Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Ж.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Жн Гт холбогдох 2212000000060 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Т сумын .. дугаар багийн Ш гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Жн Г /РД:../

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн Т сумын Ө багийн нутаг Х хорооллын хашааны гаднаас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орой 17-18 цагийн хооронд иргэн Я.Гын эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж, 1.312.318 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000060 дугаартай эрүүгийн хэргээс

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Я.Гын мэдүүлсэн: ....Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Т сумын Ө багийн нутаг А гэх газарт байх гэрээсээ 13 цагийн үед өөрийн эзэмшлийн ногоон өнгийн Даюун маркийн мотоцикльтой гараад 13 цаг өнгөрч байхад Төвшрүүлэх сумын төв рүү орж ирсэн. Сумын төв рүү ирээд ойр зуур ажлуудаа амжуулж байгаад 17 цагийн үед Хгийн гэрт очсон. Тэдний гэрт орохдоо мотоциклио хашааных нь гадаа үүдэнд үлдээгээд орсон. Тэгээд тэдний гэрт ороод удалгүй Х, Жхоёрын машинд суугаад бид гурав Халуун усны хашаанд байх Бы гэрт очсон бөгөөд тэнд очоод миний авч явсан нэг том пивийг бүгд хувааж уугаад талдаа орж байхад Х, Жхоёр хөдөө мал руугаа явна гээд надаас түрүүлээд явсан. Удалгүй тэр хоёр буцаж ирээд манай хашааны үүдэнд байсан чиний мотоцикль байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёрын машинд суугаад хашааных нь гадаа очоод хартал миний мотоцикль алга болсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Ногоон өнгийн, давхар карлантай, улаан өнгийн суудлын бүрээстэй, зөв талын хойд дохио байхгүй, шинэвтэр, “Даюун” маркийн мотоциклио хулгайд алдсан. Би мотоциклио 2021 оны намар 08 дугаар сард Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн иргэн Намжаа гэдэг залуугаас 2.500.000 төгрөгөөр бэлнээр нь худалдаж авч байсан. Миний хулгайд алдсан мотоцикль Цагдаагийн хэсгийн байрны арын хашаанд байгаа, 45-22 УНД улсын дугаартай, саарал өнгийн, “Приус” маркийн тээврийн хэрэгсэл дотор байгаа мотоцикль мөн. Би өөрийн нүдээр харлаа. Миний хулгайд алдсан мотоцикль мөн байна. Би мотоциклио хараад бүх байдлаар нь таньж байна. Үүнд ногоон өнгө, улаан өнгийн суудлын бүрээс, алга болсон зөв талын хойд дохио, давхар карлан болон урд талын дээд карланы сэтэрхий зэрэг онцлог шинжээр нь таньж байна. Мөн миний мотоциклийн хоёр толь, урд дугуй, хянахын утас зэрэг нь эвдрэл, гэмтэлтэй болсон байна. Би маш их гомдолтой байна. Мотоциклио бүрэн янзлуулж авмаар байна. Мөн мотоциклио эрж, хайсан зардлаа хулгай хийсэн хүнээс нь гаргуулж авмаар байна. Хулгайд алдсан мотоциклио худалдаж авсан үнээр нь үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Я.Гын дахин мэдүүлсэн: ...Миний өмнө нь өгсөн хохирогчийн мэдүүлэг үнэн зөв. Би өөрийн хулгайд алдсан мотоциклио бүрэн бүтнээр нь хүлээж авсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний мотоциклийг авсан Г нь надаас уучлалт гуйж бензин тосны мөнгө гээд надад 100.000 төгрөг өгсөн. Одоо надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 148 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Гын мэдүүлсэн: ....Өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн оройны 23:00 цагийн орчимд би өөрийн хариуцсан сум болох Гурванбулаг сумын Авзага /2 дугаар/ багийн нутаг дэвсгэрт байрлах Авзага хайрхан гэх уулын орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад Улаанбаатар хот руу чиглэсэн мянганы замаар нэг машин хурдтай явж байгаад замаасаа гараад 20 орчим минут зогссон. Тухайн үед гадаа орой болсон, харанхуй байсан учраас би уг машины гэрлийг нь алсаас хараад ажиглаж байсан юм. Гэтэл тухайн машин замын хажууд зогсоод 20 гаруй минут болохоор нь надад сэжигтэй санагдаад би очиж шалгасан юм. Намайг тухайн тээврийн хэрэгсэл дээр очиход Тоёота Приус-10 маркийн 45-22 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 4 эрэгтэй хүн зорчоод явж байсан. Машины арын суудал дээр суудлыг нь аваад оронд нь ногоон өнгийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоцикль ачсан байсан. Арын суудалдаа ачсан мотоцикль нь багтахгүй байсан учраас жолоочийн арын хаалгаа онгойлгосон байсан. Иймэрхүү дүр зурагтай этгээдүүд мотоцикль ачаад явж байсан учраас надад сэжигтэй санагдаад би шалгасан. Тэр 4 хүн нь Г, С, Р, Чгэх нэртэй хүмүүс гэж надад өөрсдийгөө танилцуулсан. Би тухайн хүмүүсээс энэ хэний эзэмшлийн мотоцикль вэ гэж асуухад тэр дотор байсан нэг залуу намайг Нын Г гэдэг юм, энэ миний мотоцикль гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Чоос би та хаанаас, хаа хүрч яваа вэ гэж асуухад Чнадад би Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас Улаанбаатар хот руу орохоор явж байхад Өгийнуур сумын нутаг дэвсгэрт байрлах Майхан уул гэх нэртэй газарт Г гэх энэ хүний мотоцикль нь эвдэрчихсэн байсан болохоор нь би түүнд тус болох гээд машиндаа суулгачихсан явж байна, түүний мотоциклийг нь орхих гэсэн боловч хээр хаяж болохгүй байсан учраас ингээд ачаад явж байна гэж тайлбарласан. Би тэдгээр хүмүүст хандаж та бүхний энэ ачиж явж байгаа мотоцикль болон зүйлүүдийг цагдаагийн хэсэг дээр очиж шалгах шаардлагатай байна гэж хэлсэн гэтэл Чгэх залуу нь сонин царай гаргаад сандраад эхэлж байгаа нь надад харагдаж байсан. Тэр 4 хүний нэг нь болох Г гэх залуу надад би энэ мотоциклио унаад Архангай аймгийн Өгийнуур суманд адуу хайж явж байтал миний мотоциклийн урд талын дугуй нь хагараад явах боломжгүй болохоор нь энэ машинд ачаад хамт явж байгаа юм гэж хэлсэн. Тухайн мотоциклийн урд талын дугуйг нь аваад арын тээшний хэсэгтээ хийчихсэн байсан бөгөөд дугуйг нь харахад задлаад тавьчихсан, дугуйг нь обуднаас нь салгачихсан байсан. Харин мотоциклийг нь машины арын суудалд нэг талын хаалгыг онгойлгоод аччихсан байсан. Тухайн мотоцикль улсын дугааргүй байсан. БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” нэртэй, ногоон өнгийн, шинэвтэр мотоцикль харагдаж байсан. Содон шинж тэмдэг нь гэвэл улаан өнгийн суудлын бүрээстэй, урд талын шаврын хаалт нь хоёр давхар, нэг нь ногоон, нэг нь мөнгөлөг өнгөтэй төмөр шаврын хаалттай байсан. Мөн тухайн мотоциклийн зүүн талын арын дохио нь байхгүй байсан. Ар талдаа улсын дугаар байхгүй байсан боловч дугаар тогтоогч хүрээ нь байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Ргийн мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нар жаргасан, харанхуй, гэгээ тасрах гэж байхад Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг дэвсгэрт байрлах "Майхан" гэх нэртэй уулын ард засмал замын хажууд үерийн далан шиг шороо асгасан, хэсэг газарт нэг хүн гараа өргөөд зогсож байсан бөгөөд мотоциклио засмал замын хажууд гаргаад тавьчихсан Жн Г нь гараа өргөөд мотоциклийн дугуй хагарчихлаа гээд байж байсан. Би тэр үед Төвшрүүлэх сумын З.С, Б.Чхоёртой хамт Улаанбаатар хот орохоор гарсан байсан юм. Би Төвшрүүлэх сумаас Улаанбаатар хот руу орж цагаан сарын юм бэлдэх гэж байсан бөгөөд замын машин хайж байсан чинь ЧУлаанбаатар хот руу явна гэхээр нь би суугаад явж байсан. Тэр хаалгыг тийм төмөр утсаар уясан хүн байхгүй. Шууд машины арын хаалганд хийгээд явж байсан. Гэтэл зам дээр цагдаа нар таараад зогсоосон...гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Ргийн дахин мэдүүлсэн: ...Би тухайн өдөр А аймгийн Т сумын Б багийн нутаг дэвсгэрт байрлах Б гэх газарт байдаг өөрийн өвөлжөөний гэрээсээ огт гараагүй, гэртээ өнжсөн. Харин 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орой нь 17-18 цагийн хооронд бэлчээрт байсан адуугаа хурааж гэрийн гадаа хашаанд нь хашаад буцаад гэртээ ороод гадагшаа гараагүй. Маргааш өглөө нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн өглөөний 07:00 цагийн орчимд адуугаа хашаанаас нь гаргасан. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө би адуугаа хашаанаас нь гаргачихаад гэрээсээ огт гараагүй, өдрийн 13:00 цаг хүртэл гэртээ байж байсан. Харин 13:00 цагийн орчимд Чмашинтайгаа ирээд хот руу явна гээд өмнө нь ярьчихсан байсан учраас намайг гэрээс аваад гарсан. Бид хоёр манай гэрээс гараад Төвшрүүлэх сумын төвд ирж Сг аваад бид гурав хамт Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд Улаанбаатар хот руу явж байх замдаа Өгийнуур сумын нутаг дэвсгэрт байрлах "Майхан" гэх нэртэй уулын ард засмал зам дээр Төвшрүүлэх сумын гаралтай Гтой тааралдсан. Гийн мотоциклийнх нь урд дугуй нь хагарчихсан байсан учраас тус болъё гэж бодоод машиндаа мотоциклийг нь ачаад явсан. 2022 оны 01 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд намайг Улаанбаатар хот руу явах хүртэл ямар нэгэн хүн манай гэрт ирээгүй. Намайг Улаанбаатар хот руу явахад манай гэрт эхнэр, хүүхэд л байсан. Өөр хүн ирээгүй. Гаднаас хүн ирээгүй. 2022 оны 01 дүгээр сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Б.Ч, Ж.Г, З.С нар ирээгүй. Харин 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нь ЧУлаанбаатар хот руу явахдаа өөрийнхөө саарал өнгийн Приус-11 маркийн машинтай ганцаараа ирсэн нь үнэн. Өөр хүн ирээгүй. Манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн нутаг Баахан булаг гэх газарт нутагладаг. Манай өвөлжиж байгаа Баахан булаг гэх газар нь Төвшрүүлэх сумын төвөөс 12 км зайтай, ихэнх газарт засмал замаар явдаг, ойрхон байдаг юм. Манайхаас Ж.Гийнд очиход З км орчим зайтай байгаа. Хоорондоо ойрхон нутагладаг юм. Ж.Г улаан хүрэн өнгийн шинэвтэр “Мустанг-5” маркийн мотоцикльтойг мэднэ. Малдаа ийм мотоцикльтой явдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Сгийн мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нар жаргасан хойно Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг дэвсгэрт байрлах "Майхан" гэх нэртэй уулын ард засмал зам дээр Жн Г нь гараа өргөөд мотоциклийн дугуй хагарчихлаа гээд байж байсан. Би тэр үед Төвшрүүлэх сумын Г.Р, Б.Чхоёртой хамт Улаанбаатар хот руу орохоор гарсан байсан юм. Ж.Гийн мотоциклийг “Приус” маркийн машинд ачаад машины арын хаалгыг онгорхой байхад нь савахаас сэргийлж уяж тогтоосон. Төмөр утас байгаагүй, хаанаас, хэн гаргаж ирснийг нь мэдэхгүй байна. Би Төвшрүүлэх сумаас өмссөн хувцастайгаа л суусан...гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чийн мэдүүлсэн: ...Бид нар Ааас гараад хот руу явж байсан. Гэтэл Төвшрүүлэхийн залуу гар өргөхөөр нь зогссон. Тэгээд урд дугуй нь хагарчихсан, юу хийж яваа юм гэсэн чинь адуугаа хайж байна гэсэн. Урд талын дугуй хагарчихсан, чи намайг дөхүүлээд өг гээд гуйгаад байхаар нь мотоциклийг нь ачаад майхан уулын ардаас хөдөлсөн. Гурванбулагийн цагдаа зогсоосон. Тэгээд шалгасан. Сүүлдээ хулгайн юм гэдгийг нь мэдсэн. Надад бол хийсэн юм байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чийн дахин мэдүүлсэн: ....2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нар жаргасан, харанхуй, гэгээ тасрах гэж байхад Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг дэвсгэрт байрлах "Майхан" гэх нэртэй уулын ард засмал замын хажууд үерийн далан шиг шороо асгасан хэсэг газарт нэг хүн гараа өргөөд зогсож байсан бөгөөд мотоциклио засмал замын хажууд гаргаад тавьчихсан Жн Г нь гараа өргөөд мотоциклийн дугуй хагарчихлаа гээд байж байсан. Би тэр үед Төвшрүүлэх сумын З.С, Г.Р хоёртой хамт Улаанбаатар хот руу орохоор явж байсан юм. Ж.Г өөрөө зам дээр зогсож байсан бөгөөд мотоциклио засмал замын ард талд далангийн шороо шиг юмны хажууд тавьчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чийн дахин мэдүүлсэн: ...Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт байрладаг Хурлын толгой гэх газарт нутагладаг Бгийн гэрт очсон. Бгийн гэрт би 01 дүгээр сарын 12-ны өдрөө хийсэн онцын зүйлгүй өнжөөд хоносон. Харин маргааш өглөө нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө би Төвшрүүлэх сумын төв рүү орж Улаанбаатар орох хүн байвал аваад хамт явъя гэж бодоод замдаа явж байхдаа Баахан булаг гэх газарт байдаг Б гэх айлын гэрээр дайраад ортол тэднийд С сууж байсан бөгөөд С хамт Төвшрүүлэх сумын төв рүү оръё гэхээр нь би Сг аваад сумын төв рүү гарсан. Гэтэл замдаа С шартаад байна, Нах Ж эгчийн гэрт оръё гэхээр нь би за тэгье гээд тэдний гэрээр орсон. Ж болон Бийн гэр хоорондоо ойрхон байдаг юм. Ж эгчийн гэрт очиход тэдний гэрт Нгэдэг нэртэй аав нь, бас М байсан. Өөр хүн байгаагүй. Гэтэл Г нь та хоёр Төвшрүүлэх сумын төв рүү явж байгаа бол би хамт явъя гээд манай машинд суусан. Г, С, бид гурав миний машинаар Төвшрүүлэх сумын төв рүү орж ирээд 09:00 цагийн орчимд "Соёмбо" гэдэг нэртэй дэлгүүрээс нэг шил архи аваад буцаад Гийг хүргэж өгөхөөр явсан. Замдаа нэг шил архиа С, Г хоёр хувааж ууцгаасан. Гийн гэрт очоод Гийг буулгаад С сумын төв рүү орох ажилтай гэхээр нь би Сг сумын төвд буулгасан. Дараа нь би Баахан булагт байдаг Ргийн гэрт очиж Рг авсан. Удалгүй С над руу утсаар яриад та хоёр Улаанбаатар хот руу явж байгаа бол би хамт явъя гэхээр нь би Сг аваад Р тэр хоёртой хамт Улаанбаатар хот  руу орохоор явсан. Гэтэл замдаа Өгийнуур сумын Майхан уулын тэнд Гтой таарсан. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би, С, Р нартай уулзаагүй. Харин 01 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө бол уулзсан......гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Мын мэдүүлсэн: .... Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн үед хөдөө мал хардаг айлын хүү Ж.Гийн хамт тэдний хөдөө гэрээс өөрийнхөө улаан өнгийн мотоцикльтой Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төв рүү орж ирсэн. Сумын төв рүү ороод А гэдэг айлд ороод тэнд бид хоёр хугас шил архи уусан. Тэгээд 17 цагийн үед бид хоёр буцаад хөдөө гэр рүүгээ явсан. Гэртээ 17 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд малаа ойртуулсан. Г.Гтой хамт гэрт нь очиход Нөвгөн гэртээ ганцаараа байсан. Гийн эхнэр, хүүхдүүд нь байгаагүй. Маргааш нь буюу 01 дүгээр сарын 12-ны өдөр намайг өглөө хонинд яваад 14 цаг өнгөрч байхад буцаж ирэхэд Г Төвшрүүлэх сумын төв рүү ороод ирлээ гээд аав Нын хамт гэртээ сууж байсан. Тэгээд орой мал хотлуулсны дараа Г хаашаа явахаа хэлэлгүй алга болсон байсан. Түүнээс хойш гэртээ ирээгүй байна. Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хөдөө мал хардаг айлдаа малаа хараад байж байсан. Өөр тийшээ яваагүй. Маргааш нь буюу 01 дүгээр сарын 13-ны өдөр мөн айлдаа малаа харж байсан. Өөр зүйл хийгээгүй. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны оройн 19-21 цагийн хооронд Төвшрүүлэх сумын төв рүү орж ирээгүй. Зөвхөн 01 дүгээр сарын 11-ний өдөр л Гийн хамт сумын төв рүү орж ирсэн. Дахиж ороогүй. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн оройн 19-21 цагийн хооронд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвөөс Ж.Гийн хамт ногоон өнгийн “Даюун” маркийн мотоцикль хулгайлж авч явсан асуудал огт байхгүй. Би 01 дүгээр сарын 12-ны өдөр Төвшрүүлэх сумын төв рүү ороогүй. Харин Ж.Гийг тэр орой хаана, юу хийж байсныг би сайн мэдэхгүй. Хөдөө гэртээ байгаагүй. Ж.Гийн хамт уг мотоциклийг бүлэглэж хулгайлсан асуудал огт байхгүй. Ж.Г нь худал мэдүүлсэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аы мэдүүлсэн ...2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр намайг малд явж байхад Ч, С хоёр саарал өнгийн суудлын “Приус” бололтой машинтай Ргийн гадаа өглөө байсан. Орой нь байхгүй байсан. Харин маргааш өглөө нь нөгөө машин нь ирчихсэн байсан. Дараа нь Ч, Р, С нарыг Улаанбаатар хот руу явчихсан гэж ярьсан. Би гэрт нь ороогүй. Би Ргийн эхнэртэй таарахад тэгж ярьсан. Өөр мэдэх юм байхгүй. Намайг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө 11 цагийн үед Ргийн хажуу талын булгаас малаа услах үед Ргийн гэрийн гаднаас Ж авгайн хүү Г буюу У ногоон мотоцикльтой хөдлөөд уруудаад ганцаараа явсан. Би тэр үед гэрээр нь ороогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Өын мэдүүлсэн: ...Манайх Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн Баахан булаг гэх газарт байгаа. Ргийн гэр манай гэр хоёр хоорондоо 300 метр зайтай ойрхон байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-ны өдрүүдэд манай нөхөр А малдаа явахдаа л Ргийнд Чгэж залууг машинтайгаа ирсэн байна гэж ярьсан. Тэгээд Р Чтой хамт Улаанбаатар хот руу явчихсан гэж эхнэр нь ярьсан байсан. Миний мэдэх зүйл энэ. Манайх малаа Ргийн хажуу талаас усалдаг болохоор манай нөхөр А л энэ талаар ярьсан. Өөр ярих зүйл байхгүй. Би Ргийнхээр ордоггүй юм. Хааяа нэг гэрээр нь ордог юм...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Хын мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагийн үед гэртээ байхад нь манай нөхрийн найз Чмашинтай Сгийн хамт ирээд Улаанбаатар хот руу явлаа гэж яриад хамт явах юм ярьсан. Манай нөхөр Г.Р Чийн машинд нь суугаад хамт явсан. Тэгээд ирээгүй байна. Манай нөхөр Улаанбаатар хотоос жолооны үнэмлэхээ авна гэж ярьсан юм. Манай нөхөр Р гэрээсээ юу ч авч яваагүй. Шуудайтай юм авч яваагүй. Ч, С нар хэн, хэнтэй Улаанбаатар хот руу явна гэж яриагүй. Чорой болохоос өмнө явах юм ярьсан нь үнэн. Өөр юм яриагүй. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чтой хамт аймаг руу явчихаад ирсэн. Ирэхдээ орой ирсэн. 12-ны өдөр Чманайд байхад С явган алхаж ирсэн. 01 дүгээр сарын 12-ны өдөр С, Ч, манай нөхөр Р нар Төвшрүүлэх сумын төв рүү яваад 21 цагийн үед машинтай ирсэн. Маргааш нь буюу 13-ны өдөр дахиж Төвшрүүлэх сумын төв рүү явчихаад өдөр 13 цагийн үед буцаж ирээд Улаанбаатар хот руу явлаа гээд явсан. Би өмнө нь буруу ярьчихсан байна. Одоо зөв ярьж байна. Энэ гурав 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төвшрүүлэх сум руу хэдэн цагт явсан талаар мэдээгүй. Өдөр нь яваад орой намайг унтахын өмнө буюу 21 цагийн үед ирсэн. Ямар ажлаар явж байгаа талаар яриагүй. Харин маргааш нь буюу 13-ны өдрийн өглөө 11 цагийн үед яваад өдөр 13 цагийн үед ирсэн. Ингэж явахдаа телевизийн суваг сунгуулах гэж явсан. Тэгээд Улаанбаатар хот руу явсан юм. Чманайд саарал өнгийн “Приус-11” маркийн машинтай ирсэн. Г буюу У 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө манайхыг босч байхад манайд мотоцикльтой ганцаараа ирсэн бөгөөд ирэхдээ дээлтэй байсан. Ногоон өнгийн мотоцикльтой ирсэн. Намайг гэрээс гарахад ногоон өнгийн мотоцикль байсан. У буюу Г, Ч, С нартай уулзаж гэрээс гарчихаад буцаж орж ирээгүй, явчихсан байсан. Хаашаа явсан талаар мэдээгүй. Тухайн үед манайд Чбайсан. Мөн С, манай нөхөр Р, би, хүүхдүүдтэйгээ байсан. Өөр гаднаас хүн байгаагүй нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Эийн мэдүүлсэн: ....2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ байсан. Манай гэрт тухайн өдөр манай нутгийн Ж гэдэг эгч ирсэн байсан. Манайд ирээд нэг шил архи уугаад байж байсан. Ж нь манай нөхөр Аын төрлийн хүн байгаа юм. Манай гэрт Ж эгч сууж байхад 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 цагийн орчимд араас нь Жгийн хүүхэд Г ээжийгээ авах гэсэн юм гээд орж ирсэн. Тэгээд орж ирээд Ж эгч согтсон байсан учраас манайд тэр өдөр хоносон. Харин Г манайд 20 орчим минут байж байгаад эргээд харина гээд явсан. Г манай гэрт ганцаараа орж ирсэн. Манай гэрт юугаар ирсэн талаар нь би мэдэхгүй байна. Гийн ээж Ж манай гэрт надтай хамт байсан юм. Өөр хүн байгаагүй. Манай нөхөр А сумын соёлын төвд тэмцээн үзэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/ 
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Жгийн мэдүүлсэн: ...Намайг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орой гэртээ 17 цаг өнгөрч байхад гаднаас Га орж ирсэн. Тэгээд хэсэг байж байгаад нөхөр бид хоёрыг малдаа явахаар гарахад хамт гараад Б гэдэг айлд очсон. Тэднийд очих гэж явахдаа Га мотоциклио манай хашааны гадаа үүдэнд үлдээгээд манай машинд сууж явсан. Бы гэрт очоод бид нар нэг том пиво задлаад уучихаад 20-30 минут болоод гарч ирээд манай гэрийн хашааны хажуугаар нөхөр бид 2 явсан чинь Гын мотоцикль байхгүй байсан. Тэгэхээр нь бид 2 Бы гэрт буцаж очиж Гыг аваад өөрт нь мотоцикль нь алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд бид нар мотоцикль байсан газрыг үзэхэд өөр нэг мотоцикль ирээд хоёулаа болоод зүүн тийш явсан мөр байсан. Тэгээд Га цагдаад мэдэгдсэн. Ногоон өнгийн, улбар шар өнгийн суудлын бүрээстэй “Даюун” маркийн мотоцикль хулгайд алдсан. Өөр мотоцикль ирээд Гын мотоциклийг аваад явсан байсан. Өөр мөр байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Хын мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ байж байсан. Гэтэл манай гэрт манай нутгийн Ар хүйтэнд байдаг Га гэх залуу оройны 17 цагийн орчимд орж ирсэн. Га том савтай пиво барьж орж ирээд найзаа нэг пиво уучих гэж байсан. Би тэгэхээр нь одоо манайх малдаа явах гэж байна гээд хэсэг хугацааны дараа гэрээс гарахад Га манай гэрээс хамт гараад ирсэн. Тэгэхээр нь бид нар хамт манай гэрийн урд Б гэж айлын гэрт очихоор явсан. Бид нар манай хашааны хаалгаар гартал манай үүдэн дээр Гын ногоон өнгийн “Даюун” маркийн мотоцикль манай хашааны гадаа байж байсан. Бид нар Гатай хамт ороод Бы гэрт очоод нөгөө нэг пивоо ууж дуусахаар нь би өөрийн эхнэр Жгийн хамт Бы гэрээс гараад малдаа явах гэж байхад манай хашааны урд байсан Гын мотоцикль алга болсон байсан. Би эргэж Га дээр очоод чиний мотоцикль алга болчихсон байна гэж хэлээд хамт ирээд мотоцикль байсан газар мөрийг нь харсан. Гэтэл нэг мотоциклийн мөр ирсэн байсан. Эргээд Гын мотоциклийг аваад 2 мотоциклийн мөр болоод сумын төвөөс хөдөлсөн байсан. Гадаа гэгээ тасраад харанхуй болж байсан бөгөөд оройны 18 цаг нилээн өнгөрсөн байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 54-57 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бийн мэдүүлсэн: ...Манайд тухайн өдрүүдэд хүн, амьтан ирж хоноогүй. Манай гэр бүлийнхэн л байсан. Тухайн өдрүүдэд манай нөхөр Б болон манай хүүхдүүд л байсан. Чманай гэрт 2021 оны 07 дугаар сард зун л аав, ээжтэйгээ ирсэн. Түүнээс хойш ирээгүй. Би болон манай нөхөр Чийг Улаанбаатар хотоос ирсэн талаар ч мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бгийн мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө 09 цагийн орчимд манай гэрт Ч, С хоёр ирээд гарсан. Тэрний дараахан, тухайн өдрөө Р, Ч, С гурав хот руу явна гээд ярьж байсан. Тэгээд явсан байсан. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би Ргийн гэрт орсон. Намайг ороход тэдний гэрт Р, Ч, С гурав хамт байсан. Мөн тэдний эхнэр Х байсан. Р 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот руу явсан. Тэрний өмнөх өдөр би морь уях замдаа тэдний гэрт орсон учраас 01 дүгээр сарын 12-ны өдөр гэж мэдэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Гийн мэдүүлсэн: ...Би өмнө нь гэрчийн мэдүүлгүүд өгөхдөө бүх зүйлээ үнэн, зөвөөр мэдүүлсэн тул одоо надад мэдүүлэх зүйл байхгүй. Би хохирогч Я.Гад мотоциклийн эвдсэн зүйлүүдээ янзлаад буцааж өгсөн. Мөн дээрээс нь хохирлын 100.000 төгрөг өгсөн. Га ахаас уучлалт гуйсан. Сайн дураараа эвлэрсэн, хохирлыг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 131-133 хуу/
Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 118-120 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 121 хуу/
“Дамно” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн АА2-02 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 139-143 хуу/
            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 109-110 хуу/ 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 108 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Т сумын Ө багийн нутаг .. хорооллын хашааны гаднаас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орой 17-18 цагийн хооронд Я.Гын эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль хулгайд алдагдаж, түүнд 1.312.318 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Г нь А аймгийн Т сумын Ө багийн нутаг Х хорооллын хашааны гаднаас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орой 17-18 цагийн хооронд Я.Гын эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж, 1.312.318 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

хохирогч Я.Гын “...Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Т сумын Ө багийн нутаг А гэх газарт байх гэрээсээ 13 цагийн үед өөрийн эзэмшлийн ногоон өнгийн Даюун маркийн мотоцикльтой гараад 13 цаг өнгөрч байхад Төвшрүүлэх сумын төв рүү орж ирсэн. Сумын төв рүү ирээд ойр зуур ажлуудаа амжуулж байгаад 17 цагийн үед Хгийн гэрт очсон. Тэдний гэрт орохдоо мотоциклио хашааных нь гадаа үүдэнд үлдээгээд орсон. Тэгээд тэдний гэрт ороод удалгүй Х, Жхоёрын машинд суугаад бид гурав Халуун усны хашаанд байх Бы гэрт очсон бөгөөд тэнд очоод миний авч явсан нэг том пивийг бүгд хувааж уугаад талдаа орж байхад Х, Жхоёр хөдөө мал руугаа явна гээд надаас түрүүлээд явсан. Удалгүй тэр хоёр буцаж ирээд манай хашааны үүдэнд байсан чиний мотоцикль байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёрын машинд суугаад хашааных нь гадаа очоод хартал миний мотоцикль алга болсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Ногоон өнгийн, давхар карлантай, улаан өнгийн суудлын бүрээстэй, зөв талын хойд дохио байхгүй, шинэвтэр, “Даюун” маркийн мотоциклио хулгайд алдсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 05-07, 148/, 
гэрч Б.Гын “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн оройны 23:00 цагийн орчимд би өөрийн хариуцсан сум болох Гурванбулаг сумын Авзага /2 дугаар/ багийн нутаг дэвсгэрт байрлах Авзага хайрхан гэх уулын орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад Улаанбаатар хот руу чиглэсэн мянганы замаар нэг машин хурдтай явж байгаад замаасаа гараад 20 орчим минут зогссон. Тухайн үед гадаа орой болсон, харанхуй байсан учраас би уг машины гэрлийг нь алсаас хараад ажиглаж байсан юм. Гэтэл тухайн машин замын хажууд зогсоод 20 гаруй минут болохоор нь надад сэжигтэй санагдаад би очиж шалгасан юм. Намайг тухайн тээврийн хэрэгсэл дээр очиход Тоёота Приус-10 маркийн 45-22 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 4 эрэгтэй хүн зорчоод явж байсан. Машины арын суудал дээр суудлыг нь аваад оронд нь ногоон өнгийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” маркийн мотоцикль ачсан байсан. Арын суудалдаа ачсан мотоцикль нь багтахгүй байсан учраас жолоочийн арын хаалгаа онгойлгосон байсан. Иймэрхүү дүр зурагтай этгээдүүд мотоцикль ачаад явж байсан учраас надад сэжигтэй санагдаад би шалгасан. Тэр 4 хүн нь Г, С, Р, Чгэх нэртэй хүмүүс гэж надад өөрсдийгөө танилцуулсан. Би тухайн хүмүүсээс энэ хэний эзэмшлийн мотоцикль вэ гэж асуухад тэр дотор байсан нэг залуу намайг Нын Г гэдэг юм, энэ миний мотоцикль гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Чоос би та хаанаас, хаа хүрч яваа вэ гэж асуухад Чнадад би Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас Улаанбаатар хот руу орохоор явж байхад Өгийнуур сумын нутаг дэвсгэрт байрлах Майхан уул гэх нэртэй газарт Г гэх энэ хүний мотоцикль нь эвдэрчихсэн байсан болохоор нь би түүнд тус болох гээд машиндаа суулгачихсан явж байна, түүний мотоциклийг нь орхих гэсэн боловч хээр хаяж болохгүй байсан учраас ингээд ачаад явж байна гэж тайлбарласан. Би тэдгээр хүмүүст хандаж та бүхний энэ ачиж явж байгаа мотоцикль болон зүйлүүдийг цагдаагийн хэсэг дээр очиж шалгах шаардлагатай байна гэж хэлсэн гэтэл Чгэх залуу нь сонин царай гаргаад сандраад эхэлж байгаа нь надад харагдаж байсан. Тэр 4 хүний нэг нь болох Г гэх залуу надад би энэ мотоциклио унаад Архангай аймгийн Өгийнуур суманд адуу хайж явж байтал миний мотоциклийн урд талын дугуй нь хагараад явах боломжгүй болохоор нь энэ машинд ачаад хамт явж байгаа юм гэж хэлсэн. Тухайн мотоциклийн урд талын дугуйг нь аваад арын тээшний хэсэгтээ хийчихсэн байсан бөгөөд дугуйг нь харахад задлаад тавьчихсан, дугуйг нь обуднаас нь салгачихсан байсан. Харин мотоциклийг нь болохоор машины арын суудалд нэг талын хаалгыг онгойлгоод аччихсан байсан. Тухайн мотоцикль улсын дугааргүй байсан. БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” нэртэй, ногоон өнгийн, шинэвтэр мотоцикль харагдаж байсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/, 
гэрч Г.Ргийн “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нар жаргасан, харанхуй, гэгээ тасрах гэж байхад Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг дэвсгэрт байрлах "Майхан" гэх нэртэй уулын ард засмал замын хажууд үерийн далан шиг шороо асгасан, хэсэг газарт нэг хүн гараа өргөөд зогсож байсан бөгөөд мотоциклио засмал замын хажууд гаргаад тавьчихсан Жн Г нь гараа өргөөд мотоциклийн дугуй хагарчихлаа гээд байж байсан. Би тэр үед Төвшрүүлэх сумын З.С, Б.Чхоёртой хамт Улаанбаатар хот руу орохоор гарсан байсан юм. Би Төвшрүүлэх сумаас Улаанбаатар хот руу орж цагаан сарын юм бэлдэх гэж байсан бөгөөд замын машин хайж байсан чинь ЧУлаанбаатар хот руу явна гэхээр нь би суугаад явж байсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13, 63-64/, 
гэрч З.Сгийн “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нар жаргасан хойно А аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт байрлах "Майхан" гэх нэртэй уулын ард засмал зам дээр Жн Г нь гараа өргөөд мотоциклийн дугуй хагарчихлаа гээд байж байсан. Би тэр үед Төвшрүүлэх сумын Г.Р, Б.Чхоёртой хамт Улаанбаатар хот руу орохоор гарсан байсан юм. Ж.Гийн мотоциклийг “Приус” маркийн машинд ачаад машины арын хаалгыг онгорхой байхад нь савахаас сэргийлж уяж тогтоосон...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15/, 
гэрч Б.Чийн “...Бид нар Ааас гараад хот руу явж байсан. Гэтэл Төвшрүүлэхийн залуу гар өргөхөөр нь зогссон. Тэгээд урд дугуй нь хагарчихсан, юу хийж яваа юм гэсэн чинь адуугаа хайж байна гэсэн. Урд талын дугуй хагарчихсан, чи намайг дөхүүлээд өг гээд гуйгаад байхаар нь мотоциклийг нь ачаад майхан уулын ардаас хөдөлсөн. Гурванбулагийн цагдаа зогсоосон. Тэгээд шалгасан. Сүүлдээ хулгайн юм гэдгийг нь мэдсэн...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19, 25, 71-72/, 
гэрч Г.Мын “....Тэгээд орой мал хотлуулсны дараа Г хаашаа явахаа хэлэлгүй алга болсон байсан. Түүнээс хойш гэртээ ирээгүй байна. Би 01 дүгээр сарын 12-ны өдөр би Төвшрүүлэх сумын төв рүү ороогүй. Харин Ж.Гийг тэр орой хаана, юу хийж байсныг би сайн мэдэхгүй...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-32/, 
гэрч Д.Аы “...Намайг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө 11 цагийн үед Ргийн хажуу талын булгаас малаа услах үед Ргийн гэрийн гаднаас Ж авгайн хүү Г буюу У ногоон мотоцикльтой хөдлөөд уруудаад ганцаараа явсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/, 
гэрч А.Хын “...Г буюу У 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө манайхыг босч байхад манайд мотоцикльтой ганцаараа ирсэн бөгөөд ирэхдээ дээлтэй байсан. Ногоон өнгийн мотоцикльтой ирсэн. Намайг гэрээс гарахад ногоон өнгийн мотоцикль байсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн  мэдүүлэг /хх-ийн 42-45/, 
гэрч Ц.Жгийн “...Намайг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орой гэртээ байхад 17 цаг өнгөрч байхад гаднаас Га орж ирсэн. Тэгээд хэсэг байж байгаад нөхөр бид хоёрыг малдаа явахаар гарахад хамт гараад Б гэдэг айлд очсон. Тэднийд очих гэж явахдаа Га мотоциклио манай хашааны гадаа үүдэнд үлдээгээд манай машинд сууж явсан. Бы гэрт очоод бид нар нэг том пиво задлаад уучихаад 20-30 минут болоод гарч ирээд манай гэрийн хашааны хажуугаар нөхөр бид 2 явсан чинь Гын мотоцикль байхгүй байсан. Тэгэхээр нь бид 2 Бы гэрт буцаж очиж Гыг аваад өөрт нь мотоцикль нь алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд бид нар мотоцикль байсан газрыг үзэхэд өөр нэг мотоцикль ирээд хоёулаа болоод зүүн тийш явсан мөр байсан. Тэгээд Га цагдаад мэдэгдсэн. Ногоон өнгийн, улбар шар өнгийн суудлын бүрээстэй “Даюун” маркийн мотоцикль хулгайд алдсан. Өөр мотоцикль ирээд Гын мотоциклийг аваад явсан байсан” ...гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/, 
гэрч Г.Хын “...Тэгэхээр нь бид нар хамт манай гэрийн урд Б гэж айлын гэрт очихоор явсан. Бид нар манай хашааны хаалгаар гартал манай үүдэн дээр Гын ногоон өнгийн “Даюун” маркийн мотоцикль манай хашааны гадаа байж байсан. Бид нар Гатай хамт ороод Бы гэрт очоод нөгөө нэг пивоо ууж дуусахаар нь би өөрийн эхнэр Жгийн хамт Бы гэрээс гараад малдаа явах гэж байхад манай хашааны урд байсан Гын мотоцикль алга болсон байсан. Би эргэж Га дээр очоод чиний мотоцикль алга болчихсон байна гэж хэлээд хамт ирээд мотоцикль байсан газар мөрийг нь харсан. Гэтэл нэг мотоциклийн мөр ирсэн байсан. Эргээд Гын мотоциклийг аваад 2 мотоциклийн мөр болоод сумын төвөөс хөдөлсөн байсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 54-57/, 
өөрийн гэм бурууг хүлээж Ж.Гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 131-133/, 
эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 118-120/, 
гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 121/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Ж.Г нь А аймгийн Т сумын Ө багийн нутаг Х хорооллын хашааны гаднаас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орой 17-18 цагийн хооронд Я.Гын эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Гийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

Иймд шүүгдэгч Ж.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Я.Гын эзэмшлийн “Даюун” маркийн улсын дугаартай мотоцикль нь хулгайд алдагдаж түүнд 1.312.318 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн АА2-02 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 139-143/-аар тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Ж.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн ба хохирогч Я.Га нь Архангай аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “...Хохирлоо авсан, гомдол, санал байхгүй...” /хх-ийн 155 хуу/ гэсэн байх тул нь шүүгдэгч Ж.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Ж.Г нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй бөгөөд Ж.Гт холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 34 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Ж.Г нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
       Шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.    
      
        Шүүгдэгч  Ж.Гийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Жн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
    
            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ