| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2022/0035/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/42 |
| Огноо | 2022-01-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/42
2022 01 12 2022/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.З хөтлөн,
улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,
шүүгдэгч: Т, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар
хохирогч: Г, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Түнжин овогт Сандагсүрэнгийн Т холбогдох 0000 дугаартай эрүүгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т нь “Сонгинохайрхан дүүргийн 0 хорооны нутаг Энхтайваны өргөн чөлөө “Б” плаза төвийн урд замд 2021 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 01 цаг 20 минутын орчимд “Х” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээн” а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээ нь дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т нь Сонгинохайрхан дүүргийн 0 хорооны нутаг Энхтайваны өргөн чөлөө “Б” плаза төвийн урд замд 2021 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 01 цаг 20 минутын орчимд “Х” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээн” а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээ нь дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Гын “...гомдолтой байна, гэмт хэргийн улмаас учирсан хохролд нийт 8.656.845 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Тгийн “…хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруу дээр маргахгүй…” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 0000 дугаартай хэргээс
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-13 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Гын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогчоор өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Таван шарын 4 дүгээр байранд Бынд 20 цагийн үед очсон. Тэгээд Б уулзаад бид хоёр 2 шил 0,5 литрийн архи хувааж уугаад тэгээд 2021 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөд би тэнийхээс ганцаараа гарсан. Тэр үед хадам ах Энхтайван над руу яриад “очоод авъя, хаана байна” гэхээр нь би “Таван шард байна энд хүрээд ир, би тосоод авъя” гээд гараад 4 дүгээр байрны баруун талаар урагшаагаа явсан. Би тухайн үед явган хүний замаар явсан уу, зорчих хэсгээр явсан уу мэдэхгүй байна. Ямар ч байсан тэнд байсан хуучны 3 давхар байрнууд өнгөрөөд төв зам руу орохоос өмнө хадам ах Энхтайван руу залгаад “одоо яг хаана байна” гэж асуусан. Тэгэхээр нь “Таван шард явж байна, ирж байгаа юм уу” гэж хэлээд утсаа салгасан. Яагаад салгаснаа мэдэхгүй байна. Тэгээд төв зам дагуу 3 замтай нийлсэн уулзвараар урагшаа зам хөндлөн гарах гээд гүйж явснаа санаж байна. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд өглөө Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Осол юунаас болж гарсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед зам дээр машин явж байсныг анзаараагүй. Уулзвар зам дээр замын гэрэлтүүлэг байсан талаар мэдэхгүй байна. Эмчилгээний зардал болон намайг өвчтэй байх хугацааны өрхийн хэрэглээгээ нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г-н 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин хохирогчоор өгсөн “...Миний хөлийн дунд чөмөг хугарсан, эрүү 2 хугарсан, 6 хавирга хугарсан, сээрний 3-н нугалмын бяцралттай. Гэмтлийн эмнэлэгт 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Баримттай зардалд эмчилгээний зардал, хүнсний хэрэглээний зардалд нийт 3.080.945 төгрөг, баримтгүй зардалд такси, тээврийн зардал, шинжилгээний болон өмгөөлөгчийн зардал 857.900 төгрөг, ажилгүй байгаа хугацааны болон 6-н сарын хөдөлмөрийн хөлс 4.800.000 төгрөг, нийт 8.656.845 төгрөгийг нэхэмжилж байна. Т Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардалд 451.236 төгрөг, цээжний томографид харуулсан 150.000 төгрөг, нийт 601.236 төгрөг төлсөн. Энэ төлсөн дүн нь дээрх нэхэмжилсэн төлбөрийн үнийн дүнд ороогүй. Би баримтаа бүгдийг нь хавсаргамаар байна, хасах баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 103 тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0 дугаартай “...Г-н биед баруун дунд чөмгийн далд хугарал, эрүүний баруун булан болон ооч хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, баруун сарвуунд шарх, өвчүү, зүүн эгмийн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун шанаа чамархай, сарвуу, ташаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хүндэвтэр” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0 дугаартай “...Г-н биед баруун дунд чөмгийн далд хугарал, эрүүний баруун булан болон ооч хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, баруун сарвуунд шарх, өвчүү, зүүн эгмийн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун шанаа чамархай, сарвуу, ташаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хүндэвтэр” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Хохирогчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр авхуулсан цээжний КТГ-н нэмэлтээр баруун 1-6-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдсон болно....” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г-н Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх үзлэгийн бүртгэл, өвчний түүх /хх-ийн 64-87 тал/,
“Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 53-54 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-51 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Тгийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр Эмээлтийн бойнд 17 хонь, 1 адуу авч ирж өгөөд, махыг нь загсааж байгаад 2021 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Эмээлтээс хөдөлсөн. Тухайн үед би өөрийн төрсөн ах С-ийн нэр дээр байдаг Хуандэй Портер маркийн 00-00 улсын дугаартай машиныг жолоодоод 01 цаг 30 минутын орчим таван шарын призр өнгөрөөд “Б” төвийн урд талын замд зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байтал Т хэлбэрийн уулзвар гарч ирэхээр нь 2-р эгнээндээ шилжинэ гэж бодоод баруун талынхаа толь руу харчхаад буцаад урагшаа хартал шувуу шиг хар юм зүүн талын толь багана хэсэг рүү орж ирээд миний машинд мөргөгдөх үед машины урд талын салхины шилийн зүүн доод буланд хүний толгой, саравчтай малгай харагдаад толь хагарч, их дуу чимээ гарч тухайн хүн машины зүүн талд унасан. Тэр үед би хүн дайрчихлаа гээд тормос гишгээд зогссон. Тухайн хүнийг зам дээр унахыг би цонхоороо харсан. Тэр хүн доошоо хараад унасан ба намайг зогссоны дараа босож ирэхгүй болохоор нь би хамт явж байсан Ууганаа гэх хүний 9946-4115 дугаарын утаснаас 102 дугаарт дуудлага өгч мөн энэ утаснаасаа өөрөө түргэн дуудсан. Би одоо Төв аймгийн Заамар суманд малчин хийж байгаа. Эцэг, эх, ахын хамт амьдардаг. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 600.000 төгрөг төлсөн. Цаашдаа гарах хохирлыг барагдуулна...” /хх-ийн 100-101 тал/,
Хохирогч Г-н эмчилгээний зардалд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 451.236 төгрөг төлсөн баримт /хх-ийн 113 тал/,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Тгийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 107 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 108 тал/, гэрлэлтийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 109 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 110 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 111 тал/, дунд сургуулийн боловсролын үнэмлэхийн хавсралт /хх-ийн 112 тал/,
хохирогчийн өмгөөлөгч Б-ийн хавтаст хэргээс шинжлэн судлуулсан хавтаст хэргийн 7, 8 дугаар талд авагдсан “Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт”, хавтаст хэргийн 25 дугаар талд авагдсан “Гэрчийн мэдүүлэг”, хавтаст хэргийн 30-31 дүгээр талд авагдсан “Гэрчийн мэдүүлэг”, хавтаст хэргийн 34-35 дугаар талд авагдсан “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт”, хавтаст хэргийн 118-171 дүгээр талд авагдсан “хохирогчийн нэхэмжилсэн хохиролтой холбоотой нотлох баримтууд”,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э хавтаст хэргээс шинжлэн судлуулсан хавтаст хэргийн 10-11 дүгээр талд авагдсан “Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт”, хавтаст хэргийн 14 дүгээр талд “хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол”, хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан “иргэний нэхэмжлэгчээс авсан мэдүүлэг”, хавтаст хэргийн 22 дугаар талд авагдсан “иргэний хариуцагчаас авсан мэдүүлэг”, хавтаст хэргийн 53-54 дүгээр талд авагдсан “мөрдөгчийн магадалгаа”, хавтаст хэргийн 104 дүгээр талд авагдсан “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, хавтаст хэргийн 109 дүгээр талд авагдсан “гэрлэсний бүртгэлгүй лавлагаа”, хавтаст хэргийн 112 дугаар талд “бага дунд боловсролын гэрчилгээний хуулбар”, хавтаст хэргийн 122, 131, 138, 139, 140, 141 дүгээр талд авагдсан “хохирогчийн нэхэмжилсэн хохиролтой холбоотой нотлох баримтууд” мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн 3 хуудас банкны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т-д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Т нь “Сонгинохайрхан дүүргийн 0 хорооны нутаг Энхтайваны өргөн чөлөө “Б” плаза төвийн урд замд 2021 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 01 цаг 20 минутын орчимд “Х” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээн” а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээ нь дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” болох нь шүүгдэгч Тгийн мэдүүлгүүд, хохирогч Гын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-13 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35 тал/, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 41 тал/, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-51 тал/, Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 53-54 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаас хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-60 тал/, хохирогч Гын Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх үзлэгийн бүртгэл, өвчний түүх /хх-ийн 64-87 тал/, иргэний хариуцагч С.Санжаасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 22 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар, шүүгдэгч Т “…гэм буруутай…” гэж мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э “…эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх…” байр суурьтайгаар, хохирогч Г болон түүний өмгөөлөгч Б нар нь гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөр барагдуулах саналтайгаар тус тус оролцсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдсэн байхыг шаардана.
Шүүгдэгч Т нь “Х” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээ нь дотор тээврийн хэрэгслийг зогсоохгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон талуудын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг гарах үед хохирогч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон ба энэ нь шүүгдэгчийг гэм бурууг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал биш юм.
Хохирол төлбөрийн тухайд
Хохирогч Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт нийт 8.656.845 /найман сая зургаан зуун тавин зургаан мянга найман зуун дөчин тав/ төгрөгийг нэхэмжилжээ.
Шүүх, энэ нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нэхэмжилсэн 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, нийт нэхэмжлэлийн шаардлагаас эмнэлэгт хэвтэж байхдаа эмчилгээний зардалд төлсөн 451.236 төгрөг, хэрэгт баримтаар авагдсан эм тариа эмнэлгийн үйлчилгээнд төлсөн 1.203.236 төгрөгийн баримт бүхий зардал, өмгөөлөгчийн зардалд төлсөн 500.000 төгрөг зэрэг 2.154.472 /хоёр сая нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөг бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хоол хүнс, шатахуун гэх мэт гэр бүлийн амьжиргааны хэрэгцээнд зарцуулсан гэх 1.702.373 /нэг сая долоон зуун хоёр мянга гурван зуун далан гурав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан шууд хохирол биш гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогч Г нь гэмт хэргийн хохирогч болсноор түүний гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан хоол хүнс, шатахуун болон эмчилгээнээс бусад зардлын баримтыг шүүх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит зардал гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болохыг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна.
Мөн түүнчлэн шүүхээс хохирогч Г-н өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад зориулсан гэх 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хангаж шийдвэрлэлээ. Учир нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор хохирол, хохирогчийн гомдолд дүгнэлт хийхэд хохирогч хэдийгээр өөрөө өөрийгөө өмгөөлөх эрх нь нээлттэй байсан хэдий ч түүний эрүүл мэндийн нөхцөл байдал, талуудын эрх тэгш мэтгэлцээн, хохирогч өөрийн эрх ашгийг бүрэн хамгаалах хэрэгцээ шаардлагын улмаас хуульчид төлбөр төлж хууль зүйн зөвлөгөөг авсан нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас, техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргаагүй бол хохирогч энэ гэмт хэргийн улмаас хохирогч болж хууль зүйн туслалцаа авахад 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг зарцуулах шаардлагагүй байсан гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т нь хохирогч Г-т нийт 1.550.000 /нэг сая таван зуун тавь/ төгрөг эмчилгээний зардалд төлсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхээс эмчилгээний зардалд гаргуулахаар шийдвэрлэсэн 2.154.472 /хоёр сая нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийн төлбөрөөс төлөгдөөгүй 604.472 /зургаан зуун дөрвөн мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн эмчилгээний зардалд олгож шийдвэрлэлээ.
Мөн түүнчлэн, Иргэний хуулийн 499.1 дүгээр зүйлд заасны дагуу хохирогч Г нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч С.Санжаасүрэн, шүүгдэгч Т нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Т-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин энэ гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн нөхцөл байдлыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирогчид төлбөл зохих хохирол төлбөрийг төлөх боломж зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөртэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
4. Хохирогч Г-н шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжилсэн 8.656.845 /найман сая зургаан зуун тавин зургаан мянга найман зуун дөчин тав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нэхэмжилсэн 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагаас 2.154.472 /хоёр сая нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийг хангаж, 1.702.373 /нэг сая долоон зуун хоёр мянга гурван зуун далан гурав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч Т нь хохирогч Г-т нийт 1.550.000 /нэг сая таван зуун тавь/ төгрөг эмчилгээний зардалд төлсөн болохыг дурдаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхээс эмчилгээний зардалд гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрийн үлдэгдэл 604.472 /зургаан зуун дөрвөн мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн эмчилгээний зардалд олгосугай.
6. Иргэний хуулийн 499.1 дүгээр зүйлд заасны дагуу хохирогч Г нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч С, шүүгдэгч Т нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ