Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2017/02040

 

2017 оны 06 сарын 12 өдөр Дугаар 101/ШШ2017/02040 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * хороо, * тоотод байрлах И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, * хотхонд байрлах М ХХК,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, * хотхонд байрлах И ХХК-д холбогдох,

 

Гүйцэтгэсэн ажлын хөлс болох 20 950 000 төгрөг, алданги 10 475 000 төгрөг, нийт 31 425 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, нэхэмжлэгч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д, өмгөөлөгч Р.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Манай компани болох И ХХК нь М ХХК-тай Хуванцар цонх хийх суулгах ажлын гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн бөгөөд гэрээний дагуу манай компани 150 000 000 төгрөгийн үнэ бүхий цонх, металл хаалга, хаалганы татуурга бүхий ажлыг хийж гүйцэтгэх, хийсэн ажлын хөлсийг олгохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан болно.

М ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн гэрээний 2.2-т гэрээний нийт үнийн дүнгийн 65%-ийг бэлэн мөнгөөр 35%-ийг баригдаж байгаа 77 айлын орон сууцны барилгад 51 540 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг өгөхөөр тохиролцож гэрээнд тусгасан бөгөөд энэхүү байрны гэрээг И ХХК-ийн нэр дээр хийсэн болно. Гэрээний дагуу манай компани 3 дугаар давхраас эхлэн нийт 150 000 000 төгрөгийн өртөг бүхий 1 000 м.кв 240 ширхэг цонх хийх байснаас тухайн барилга 7 давхрыг л дуусгаснаар 293 м.кв-аас 66.6 м.кв бүхий 16 ширхэг цонхыг бүхэлд нь, 226.4 м.кв буюу 44 цонхны рамыг чанарын шаардлага ханган хийж гүйцэтгэсэн болно. Манай компани өмнө нь М ХХК-иар барилгын зураг хийлгэсний хөлсөнд 16 ширхэг цонхыг тооцсон бөгөөд 44 ширхэг цонхны хөлсөнд 33 950 000 төгрөг авах ёстойгоос 40% болох 13 000 000 төгрөгийг төлөөд үлдэх 20 950 000 төгрөгийг төлөлгүй манай компанийг хохироож байна.

Манай компани хамгийн сүүлийн ажлаа 2015 оны 11 дүгээр сарын 1 гэхэд хийж дуусгасан бөгөөд нэгэнт өвлийн улирал болсон тул барилгын ажил зогсож дараа оны 4 дүгээр сараас эхлэх байсан. Ингээд 2016 оны 04 дгээр сараас ажлаа эхэлье гэхэд санхүүжилт байхгүй хүлээж бай гэсээр байгаад 5 дугаар сар болох үед өөр гүйцэтгэгчээр үлдэгдэл хийлгэж эхэлсэн. Яагаад гэрээгээ зөрчиж байгаа болон гэрээгээр дүгнэхтэй холбоотойгоор удаа дараа уулзах гэхээр удирдлага нь огт уулзаагүй, утсаа авахгүй байсаар байгаад 7 сард нэг удаа холбогдож ярихад удахгүй танай үлдэгдэл мөнгийг өгнө, цонхны шилэн багцыг нь хийгээрэй өөр ажил гарвал хэлнэ гэсээр 9 дүгээр сар хүргэсэн бөгөөд харин 9 дүгээр сарын 01-нээс манай хийсэн раманд өөр гүйцэтгэгчээр шилэн багцыг хийлгэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч болох дээрх хоёр компанийн Ерөнхий захиарал Хонгорзул нь гэрээгээ ноцтой зөрчиж, манай компанийн үйл ажиллагааг таслан зогсоосон болно. Бид өндөр өртөг бүхий гэрээ хийсэндээ тайвшраад өөр бусад байгууллагуудтай гэрээ хэлцэл хийгээгүйгээр барахгүй цонхны шилэн багцны шилийг авч бэлдэн хохирсон байхад хариуцагч тал гэрээгээ зөрчсөн асуудлыг юман чинээ бодохгүй өнөөдрийг хүртэл хийсэн ажлын маань хөлсийг ч төлөхгүй зугтсаар байна.

2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний 4.1-т захиалагч гэрээний шатчилсан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3%-тай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэсэн хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэсэн заалтад үндэслэн 20 950 000 төгрөгийн 50% болох 10 475 000 төгрөг болон нийт 31 425 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч И ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэг. ...Гэрээний дагуу манай компани 3 дугаар давхраас эхлэн нийт 150 сая төгрөгийн өртөг бүхий 1 000 м.кв 240 ширхэг цонх хийх байснаас тухайн барилга 7 давхрыг л дуусгаснаар 293 м.кв-аас 66,6 м.кв бүхий 16 ширхэг цонхыг бүхэлд нь, 226,4 м.кв буюу 44 цонхны рамыг чанарын шаардлага хангасан хийж гүйцэтгэсэн болно гэжээ.

М ХХК нь И ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хуванцар цонх хийх суулгах ажлын гэрээ-г байгуулан хамтран ажилласан.

Гэрээний дагуу гүйцэтгэгч И ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт И ХХК-ийн гүйцэтгэж буй 77 айлын орон сууцны барилгын 3-7 давхар хүртэлх барилгын хуванцар цонх хийх суулгах үүргийг хүлээсэн боловч ердөө 16 ширхэг цонхыг шаардлага хангаж угсарч, 44 цонхны зөвхөн рамыг нь суулгаад сураггүй алга болсон.

Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д, ...Орон сууцны барилгад хуванцар болон металл цонх, хаалга хийх ажлыг гүйцэтгэхээр энэ гэрээг байгуулав гэж заасан. Өөрөөр хэлбэл, цонхны рам суулгах биш цонх суулгаж өгөхөөр тохиролцсон. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д, Цонх 1 м.кв 150 000 төгрөг, металл хаалга 1 м.кв 440 000 төгрөг, хаалганы татуурга GEZE 2000-150 000 төгрөг, гэрээний нийт үнэ 150 000 000 гэж заасан, мөн зүйлийн 2-т, Гэрээний нийт үнийн дүнгийн 65%-ийг бэлэн мөнгөөр, үлдэгдэл 35%-ийг тус баригдаж байгаа 77 айлын орон сууцны барилгад 12 дугаар давхарт 34,36 м.кв /51540000/ төгрөгийн үнэ бүхий орон сууцаар солилцоо хэлбэрээр барагдуулна гэж заасан.

Үүнийхээ дагуу 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орон сууц захиалан бариулах тухай 77/10/08 дугаартай гэрээг И ХХК-тай байгуулсан. Уг гэрээний 2 дугаар зүйлд Хуванцар цонх хийж суулгах ажлын гэрээ хийгдэж акт үйлдэж дууссанаар энэхүү гэрээний төлбөр дууссанд тооцогдоно гэж заасан байдаг.

Гэтэл И ХХК нь Хуванцар цонх хийж суулгах гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь биелүүлээгүй цонх, хаалга, хаалганы татуурга нийлүүлэх үүргээ ч огт биелүүлээгүй бөгөөд гэрээ зөрчсөн уг гэрээний дагуу зөвхөн 16 ширхэг бүтэн цонх, 44 ширхэг цонхны рам угсрах ажлыг гүйцэтгэсэн.

Хоёр. ...Манай компани өмнө нь М ХХК-аар барилгын зураг хийлгэсний хөлсөнд 16 ширхэг цонхыг тооцсон бөгөөд 44 ширхэг цонхны хөлсөнд 33 950 000 төгрөг авах ёстойгоос 40% болох 13 000 000 төгрөгийг төлөөд 20 950 000 төгрөгийг төлөлгүй манай компанийг хохироож байна гэжээ.

И ХХК нь гэрээгээр хуванцар цонх суулгах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй атлаа 44 ширхэг цонхыг гүйцэтгэсэн хэмээн төлбөр нэхэмжилсэн нь огт үндэслэлгүй бөгөөд ёс суртахуунгүй гэж үзэж байна.

И ХХК-д гэрээний урьдчилгаа төлбөрт 13 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгө нь 44 ширхэг цонхны рам суулгахад хангалттай бөгөөд харин ч төлбөр тооцоог үүгээр дууссан гэж үзэж байна.

Уг шилжүүлсэн мөнгөөр И ХХК нь хуванцар цонхны рам суулгаад алга болсон ба манай компанийн зүгээс ажлаа гүйцэтгэхийг сануулж, хүйтэн болохоос өмнө барилгын цонхыг бүрэн суулгаж дулаанаа авмаар байна гэдэг шаардлагыг тавьж байсан боловч гүйцэтгэхгүй байсан тул арга ядан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2016/92 тоот Ажил гүйцэтгэх гэрээг Төгсжонон ХХК-тай байгуулж 77 айлын орон сууцны 2-7 давхар хийгдээгүй байгаа барилгын цонх буюу шил, резины хамтаар гүйцэтгэгч материалыг худалдан авч стандартын дагуу суулгаж, гүйцэтгүүлэх гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн билээ.

Иймд И ХХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлс болох 20 950 000 төгрөг болон алданги 10 475 000 төгрөгийн хамт нийт 31 425 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч М ХХК болон И ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс болох 31 425 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч талууд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч И ХХК болон хариуцагч М ХХК нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хуванцар цонх хийх суулгах ажлын гэрээг байгуулж, нэг талаас орон сууцны барилгад хуванцар болон металл цонх, хаалга хийх ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажлын хөлсөнд нийт 150 000 000 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь тус гэрээний хуулбар /х.х-ийн 11 дэх талд/ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч И ХХК нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 77/10/08 дугаар бүхий Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулан нэг талаас 34,36 м.кв талбай бүхий орон сууцыг барьж дуусган ашиглалтанд хүлээлгэн өгөх, нөгөө талаас орон сууцны үнэ 51 540 000 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээсэн нь тус гэрээний хуулбар /х.х-ийн 12-14 дэх талд/ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэлийг шүүхэд И ХХК-ийн төлөөлөн Р.Дэлгэрсүх гаргажээ. Зохигчид хооронд байгуулсан гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч И ХХК-ийг төлөөлөн Р.Дэлгэрсүх нь Дэд захирал гэж гарын үсэг зурсан болон тус компанитай гэрээ байгуулсан гэдэгтэй хариуцагч тал маргаагүй байна. Түүнчлэн компанийн дэд захирал Р.Дэлгэрсүхэд компанийг төлөөлөх итгэмжлэлийг Ж.Алтанзагас олгосон бөгөөд хоёр гишүүнтэй компанийн хувьд нэг нь нөгөөдөө төлөөлөх эрхийг шилжүүлсэн талаар төлөөлөгч болон төлөөлүүлэгч тал маргаагүй байх тул нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд шүүхэд гаргасан гэж үзэхгүй юм.

Нэхэмжлэгч И ХХК болон М ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд харин нэхэмжлэгч болон хариуцагч И ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн тул гэрээнд заасны дагуу төлөх төлбөрт 20 950 000 төгрөг, алдангид 10 475 000 төгрөг, нийт 31 425 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах үндэслэлийг талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс болон хөлсийг хугацаанд нь төлөөгүйгээс гэрээнд зааснаар алданги буюу нэмэгдэл үүргийг гүйцэтгүүлнэ гэжээ.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаар ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу ажлын хөлс төлөх үүргийг гүйцэтгүүлэх шаардлага гаргасан бөгөөд тухайн агуулгаар захиалагч тал буюу хариуцагч М ХХК-д холбогдуулан хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч талаас ажлыг гэрээнд зааснаар хийж гүйцэтгэсэн агуулгаар орон сууцыг ашиглалтанд шилжүүлэхийг шаардсан шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И ХХК-д холбогдуулан шалгах шаардлагагүй гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс дүгнэн үзэхэд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн тул захиалагчийг хөлс төлөх үүргээ гүйцэтгэхийг шаардаж байгаа нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх хамгаалалтын аргын дагуу сонгосон гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлд дурдсан үндэслэл, шаардлагын дагуу хангаж болох талаар хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зааснаар, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр үүрэг бүхий этгээдээс хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зохицуулалт нь ажил гүйцэтгэх гэрээний хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагчийн хөлс төлөх үүрэг, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар, гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх талаарх захиалагчийн үүргээр тодорхойлогдож байна.

Талуудын байгуулсан Хуванцар цонх хийх суулгах ажлын гэрээний 2 дахь хэсгээр хөлс төлөх хэлбэрийг, 3 дахь хэсгээр хөлс төлөх хугацааг тус тус тохиролцжээ.

Гэрээний 3 дахь хэсэгт, Гэрээний нийт төлбөрийн давхар тус бүрд урьдчилан цонхны рам суулгахад 40%, шилэн багц суулгахад 25%-ийг төлөх, ажил хүлээлцсэний дараа цонхны бодит хэмжээг тооцон үнийн зөрүүг бодож төлнө. гэж тохиролцжээ. /х.х-ийн 11 дэх талд/

Гэрээнд зааснаар цонхны рам суулгахад урьдчилан төлөгдөх 40%-ийн төлбөрт 13 000 000 төгрөг төлсөн талаар, түүнчлэн цонхыг бүрэн бүтэн шиллэн хүлээлгэж өгөөгүй бөгөөд 44 ширхэг цонхны рам угсрах ажил хийсэн талаар зохигч талууд маргаагүй бөгөөд тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлагаар хөлс төлөх үүргийг шаардаж байгаа үндэслэлийг гэрээнд зааснаар 44 ширхэг цонхны хувьд гэрээнд зааснаар ажлыг /рам суулгах, шиллэх зэргээр/ бүрэн хийж гүйцэтгэсэн тул нөгөө талд хөлс төлөх үүрэг үүссэн гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагчийн хөлс төлөх үүрэг болон 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хөлс төлөх үүрэг нь ажлын үр дүнгийн гүйцэтгэлтэй холбоотой байх бөгөөд гэрээнд зааснаар төлбөрийг урьдчилан төлөх нөхцөлийг рам суулгах болон шилэн багц суулгах зэргээр ажлын үр дүнтэй холбогдуулан төлөх нөхцөлөөр тохиролцсон байна.

Иймд гэрээнд зааснаар захиалагч талыг ажлын хөлс төлөх үүргийг хангуулах урьдчилсан нөхцөл нь ажил гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэл, ажлын үр дүнд дүгнэлт өгөх байдлаар тодорхойлогдохоор байна. Хөлс төлөх үүргийг тодорхой цаг хугацаагаар тохиролцоогүйг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон талуудын маргахгүй байгаа үйл баримтаар 44 цонхны рамыг хийж гүйцэтгэсэн, харин шилэн багцыг суулгаагүй гэдэг нь тогтоогдох ба энэ тохиолдолд ажил гүйцэтгэгчийг 44 цонхны хувьд ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхгүй.

Иймд гэрээний дагуу ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй тул тухайн ажилд хамаарах ажлын хөлсийг бүхэлд нь шаардах эрх ажил гүйцэтгэгч талд үүсэхгүй юм.

Талууд гэрээндээ гүйцэтгэх ажлын хөлсийг урьдчилгаа байдлаар төлөхөөр тохиролцсон бөгөөд цонхны рам суулгахад 40% буюу 13 000 000 төгрөг шилжүүлснийг цонхны рам суулгахад зориулан төлсөн төлбөр гэж үзэхээр байна.

Дурдсан үндэслэлээр 44 ширхэг цонхны рам суулган, шилэн багц хийх ажлыг бүхэлд нь гүйцэтгэсэн гэж үзэхгүй бөгөөд энэ агуулгаар ажлын нийт хөлсөнд төлөх төлбөрөөс 20 950 000 төгрөг төлөх үүрэг үлдсэн гэж үзэхээргүй байна.

Иймд ажлыг бүрэн гүйцэтгэсэн тул захиалагчаас хөлс төлөх үүргийг гүйцэтгүүлэх агуулгаар шаардаж буй 20 950 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөнд төлөх төлбөр болох 20 950 000 төгрөгийн 50%-иар гэрээнд зааснаар алданги тооцож 10 475 000 төгрөг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн энэ шаардлага, үндэслэл нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.6-д заасан ...гэрээнд заасан алданги төлүүлэх хамгаалалтын аргаар тодорхойлогдож байна.

Нэхэмжлэлийн шаардлагын 20 950 000 төгрөг төлөх үүргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд мөнгөн төлбөрийн үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол гэсэн урьдчилсан нөхцөл хангагдаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан алдангийг шаардах эрх ажил гүйцэтгэгч талд үүсээгүй байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага, үндэслэлийн хүрээнд /Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.6-д заасан хамгаалалтын аргын дагуу/ дүгнэлт өгч шийдвэрлэсэн бөгөөд гэрээний нэг тал үүргээ зөрчсөн үндэслэлээр нөгөө талаас хохирлоо арилгуулахаар шаардах буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх өөр аргуудаар /Иргэний хуулийн 9.4.4 зэрэг/ нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул гэрээний үүргийн зөрчлийн улмаас эрх нь зөрчигдсөн, хохирол учирсан эсэхэд дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 1* зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн

232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК болон И ХХК-аас 31 425 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ирмүүн үйлс ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1

дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар

зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн

 

 

дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН