Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/170

 

 

 

 

 

 

 

 

     2022          03           07                                           2022/ШЦТ/170

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  П.З  хөтлөн,

Улсын яллагч: Б.Ууганбаяр,

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-д холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Д нь “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 0 хороо автобусны буудлын ойролцоо хохирогчийг араас үсдэж улмаар зүүн хөл орчимд хавирч газар унагааж, нүүр рүү гараараа цохиж хохирогчийн биед зүүн шагайн хавчаар ясны хугарал, хүзүүний 6-7 дугаар үеийн нугалмын мөгөөрсөн цагаригийн урагдал, бүсэлхийн нугалмын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч А.Д нь “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 0 хороо автобусны буудлын ойролцоо хохирогчийг араас үсдэж улмаар зүүн хөл орчимд хавирч газар унагааж, нүүр рүү гараараа цохиж хохирогчийн биед зүүн шагайн хавчаар ясны хугарал, хүзүүний 6-7 дугаар үеийн нугалмын мөгөөрсөн цагаригийн урагдал, бүсэлхийн нугалмын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д-ийн“…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр О-ийн хохирогчоор өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчимд байдаг лоунжид найзуудтайгаа сууж байгаад 02 цагийн үед лоунжаасаа найз Х, Д нарын хамтаар гараад гадаа зогсож байтал гадаа хэдэн залуучууд маргалдаж байхаар нь би “та нар эртхэн харьж амраачээ” гэхэд өөдөөс “та нар юу болчхоод оролцоод байгаа юм бэ” гээд найз Д руу нэг залуу нь дайраад гараараа нүүр тус газарт нь нэг удаа цохисон. Тэгэхэд тухайн залуутай хамт явж байсан найзууд нь манай найз Д руу ирээд овоороод байхаар нь Х бид 2 салгах гээд би тухайн залуус болон Д дундуур ороход миний араас үсдэж дараад миний зүүн хөлийг хавираад намайг газарт унгасан. Тэгээд тухайн залуу зугтаахаар нь тэнд хамт явж байсан найзыг нь барьж аваад цагдаад хүлээлгэн өгчхөөд тухайн залуу цагдаад дуудагдаж ирээд эрүүлжүүлэхэд орсон. Тухайн өдөр би Д буюу Б, Х нарын хамт явж байсан би бид хүний 2 пиво уусан болохоор согтолт бага байсан. Харин тэдгээр залуус нэлээн согтолттой байсан. Намайг цохиж, үсдэж унагаасан залууг Д гэдгийг би цагдаагийн газарт ирээд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,                                                                                                                                                                

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр О хохирогчоор өгсөн “...одоогийн байдлаар би эмчилгээний зардалд 4.930.080 төгрөгийг нэхэмжилсэн ба надад 3.000.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 1.930.080 төгрөгийг аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х-ийн гэрчээр өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын ойролцоо байдаг баарнаас найзуудтайгаа гараад харихаар явж байтал яг буудал дээр хэсэг залуус зодолдоод байсан. Тэгтэл манай найз Дэлгэржамц “залуучуудаа болиочээ, эртхэн харьж амарцгаа” гэж болиулах зорилготой хэлэхэд нэг залуу нь хүрч ирээд манай найз Д нүүр тус газарт нэг удаа цохисон. Тэгээд дайраад байхаар нь О бид 2 салгах гээд татахад нэг залуу өөрөө газарт унасан. Гэтэл босож ирээд манай найз охин О-г үсдээд хөлөөрөө хавирч унагаан дээр нь гараад нүүр нь тус газарт нь цохиод байсан. Тэгээд бид цагдаа дуудсан. Тэдгээр залуус нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б гэрчээр өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчимд байдаг лоунжид найзуудтайгаа сууж байгаад гарсан. Гэтэл хэдэн залуучууд гадаа зодолдоод байхаар нь болиулах зорилготой болиочээ гэж хэлсэн. Нэг залуу нь намайг цохих гээд хөөсөн бөгөөд би түцийг тойрч гүйж байгаад ирэхэд О зодуулсан байсан. О гэмтлийн эмнэлэг явсан бөгөөд явж чадахгүй байсан. Д нь О-н биед халдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0 дугаартай “...О-н биед зүүн шагайн хавчаар ясны хугарал, хүзүүний 6-7 дугаар нугалмын мөгөөрсөн цагаригийн урагдал, бүсэлхийн нугалмын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн сарвуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүг шагайн хавчаар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хүзүүний 6-7 дугаар нугалмын мөгөөрсөн цагаригийн урагдал, бүсэлхий нугалмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Д-ийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчимд байдаг лоунжид З, М, Н нарын хамтаар 1 шил 1 литрийн Балантайнс нэртэй вичти хувааж уусан. Тэгээд бид гарч ирээд байж байтал автобусны буудлын тэнд хэдэн залуутай муудалцсан бөгөөд тэдгээр залуутай андуураад хохирогчийн биед халдсан байсан. Би буруугаа ойлгож гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д-ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 35 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36 тал/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 37 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 52 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн 98 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч А.Д нь “…Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч А.Д нь хохирогч О-н биед “зүүн шагайн хавчаар ясны хугарал, хүзүүний 6-7 дугаар нугалмын мөгөөрсөн цагаригийн урагдал, бүсэлхийн нугалмын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн сарвуунд цус хуралт” бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 28-29 дэх талд авагдсан шинжээч эмчийн 0 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 0 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 0 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

2.3.Гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараахь шалгуур шинжээр тогтооно. Үүнд:

 

 

2.3.2.хөдөлмөрийн ерөнхий чадвар үлэмж хэмжээгээр (15-35%) тогтонги байдлаар алдагдсан.

 

Иймд шүүгдэгч А.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 0 хороо автобусны буудлын ойролцоо хохирогчийг араас үсдэж улмаар зүүн хөл орчимд хавирч газар унагааж, нүүр рүү гараараа цохиж хохирогчийн биед зүүн шагайн хавчаар ясны хугарал, хүзүүний 6-7 дугаар үеийн нугалмын мөгөөрсөн цагаригийн урагдал, бүсэлхийн нугалмын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 4.930.080 төгрөгийг нэхэмжилсэн энэ хохирол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд бүрэн төлөгдсөн байх тул шүүгдэгч А.Д-г гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Д нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Д-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс оногдуулсан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч А.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Д-г 600 /зургаан зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар А.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4.930.080 төгрөг төлсөн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоол  хүчин төгөлдөр болтол А.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ