Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/391

 

 

 

 

 

 

  2022         03          15                                   2022/ШЦТ/391

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Н.Баяр /ҮД:0313/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Оад холбогдох 2106 03900 0162 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт 1961 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 5 дугаар гудамжны 1716 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 19-ний дөрийн 167 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 436 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 540 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Бовогт Дийн О /РД: /

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.О нь 2021 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар хэсгийн Их Дарь-Эхийн 2 дугаар гудамжны 2021 тоотод хохирогч Т.Батцоож, М.Алтангэрэл нарыг хардсаны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, Т.Батцоожийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас биед нь зовхи, хацар, шанаанд цус хуралт гэмтэл үүсгэж, М.Алтангэрэлийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас биед нь тархины доргилт, духны доод хэсэг, хоёр талын хөмсөг, нүдний дээд, доод зовхи, баруун хацрын дээд хэсэг, хамар, зүүн хацарт цус хуралт, баруун бугалган дотор дээд хэсэг, зүүн бугалгын дотор дунд хэсэг, тохойн хонхор, цээжний зүүн урд хэсэг, баруун урд хэсэг, аюулхай, хэвлийн зүүн доод хэсэг, зүүн гуяны урд дээд, доод хэсэг, гадна доод хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн тухайн хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар хэсгийн Их Дарь-Эхийн 2 дугаар гудамжны 2021 тоотод хохирогч Т.Батцоожийн гэрт байх түүний өмчлөлийн Самсунг брэндийн 55 инчийн зурагт, хөшиг, Бойнг 737 загварын онгоцны модель 3 ширхгийг өшиглөх зэргээр хүч хэрэглэж хууль бусаар гэмтээсний улмаас 2.786.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэгт тус тус  холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Бид архи уусан байсан. Би М.Алтангэрэлтэй маргалдсан. Тэгээд зодоон болсон. Миний буруу. Гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05, 08/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Алтангэрэлийн өгсөн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 03 цагийн үед Оын хуурай дүүгийнд унтаад байж байтал О хаалга нүдээд хуурай дүүгийндээ Отгонбаатар гэх эрэгтэйтэй хамт орж ирээд агсам тавьсан. Яагаад агсам тавьсан бэ гэхээр О гэх эрэгтэйтэй хамт орж ирээд агсам тавьсан. О намайг хуурай дүүтэйгээ хардаад уурлаад байсан ба О уурлаад хуурай дүүгийнхээ гэрт зодоон хийсэн, хамт ирсэн Отгонбаатар гэх эрэгтэй нь Оаас айгаад Оын хуурай дүүгийнхээс яваад өгсөн. О хуурай дүү гэх эрэгтэйгээ цохиж, толгой элэг хэсэг газар луу цохиж зодож байгаад дараа нь над руу “чи муу янхан айлд хонолоо, би чамайг авч яваад гэртээ хонуулж чадах байсан” гээд миний толгой руу гараараа гурван удаа цохиж, хөлөөрөө миний зүүн хөлийн шилбэ рүү 2 удаа өшиглөж, ахин миний нүд рүү цохиж миний биед халдсан... би тухайн өдөр О гэх хүнээс өөр хүнд зодуулж, бэртэж гэмтэж гадуур явж байхдаа унаж бэртсэн асуудал байхгүй... цаашид уулзахгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Батцоожийн өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би нүүрс зарж байгаад дуусаад гэр лүүгээ харьж байхдаа зүс таних Очир гэх эрэгтэй болон түүний эхнэр гэх эмэгтэй, тэр хоёрын хуурай дүү Отгоо гэх эрэгтэйтэй гудамжинд таарсан... нөгөө хэдэд хэдүүлээ “манайд орж байгаад уух уу” гээд санал тавихад тэр гурав зөвшөөрч манайд орж уухаар болсон. Манай гэр буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Их Дарь-Эх 2 дугаар гудамж 201 тоот хаягтай хашаанд байх байшинд бид дөрөв ороод би гэрийнхээ хөргөгчөөс 0,5 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирээд зүс таних Очир гэх эрэгтэй болон түүний эхнэр гэх эмэгтэй болон тэр хоёрын хуурай дүү Отгоо гэх эрэгтэй нартай хамт нийт 2 шил буюу 0,75 литрийн 1 ширхэг, 0,5 литрийн 1 ширхэг Хараа нэртэй архи хувааж ууцгаасан... Очирын эхнэр гэх эмэгтэй намайг “ганцаараа амьдардаг байж их цэвэрч, нямбай, арчаатай байдаг” гээд магтаад байсан. Гэтэл Очир намайг эхнэртэйгээ хардаад эхлээд эхнэртэйгээ маргалдаж байгаад, над руу уурлаад байхаар нь би “танай эмгэнээр яадаг юм пизда минь” гээд хэлсэн. Тэгтэл Очир намайг миний нүд рүү гараараа тасхийтэл цохисон. Би хариуд нь зөрүүлж цохих гэхэд Отгоо гэх Очирын хуурай дүү нь намайг араас минь бариад авсан ба би бариулаад хөдөлж чадахгүй байх хугацаанд Очир намайг зодож миний хавирга, хэвлий, толгой, гар, хөл рүү хөлөөрөө өшиглөж, намайг гараараа мөн хэсгүүдэд цохиж миний биед халдсан. Тэгээд миний гэрт байсан гэрийн эд зүйлсийг минь намайг зодож, надтай ноцолдож байх хугацаандаа эвдсэн. Эвдэрсэн эд зүйлс нь баруун 4 зам өнгөрөөд байдаг цахилгаан барааны дэлгүүрээс 3.000.000 орчим төгрөгөөр авч байсан 55 инчийн өнгөт зурагт, МИАТ-аас худалдаж авч байсан 150.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг онгоцны макет, 20.000 төгрөгийн үнэтэй жижиг онгоцны макет, Ундрам плазагаас худалдаж авч байсан 25.000 төгрөгийн унждаг, утсаар нь татаж нээж хаадаг хөшиг байсан, бүгдээрээ шинээрээ аваад удаагүй байсан. Тухайн үед хамт байсан Очироогийн эхнэр гэх эмэгтэй тасарчихсан унтаж байсан байх, болсон үйл явдлыг анзаараагүй байх. Намайг зодоод манай гэрийн эд зүйлсийг хэмхэлчхээд Очироо болон түүний дүү Отгоо нар манайхаас гараад явсан ...” гэх мэдүүлэг /хх.18-19, 21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Оын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Алтангэрэлийн хамт гэртээ байсан... 200 грамм архи авч ирээд Алтангэрэлд өгсөн... танил дүү Отгонбаатар манай гэрт орж ирээд бид 3 манай гэрээс цуг гараад хүнсний дэлгүүр ороод Хараа нэртэй 0,75 литрийн архи аваад дэлгүүрээс гараад ирсэн чинь Батцоож миний машинд суучихсан, “манай гэр лүү явж цуг наад архийг чинь ууя” гээд Батцоожийн гэрт Отгонбаатар, Алтангэрэл бид 4 очсон... Алтангэрэл Батцоожоос “чи эхнэртэй, хүүхэдтэй юу, ганц бие байж ямар цэвэрхэн гэртээ суудаг юм” гэх зэргээр асууж миний нүдэн дээр Батцоож руу хандраад байсан. Тэгэхээр нь би Алтангэрэлийг “явъя” гэхэд “явахгүй би, энд үлдэнэ” гээд бид хоёр маргалдаж эхэлсэн юм. Ингээд маргалдаж байгаад Батцоож, Алтангэрэл хоёрын нүүр лүү нь нэг нэг удаа цохиод, Батцоожийн гэрийн зурагтыг өшиглөөд гараад явсан... би шөнө 3 цагт сэрээд Отгонбаатарын гэрт очоод Отгонбаатарыг дагуулаад Батцоожийнд очиход Алтангэрэл, Батцоож хоёр орон дээрээ цуг сууж байсан. Тэгэхээр нь Алтангэрэлийн нүүр лүү нь хэдэн удаа цохиод, Батцоожийг нүүр лүү нь нэг удаа цохисон. Энэ үед Алтангэрэл гэрээс гарч зугтаад, Батцоож над руу хутга барьж дайрч байгаад хутгаа хаяад гэрээсээ гараад зугтаасан... зурагт өшиглөхөд тэр онгоцны макет эвдэрсэн юм шиг байна лээ. Батцоожийг цохиж зодоход л хөшиг нь нэг юманд тээглээд эвдэрсэн юм шиг байна. Би Батцоож, Алтангэрэл нарын нүүр хэсэг рүү, бие рүү нь архи хэрэглэсэн уур хүрээд бухимдсан үедээ хэд хэдэн удаа цохисон. Мөн тухайн үед Батцоожийн гэрт байсан зурагтыг болон хэд хэдэн онгоцны макетыг эвдэлсэн нь үнэн...”,

“... хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөр байна. Таксинд явж байгаад төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх.25, 90/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Отгонбаатарын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэртээ юм хийж байгаад шил зүсдэг алмаз сураглаад О ах руу утсаар ярихад ирээд авчих гэхээр нь гэр лүү нь очиж явсан чинь О ах эхнэрийн хамт гарч ирээд 3лаа хамт дэлгүүр оръё гээд дэлгүүр орсон. Тэр дэлгүүр дотор Батцоожтой таарсан, дэлгүүрээс 1 шил архи аваад О ахын машинд бид 4 суугаад Батцоожийн гэрт очсон. Батцоожийн гэрт бид 4 нийт 3 бүтэн шил архи уусан. О ах эхнэрээ харамлаад Батцоожтой барьцалдаж аваад хоорондоо ноцолдоод маргалдаж байгаад О ах гарсан. Би ардаас нь Батцоожийн гэрээс гарсан би гэрээс нь гарахдаа газар уначихсан байсан хар өнгийн нокиа маркийн гар утас 1 ширхэг, андройд маркийн саарал өнгөтэй гар утас аваад гарсан. Би гэрээс гараад О ахад гэрт газар уначихсан байсан 2 гар утас байхаар нь авчихлаа гэж хэлэхэд О ах хараад андройд утас нь манай эхнэрийнх юм байна гэхээр нь би 2-лаа энэ гар утсыг ломбардад тавьчих уу гэж хэлэхэд О ах тэгье гээд зөвшөөрсөн. Тэгээд О ах бид 2 сансрын клонкын хойно байрлах “Өнө цаг” нэртэй ломбардад 40.000 төгрөгөөр барьцаанд тавьсан, О ах бид 2 мөнгөөрөө 1 шил архи аваад О ахын гэрт уугаад би гэр лүүгээ орсон. Би гэртээ унтчихсан байхад үүрээр О ах манай гэрт орж ирээд миний бөгж, гар утас хаана байна алга болчихсон байна гэхээр нь би бөгжийг нь халааснаас гаргаж өгсөн. О ах өдөр “Хонгорзул” нэртэй дэлгүүрийн худалдагчид бөгжөө гайхуулаад байхаар нь хямгадах санаатай аваад халаасандаа хийчихсэн байсан. Би О ахыг өмнө нь таньдаг орж гараад явж байдаг юм. Тэгээд бөгжийг нь аваад хямгадсан. О ахын гар утсыг хайгаад Батцоожийн гэрт очиход О ахын эхнэр Батцоож нар хамт байсан. Тэгээд О ах уурлаад эхнэрээ цохиод Батцоожийг цохих гэж дайрсан. Батцоож гараад зугтаасан. Батцоожийн нокиа маркийн гар утсыг буцааж өгсөн. Ломбардад тавьсан гар утсыг буцаагаад Оын эхнэрт үзүүлэхэд миний гар утас биш гэж хэлсэн. Тэр утас нь Батцоожийн гар утас байсан юм билээ. О ахын гар утас нь эхнэр Алтангэрэлд байсан. Алтангэрэлийн гар утас бас алга болчихсон гэж байсан... Би Батцоожийн гэрт газар уначихсан байсан 2 гар утсыг л авч гарсан. Өөр гар утас аваагүй, Алтангэрэлийн гар утсыг мэдэхгүй.гэх мэдүүлэг /хх.29-30/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ч.Эрдэмболорын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10293 дугаартай:

“1. М.Алтангэрэлийн биед тархины доргилт, духны доод хэсэг, хоёр талын хөмсөг, нүдний дээд, доод зовхи, баруун хацрын дээд хэсэг, хамар, зүүн хацарт цус хуралт, баруун бугалгын дотор дээд хэсэг, зүүн бугалгын дотор дунд хэсэг, тохойн хонхор, цээжний зүүн урд дээд хэсэг, баруун урд дээд хэсэг, аюулхай, хэвлийн зүүн доод хэсэг, зүүн гуяны урд дээд, доод хэсэг, гадна доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт болон нүүрний цус хуралт тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.31-32/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Н.Туяагийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10306 дугаартай:

“1. Т.Батцоожийн биед зовхи, хацар шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх.37-38/,

“Дамно” ХХК-й хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн БЗД2-21-1485 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.49-50/,

Шүүгдэгч Д.Оын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.59-63, 66-81, 93/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.83-87/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.89/,

Хохирогч Б.Алтангэрэлд хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх.96/,

Хохирлоос нөхөн төлсөн баримт /шинээр гаргасан 2 хуудас/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Д.О нь 2021 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар хэсгийн Их Дарь-Эхийн 2 дугаар гудамжны 2021 тоотод хохирогч Т.Батцоож, М.Алтангэрэл нарыг хардсаны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, Т.Батцоожийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас биед нь зовхи, хацар, шанаанд цус хуралт гэмтэл үүсгэж, М.Алтангэрэлийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас биед нь тархины доргилт, духны доод хэсэг, хоёр талын хөмсөг, нүдний дээд, доод зовхи, баруун хацрын дээд хэсэг, хамар, зүүн хацарт цус хуралт, баруун бугалгын дотор дээд хэсэг, зүүн бугалгын дотор дунд хэсэг, тохойн хонхор, цээжний зүүн урд хэсэг, баруун урд хэсэг, аюулхай, хэвлийн зүүн доод хэсэг, зүүн гуяны урд дээд, доод хэсэг, гадна доод хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн тухайн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар хэсгийн Их Дарь-Эхийн 2 дугаар гудамжны 2021 тоотод хохирогч Т.Батцоожийн гэрт байх түүний өмчлөлийн Самсунг брэндийн 55 инчийн зурагт, хөшиг, Бойнг 737 загварын онгоцны модель 3 ширхгийг өшиглөх зэргээр хүч хэрэглэж хууль бусаар гэмтээсний улмаас 2.786.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05, 08/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Алтангэрэлийн өгсөн: “... О хуурай дүү гэх эрэгтэйгээ цохиж, толгой элэг хэсэг газар руу цохиж зодож байгаад дараа нь над руу “чи муу янхан айлд хонолоо, би чамайг авч яваад гэртээ хонуулж чадах байсан” гээд миний толгой руу гараараа гурван удаа цохиж, хөлөөрөө миний зүүн хөлийн шилбэ рүү 2 удаа өшиглөж, ахин миний нүд рүү цохиж миний биед халдсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Батцоожийн өгсөн: “... Очир намайг миний нүд рүү гараараа тасхийтэл цохисон... Очир намайг зодож миний хавирга, хэвлий, толгой, гар, хөл рүү хөлөөрөө өшиглөж, намайг гараараа мөн хэсгүүдэд цохиж миний биед халдсан. Тэгээд миний гэрт байсан гэрийн эд зүйлсийг минь намайг зодож, надтай ноцолдож байх хугацаандаа эвдсэн. Эвдэрсэн эд зүйлс нь баруун 4 зам өнгөрөөд байдаг цахилгаан барааны дэлгүүрээс авч байсан 3.000.000 орчим төгрөгөөр 55 инчийн өнгөт зурагт, МИАТ-аас худалдаж авч байсан 150.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг онгоцны макет, 20.000 төгрөгийн үнэтэй жижиг онгоцны макет, Ундрам плазагаас худалдаж авч байсан 25.000 төгрөгийн унждаг, утсаар нь татаж нээж хаадаг хөшиг байсан, бүгдээрээ шинээрээ аваад удаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх.18-19, 21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Оын яллагдагчаар өгсөн: “... хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.25, 90/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ч.Эрдэмболорын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10293 дугаартай:

“1. М.Алтангэрэлийн биед тархины доргилт, духны доод хэсэг, хоёр талын хөмсөг, нүдний дээд, доод зовхи, баруун хацрын дээд хэсэг, хамар, зүүн хацарт цус хуралт, баруун бугалгын дотор дээд хэсэг, зүүн бугалгын дотор дунд хэсэг, тохойн хонхор, цээжний зүүн урд дээд хэсэг, баруун урд дээд хэсэг, аюулхай, хэвлийн зүүн доод хэсэг, зүүн гуяны урд дээд, доод хэсэг, гадна доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт болон нүүрний цус хуралт тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.31-32/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Н.Туяагийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10306 дугаартай:

“1. Т.Батцоожийн биед зовхи, хацар шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх.37-38/,

“Дамно” ХХК-й хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн БЗД2-21-1485 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.49-50/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Д.Оын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Д.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцов.

          Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Харин эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хохирогч Б.Алтангэрэл нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хохирогч   Т.Батцоожийн баримтаар нэхэмжилсэн 2.786.900 төгрөгийг шүүгдэгч Д.О нь нөхөн төлжээ.

Гэвч хохирогч Т.Батцоож нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны хохирол нэхэмжилнэ гэсэн байх тул энэ талаар нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Оаас жич нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Д.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Д.Оын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, өндөр настай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Д.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Оад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дарь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Д.Оад оногдуулсан нийт 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Бовогт Дийн Оыг “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оад 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай агийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Оад оногдуулсан нийт 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Оад сануулсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Батцоожид 2.786.900 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Алтангэрэл нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Хохирогч Т.Батцоож нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Оаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР