Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 0392

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 04 өдөр          Дугаар 128/ШШ2020/0392            Улаанбаатар хот

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Р” ХХК /РД: ..../

Хариуцагч: Н....

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 00669..  дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Хэргийн оролцогч: “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нарыг оролцуулав.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Р” ХХК-иас шүүхэд гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 00669..  тоот дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын үндэсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн Улсын байцаагч Б.Хаш-Эрдэнэ нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 00669..  тоот дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас бичсэн.

Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар “Р” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 5.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан ба хүнсний бүтээгдэхүүн хураан авсан.

Бид торгуулийн шийтгэл оногдуулсан акт болон бүтээгдэхүүн хураан авсанд гомдолтой байгаа учир 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гомдлын хариу улсын байцаагчийн актыг хүчингүй болгох, хураагдсан хүнсний бэгдэхүүнийг буцаан олгох үндэслэлгүй байна гэсэн хариу гарсан.

Манай компани нь Оросын Холбооны Улсын “В.. ” ХХН-тэй 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 08/17ВТК тоот гэрээ байгуулан үйлдвэрлэгчээс бараа, бүтээгдэхүүнээ татан авдаг. Хүнсний бүтээгдэхүүний чанар, хугацаа амархан дуусдаг учир, татан авалт, худалдан борлуулах тал дээрээ маш сайн анхаарч ажилладаг.

“В...” ХХН-тэй хийсэн 08/17ВТК тоот гэрээний 2019 оны 01 дүгээр 01-ний өдрийн нэмэлт хэлэлцээрийн 4.13-т "... Мөн түүнчлэн хадгалах хугацаа дууссан барааг буцаавал зохино” гэж заасны дагуу хугацаа дууссан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч рүү ачуулах ёстой.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын дагуу “В...” ХХН-д хүсэлт явуулахад тус компани 2019 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрийн албан тоотоороо хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг буцаан авах шийдвэр гаргасан.

Манай компани хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулдаггүй, харин үйлдвэрлэгч рүү шууд буцаан тээвэрлэх гэрээтэй.

Харин “В...” ХХН-ийн шийдвэрээр буцаах ёстой байсан бүтээгдэхүүнд торгуулийн шийтгэл оногдуулсан нь манай компанид хохиролтой байна.

Иймд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 00669..  тоот дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хурааж авсан барааг буцааж өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагч “Р” ХХК-д зөрчлийн шийтгэлийн хуудсаар 5 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Торгуулийн шийтгэл оногдуулсан болон бүтээгдэхүүн хураан авсанд гомдолтой тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гомдол гаргасан. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэлийн хуудсанд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гомдлын хариу гарч, улсын байцаагчийн актыг хүчингүй болгох, хураагдсан хүнсний бүтээгдэхүүнийг буцаан олгох үндэслэлгүй байна гэсэн хариу гарсан.

Манай компани нь Орорсын Холбооны Улсын “В...” ХХН-тэй 2017 оны 04 дүгээр сарын 28- ны өдөр 08/17ВТК тоот гэрээ байгуулан үйлдвэрлэгчээс бараа, бүтээгдэхүүнээ шууд татан авдаг. Хүнсний бүтээгдэхүүний чанар, хугацаа амархан дуусдаг учир бид татан авалт, худалдан борлуулах тал дээрээ маш сайн анхаарч ажилладаг.

“В...” ХХН-тэй хийсэн 08/17ВТК тоот гэрээний 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн нэмэлт хэлэлцээрийн 4.13-т "...Мөн түүнчлэн хадгалах хугацаа дууссан барааг буцаавал зохино” гэж заасны дагуу хугацаа дууссан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч рүү ачуулах ёстой байдаг. Оросын холбооны улсаас хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг буцаан авах шийдвэр гаргасан. Манай компани хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулдаггүй, харин үйлдвэрлэгч рүү шууд буцаан тээвэрлэх гэрээтэй.

Иймд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №00669..  тоот дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хурааж авсан барааг буцааж өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Агуулахад хугацаа дууссан бараа байсны хувьд бол байсан. Энэ нь дандаа татан авалт хийсэн бараануудаа хадгалсан байсан. Хууль ёсны дагуу татан авалтаа хийж бараа авсан байсан. Хугацаа дууссан бараа байсан эсэх дээр нэхэмжлэгч тал маргахгүй. Харин зөрчил шалган шийдвэрлэхдээ хууль, журмыг зөрчсөн ноцтой үйлдэл гаргасан.

Мөн зөрчил хянан шийдвэрлэхдээ журмаа зөрчсөн гэж үзэж байгаа. Гомдол мэдээлэл гаргасан этгээдийг хохирогчоор тогтоогоод өөрсдөө мэдүүлэг авсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.6.1, 3.2.1-т заасныг ялгаагүй. Гомдол мэдээлэл гаргасан этгээд гэрчээр мэдүүлэг өгөөд явах ёстой. Г.Батхүүгийн яг ямар эрх, хууль ёсны ашиг нь хөндөгдсөн талаар асуулт асуугаагүй. Зөвхөн мэдээллийнх нь дагуу асуусан болоод хохирогчоор мэдүүлэг аваад явчихсан зөрчил гаргасан. Мөн үзлэг хийхдээ компаний эрх бүхий эзэмшигч байхгүй байхад Л.Аг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулж хийсэн. Агуулахын нярав гэдгийг тогтоосон баримт авагдаагүй. Эрх бүхий буюу эзэмшигчийг үзлэг хийхдээ заавал байлцуулахыг шаардсан. Гэтэл эзэмшигч нь байгаагүй. Л.Аг эзэмшигч гэж тодорхойлох боломжгүй. Энэ хүн чинь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эрх бүхий этгээдээсээ итгэмжлэл авч, оролцогч болж явсан. Мөн эх хэл буюу сайн мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх эрхтэй. Гэтэл сайн мэддэг хэл эсхүл эх хэлээрээ мэдүүлэг өгөх талаар асуусан зүйл байдаггүй. Та Монгол хэлээр сайн ярьж чадах уу, мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байна уу гэж асуух ёстой. Хууль ёсны төлөөлөгч 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр итгэмжлэл өгсөн. Шалгалт хийх хугацаа нь багадаа 7, 10 хоног байх ёстой. Гэтэл эрх бүхий албан тушаалтныг дуудан ирүүлж, материалыг шалгаагүй. Тухайн үед үзлэг хийхэд байсан нярав гэх хүний гар дээр падаан л байгаа. Бичиг баримтыг хадгалах эрх бүхий албан тушаалтан биш. Үзлэг хийхдээ татан авалт хийсэн бараа, материалын бичиг баримттай танилцаагүй. Хууль бусаар бараа хадгалсан гэж зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан. Татан авсан нь хууль бус уу, татан аваагүй бол яах байсан талаар шалгах ёстой байсан. Үзлэг хийхдээ үзлэгт оролцсон этгээдүүдээр гарын үсэг зуруулаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмуудыг зөрчиж, уг ажиллагааны хүрээнд шийтгэлийн хуудсыг бичиж торгууль ногдуулсан. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 тусгай дугаарт 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Г.Б-ээс гомдол ирүүлсний дагуу Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны Янтагийн хажууд Окинскийн хашаан дотор байрлах хүнсний агуулахад хяналт шалгалт хийсэн.

Иргэн Г.Б нь Оросын Холбооны Улсаас импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүний хаяг шошгыг өөрчилж борлуулж байна. Шалгаж арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдол мэдээллээр дэд даргын баталсан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02-02/478 дугаартай “Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу тус агуулахын үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Х, Эрүүл мэнд боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Б нар агуулахын нярав Л.Аг байлцуулан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар:

1. Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн /бяслаг, жигнэмэг, зефир, мөөхий/ 27 нэр төрлийн 2954 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг агуулахад хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнтэй агуулахын тавиур, подонд нэг дор цуг хадгалж байсан, хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүний бүртгэл хөтлөөгүй зөрчил хяналт шалгалтаар тогтоогдсон.

2. Үйл ажиллагаандаа дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам гаргаж, мөрдөж ажилладаггүй зэрэг илэрсэн зөрчилд 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 19020006.. дугаартай зөрчпийн хэрэг нээсэн. Дээрх зөрчлүүд нь

1. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалт /Хүний эрүүл мэндэд сөрөг үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, үйлчилсэн/;

2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт,

3. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”;

4. Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 157 дугаар тогтоолоор батлагдсан Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хэрэгжүүлэх дотоод хяналтын үлгэрчилсэн журам;

5. Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-аар хүнсний сүлжээнээс хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар журмын дагуу буцаан татан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг агуулахад тусгай хаяг бүхий лангуу тавиурт байршуулж, худалдаалахыг хориглосон тэмдэглэгээ тавьж, бүртгэл хөтлөлтийг хийх зэрэг хууль дүрэм журам;

6. Хүнсний тухай хуулийн 10.1.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5.1.2, 8, 9.1, 10.1.4, 11.1.7 дахь заалтууд,   

7. Худалдааны агуулах. Ерөнхий шаардлага МNS5364:2011 стандартын 7.4-д агуулахад бараа бүтээгдэхүүнийг бүлэглэн, ангилж, төрөлжүүлэн технологийн дагуу байршуулах, хурааж хадгалах зарчмыг баримтлана. Тавиурын нүүрэн талд барааны бүлэг, нэр төрөл, байршил, нөөц тоо хэмжээ зэрэг үзүүлэлтийг тодорхойлсон хаяг, тэмдэглэгээг хийх гэсэн хууль дүрэм, журам, стандартын хэм хэмжээг зөрчсөн.      

“Р” ХХК-ийн агуулахад хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн 27 нэр төрлийн 2954 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг барааг хураах, устгах тухай 0000116 тоот актаар хураан авч “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гарган биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий “Нийслэлийн зөвлөл”-д 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн. Илэрсэн зөрчлийг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлсэн.

Тус зөвлөлийн хурал нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 27 нэр төрлийн 2954 ширхэг бүтээгдэхүүнийг устгах шийдвэр гарган, тус комиссын бүрэлдэхүүн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр устгалыг хийсэн.

“Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөл Л.А нь 1902000655 дугаартай зөрчлийн хэрэгтэй өөрийн биеэр танилцаж, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн болно. Зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ад илэрсэн зөрчлүүдтэй холбоотой зөвлөгөө, холбогдох хууль, стандарт, дүрмийн талаар мэдээлэл өгч ажилласан. 

Албан даалгаврын хариуг “Р” ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсний дагуу 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэлийн шалгалт хийхэд албан даалгавар биелээгүй байсан.

Тус компанид хийгдсэн хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь хуулийн дагуу хийгдсэн болно.

“В...” ХХН-тэй хийсэн 08/17ВТК тоот гэрээний 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн нэмэлт хэлэлцээрийн 4.13-т “... Мөн түүнчлэн хадгалах хугацаа дууссан барааг буцаавал зохино” гэж заасны дагуу хугацаа дууссан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч рүү ачуулах ёстой” гэсэн заалтыг гэрээнд оруулсан нь хууль зөрчсөн заалт бөгөөд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан иргэн, хуулийн этгээд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүрэгтэй” гэсэн буцаах нэг заалт байдаг. Харин Монгол Улсын хилээр нэвтэрсний дараа хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйл, Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ын дагуу шийдвэрлэдэг болно.

Иймд “Р” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Гаргасан зөрчил дээрээ маргахгүй, гэрээний заалт хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байх тул үүнд тайлбар байхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тухайд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлд үзлэг хийх журмыг хуульчилсан. Үзлэг хийхдээ заавал хөндлөнгийн гэрчийг байлцуулж, гарын үсэг зуруулснаар үзлэг хийсэн тэмдэглэл нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ гэх зэргээр тусгаагүй. Мөн заавал холбогдогчийг заавал байлцуулна гэж дурдаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол хэл сайн мэдэхгүй бол орчуулагч авна гэж заасан. Өөрөөр хэлбэл холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлээс харахад Л.А нь Монгол хэл мэддэг байсан гэдэг нь харагдаж байх ба эрх бүхий албан тушаалтны асуусан асуултад хариулсан, эрх үүргийг нь танилцуулсан байна. Иймд заавал орчуулагч томилох шаардлагагүй байсан гэж үзэж байна. Зөрчлийн хэрэгт бүртгэлтийн хугацаанд Л.Алтанцэцэгийг байлцуулаагүй гэж байна. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа нь хуульд зааснаар 14 хоног байдаг. Үүнийг шаардлагатай гэж үзвэл удирдах албан тушаалтан 14 хоногоор сунгадаг. Өөрөөр хэлбэл 28 хоногийн хугацаанд ирж танилцахыг эрх бүхий албан тушаалтан шаардсан. Энэ талаар тэмдэглэл үйлдсэн, удаа дараа холбогдсон. Өөрөө албан тоотоор хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө Л.Аг томилсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн хэргийн материалтай танилцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “Р” ХХК-иас “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 00669..  дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ[1].

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг зэргийг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Х...... 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 00669..  дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар “Р” ХХК-ийн хугацаа хэтэрсэн 27 нэр төрлийн 2954 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг агуулахад хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнтэй агуулахын тавиур, подонд нэг дор цуг хадгалж байсан, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүний бүртгэл хөтлөөгүй” гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 зааснаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 00669..  дугаартай шийтгэлийн хуудсаар “Р” ХХК-ийг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулжээ[2].

Улсын байцаагч Б....: “Р” ХХК хугацаа хэтэрсэн 27 нэр төрлийн 2954 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг агуулахад хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнтэй агуулахын тавиур, подонд нэг дор цуг хадгалж байсан, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүний бүртгэл хөтлөөгүй” гэх үйлдэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”, Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 157 дугаар тогтоолоор батлагдсан Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хэрэгжүүлэх дотоод хяналтын үлгэрчилсэн журам, Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-аар хүнсний сүлжээнээс хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар журмын дагуу буцаан татан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг агуулахад тусгай хаяг бүхий лангуу тавиурт байршуулж, худалдаалахыг хориглосон тэмдэглэгээ тавьж, бүртгэл хөтлөлтийг хийх зэрэг хууль, дүрэм, журам, Хүнсний тухай хуулийн 10.1.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5.1.2, 8, 9.1, 10.1.4, 11.1.7 дахь заалтууд, Худалдааны агуулахын ерөнхий шаардлага МNS5364:2011 стандартын 7.4-д агуулахад бараа бүтээгдэхүүнийг бүлэглэн, ангилж, төрөлжүүлэн технологийн дагуу байршуулах, хурааж хадгалах зарчмыг баримтлана. Тавиурын нүүрэн талд барааны бүлэг, нэр төрөл, байршил, нөөц тоо хэмжээ зэрэг үзүүлэлтийг тодорхойлсон хаяг, тэмдэглэгээг хийх гэсэн хууль дүрэм, журам, стандартын хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйл.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих” тус зүйлийн 3.1.-т “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, ... , хадгалсан, ... ;” гэж зааснаар арга хэмжээ авсан нь үндэслэлтэй байна.

Гомдол гаргагч “Р” ХХК, маргаан бүхий үйл баримтыг шалгасан эрх бүхий албан тушаалтан, мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар нь зөрчлийн хэргийн мэдээлэл гаргагч иргэн Г.Б..... гаргасан мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулахад “Р” ХХК нь агуулахдаа хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хадгалаж байсантай маргадаггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн бараа хадгалсан талаар маргахгүй байгаа. Харин эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг хянан шийдвэрлэхдээ холбогдох журмаа зөрчсөн гэж үзэж байгаа.

Тодруулбал, гомдол, мэдээлэл гаргагч Г.Ба..... ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй, тухайн иргэнд хохирол учраагүй байхад хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй, тухайн хяналт, шалгалтаар үзлэгийг хийхдээ тухайн компанийн нярав гэх Л.Аг тухайн байгууллагын нярав мөн эсэхийг тодруулалгүйгээр хийсэн, мөн Л.Аг.... холбогдогчоор мэдүүлэг авахдаа ямар хэлээр мэдүүлэг өгөх талаар эрхээр нь хангаагүй, шалгалтын явцад компанийн эрх бүхий албан тушаалтныг дуудан ирүүлж, холбогдох материалыг шалгаагүй, үзлэг хийхдээ үзлэгт оролцсон этгээдүүдээр гарын үсэг зуруулаагүй зэрэг нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмуудыг зөрчсөн гэжээ.

Гомдол, мэдээлэл гаргагч Г.Б......ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй, тухайн иргэнд хохирол учраагүй байхад хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй” гэх тайлбарын тухайд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд гомдол, мэдээлэл гаргагчийн эрх зүйн байдлыг зохицуулаагүй байх бөгөөд маргаан бүхий тохиолдолд иргэн  Г.Б.......нь хүнсний аюулгүй байдлын талаар нийтийн ашиг сонирхолд хамааралтай асуудлаар мэдээлэл гаргаж, түүний гаргасан мэдээллийн дагуу хяналт, шалгалтыг явуулж, түүнийг хохирогчоор татаж мэдүүлэг авсныг буруутгах боломжгүй бөгөөд холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байна гэж үзэх боломжгүй байна.

Шалгалтаар үзлэгийг хийхдээ тухайн компаний нярав гэх Л.Аг тухайн байгууллагын нярав мөн эсэхийг тодруулалгүйгээр хийсэн” гэх тайлбарын тухайд, хавтаст хэрэгт эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байх бөгөөд тэмдэглэлд тус компанид нярав ажилтай Л.А үзлэг хийх ажиллагаанд оролцсон талаар тэмдэглэжээ[3].

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл эрх бүхий албан тушаалтан нь мэдээллийн дагуу гомдол гаргагч “Р” ХХК-ийн агуулахад үзлэг хийхээр очсон байх бөгөөд тухайн үед агуулахад тус компаний нярав Л.А нь байсан болох нь тухайн үеийн нөхцөл байдал, үзлэгийн тэмдэглэлд өгсөн биеийн байцаалтаар тогтоогдож байна. Үүнийг дахин тодруулах нь шаардлагагүй байна.

Л.А......холбогдогчоор мэдүүлэг авахдаа ямар хэлээр мэдүүлэг өгөх талаар эрхээр нь хангаагүй” гэх тайлбарын тухайд, хавтаст хэрэгт гомдол гаргагч “Р” ХХК-иас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тус компанийг төлөөлж Л.А оролцох талаар итгэмжлэл, Л.А...... холбогдогчоор өгсөн мэдүүлэг зэрэг авагджээ[4].

Иргэн Л.А.......холбогдогчоор мэдүүлэг авахдаа эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1. дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаж гарын үсэг зуруулсан байх бөгөөд тус зүйлийн 2.3.-т “эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах” гэж заасан эрхийг танилцуулсан байх тул дээрх эрхээр нь хангаагүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Шалгалтын явцад компанийн эрх бүхий албан тушаалтныг дуудан ирүүлж, холбогдох материалыг шалгаагүй” гэх тайлбарын тухайд, хавтаст хэрэгт эрх бүхий албан тушаалтны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн тэмдэглэл авагджээ[5].

Дээрх тэмдэглэлээс үзвэл эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч “Р” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудтай удаа дараа холбогдохоор залгаж байсан, нярав Л.А..... холбогдох үедээ шалгалттай холбоотой бичиг баримтаа гаргаж, ирүүлэхийг шаардаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд шалгалтын явцад компаний эрх бүхий албан тушаалтныг дуудан ирүүлж, холбогдох материалыг шалгаагүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Үзлэг хийхдээ үзлэгт оролцсон этгээдүүдээр гарын үсэг зуруулаагүй” гэх тайлбарын тухайд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үзлэг хийх процессийн талаар хуульчилсан байх бөгөөд дээрх зохицуулалтад үзлэгт оролцсон оролцогч нараар заавал гарын үсэг зуруулах талаар хуульчлаагүй байх бөгөөд мөн холбогчоор оролцсон Л.А....... гарын үсэг зуруулсан байна.  

Иймд дээрх үндэслэлүүдээр эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа холбогдох журмыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар тогтоогдохгүй байх тул  гомдол гаргагчийн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 00669..  дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэгт заасныг баримтлан “Р” ХХК-иас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 00669..  дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1]Хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 45 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас