Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/150

 

 

 

 

 

 

 

 

     2022          03           01                                           2022/ШЦТ/150

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  П.З  хөтлөн,

Улсын яллагч: В.Батдэлгэр,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Б нь “2022 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын эмнэлгийн хойд талд иргэн Х-тай маргалдаж улмаар нүүр тус газарт нь мөргөж, цохин түүний биед уруулд няцарсан шарх, цус хуралт, баруун бугуйд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Ч.Б нь “2022 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын эмнэлгийн хойд талд иргэн Хтай маргалдаж улмаар нүүр тус газарт нь мөргөж, цохин түүний биед уруулд няцарсан шарх, цус хуралт, баруун бугуйд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х-ийн хохирогчоор өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө би 03 цаг өнгөрч байхад гэртээ харих гээд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 25 дугаар эмийн сангийн уулзвараар урагшаа зам гарч явтал үл таних эрэгтэй нэг эмэгтэйтэй маргалдаад өшиглөж цохиж байсан. Тэгээд явж очоод болиоч гээд тэр залууг тэврээд автал “чи хэн юм бэ пизда минь” гээд миний уруул хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгээд дахиад нүүр рүү 3-4 удаа цохиод байсан. Тухайн үед эхнэр нь гээд байсан эмэгтэй бид 2-ын дундуур орж салгасан. Тэгээд эхнэр нь нөхрөө аваад зам гараад явсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд татгалзах зүйл байхгүй, тухайн үед биед учирсан гэмтлийг тэр оройн үл таних залуу цохисноос үүссэн. Тухайн үед тэр залуу эхнэрээ газарт унагаачихсан өшиглөөд байсан, тэгэхээр нь би ардаас нь очоод тэвэрч аваад болиулсан. Гэрч Н худал мэдүүлэг өгсөн байна. Би нөхрийг нь болиулаад нөхөр нь намайг цохиход эхнэр нь газраас босож ирээд нөхрөө аваад цаашаа явсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед үл таних эхнэр, нөхөр 2 мөн би байсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,                                                                                                                                                                

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н-ийн гэрчээр өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн орой 20 цагт нөхрийн найзын төрсөн өдөр гээд “Ю” гэх нэртэй караокед очсон. Тэнд очиход манай нөхрийн найз Л, Г, М нар байсан. Тэндээ байж байгаад тэндээсээ 00 цагийн үед гарсан ба бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коко банана” гэх нэртэй бааранд орсон. Тэндээ мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тэндээ нөхөр Бтай маргалдаж тэндээс 02 цаг өнгөрөөж гарсан. Тэгээд бид хоорондоо маргалдаж  ертөнцийн зүгээр урд зүгт зам хөндлөн гарч байтал нэг хүн хашхирах шиг болсон ба тэр хүнтэй манай нөхөр юм яриад байсан. Би нөхрөөсөө арай түрүүлээд алхаж байсан болохоор эргэж хараад нөхөр дээрээ очсон. Гэтэл тэр үл таних залуутай маргалдаж муудалцаж байсан. Тэгэхээр нь би нөхрөө татаад эргээд явсан. Тэгээд байшин тойроод явж байтал цагдаа нар ирээд хэсэг рүү авч явсан. Манай нөхөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Манай нөхөр надтай гэр бүл болоод 10 жил болж байгаа ба энэ хугацаанд намайг цохиж зодсон асуудал байдаггүй. Би нөхөртэйгөө 2010 онд танилцаж гэр бүл болсон. Бидний дундаас 2 хүү төрсөн бөгөөд би одоо нөхөр 2 хүүхдийн хамтаар С дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0  тоотод амьдарч байгаа. Манай нөхөр төлөв, даруу, хүнтэй найзархаг, нөхөрсөг хүн. Хамт амьдрах хугацаандаа намайг цохиж зодож байсан асуудал байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Б яллагдагчаар өгсөн “...Тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн өдөр би найзынхаа төрсөн өдөрт очоод тэмдэглээд УБ паласийн “К” гэх нэртэй бааранд орсон. Тэндээс эхнэр бид 2 түрүүлээд гарсан. Тухайн үед яг хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна. Баарнаас гараад 25 дугаар эмийн сангийн уулзвараар зам гараад эхнэр урд талд алхаж байсан. Тухай үед би эхнэрийн хойноос алхаад явж байтал миний хойд талаас нэг хүн “хөөе пизда минь” гэж орилох шиг болсон бөгөөд зогсоод эргээд хартал үл таних залуу миний өөдөөс ирж байсан. Тэгээд би “яасан хөгшөөн” гэхэд тэр залуу “чи эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ” гэж хэлсэн тэгэхээр нь би “хэн би юу” гэтэл тэр залуу “тийм ээ чи, эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ” гэхээр нь би “энэ чинь миний эхнэр, би эхнэрээ зодоогүй, чи юу яриад байгаа юм бэ” гэхэд “чи эхнэрээ зодоод байгаа биз дэ пизда минь” гэсэн. Тэгэхээр нь би “би эхнэртэйгээ 12, 3 жил ажиллаж байна, чамд ямар хамаатай юм бэ, би эхнэрээ зодоогүй” гэж хэлээд бид 2 заамдалцсан бөгөөд нөгөө залууг нэг удаа нүүр хэсэгт нь мөргөсөн. Гэтэл тэр залуу хойноос орилоод үлдсэн бөгөөд манай эхнэр тухайн үед ирээд бид 2-ыг салгаад бид 2 цаашаа байр тойроод явсан. Тэр залуугийн юу гэж орилоод байгааг сайн сонсоогүй. Тэгээд байр тойроод явж байтал цагдаа нар ирсэн. Би бааранд 5 найзтайгаа 1 шил виски уусан бөгөөд бага зэргийн согтолттой байсан. Манай эхнэр дунд зэргийн согтолттой байсан. Намайг зүгээр байхад учир зүггүй хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд цохисон. Мөн намайг эхнэрээ зодсон гэж гүтгэсэн. Тухайн залуу нэг машинаас бууж ирэх шиг болсон бөгөөд ямар машинаас бууж ирснийг хараагүй, ойр орчимд ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд тухайн залуу, манай эхнэр бид 3 байсан. Тухайн залууг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0 дугаартай “...Х-ийн биед уруулд няцралт шарх, цус хуралт, баруун бугуйд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай гэмтэлд хамаарахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 39 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 40 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 41 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 47-48 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн хүсэлт /хх-ийн 52 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс татгалзсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 53 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн 63 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч Ч.Б нь “…Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Х-ийн биед “уруулд няцралт шарх, цус хуралт, баруун бугуйд зулгаралт” бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 24-25 дахь талд авагдсан шинжээч эмчийн 0 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 0 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 0 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Б 2022 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын эмнэлгийн хойд талд иргэн Х-тай маргалдаж улмаар нүүр тус газарт нь мөргөж, цохин түүний биед уруулд няцарсан шарх, цус хуралт, баруун бугуйд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт “900.000 төгрөгийг дансаар авсан, цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” /хх-ийн 64 тал/  гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эмчилгээний зардлын 288.000 төгрөгийн  баримтыг хавсаргажээ.  Иймд шүүгдэгч Ч.Б-г гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс оногдуулсан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-г 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х нь гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ