыг бодитой бус шалтгаар нэр заан нийтийн жишиг болсон зохион байгуулалтыг эсэргүүцэж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тиймээс цахим хэлбэрээр сорилыг дүгнэхийг эсэргүүцэж буй эдгээр иргэдийн санал, нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн цахимаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулахгүйн тулд байр танхим байхгүй, төсвийн байгууллагад төлбөр төлөх боломжгүй, өр төлбөртэй гэсэн тайлбар хийж буй нь бодит шалтгаан биш, шалтаг болж буй нь харагдаж байна. ТАЗ-ийн аль ч аймаг, орон нутагт ажиллаж буй Салбар зөвлөл нь тухайн орон нутагтаа Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд мэргэшил арга зүйн дэмжлэг, үйлчилгээгээр хангаж ажиллах чиг үүрэгтэй тул Б.Батмөнх нь албан үүргийн дагуу ажилласан хэмээн үзэж байна. ТАЗ-өөс Салбар зөвлөлийн ажиллах журмыг батлан мөрдүүлж байгаа нь ч төрийн байгууллага, салбар нэгж, төрийн албан тушаалтан, албан хаагчдад хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөгөө үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх үндсэн үйл ажиллагаа юм. ТАЗ-ийн салбар зөвлөл юуны тулд орон нутагт ажиллаж байна гэдгийг нэхэмжлэгч иргэд, тэр дундаа төрийн байгууллагын удирдлагаар ажиллах гэж буй иргэн хууль тогтоомжийн хүрээнд ойлгох хэрэгтэй. ТАЗ-, түүний Салбар зөвлөлөөс маргаан хянан шалгах комисс томилогдож маргааныг хууль тогтоомжийн хүрээнд хянан шалгаад санал, дүгнэлтээ Зөвлөлийн хуралдаанд танилцуулах шийдвэр гаргуулдаг журамтай. Энэхүү журмын дагуу Мэдээлэл хянан шалгах комисс дүгнэлтээ ТАЗ-ийн хуралдаанд танилцуулан Зөвлөл тогтоол гаргаж уг дүгнэлтийг зүйтэй гэж үзсэн. Дүгнэлт нь дугаартай байх талаар тусгайлан зааж өгөөгүй бөгөөд ТАЗ-өөс маргаан хянан шалгах дүгнэлт тус бүрт дугаарлалт хийдэггүй болно. ТАЗ-ийн тогтоол нь хамтын шийдвэр бөгөөд хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар батлагдсан шийдвэр юм. Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг цахимаар бус гар аргаар зохион байгуулж, дүнг гараар өгсөн явдлыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдлын болон мөн хуулийн 4.2.2, 4.2.4-т заасан зарчмыг зөрчсөн үйлдэл гэж ТАЗ- үзэж байна. Иймд ТАЗ-ийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаар тушаалаар томилогдсон Мэдээлэл хянан шалгах комиссын дүгнэлт, ТАЗ-ийн 2015 оны 8 дугаар тогтоол нь Төрийн албаны тухай хууль болон бусад эрх зүйн зохицуулалтыг зөрчөөгүй хамтын шийдвэр тул иргэн Ц.А-, Т.О-, Б.Э-, Д.О-, Б.О- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчид ТАЗ-, Мэдээлэл хянан шалгах комиссыг тус бүр хариуцагч гэж салган үзсэн байгаа ч энэхүү тайлбар нь Зөвлөл болон комиссын нэгдмэл байр суурь болно гэв.

Хариуцагч Монгол Улсын ТАЗ-ийн Мэдээлэл хянан шалгах комиссын ахлагч С.Цэдэндамба шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Мэдээлэл хянан шалгах комисс нь ТАЗ-ийн даргын тушаалаар томилогдсон бөгөөд ТАЗ-ийн албан тушаалтнуудаас бүрдсэн бүрэлдэхүүнтэй комисс билээ.

Иймээс тус комисс нь Монгол Улсын ТАЗ-ийн байр сууриас ангид бус бөгөөд тусгайлан хариуцагчаар оролцох үндэслэлгүй болно. Нэр бүхий иргэдийн гаргасан нэхэмжлэлийн хариуцагчаар ТАЗ-ийг төлөөлж ТАЗ-ийн ахлах референт Д.Б, төлөөлөгч Ш.Эрдэнэбат нар шүүх хуралд оролцох болно. Иймд шүүх хуралд миний бие биечлэн оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 766 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А-, Т.О-, Д.О-, Б.О-, Б.Э- нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ТАЗ-ийн Мэдээлэл хянан шалгах комиссын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт, ТАЗ-ийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар /тогтоол/ шийдвэр нь тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагч ТАЗ- давж заалдах гомдолдоо: ...Ц.А-, Т.О-, Д.О-, Б.О-, Б.Э- нарын сонгон шалгаруулалтыг цахимаар бус гар аргаар зохион байгуулж, дүнг гараар өгсөн явдлыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдлын болон мөн зүйлийн 4.2.2, 4.2.4-д заасан зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. ТАЗ-ийн 2013 оны 60 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ын 3.1.1-д сорилын шалгалтыг цахим сүлжээ ашиглах, цахим сүлжээ ашиглах боломжгүй тохиолдолд сорил, сорилын хуудас /карт/ бөглөх... гэсэн нь сорилын шалгалтын цахим хэлбэрээр авахыг чухалчлан заасан бөгөөд цахим сүлжээ ашиглах боломжгүй тохиолдолд сорил, сорилын хуудас /карт/ бөглөх гэсэн нь техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжид гэмтэл, саатал гарч, түүнийг сэргээн ажиллуулах, цахим тоноглолын сүлжээ гэмтсэн, мэдээлэл дамжуулах боломжгүй болсон, цахилгаан эх үүсвэр тасалдсан тохиолдол байхыг үгүйсгэлгүйгээр ийм тохиолдолд сорилын хуудас /карт/ /Prepaid card/-аар хариултыг бөглөж тусгай хэрэгслээр уншуулан дүгнэх агуулгыг тусгасан. Цахимаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулахгүйн тулд байр танхим байхгүй, төсвийн байгууллагад төлбөр төлөх боломжгүй, өр төлбөртэй гэсэн тайлбар хийж буй нь бодит шалтгаан биш, гар аргаар сонгон шалгаруулалтын сорилыг зохион байгуулах гэсэн шалтаг болж байна. Сонгон шалгаруулалтанд орж, өрсөлдөх иргэд бичиг баримтын бүрдлээ хангах, зохион байгуулагч нь байр танхим, техник хэрэгсэл, зохион байгуулалтын бэлэн байдлыг хангахад зориулан сонгон шалгаруулалтыг эхлэхээс хуанлийн 21 хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлдэг. Энэ бол дээрх үйл ажиллагааг хийж гүйцэтгэх хангалттай хугацаа юм. ТАЗ-ийн аль ч аймаг, орон нутагт ажиллаж буй Салбар зөвлөл нь тухайн орон нутагтаа төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, төрийн алба, албан хаагчийн үйл ажиллагаанд мэргэшил арга зүйн дэмжлэг, үйлчилгээгээр хангаж ажиллах үүрэгтэй. ТАЗ-ийн салбар зөвлөл ямар учраас орон нутагт ажиллаж байна гэдгийг нэхэмжлэгч иргэд, тэр дундаа төрийн байгууллагын удирдлагаар ажиллах гэж буй иргэн ухамсарлах хэрэгтэй. ТАЗ-ийн 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан тус зөвлөлийн 23 дугаар хуралдаанаар хэлэлцэсний дагуу Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын талаар ТАЗ-ийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1068 тоот албан бичгээр ТАЗ-ийн нийт салбар зөвлөлүүдэд Сонгон шалгаруулалтыг зөвхөн цахим /онлайн/ хэлбэрээр зохион байгуулах-ыг урьдчилан мэдэгдсэн болно. Иймд дээрх тайлбар, үндэслэлүүдийг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 766 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч нараас ...цахимаар аваагүй тул 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тус аймагт зохион байгуулсан Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ТАЗ-ийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугааргүй дүгнэлт, 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоол хууль бус ... гэж, хариуцагчаас ...ТАЗ-ийн 2013 оны 60 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ...үнэлгээ дүгнэлт гаргах зааврын ...цахим хэлбэрээр сорилыг дүгнэхийг эсэргүүцэж буй эдгээр иргэдийн санал, нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргажээ.

Ховд аймгийн Боловсролын газар нь ТАЗ-ийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор баталсан журам, зааврын дагуу ТАЗ-өөр дамжуулан зарлаж, сонгон шалгаруулах комиссыг байгуулан зохион байгуулсан төрийн зарим үйлчилгээний байгууллагуудын удирдах ажилтны сонгон шалгаруулалтад нэр бүхий иргэд журамд заасны дагуу бүртгүүлэн оролцсоноос нэхэмжлэгч Б.Э- 61.36 оноо, Т.О- 74.7 оноо, Ц.А- 78.5 оноо, Д.О- 75.9 оноо, Б.О- 60.24 оноо авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

ТАЗ-ийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ын 3.1-д Комисс шалгалтын хэлбэр, төрөл, шалгалтад оролцогчдын тоо, шалгалт авах байрны боломж, мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологийн хангамж зэргийг харгалзан тухайн төрлийн шалгалтыг дор дурдсан аргуудаас сонгон авна:, 3.1.1. сорилын шалгалтыг цахим сүлжээ ашиглах, цахим сүлжээ ашиглах боломжгүй тохиолдолд сорил, сорилын хуудас /карт/ бөглөх, хугацаа дөчин минутаас хэтрэхгүй гэж тус тус заажээ.

Дээрх зааварт комисс нь шалгалт авах байрны боломж, мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологийн хангамж зэргийг харгалзан цахим сүлжээ ашиглах, сорилын хуудас бөглөх гэсэн аргуудаас сонгон шалгалтыг авахыг буюу хэрэв цахим сүлжээ ашиглах боломжгүй тохиолдолд сорил, сорилын хуудас бөглүүлж шалгалтыг авах эрхтэй болохыг тодорхой зааваарласан байхын дээр ТАЗ-ийн 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 1.7-д ...техник, технологи, сүлжээний дэд бүтцийн хувьд боломжтой бол сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулах хүсэлтээ... бичгээр ирүүлнэ гэснээс үзвэл сонгон шалгаруулалтыгзөвхөн цахим хэлбэрээр явуулахыг шаардаагүй байна.

Иймээс Ховд аймгийн Боловсролын газраас 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр сорилын хуудас бөглүүлэх аргыг сонгож төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулсан нь дээрх заавар, журамд заасантай нийцсэн байх тул хариуцагчийн...зааврын 3.1.1-д ... сорилын шалгалтыг цахим хэлбэрээр авахыг чухалчлан заасан бөгөөд цахим сүлжээ ашиглах боломжгүй тохиолдолд сорил, сорилын хуудас бөглөх гэсэн нь техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, програм хангамжид гэмтэл, саатал гарч, түүнийг сэргээн ажиллуулах цахим тоноглолын сүлжээ гэмтсэн, мэдээлэл дамжуулах боломжгүй болсон, цахилгааны эх үүсвэр тасалдсан тохиолдол байхыг үгүйсгэлгүйгээр ийм тохиолдолд сорилын хуудсаар хариултыг бөглөж, тусгай хэрэгсэлээр уншуулан дүгнэх агуулгыг тусгасан... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн, 4.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална: 4.2.4-т иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх гэж төрийн албаны зарчмыг, 35.1.3-т хууль, тогтоомжийн актад нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах гэж ТАЗ-ийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг тус тус тодорхойлон заажээ.

Ховд аймгийн Боловсролын газрын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн сорилын хуудас бөглүүлэх аргаар явуулсан Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг ...цахимаар авахаар заасан байхад сорилын хуудас бөглүүлсэн нь буруу... гэх үндэслэлээр буюу тус харилцааг зохицуулсан журам, зааврыг буруу тайлбарлан хүчингүй болгосон ТАЗ-ийн Мэдээлэл хянан шалгах комиссын2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугааргүй дүгнэлт, ТАЗ-ийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоол нь иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх, шударга ёс, ... тэгш байдал, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчмыг алдагдуулсан, илт алдаа бүхий захиргааны акт байна.

Иймд ТАЗ-ийн дээрх алдаа бүхий шийдвэрийн улмаас тухайн харилцааг зохицуулсан заавар, журмын дагуу зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад нэгэнт орж тэнцсэн нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 766 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ