Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/92

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Н хөтлөн,

Улсын яллагч М.Анхбаяр

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М-д холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 0 хороо, “Ш” цэцэрлэгт менежер ажилтай хохирогч Б “хүүхэд өгч явуулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогч Б-ийн биед халдаж эрүүл мэндэд нь зулай, шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч М нь “2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 0 хороо, “Ш” цэцэрлэгт менежер ажилтай хохирогч Б “хүүхэд өгч явуулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогч Бийн биед халдаж эрүүл мэндэд нь зулай, шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М-ын “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 0000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Бийн хохирогчоор өгсөн: “...Би Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш цэцэрлэгт менежер ажилтай юм. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цэцэрлэг дээр байх үед Үүрийнцолмон гэх 4 настай эмэгтэй хүүхдийг аав, ээж гэх хоёр хүн ирсэн ба хоёулаа архи уучихсан орж ирээд хүүхдээ авна гээд байхаар нь согтуу хүмүүст хүүхэд өгч явуулахгүй гэхэд нөхөр нь хүүхдийг гадуур хувцсыг нь өмсүүлэхгүй шууд аваад гарсан. Тэгээд араас нь манай цэцэрлэгийн арга зүйч А гарсан, түүний араас мөн би удалгүй гараад тухайн залуу хүүхдээ аваад явах гээд байхаар нь согтуу хүмүүст өгөхгүй гээд манай арга зүйч А хэлээд яриад байж байтал эхнэр нь гэх эмэгтэй ирээд нөхөртэйгөө нийлчхээд тэр хоёр согтуу А руу дайраад байсан. Тэгэхээр нь би тухайн хүмүүс согтуу агсам тавиад манай А руу дайраад байхаар нь би эхнэр болох эмэгтэйг нь нэг удаа хацар дээр нь алгадсан. Тэгсэн тухайн эмэгтэй шууд үсдэж дайраад газарт унагаагаад миний нуруу руу хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд бид нар цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 28 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т гэрчээр өгсөн “...Ш цэцэрлэг дээр ирсэн. Тэгээд би эхнэрээ машинд үлдээгээд өөрөө дотогш цэцэрлэг рүү орсон. Тэгээд охин Үүрийнцолмонгоо авах гэхэд намайг согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд манай хүүхдийг өгч явуулахгүй байсан. Тухайн үед А, Б гэх хөгшин эгч байсан. Тэгэхээр нь учир байдлаа хэлээд өөр ирэх хүн байхгүй байна гээд байхад манай хүүхдийг өгөхгүй болохоор нь хүүхдээ татаж аваад гарах гэхэд намайг гаргахгүй байсан. Тэгэхээр нь би хүүхдийнхээ хувцсыг өмсүүлчхээд гадаа явах гэтэл А болон Б гэх багш нар гаргахгүй байсан. Тэгээд байж байтал манай эхнэр М араас хүрээд ирсэн чинь Б гэх эмэгтэй манай эхнэрийг шууд баруун хацар тус хэсэгт алгадсан. Тэгэхэд нь манай эхнэр тухайн эмэгтэй рүү уурлаад барьж аваад зууралдаад салгах явцад тухайн эмэгтэй газар уначихсан. Тэгээд цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А-ын гэрчээр өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш” цэцэрлэгт ажлаа хийгээд байж байтал Үүрийнцолмон гээд манай цэцэрлэгийн 4 настай эмэгтэй хүүхдийн аав нь гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд Үүрийнцолмонг авна гэж ирсэн. Тэгэхээр нь миний зүгээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд хүүхэд өгч явуулах боломжгүй гэж хэлэхэд “чи миний архи уухыг заах юм уу” гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд хүүхдийг нь өгч явуулахгүй гэхэд Үүрийнцолмонгийн хувцсыг өмсүүлэхгүйгээр гараад гүйчихлээр нь би араас нь гарч “хүүхдийн хувцас өмсүүл, даарчихлаа, согтуу хүнд хүүхэд өгөхгүй” гээд байж байтал тухайн залуугийн эхнэр нь гэх эмэгтэй ирээд над руу дайраад орилоод байсан. Тэгэхэд нь Б эгч ирж таараад “хүүхэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд өгөхгүй” гэхэд тухайн эмэгтэй орилж чарлаад намайг цохих гээд байхаар нь Б эгч тухайн эмэгтэйг нэг удаа нүүрэн тус газарт нь алгадсан. Гэтэл тухайн эмэгтэй Б эгчийг үсдэж дараад толгой руу нь өшиглөөд байсан. Тэгэхэд нь нөхөр нь салгаж авсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 тал/,

 

Баянгол дүүргийн “Ш” цэцэрлэгийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулсан гэрээ, гэрээний хавсралт /хх-ийн 62-64 тал/,

 

“Ш” цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 65-82 тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-92 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0 дугаартай “...Бийн биед зулай, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21тал/,

 

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын харъя Төмөр зам дахь цагдаагийн газрын “Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 98-99 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М-ын яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрийн нөхөр Ттэй найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд хүүхэд авах цаг болохоор нь нөхрийн хамт дуудлагын жолооч дуудаад Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш цэцэрлэг дээр очсон. Тухайн үед би машиндаа үлдээд нөхөр Т цэцэрлэг рүү охин Үүрийнцолмонг авахаар орсон. Дуудлагын жолооч намайг нөхөр, хүүхэд хоёроо хүлээх зуур дараагийн дуудлагадаа явна, хурдал гээд байсан. Нөхөр удаад байхаар нь би цэцэрлэгийн хашаагаар дотогш ороход цэцэрлэгийн хашааны дотор, гадаа талбайд бөөгнөрсөн хүмүүс байхаар нь харсан чинь манай нөхөр байсан. Би дөхөж очиход Б гэх эмэгтэй намайг үгийн зөрүүгүй алгадсан. Тэгээд намайг алгадаад байхаар нь Бийг та намайг яахаараа алгаддаг юм бэ гээд зүүн мөрнөөс нь зуураад авсан чинь тэнд байсан хүмүүс бидний голоор ороод салгах явцад Б газар унасан. Тэр үед манай нөхөр намайг угз татаж салгаж аваад тэгээд удалгүй цагдаа ирээд бид Цагдаагийн байгууллагад ирсэн. Би Б гэдэг хүнийг танихгүй, цэцэрлэгт ажилдаг юм шиг байна лээ, Б намайг алгадахаар нь би Бийн зүүн мөрнөөс нь зуурсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, энэ хүнд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М-ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 36 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37 тал/, иргэний Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хх-ийн 39 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 41-44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч М нь “2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 0 хороо, “Ш” цэцэрлэгт менежер ажилтай хохирогч Б “хүүхэд өгч явуулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогч Бийн биед халдаж эрүүл мэндэд нь зулай, шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...тухайн эмэгтэй шууд үсдэж дайраад газарт унагаагаад миний нуруу руу хөлөөрөө өшиглөөд байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 28 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч М гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч нь хохирогч Бийн биед халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь үйл баримтад тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь хохирогч Б-т эмчилгээний зардалд 410.250 төгрөг шилжүүлсэн гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, улсын яллагчаас энэ талаар баталгаажуулж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон тул  шүүгдэгч Мыг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Мд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид хохирол төлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 105 тал/,

 

Иймд шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг М-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх хэдий ч санал болгож тохиролцсон ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчим, 5.1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцээгүй болохыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаж шийдвэрлэлээ.

 

Ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “бичлэггүй” 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ