Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/136

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч Г.Ган-Эрдэнэ /томилолтоор/,

Шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т-т холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч О хувийн таарамжгүй харьцаанаас маргалдах явцдаа О  нүүр лүү цохих, хөлөөрөө жийх зэргээр биед нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, хацар, бугалга, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч О хувийн таарамжгүй харьцаанаас маргалдах явцдаа О  нүүр лүү цохих, хөлөөрөө жийх зэргээр биед нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, хацар, бугалга, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Тын “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 0000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О  хохирогчоор өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нөхөр Тын хамт Баянгол дүүргийн 0 хороо, Хорооллын эцэст байрлах “БСБ” төвд явж байхад манай нөхрийн найз С миний утсанд чат ирсэн. Үүнээс болж бид хоёр маргалдаад тухайн дэлгүүрийн гадаа утсаа булаацалдаад нэлээн ноцолдсон. Тэгэхэд манай нөхөр “чи холд, чамд гар хүрмээргүй байна” гээд миний нүүр болон гар, хөл хэсэг рүү гараараа цохиод байсан ба машины хаалга онгойлгох гэхэд над руу хөлөөрөө жийгээд байсан. ...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй учраас уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94, 106 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч гэрчээр өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 0 хороо, 0 тоотод охиныхоо гэрт очиход охин О баруун нүд хөхөрсөн, зүүн шилбэ хөхөрсөн байсан ба болсон явдлын талаар асуухад хүргэн Т хардалтаас болж манай охинд гар хүрсэн гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0 дугаартай “...О  биед баруун нүдний доод зовхи, хацар, цээж, зүүн бугалга, хоёр ташаа, зүүн гуя, хоёр шилбэнд цус хуралт, зүүн бугалга, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бэлгийн замын халдварт өвчин болох тэмбүү, ДОХ, заг хүйтэн, трихомониаз, хламидын халдвар илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 тал/,

Аюулын зэргийн болон гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 23-29 тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т-ын яллагдагчаар өгсөн “...Манай эхнэр О утсанд манай найз Б чат ирсэн ба намайг унших гэхэд уншуулахгүй гээд гар утсаа газар саваад эвдлэх гэж оролдсон. Тэгээд бид хоёр маргалдаж утсыг нь булаацалдаж 30 орчим минут ноцолдсон. Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Тын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 33-38 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 55 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 57 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 56 тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 59-83 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

НЭГ: Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч О хувийн таарамжгүй харьцаанаас маргалдах явцдаа О  нүүр лүү цохих, хөлөөрөө жийх зэргээр биед нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, хацар, бугалга, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгэхэд манай нөхөр миний нүүр болон гар, хөл хэсэг рүү гараараа цохиод байсан ба машины хаалга онгойлгох гэхэд над руу хөлөөрөө жийгээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 тал/, гэрч Ч“...охин О баруун нүд хөхөрсөн, зүүн шилбэ хөхөрсөн байсан ба болсон явдлын талаар асуухад хүргэн Т хардалтаас болж манай охинд гар хүрсэн гэж хэлсэн...” /хх-ийн 21-22 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 0 сарын 01-ний өдрийн 10205 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Шүүгдэгч Т гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нь хохирогч О  биед халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь үйл баримтад тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Т нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч О хувийн таарамжгүй харьцаанаас маргалдах явцдаа О  нүүр лүү цохих, хөлөөрөө жийх зэргээр биед нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, хацар, бугалга, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Т болон хохирогч Онар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд, тэдний  дундаас гарсан хүүхэдтэй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн О  мэдүүлэг, яллагдагч Тын мэдүүлгээр тогтоогдож байгааг дурдаж байна.

Хохирогч Онь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй учраас уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх /хх-ийн 106 тал/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Тыг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Тт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 119 тал/,

 

Иймд шүүгдэгчийн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Тт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрч байна.

 

Прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Тыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Т нь цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ