Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
Хэргийн индекс | 105/2022/0397/Э |
Дугаар | 2022/ШЦТ/407 |
Огноо | 2022-03-18 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/407
2022 03 18 2022/ШЦТ/407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
Улсын яллагч Л.Галав,
Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Чд холбогдох 2106 03948 2609 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гар утас худалдаалдаг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Алтай хотхоны 31 дүгээр байрны 27 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Ловогт Бийн Ч /РД: /.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Ч нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакшири” караокены 3 тоот өрөөнд үйлчлүүлж байхдаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг өрөөнд байсан Самсунг маркийн 43 инчийн зурагтыг ууж байсан пивоны шилээ шидэж гэмтээн 575.952 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Чий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Эрдэнэ-Очийн гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл /хх.02/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Эрдэнэ-Очийн өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакшири” гэдэг нэртэй манай караокед үйлчлүүлж байсан үл таних хүн хамт явж байсан хүмүүс рүүгээ агсарч байх үедээ 3 тоот өрөөний хананд байсан Самсунг маркийн 43 инчийн Эл си ди зурагтыг пивоны шил шидэж хагалсан. Түүнээс хойш би тэр хүмүүстэй дахин уулзаагүй, манай захирал Бат- Ирээдүй зүс таних эмэгтэйн 88379595 дугаарын утсаар холбогдож ярихад удахгүй хохирлыг чинь төлж барагдуулна, түр хүлээж байгаарай гэсээр өнөөдрийг хүртэл хохирол барагдуулж өгөөгүй байна. Хамгийн сүүлд холбогдож хохирлоо яагаад төлж барагдуулахгүй байгаа юм бэ гэсэн чинь цагдаадаа ханд гэсэн. Манай караоке өрөө болгондоо хяналтын камертай Бичлэгээ 20 хоног хадгалдаг учраас тухайн үеийн бичлэг одоо устсан. Гэхдээ би гар утсан дээрээ бичлэгийг нь бичиж авсан боловч үйл явдлыг нь оруулаад он, сар, өдөр, цагийг нь оруулаагүй байна...” гэх мэдүүлэг /хх.9/,
“Дамно” ХХК-н Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.18-19/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын тогтоол /хх.21/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.22-24/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.27-28/,
Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх.30-31/,
Шүүгдэгч Б.Чий хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.36-42/,
Хохирогчид хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх.44/,
Хохирол төлбөр барагдуулсан тухай дансны хуулга /хх.45.ар/,
Шүүгдэгч Б.Чий хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.46/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.47/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Ч нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакшири” караокены 3 тоот өрөөнд үйлчлүүлж байхдаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг өрөөнд байсан Самсунг маркийн 43 инчийн зурагтыг ууж байсан пивоны шилээ шидэж гэмтээн 575,952 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Эрдэнэ-Очийн гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл /хх.02/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Эрдэнэ-Очийн өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакшири” гэдэг нэртэй манай караокед үйлчлүүлж байсан үл таних хүн хамт явж байсан хүмүүс рүүгээ агсарч байх үедээ 3 тоот өрөөний хананд байсан Самсунг маркийн 43 инчийн Эл си ди зурагтыг пивоны шил шидэж хагалсан...” гэх мэдүүлэг /хх.9/,
“Дамно” ХХК-н Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.18-19/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын тогтоол /хх.21/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.22-24/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.27-28/,
Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх.30-31/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Чий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
З.Батжаргалын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Чийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Чий гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Д.Эрдэнэ-Оч нь хохиролд 570.000 төгрөг авсан, гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн учир шүүгдэгч Б.Чийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Б.Чийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Чд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Б.Чд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхгийг хавтаст хэрэг хадгалж дуусах хүртэл хугацаагаар хадгалж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ловогт Бийн Чд “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Чд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Чд сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Эрдэнэ-Оч нь хохиролд 570.000 төгрөг авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР