Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/776

 

   2021        12            01                                    2021/ШЦТ/776

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Д.Батзаяа

өсвөр насны шүүгдэгч М.Ө, түүний хууль ёсны төлөөлөгч А.А, өмгөөлөгч Г.Батболд

өсвөр насны шүүгдэгч Б.Ө, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Л.Ганцэцэг

хохирогч Т.Д

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000 тоот хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 3 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 17 нас 8 сар 25 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын 00 дугаар дунд сургуулийн 00х ангид сурдаг, ам бүл 4; эх, 2 дүүгийн хамт ХХХ дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй,

ХХ0000 дугаарын регистртэй, Б овогт М-ын Ө

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 4 дүгээр сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 17 нас 7 сар 23 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын 00 дугаар дунд сургуулийн 00 ангид сурдаг, ам бүл 4; эцэг, эх, эгчийн хамт ХХХ дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар гудамж, 0 тоотод хаягийн бүртгэлтэй боловч ХХХ дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байр, 00 тоотод оршин сууж байгаа гэх, ял эдэлж байгаагүй,

ХХ00000 дугаарын регистртэй, Ш овогт Б-ын Ө

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Өсвөр насны шүүгдэгч М.Ө, Б.Ө нар ХХХ дүүргийн 0 дугаар хороо, “Өргөө” кинотеатрын урд талбайд 2021 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хохирогч Т.Д-ийг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, язрал, дээд зүүн 2 дугаар шүдний сулрал, дээд зүүн 1, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, баруун дээд 2 дугаар шүдний хүзүүвч хэсгийн хугарал, баруун дээд 3 дугаар шүдний эмтрэл, тархи доргилт бүхий гэмтэл учруулсан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Өсвөр насны шүүгдэгч М.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би хохирогч Д-ийг зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд гэж 600.000 төгрөг өгсөн. Миний үйлдэл прокурорын уншсан яллах дүгнэлтэд бичигдсэнтэй адилхан байна гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч М.Ө-ийн хууль ёсны төлөөлөгч А.А:

Энэ хэргийн тухайд би хүүгээсээ хэзээ хойно нь мэдсэн. Надаас нуугаад хэлээгүй юм билээ. Тэгээд хохиролд гэж 600.000 төгрөг өгсөн гэсэн. Одоо бол надад тийм бэлэн 9, 11 сая төгрөг байхгүй. Би төсвийн байгууллагад ажилладаг, 3 хүүхдээ тэжээж амьдардаг эх хүн. Гэхдээ цаашид гарах төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж барагдуулах болно.

Энэ хүүхдүүдийн хоорондын асуудал байсан байх. Би сайн хэлж мэдэхгүй байна. Урьд нь хүүхдээ тийм юм хийгээд явдаг гэж бодоогүй. Нэгэнтээ ийм хэрэг хийсэн тул би өмөөрөхгүй, авах ёстой арга хэмжээ, төлөх ёстой төлбөрийг нь төлж барагдуулна гэж бодож байна гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Саяны уншсантай адилхан байгаа учир дахин мэдүүлэхгүй. Би хохирогчийг нэг удаа алгадаж цохисон. Хохиролд 2 сая төгрөг өгсөн гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Ө-ын хууль ёсны төлөөлөгч Б.Б:

Би хүүдээ анхаарал тавьдаг. Уг нь орой үдэш битгий гараарай, хэрэг төвөгт орчхов гэж хэлдэг. Би өөрөө цагдаагийн алба хаагч, ажил ихтэй завгүй байдаг. Тэрнээсээ болоод хүүхдэдээ тавих анхаарал сулруулсан байна. Орой үдэш битгий гарч бай, муу хүмүүстэй битгий найзал гэдэг. Ер нь анхаарал сулруулсан нь миний буруу. Хүүхдээ ийм хэрэгт оролцсонд харамсаж байна. Цаашид хувийн байдалд нь анхаарал тавих болно. Манай гэр бүлийн зүгээс хохирогчийн хохиролд гэж 2 сая төгрөг өгсөн гэв.

 

Хохирогч Т.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тэр орой манай найзууд ТҮЦ-ээс юм аваад гарч ирээд байж байсан чинь Ө, Ө хоёр ирээд, Ө нь манай найз Санжаагэрэлийг шууд хамар руу нь цохиод цус гарсан. Бид хэд цусыг нь тогтоочхоод хойшоогоо “Өргөө” кинотеатрын урд талын талбай дээр очсон чинь Ө архины шил хагалаад гартаа барьсан байсан. Тэгэхээр нь би шилээ тавьчихаа гэсэн чинь шилээ тавиагүй. Манай найз Э-ийг шил бариагүй гараараа Ө цохисон. Э газар хэвтсэн байх үед нь бас өшиглөсөн санагдаж байна. Тэр хооронд Ө над дээр ирсэн. Би Ө-д хандаж найзынхаа шилийг хаяулчхаа гэж хэлсэн. Тэгээд тоогоогүй би хойшоогоо ухарсан. Тэр хооронд Ө над дээр хүрч ирээд ам, уруул хэсэг рүү 2 удаа цохисон. Үүний дараа баруун шанаа руу бас цохисон. Хамгийн сүүлд нь Ө бас миний шанаа руу цохисон.

Эхлээд Ө намайг цохисон. Тэгээд дараа нь Ө ирээд 2, 3 удаа цохсон. Тэгээд хамгийн сүүлд нь Ө бас намайг 1 удаа цохисон.

Би шүдээ хийлгээгүй, хиймэл шүдтэй байгаа. Шүдний эмчээс асуухад 11 сая төгрөг болно гэж хэлсэн. Тийм болохоор энэ мөнгийг нэхэмжилж байна. Ө-аас 2 сая төгрөг, Ө-өөс 600.000 төгрөг тус тус авсан. Цаашид Ө-аас мөнгө нэхэмжлэхгүй, үлдэгдэл мөнгийг нь Ө-өөс нэхэмжилнэ. Хохирлоо барагдуулах юм бол надад гомдол санал байхгүй гэв.

 

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Т-ын Д “… би 2021 оны 5 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед найз С, М, Э нартай “Өргөө” кинотеатрын урд байх ТҮЦ-нээс юм авах гээд гарч иртэл Ө-ын найз бас хамт гарч ирсэн. Тэгээд Ө-ын найз С-ийг цохиод хамраас нь цус гарсан. Бид нар С-ийн цусыг тогтоочхоод “Өргөө” кинотеатрын урд талбай дээр байж байтал Ө-ын найз гэх залуу архины шил хагалаад гартаа барьчихсан Ө-тай хамт бид нар дээр ирэхээр нь бид нар Ө-ын найзад хандаж “шилээ хаячих” гэтэл шил бариагүй гараараа Э-ыг цохитол Э газар суусан. Тэгтэл Ө над дээр ирээд миний баруун нүд, баруун хацар хэсэг рүү гараараа 1-2 удаа цохиод байж байтал Ө-ын найз нь над руу хүрч ирээд миний ам хэсэг рүү 1-2 удаа цохитол миний амнаас цус гарсан. Би амаа дараад газар сууж байтал Ө болон түүний найз тэр хоёр яваад өгсөн. Тэр хоёрыг явсны дараа би шүдээ үзтэл миний 2 шүд хугарсан байсан” /хх-н 25-26/ гэж,

гэрч А-ын С “… Ө хүрч ирээд “чи дээр манай найз Ө-ийг мөрлөсөн байна лээ” гэж хэлэхээр нь санаандгүй мөрлөсөн гэж хэлтэл Ө миний хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд Ө, Ө хоёр бид дөрөвт хандаж “Өргөө” кинотеатрын урд талбай дээр гараад ир гэж дуудсаны дагуу очтол Ө архины шил хагалаад Энх-Оргил дээр очоод шил бариагүй гараараа Энх-Оргилын шанаа хэсэг рүү нь нэг удаа цохих үед Э газар суутал, нүүр хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд Ө Д дээр очоод түүний ам, шүд хэсэг рүү нь гараараа цохичхоод Ө, Ө хоёр яваад өгсөн. Тэгээд бид нар гэр гэр рүүгээ явж байхдаа Д-ийн шүдийг хартал 3 шүд нь хугарсан байсан” /хх-н 20-21/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогчийн гэмтэлтэй холбоотой “Т.Д-ийн биед баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, язрал, дээд зүүн 2-р шүдний сулрал, дээд зүүн 1, баруун дээд 1-р шүдний хугарал, баруун дээд 2-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, баруун дээд 3-р шүдний эмтрэл, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна” гэсэн 4201 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 35-36/

 

Дээрх бичгийн баримтууд нь өсвөр насны шүүгдэгч М.Ө, Б.Ө нарын гэм буруутайг нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд тэдгээрийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Ө “... Ө Д-тэй маргаад түүнийг түлхээд байж байхаар нь урдуур нь ороод Дашзэвэгийн ам, шанаа хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохичхоод Ө-ыг дагуулаад яваад өгсөн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, дахин ийм зүйл хийхгүй” гэж /хх-н 83-84/,

шүүгдэгч Б.Ө “... Ө миний хажуугаар орж ирээд Д-ийн уруул, шүд хэсэг рүү гараараа цохисны дараа би зүүн гараараа Д-ийн баруун шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон” гэж /хх-н 124-125/ тус тус мэдүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Өсвөр насны шүүгдэгч М.Ө-ийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 61/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 77/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 78/, нас тоолсон тэмдэглэл /хх-н 79/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 80/ гэсэн баримтууд,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Ө-ын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 62/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 75/, нас тоолсон тэмдэглэл /хх-н 139/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Т.Д-т 11.365.000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт нийт 316.501 төгрөгийн баримт авагджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн хохиролд гэж өсвөр насны шүүгдэгч М.Ө-ийн талаас 600.000 төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч Б.Өын талаас 2.000.000 төгрөгийг тус тус өгсөн. Хохирогч Т.Д өсвөр насны шүүгдэгч Б.Ө-аас нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбарыг хэлэв.

Тэрээр өсвөр насны шүүгдэгч М.Ө-өөс үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байгааг өнөөдрийн шүүх хуралдаанаас шууд гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь, хэдийгээр гэмт хэргийн улмаас хохирогч Т.Д-ийн эрүүл мэндэд хохирол учирсан буюу түүний шүднүүд хугарсан, эмтэрсэн, суларсан зэрэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байх боловч “шүдээ хийлгэсэн /эмчилгээ хийлгэсэн/” гэсэн баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл эмчилгээг бодитойгоор хийлгэсэн талаарх холбогдох эмнэлгийн байгууллагын бичгийн баримт байхгүй байхад төдий хэмжээний зардал гарах юм байна гэж, эсхүл төдий хэмжээний зардал гарчээ гэж шүүх дүгнэлт өгч болохгүй.

Харин хохирогч Т.Д-ийн өсвөр насны шүүгдэгч М.Ө-өд холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлээ гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч М.Ө, Б.Ө нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал шүүгдэгч нарын хувийн байдал, хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзав.

 

Өсвөр насны шүүгдэгч М.Ө, Б.Ө нарын үйлдсэн “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиас өмнө буюу 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгджээ.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч М.Ө, Б.Ө нарыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах ялаас өршөөн хэлтрүүлэв.

 

Шүүх хуралдааны явцад өсвөр насны шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Л.Ганцэцэг “... Ө-ын гэмт хэрэгт оролцсон оролцоо байхгүй, тэрээр хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулаагүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай” гэсэн тайлбар үндэслэл хэлэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл өсвөр насны шүүгдэгч Б.Ө нь гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэхээр байна. Энэ байдал нь нөгөө талаас гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болох төдийгүй, түүний гэм буруутай үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Харин шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдгээрийн гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан шүүх ялыг ялгамжтай оногдуулсан болно.

 

Өсвөр насны шүүгдэгч М.Ө, Б.Ө нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт М-ын Ө, Ш овогт Б-ын Ө нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Ө-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, өсвөр насны шүүгдэгч Б.Ө-ыг 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Ө-өд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, өсвөр насны шүүгдэгч Б.Ө-ад оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус бүр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Өсвөр насны шүүгдэгч М.Ө хохиролд 600.000 төгрөг, өсвөр насны шүүгдэгч Б.Ө хохиролд 2.000.000 төгрөг тус тус өгсөн болохыг дурдаж,

хохирогч Т.Д-ийн өсвөр насны шүүгдэгч М.Ө-д холбогдуулан энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Өсвөр насны шүүгдэгч М.Ө, Б.Ө нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Ө, Б.Ө нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ