Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0100

 

Х аймгийн Үйлдвэрчний эвлэлийн

холбооны нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д- нарыг оролцуулан хийж, Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х аймгийн ҮЭХ-ны нэхэмжлэлтэй, Х аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн ҮЭХ- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Нэхэмжлэгч Х аймгийн ҮЭХ- нь эрх бүхий байгууллагад албан ёсны бүртгэлтэй, Х аймгийн нийт үйлдвэрчний эвлэлийн гишүүд, хөдөлмөрчин иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах дүрмийн зорилт бүхий хуулийн этгээд юм. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Үйлдвэрчний эвлэлүүдийн санхүү, эд хөрөнгө-ийн тухай зохицуулалтыг тусгахдаа Үйлдвэрчний эвлэлүүд нь өөрөө санхүүжих зарчмаар ажиллах, түүний эд хөрөнгө нь гишүүдийн татвар, хандив, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах бусад эд юмсаас бүрдэхээр заажээ. Нэхэмжлэгч Х аймгийн ҮЭХ- нь гишүүдийнхээ эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх эдийн засгийн баталгаа нь гишүүдийн татвараас бүрдсэн мөнгөн хөрөнгө юм. Манай холбоонд татвар төлснийхөө хувьд гишүүд нь эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шаардах эрхтэй. Гишүүдийн төлсөн татварын хуримтлалаар үйл ажиллагаа явуулж, улмаар тэдний хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл Х аймгийн Засаг дарга Д.Ц- нь 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр А/239 дүгээр Зарим асуудлыг зохицуулах тухай захирамж гарган төрийн албан хаагчдын цалингаас холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл хүн амын орлогын албан татвараас бусад төрийн бус байгууллагын гишүүнчлэлийн татвар, төлбөр хураамж авахыг зогсоолоо. Тодруулбал, төрийн бус байгууллагын гишүүнчлэлийн татвар, төлбөр хураамжийг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цалингаас суутгахгүй байхыг аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт албан байгууллага, улсын болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга, эрхлэгч, захирал, нягтлан бодогч нарт даалгаж, захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Ч.Ч-ад даалгажээ. Энэ нь Х Аймгийн ҮЭХ--ны эдийн засгийн үйл ажиллагаа, өөрөө санхүүжих зарчмаар ажиллах хуулиар тогтоосон зарчимд илэрхий харшилж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчлөө. Хариуцагч Х аймгийн Засаг дарга Д.Ц-гийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/239 дүгээр Зарим асуудлыг зохицуулах тухай захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 9 дүгээр зүйлийн 9.1.3-т захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан, 9.1.7-т захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй захиргааны акт гэж үзэж байна. Учир нь Х аймгийн Засаг дарга Д.Ц-д төрийн албан хаагчдын цалингаас төрийн бус байгууллагын гишүүнчлэлийн татвар, төлбөр хураамж авахыг зогсоох шийдвэр гаргах эрх хэмжээ хуулиар огтхон ч олгогдоогүй байна.Хариуцагч захирамжийнхаа удиртгал хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.6-ийн л заалтыг үндэслэжээ. Хуулийн уг заалтад Засаг дарга нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар үүрэг чиглэл өгөхдөө зөвхөн хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор ажиллах үүрэгтэй гэдгийг хуульчлан баталгаажуулжээ. Гэтэл хариуцагч Х аймгийн Засаг даргын дээрх захирамж нь хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд бус харин ч өөрт хуулиар эрх олгогдоогүй, өөрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргажээ. Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалтын захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгохоор тайлбарлажээ. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т Үйлдвэрчний эвлэлүүдийн эд хөрөнгө нь гишүүдийн татвар, хандив, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах бусад эд юмсаас бүрдэнэ гэж зааснаас үзэхэд хууль тогтоогч үйлдвэрчний эвлэл гишүүдээсээ татвар авахыг зөвшөөрч, эдийн засгийн хувьд хараат бусаар ажиллаж, гишүүдийнхээ эрхийг хамгаалах нөхцөл баталгааг хуульчлан баталгаажуулжээ. Ийм байхад хариуцагч Х аймгийн Засаг дарга нь албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/239 дүгээр Зарим асуудлыг зохицуулах тухай захирамж гаргасныг эрх зүйн үндэслэл байгаагүй захиргааны акт гэж үзэхээс өөр аргагүй юм. Иймд Х аймгийн Засаг дарга Д.Ц-гийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/239 дүгээр Зарим асуудлыг зохицуулах тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж гаргасан нэхэмжлэлдээ: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-д Захиргааны байгууллагаас гаргасан акт нь илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх гэж заасны дагуу Х аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/239 дүгээр Зарим асуудлыг зохицуулах тухай захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрнө үү гэжээ.

Хариуцагч Х аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Хуулиар тогтоосон татвар, шимтгэлээс гадна төрийн бус байгууллагын гишүүнчлэлийн татвар, төлбөр, хураамжийг төрийн албан хаагчдын цалингаас суутгахгүй байх асуудлыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн Л-д заасны дагуу хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан болно. ҮЭХ- нь гишүүдээсээ татвар хураамж хандив, тусламж авах ёстой бол тэдний албан ёсны зөвшөөрөл, сайн дурын үндсэн дээр нэгдсэн гэдгийг батлах баримт бичигтэй байх ёстой. Гэтэл байгууллагын цалингийн цэсэн дээр бичилт хийлгэн шууд суутгуулах талаар ямар ч хуульд заагдаагүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Х аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/239 дугаар захирамж гаргасантай холбогдуулж Аймгийн ҮЭХ- шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Зарим төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, улс төрийн намууд, төрийн албан хаагчид цалингаасаа ҮЭХ-ны татварыг суутгуулах хүсэлгүй байгаа илэрхийлсэн учраас аймгийн Засаг даргын зүгээс уг захирамжийг гаргах болсон. Ингээд зөвхөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварын шимтгэлээс бусад татварыг төрийн албан хаагчийн цалин хөлснөөс шууд суутгахгүй байх нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Х аймагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудал учраас Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д л заасныг баримтлан эрх хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулсан захирамж гаргасан нь энэ юм. Засаг даргын энэхүү захирамжтай холбогдуулан байгууллага, төрийн албан хаагчдаас ямар нэгэн гомдол гаргаагүй байдаг. Аймгийн ҮЭХ- нь гишүүдээсээ тусламж хандив авах ёстой юм бол гишүүнд нь ҮЭХ-нд өөрсдийнхөө сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн байх ёстой. Гэтэл төрийн байгууллага, төрийн албан хаагчид өөрсдөө нэгдсэн эсэхийг нь анхаарч үзэх л хэрэгтэй. Аймгийн ҮЭХ- сайн дурын гишүүн болон бусад хүмүүсээс татвар хураамж суутгаж авдаг нь хүний эрхийг зөрчиж, хүний цалин хөлсөнд хууль бусаар халдаж байгаа хэрэг гэж үзэж байна гэжээ.

Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7 дахь хэсэг, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн л заалтуудыг тус тус баримтлан Х аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 239 дүгээр Зарим асуудлыг зохицуулах тухай захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гардан авч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн бүх шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй гэсний дагуу аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд Үйлдвэрчний эвлэлтэй хамтын гэрээ байгуулсан, тус гэрээг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон байна гэжээ. Гэвч тухайн байгууллагын ажилтан албан хаагчид нь Үйлдвэрчний эвлэлийн татварыг төлөхдөө Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн гэж үзэх үндэслэл гарч ирэхгүй байгаа билээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.л-д заасан нийтлэг бүрэн эрхийнхээ хүрээнд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр А/239 дүгээр захирамж гаргаж зөвхөн төрийн албан хаагчдын цалингаас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татвараас бусад төрийн бус байгууллагын гишүүнчлэлийн татвар, төлбөр хураамж авахыг зогсоосон нь дээрх хуулийн Засаг даргын бүрэн эрхийн асуудлын нэг

 

хэлбэр гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл зөвхөн Х аймгийн төрийн албан хаагчдын цалингаас дээрх суутгал хийхийг зогсоосон төдийгүй Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан цалин хөлс авах эрхийг ноцтой зөрчиж сайн дураар эвлэлдэн нэгдсэн гэдэг үгийн дор халхавч хийн уг татварыг авч байсан нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Тухайн байгууллагын ажилтан албан хаагчид нь сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдснийг 1 хавтас 219-250, 2 хавтас 1-86, 92-100, 104-163, 173-176 дугаар хуудсанд байгаа хамтын гэрээг ажил олгогч байгууллагатай байгуулснаар эвлэлд нэгдсэн гэж хэтэрхий нэг талыг барьж ойлгож болохгүй юм. Нөгөөтэйгүүр Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь ажилчдын эрх ашгийг ямар хэлбэрээр хамгаалж байгаа нь тодорхой биш бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүрэгтэй боловч хуулиар ногдуулсан албан татвар нь эрүүл мэнд, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар болохоос биш Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эвлэлдсэн нэгдээд татвар төлөх ойлголт биш юм. Иймд Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч Х аймгийн ҮЭХ-ноос ...тус холбооны гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүрэн эрхээ хэрэгжүүлэх эдийн засгийн баталгаа нь гишүүдийн татвараас бүрдсэн мөнгөн хөрөнгө юм. Гэтэл Х аймгийн Засаг даргын 2015 оны А/239 дүгээр захирамжаар төрийн бус байгууллагын гишүүнчлэлийн татвар авахыг зогсоосон нь хуулиар тогтоосон зарчимд илэрхий харшилсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон... гэж, харин хариуцагчаас ...хуулиар тогтоосон эрх хэмжээнийхээ хүрээнд төрийн бус байгууллагын гишүүнчлэлийн татвар төлбөр хураамжийг төрийн албан хаагчдын цалингаас суутгахгүй байх талаар чиглэл өгч, биелэлтийг хангуулахаар захирамж гаргасан. ҮЭХ- гишүүдээсээ хандив, тусламж авах ёстой юм бол гишүүд нь сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн байх ёстой ... ҮЭХ- сайн дурын гишүүн болон бусад хүмүүсээс татвар, хураамж суутгаж авах эрхийг зөрчиж, хүний цалин хөлсөнд хууль бусаар халдаж байгаа... гэж маргажээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 29.1.6-д хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар:, 29.1.6-ийн л-д нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл аймгийн Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэртээ ард иргэдийн эрх ашигтай холбогдох асуудлаар үүрэг чиглэл өгч биелэлтийг хангуулах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид заасан эрх хэмжээ, хүрээ хязгаарт нийцүүлэхийг шаардсан байна.

Нэхэмжлэгч Х аймгийн ҮЭХ-ноос тус аймгийн Засаг даргын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг цалингаас шууд суутган авахыг зогсоосон шийдвэрийг эс зөвшөөрч маргасан энэ тохиолдолд хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль, дүрэм журмын хэрэгжилтэд тавих улсын мэргэшсэн хяналтын дүрэм, журмыг батлан гаргах болон тус хяналтыг улс, орон нутгийн хэмжээнд эрхлэн зохион байгуулах эрх бүхий этгээд, хяналтад хамрах хүрээ хязгаар, хяналтын чиг үүрэг, эрх хэмжээ зэргийг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоол, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн хамтын гэрээний талаарх зохицуулалтыг агуулсан хэсэг, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны хэлбэр, үндсэн эрх, тус эвлэлд нэгдэх эрх, үйлдвэрчний эвлэлийн санхүү, хөрөнгийн талаар зааж журамласан Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль зэрэг хууль тогтоомжийн зохицуулалтууд тус тус мөрдөгдөхөөр байна гэж үзлээ. Тодруулбал,

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д хамтын гэрээ" гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог гэж ойлгохоор, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй, 5 дугаар зүйлийн 5.1-д Үйлдвэрчний эвлэлүүд нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа дор дурдсан үндсэн эрх эдэлнэ:, 5 дугаар зүйлийн 5.1.1/-д захиргаа, эзэдтэй хэлэлцээ хийж хамтын болон бусад гэрээ байгуулах, түүний биелэлтэд хяналт тавих, 7 дугаар зүйлийн 7.1-д Үйлдвэрчний эвлэлүүд нь өөрөө санхүүжих зарчмаар ажиллана, 7.2-т Үйлдвэрчний эвлэлүүдийн эд хөрөнгө нь гишүүдийн татвар, хандив, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах бусад эд юмсаас бүрдэнэ гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл Үйлдвэрчний эвлэл нь байгууллага, аж ахуйн нэгжийн нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой ашиг сонирхлыг хангах, хамгаалахаар ажил олгогч, байгууллагын захиргаа ажилтны төлөөлөгчидтэй хамтын гэрээг байгуулж, биелэлтэд нь хяналт тавих үндсэн эрхээ хэрэгжүүлэхдээ гишүүдээс авах татвар, хандиваар эд хөрөнгө бүрдүүлж, өөрөө санхүүжих зарчмаар ажиллахаар байна.

Монголын ҮЭХ-ны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-д МҮЭ-ийн Холбооны гишүүн байгууллагууд нь дор дурдсан үүргийг хүлээнэ, 7.1.3-д МҮЭ-ийн Холбоонд санхүүгийн зохих дэмжлэгч үзүүлж, гишүүн байгууллагын татварыг тогтоосон журмын дагуу төлөх, 9 дүгээр зүйлийн 9.1-д МҮЭ-ийн Холбооны гишүүн байгууллагууд нь гишүүдийнхээ тоогоор жил бүр татвар төлнө, 14 дүгээр зүйлийн 14.1-д Үйлдвэрчний эвлэлийн хороод нь гишүүдийнхээ татварыг сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоож, бэлэн бусаар хураана гэж тус тус заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллага болох нэхэмжлэгч Х аймгийн ҮЭХ-ноос байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан хамтын гэрээнүүдэд гишүүний татварыг бэлэн бусаар хураах талаар зааснаас үзвэл гишүүний татварын хувь хэмжээ хэрхэн хураах, төлөх талаар тус аймгийн хэмжээнд хамтын гэрээний зохицуулалт мөрдөгдөж байгаа болох нь тогтоогдож байна.

1996 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн хууль тогтоомжийн улсын хяналт, хөдөлмөрийн харилцаанд эзэд, үйлдвэрчний эвлэлийн байгуулага хоорондын харилцаа, хамтын маргааны зохицуулалтын асуудлыг Монгол Улсын Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын чиг үүрэг, эрхлэн хариуцах асуудалд харьяалуулах-аар тогтоосон, мөн Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын /хуучин нэрээр/ 2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 92 дугаар тушаалаар баталсан Хамтын гэрээ байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг дүгнэх зөвлөмж-ийн 4.1-д Хөдөлмөрийн хуулиар шууд зохицуулаагүй дараах харилцааг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлэхийг зөвлөж байна, 4.1.11-д Үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан, сонгуультнаас үйл ажиллагаагаа явуулах боломжийг хангах талаар: үйлдвэрчний эвлэлийн гишүүд татвараа бэлэн бус хэлбэрээр хураалгахаар бичгээр зөвшөөрсөн тохиолдолд уг ажлыг зохион гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Ажилтны цалин хөлснөөс зөвхөн дор дурдсан тохиолдолд суутгал хийж болно: 63.1.2-т хууль тогтоомжид заасан бусад тохиолдол гэж тус тус заажээ.

Хамтын гэрээнд зааж тохирсны дагуу гишүүдийн татварыг бэлэн бусаар цалингаас суутгаж, үйл ажиллагаагаа явуулах санхүүжилтын эх үүсвэрээ бүрдүүлж байгаа нэхэмжлэгчийн үйл ажиллагаа дээрх хууль журамд нийцсэн байх тул хариуцагчийн цалингаас суутгахгүй байхыг даалгаж, цалингаас авахыг зогсоох-оор заасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд ...иргэдээс үйлдвэрчний эвлэлд өөрөө сайн дураар элсээгүй байхад гишүүний татвар авч байна, цалингаас шууд суутгаж байна гэсэн гомдол, санал гарсан тул тус захирамжийг гаргасан..., тодорхой судалгаа хийгээгүй... гэх тайлбараас үзвэл үзвэл хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсүүлэх болон гишүүний татварыг цалингаас шууд суутган авч байгаа нь хууль, журамд нийцсэн эсэхийг буюу тухайн асуудалтай холбоотой зөрчил дутагдал бодитой байгаа эсэхийг тогтоож, тодорхой судалгаа тооцоолол хийгээгүйн дээр хөдөлмөрийн маргаан тэр дундаа хамтын гэрээ, цалин хөлс, түүнээс суутгал хийсэнтэй холбоотой асуудлаар иргэдээс санал гомдол гарсан тохиолдолд хөдөлмөрийн хяналт хариуцсан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж шийдвэрлүүлэх эрх зүйн зохицуулалтыг мөрдлөг болгоогүй байх тул Х аймгийн Засаг даргын 2015 оны А/239 тоот захирамжийг нэхэмжлэгчээс акт гаргах эрх хэмжээгүй этгээд гаргасан, эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр илт хүчин төгөлдөр бус акт гэж үзэж маргасан нь үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д Хөдөлмөрийн хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутагт хяналтын албад эрхлэн зохион байгуулна, 140.2-т Хөдөлмөрийн улсын хяналтын үйл ажиллагааг хөдөлмөрийн улсын хяналтын дүрмээр зохицуулна, 140.3-т Хөдөлмөрийн улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална гэж, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоолоор баталсан Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм-ийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Улсын мэргэжлийн хяналтын зорилт нь ...хөдөлмөр... технологийн хүрээнд хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, норм, стандартын биелэлтийг хангуулахад оршино, 2 дахь хэсэгт Улсын мэргэжлийн хяналт /цаашид "хяналт" гэх/-ыг Монгол Улсын нутаг дэвсгэрт Улсын мэргэжлийн хяналтын газар /цаашид "газар" гэх/, ... мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн ... байгууллага, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, ... /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ, улсын мэргэжлийн хяналтын чиглэл-ийг заасан 2 дугаар зүйлийн 2.7-д Хөдөлмөрийн улсын хяналт, 2.7.2-т хамтын гэрээ, хэлэлцээрийг байгуулах, бүртгэх, хэрэгжүүлэх талаархи хууль тогтоомжийн биелэлт, хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулалтад хяналт тавих, 2.7.4-д цалин хөлс, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговор, нөхөн төлбөр, ажил, амралтын цаг, ээлжийн амралт зохицуулалтад  хяналт тавих гэж тус тус гэж заажээ.

Улсын хэмжээнд болон орон нутагт хөдөлмөрийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд, тус хяналтын албанд мөрдөгдөх үйл ажиллагааны дүрэм, түүнийг батлан гаргагч, хөдөлмөрийн хяналт, тэр дундаа хамтын гэрээ, цалин хөлс, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговор, нөхөн төлбөр зэрэг улсын хяналтын хамрах хүрээ хязгаарын талаар тодорхой зааж журамласан дээрх хууль, дүрмийн зохицуулалтыг хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хангах, хамгаалах зорилго бүхий үйлдвэрчний эвлэл ажил олгогчтой байгуулсан хамтын гэрээгээр зохицуулагдах үйлдвэрчний эвлэлийн татвар хураамж авахыг зогсоосонтой холбоотой энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд мөрдлөг болгох буюу хамтын гэрээ, хамтын маргаан, цалин хөлсний зохицуулалтад хяналт шалгалт хийх журмыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалт гэж үзэхээр байна.

Хариуцагч нь тодорхой судалгаа, тооцоолол хийж дүгнэлт гаргаагүйн дээр үйлдвэрчний эвлэлийн татвар хураамж, гишүүнээр элсүүлэхтэй холбоотой санал гомдлыг дээрх хууль дүрэмд заасны дагуу тухайн асуудлаар улсын мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох орон нутаг дахь хяналтын албанд шилжүүлэн шийдвэрлүүлэх байтал ...төрийн албан хаагчдын цалингаас холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татвараас бусад төрийн бус байгууллагын гишүүнчлэлийн татвар, төлбөр хураамж авахыг зогсоож ... цалингаас суутгахгүй байхыг аймгийн нутаг, дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт албан байгууллага, улсын болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга, эрхлэгч, захирал, нягтлан бодогч нарт даалгасугай гэж өөрт олгогдоогүй эрх хэмжээг бий болгон хамтын гэрээгээр зохицуулагдсан төрийн бус байгууллагын татвар хураалтын асуудлыг журамлан зохицуулсан шийдвэр гаргасныг хуулиар эрх олгосон этгээдээс гаргасан, эрх зүйн үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ