Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Т.Мөнгөнсүх, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Алтынгүл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Баянхайрхан ургийн овогт Төрбатын Мөнгөнсүхэд холбогдох 2236000000033 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 5 дугаар гудамжны 25 тоотод оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг багтааж нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзуулсан, мөн тус шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, ПЮ88082216 регистрийн дугаартай, Баянхайрхан ургийн овогт Төрбатын Мөнгөнсүх, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Мөнгөнсүх нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 07 дугаар гудамжны 13 тоотод байрлах иргэн М.Урангоогийн гэрт 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэвтэрч хүүхдийн унадаг дугуй, хөөрөг, зэс аяга, цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 444000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25 дугаар гудамжны 13 тоот хашаанд байрлах гараашид хууль бусаар, нууцаар нэвтэрч хохирогч Э.Дагважаргалын эзэмшлийн машины 2 ширхэг обудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1160000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Т.Мөнгөнсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 1.Иргэн М.Урангоогийн Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “Миний бие М.Урангоо нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 7-23 тоотод оршин суудаг. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай хашаанд байх гэрээс хөөрөг, хүүхдийн унадаг дугуй алга болсон тул шалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэсэн өргөдөл (хавтаст хэргийн 3 дахь тал), 2.Иргэн М.Урангоогийн гэрт буюу хэргийн газарт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “...Гэрийн хоймор хэсэгт шар өнгийн модон авдар, уг авдар дотор байсан цагаан өнгийн хаш хөөрөг, зэс аяга гэх зэрэг эд зүйлс алга болсон гэх бөгөөд гэрэл зургаар бэхжүүлэв” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дахь тал), 3.Хохирогч М.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Жаргалант сумын Цамбагарав багийн 7-13 тоот хашаанд байх манай гэрт хулгай орсон байсан. Гэрийн цоож эвдэгдэж хаалганы цүү нь эвдэрсэн байсан. Манай гэрээс хүүхдийн хар ногоон цоохор өнгийн унадаг дугуй, цагаан өнгийн хаш хөөрөг, шаргал өнгийн зэс аяга, ягаан бор өнгийн хувцас хийдэг цүнх зэрэг зүйлс алга болсон байсан. Манай гэрийн эд зүйлсийг цацсан байдалтай байсан. Би Жаргалант сумын Цамбагарав багийн 7-13 тоот хашаанд ирж буугаад 1 жил орчим болж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), 4.Гэрч Б.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 32 минутын үед аймгийн Прокурорын газарт зөрчлийн материал хүргэж өгөхөөр явж байхад аймгийн Прокурорын газрын байрны урд талд очиж байх үед цагдаагийн хуучин журмын хашаа дотроос дааман хаалгагүй хэсгээс Т.Мөнгөнсүх гартаа цагаан өнгийн гялгар тортой зүйл барьчихсан гарч ирсэн. Тэгэхээр нь би Т.Мөнгөнсүхийг “чи энд юу хийж яваа юм бэ” гэж асуухад надад “зүгээрээ” гэж хариулсан. Тэгэхээр нь би “харь” гэж хэлчихээд прокурорын газар руу орсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), 5.Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Тухайн камерын бичлэгт хар өнгийн малгайтай цамцтай, бараан өнгийн өмд, куртик, гуталтай, баруун талын хөл нь доголон алхдаг, цагаан өнгийн тортой зүйл гартаа барьсан эрэгтэй хүн прокурорын байрны урд эсрэг талд байх хуучин цагдаагийн газрын журмын хашаан дотроос гарч ирээд дэслэгч Алтансүхтэй таараад прокурорын байрны дээд талын нарийн гудмаар зүүн зүгт шүүх рүү явах замаар явж байгаад зүүн талд байх Цамбагарав багийн 7-13 тоот онгорхой цэнхэр өнгийн хаалгаар дотогшоо орсон. Цагаан өнгийн байшин дотор ороод буцаад гарч ирээд амбаарын урд хэсэгт очиж хашаан дотор ямар нэгэн зүйл эрж хайж явав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дахь тал), 6.Вендо ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээ тогтоосон “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын харьцуулалтын аргаар 2022 оны 01 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 444000 төгрөгөөр үнэлэгдлээ.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-26 дахь тал), 7.Яллагдагч Т.Мөнгөнсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн үед эмнэлгийн хажуу талд байдаг эмийн сан орж өвчин намдаах эм авчхаад буцаж гараад явж байгаад хуучин журмын хашаа орсон чинь айл байхгүй хүнгүй байсан. Тэгэхээр нь хашаанаас гараад прокурорын ар талын нарийн гудамжаар явж байгаад айлын хашаа руу орж хогийн цэг дээр нь очиж ус хайсан. Ус олдоогүй. Тэгээд тэр айлын хашаан дотор пявар савтай “Өргөө” гэдэг нэртэй 350 граммын архи ганцаараа уусан. Тэрнээс хойш сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал), 8.Хохирогч М.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлсэн “....Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Архичин хүнээс юуг нь авах вэ дээ.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал), 9.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн Шинжилгээний албаны шинжээч Ц.Ононбатын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн “Зураг №4”, “Зураг №5” дээрхи гутлын улны мөрүүд нь оношлогооны шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцэж буй “Зураг №4”, “Зураг №5” дээрхи гутлын улны мөрүүд нь эрэгтэй хүний салангид ултай, ботинкон загварын баруун, зүүн өмсгөлийн 41 өмсгөлтэй, 170 см орчим өндөртэй хүний гутлын улны мөр байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 50-52 дахь тал), 10.Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 55-57 дахь тал), 11.Хохирогч Э.Дагважаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны үед Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25 дугаар гудамжны 13 тоот хашаанд байх манай баз дүү болох Б.Буяннэмэхийн автомашины гараашид өөрийнхөө автомашины 4 ширхэг хайлшин обуд аваачиж тавьсан. ... Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр уг хашаанд байх гарааш дээр очоод автомашиныхаа 4 ширхэг обудыг авах гэтэл цулгуй дангаараа байсан 2 ширхэг обуд байхгүй, гараашийн цоож, цүү эвдэгдсэн байдалтай байсан. Тэгээд би автомашиныхаа обудыг хайгаад явж байгаад Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Баруун бүсийн төв захын дээд талд Эрка эгчийн цайны газрын урдаас харсан хоёрдогч түүхий эд худалдан авах цэг дээрээс уг 2 ширхэг хайлшин обудаа олж авсан. Тухайн залууд нэг хүн авч ирж өгсөн гэж хэлсэн. Би тэр хүнд 30000 төгрөг төлөөд 2 ширхэг обудаа авсан.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 98 дахь тал), 12.Хэргийн газарт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Уг цүү нь хаалганы модноос сугарсан байдалтай байх бөгөөд хаалганы хавтас, цонхны эргэн тойронд ирмэгтэй зүйлээр цохигдсон гэмээр мөрүүд үлдсэн байв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 99-104 дэх тал), 13.Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Автомашины 2 ширхэг хайлшин дискэн обуд байв. Уг обуд нь хар өнгийн 7 сэнстэй, дунд хэсэгтээ 10 ширхэг боолтны нүхтэй 18-тай 9,5 обуд байв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг, (хавтаст хэргийн 105-107 дахь тал), 14. Гэрч П.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр зах дээр архи уугаад яваад байдаг Мөнгөө гэдэг залуу надад 2 ширхэг автомашины хайлшин обуд авч ирж өгсөн. Надад авч ирж өгөхдөө хар хөх өнгийн машинтай, жолооч нь Ташгаа гэдэг таксинд яваад байдаг хүний хамтаар авч ирж өгсөн. Тэр машин нь Ташгаа гэдэг хүний автомашин байсан. Тухайн 2 автомашины хайлшин обуд нь спорт маягын автомашины хар өнгийн 7 сэнстэй нэлээд өргөн обуд байсан ба нийт 16 килограмм жинтэй байсан. Тэгээд би Мөнгөөгөөс энийг чи хаанаас авсан юм бэ? Хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуухад Мөнгөө надад хулгайн эд зүйл бишээ, би хүнд ажил хийж өгөөд тэр ажил хийсний хөлсөнд надад өгсөн юм аа гэж хэлсэн. ... Тэгээд уг 2 обуд 16 кг болсон ба 1 кг хайлшийг би 1800 төгрөгөөр бодоод таксины жолооч Ташгаад 2000 төгрөг, Мөнгөөд 30,000 төгрөг өгсөн, тэгээд тэд нар явсан. Тэгээд байж байтал хэд хоногийн дараа нэг залуу ирээд танд 2 ширхэг хар өнгийн хайлшин автомашины обуд өгсөн үү гэж асуухаар нь тийм ээ Мөнгөө гэдэг залуу надад 2 ширхэг хар өнгийн хайлшин автомашины обуд өгсөн гэж хэлээд уг 2 обудыг тэр залууд үзүүлэхэд тэр залуу миний обуд мөн байна аа, би хулгайд алдчихсан юм аа гараашнаас хулгайлаад аваад явсан байна гэсэн. Тэгээд тэр залуу надад та 2 обудыг хэдэн төгрөгөөр авсан бэ? гэж асуухаар нь би 16 кг болсон би 30,000 төгрөгөөр авсан гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу надад 30,000 төгрөг өгөөд уг автомашины обудаа аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110 дахь тал), 15. Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28- ны өдрийн “2021 оны 12 дугаар сарын байдлаар дээрхи эд зүйлийн үнэ цэнэ 1160000 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 113 дахь тал), 16.Яллагдагч Т.Мөнгөнсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би он, сар, өдрөө сайн санахгүй байна. 2 ширхэг хар өнгийн төмөр обудыг айлын амбаараас аваад захын урд талын Алтай, Үенч, Булган сум уруу явдаг машины зогсоол хэсэг рүү харсан төмөр, хайш авдаг хүнд аваачиж 30000 төгрөгөөр өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 125-126 дахь тал), 17.Хохирогч Э.Дагважаргалын мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлсэн “....Би хулгайд алдагдсан 2 ширхэг обудаа буцаагаад авсан. Захын урд талд байрлах төмөр авдаг хүнд 30000 төгрөгөөр зарсан байхаар нь тэр хүнээс обудаа авсан юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 129 дэх тал) зэрэг болно. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 1.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 58 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 17 дахь тал), 2.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 18, 19 дэх тал), 3.Гэрч А.Лхагвапүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.Мөнгөнсүх нь 1988 онд Ховд аймгийн Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Төрбат гэх хүний 2 дахь хүүхэд, дээрээ нэг ахтай, доороо 4 дүүтэй. Төрсөн ах Т.Алтансүх нь Улаанбаатар хот “Наран туул” зах дээр хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Төрсөн дүү Т.Алтан-Эрдэнэ, Т.Энх-Эрдэнэ, Т.Загдзүсэм нар бүгд хотод амьдардаг. Т.Мөнгөнсүх нь Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар 10 жилийн ерөнхий боловсролын сургуульд сурдаг байсан. Хэддүгээр анги төгссөнийг нь мэдэхгүй байна. ...Т.Мөнгөнсүх нь одоо гэр орон байхгүй байрны орцоор амьдардаг. Ах, дүү нар нь Т.Мөнгөнсүхэд гэр орон авч өгөөд дээш нь зөндөө татсан. Бүгдийн зараад архи аваад уучихсан. Сүүлдээ ах, дүү нар нь тоохоо больсон байгаа. Т.Мөнгөнсүхэд ямар нэгэн эд хөрөнгө, ажил төрөл байхгүй. Хог түүж амьдардаг.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал), 4.Гэрч Л.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Эцэг, эх нь 2008-2009 онд Ховд аймгийн төвд амьдарч байгаад нас барсан. Ах, дүү нар нь Улаанбаатар хотод байдаг юм. Хамгийн бага дүү нь Загдзүсэм бөгөөд Ховд аймагт амьдардаг байсан. Одоо хаана амьдарч байгааг нь мэдэхгүй. Тэд нартай холбоо барихгүй удаж байна. Сургуульд 3 дугаар анги хүртэл суралцаж байгаад гарсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал), 5.2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дэх тал), 6.Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоол, мөн тус шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 62-77 дахь тал) зэрэг болно. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Мөнгөнсүх нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 07 дугаар гудамжны 13 тоотод байрлах хохирогч М.Урангоогийн гэрийн цоожийг эвдэж дотогшоо нэвтэрч хүүхдийн унадаг дугуй, хаш хөөрөг, зэс аяга, хувцасны цүнх зэрэг зүйлсийг авч явж байгаад Б.Алтансүхтэй тааралджээ. Мөн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25 дугаар гудамжны 13 тоот хашаанд байрлах иргэн Б.Буяннэмэхийн эзэмшлийн гараашид оруулж тавьсан хохирогч Э.Дагважаргалын 2 ширхэг машины обудыг хулгайлан авч, улмаар иргэн П.Эрдэнэ-Очирт 30000 төгрөгөөр худалдсан байжээ. Хохирогч Э.Дагважаргал нь гараашаас алдсан машины обудыг хайж явж байгаад иргэн П.Эрдэнэ-Очирт байгааг мэдээд түүнд 30000 төгрөг өгч обудаа буцаан авсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй бөгөөд хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Т.Мөнгөнсүх нь дараах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. 1.Шүүгдэгч Т.Мөнгөнсүх нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 07 дугаар гудамжны 13 тоотод байрлах хохирогч М.Урангоогийн гэрийн цоожийг нь эвдэж нэвтэрч хүүхдийн унадаг дугуй, хаш хөөрөг, зэс аяга, хувцасны цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогчид 444000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хэргийн газар үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дахь тал), Хохирогч М.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... Гэрийн цоож эвдэгдэж хаалганы цүү нь эвдэрсэн байсан. Манай гэрээс хүүхдийн хар ногоон цоохор өнгийн унадаг дугуй, цагаан өнгийн хаш хөөрөг, шаргал өнгийн зэс аяга, ягаан бор өнгийн хувцас хийдэг цүнх зэрэг зүйлс алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), Гэрч Б.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... Би тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 32 минутын үед аймгийн Прокурорын газарт зөрчлийн материал хүргэж өгөхөөр явж байхад аймгийн Прокурорын газрын байрны урд талд очиж байх үед цагдаагийн хуучин журмын І хашаа дотроос дааман хаалгагүй хэсгээс Т.Мөнгөнсүх гартаа цагаан өнгийн гялгар тортой зүйл барьчихсан гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дахь тал), Яллагдагч Т.Мөнгөнсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн үед эмнэлгийн хажуу талд байдаг эмийн сан орж өвчин намдаах эм авчхаад буцаж гараад явж байгаад хуучин журмын хашаа орсон чинь айл байхгүй хүнгүй байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна. 2.Мөн шүүгдэгч Т.Мөнгөнсүх нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25 дугаар гудамжны 13 тоот хашаанд байрлах гараашаас хохирогч Э.Давгажаргалын эзэмшлийн 2 ширхэг машины обудыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээ, хууль бусаар авч, хохирогчид 1160000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Шинжээч Ц.Ононбатын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай “... 2.Шинжилгээнд тэнцэж буй “Зураг №4”, “Зураг №5” дээрхи гутлын улны мөрүүд нь эрэгтэй хүний салангид ултай, ботинкон загварын баруун, зүүн өмсгөлийн 41 өмсгөлтэй, 170 см орчим өндөртэй хүний гутлын улны мөр байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 50-52 дахь тал), Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг, (хавтаст хэргийн 55-57 дахь тал), Хохирогч Э.Дагважаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр уг хашаанд байх гарааш дээр очоод автомашиныхаа 4 ширхэг обудыг авах гэтэл цулгуй дангаараа байсан 2 ширхэг обуд байхгүй, гараашийн цоож, цүү эвдэгдсэн байдалтай байсан. ...Би тэр хүн 30000 төгрөг төлөөд 2 ширхэг обудаа авсан.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 98 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24- ний өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг,(хавтаст хэргийн 99-104 дэх тал), Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 105- 107 дахь тал), Гэрч П.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр зах дээр архи уугаад яваад байдаг Мөнгөө гэдэг залуу надад 2 ширхэг автомашины хайлшин обуд авч ирж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110 дахь тал), Яллагдагч Т.Мөнгөнсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....Би он, сар, өдрөө сайн санахгүй байна. 2 ширхэг хар өнгийн төмөр обудыг айлын амбаараас аваад захын урд талын Алтай, Үенч, Булган сум уруу явдаг машины зогсоол хэсэг рүү харсан төмөр, хайлш авдаг хүнд аваачиж 30000 төгрөгөөр өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 125-126 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Т.Мөнгөнсүхийн бусдын эзэмшил, өмчлөлд байгаа хөрөнгийг зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг мэдсээр байж, орон байранд нэвтрэн орж нууцаар өөрийнхөө эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах шинжийг хангаж байна гэж дүгнэлээ. Хохирогч нарын эзэмшлийн гэр, гарааш нь тухайн цаг хугацаанд шүүгдэгчид нэвтрэх нь зөвшөөрөгдөөгүй орон зай бөгөөд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хаалганы цоожийг эвдэж дотогшоо нэвтэрсэн түүний үйлдлийг бусдын орон байр буюу хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрсэн хууль бус нэвтрэлт гэж үзнэ. Иймээс шүүгдэгч Т.Мөнгөнсүхийг бусдын гэр буюу орон байр, агуулахад нэвтэрч нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр эд зүйл хулгайлсан үргэлжилсэн үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн “хүн байнга амьдрах орон байр болон агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгч дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч хохирогчид хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. Иймд шүүгдэгч Т.Мөнгөнсүхийг бусдын орон байр, агуулахад нэвтэрч нууцаар, хууль бусаар эд хөрөнгө авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь гэр оронгүй, байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар хор уршиг нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: 1.Шүүгдэгч Т.Мөнгөнсүхийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Урангоод 444000 төгрөгийн хохирол, хохирогч Э.Дагважаргалд 1160000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хулгайлагдсан 2 ширхэг машины обудыг хохирогч Э.Дагважаргал өөрөө шүүгдэгчийн худалдсан хүнээс нь мөнгийг нь өгч авсан байна. (хавтаст хэргийн 80 дахь тал) Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Т.Мөнгөнсүх нь урьд нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг багтааж нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзуулсан, мөн тус шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан нь дээрх шийтгэх тогтоол болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 60, 62-77 дахь тал), Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй бөгөөд, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно. Шүүгдэгч Т.Мөнгөнсүхийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй учир шүүгдэгч хохирол төлөөгүй бөгөөд түүнийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэж энэхүү нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Т.Мөнгөнсүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Бусад асуудлын талаар: Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. Хохирогч М.Урангоо хохирол нэхэмжлээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд “....Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Архичин хүнээс юуг нь авах вэ дээ.” гэж, (хавтаст хэргийн 40 дэх тал), хохирогч Э.Дагважаргал мөн адил хохирол нэхэмжлээгүй мөрдөн шалгах ажиллагаанд “...Би хулгайд алдагдсан 2 ширхэг обудаа буцаагаад авсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж (хавтаст хэргийн 129 дэх тал) тус тус мэдүүлсэн учир энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ. Мөн шүүгдэгч нь хулгайлсан 2 ширхэг машины обудыг бусдад 30000 төгрөгөөр худалдсан нөхцөл байдал тогтоогдсон учир түүнийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг худалдаж орлого олсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар 30000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ. 2236000000033 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Баянхайрхан ургийн овогт Төрбатын Мөнгөнсүхийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Төрбатын Мөнгөнсүхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнгөнсүхэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого 30000 /гучин мянга/ төгрөгийг шүүгдэгч Т.Мөнгөнсүхийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй. 5.Шүүгдэгч Т.Мөнгөнсүх энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 6.2236000000033 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК