Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/161

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ

Шүүгдэгч X нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн X  холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч X нь “2021 оны 12 дугаар сарын 15-аас 17-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 0 байрны 0 тоотод хохирогч Г үл ялих зүйлээс болж маргалдан түүний нуруу, гуя хэсэгт хутгаар хатгаж биед нь нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун далбаа булчингийн завсрын цус хуралт, баруун гуяны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч X нь “2021 оны 12 дугаар сарын 15-аас 17-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 0 байрны 0 тоотод хохирогч Б.Г үл ялих зүйлээс болж маргалдан түүний нуруу, гуя хэсэгт хутгаар хатгаж биед нь нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун далбаа булчингийн завсрын цус хуралт, баруун гуяны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 0000дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  хохирогчоор өгсөн: “...Би Х таньдаг болоод 10 орчим жил болж байгаа, байрны найзууд байсан. Бид 2021 оны 03 дугаар сараас уулзаж эхэлсэн бөгөөд 2021 оны 7 дугаар сараас хамтран амьдарч 2 талын гэрийнхэндээ нэг нэгнээ танилцуулсан. 2021 оны 9 дүгээр сарын сүүлээс Баянгол дүүргийн 0 хороо, 0 байрны 0 тоотыг түрээсэлж байгаа бөгөөд тухайн өдөр 16 цагийн орчимд X над руу залгаад “хайраа Сэнгүр нэртэй пиво авчих” гэсэн. Тэгээд би 3 ширхэг 2,5 литрийн савлагаатай Сэнгүр пиво авч орсон ба би нэг их уугаагүй 2 аягийг уусан, харин үлдсэн пивыг X уусан. Тэгээд надад агсам тавиад байхаар нь би үлдсэн пивыг уулгахгүй гээд угаалтуур луу асгачихсан. Тэгтэл надад уурлаад өрөөндөө орчихсон. Би ингэж байж байхаар болъё гээд хувцсаа өмсөөд үүдний өрөөнд гутлаа өмсөж байтал X гал тогооны өрөө рүү орох шиг болсон. Тэгснээ нэгэнт миний нуруу орчимд хутгаар хатгачихсан. Би эргээд харахад дахин миний өөдөөс хутгаа далайсан. Тэгээд би бултахад миний куртикийг зүссэн. Тэгээд би гэрээс гараад үүдэнд цагдаа болон түргэн дуудсан. Өмнө нь намайг 2 хоногийн өмнө гуя хэсэгт хутгаар зүссэн, мөн 2021 оны 10 дугаар сарын үед гэдэс рүү хутгаар хатгасан. Миний нуруу, гэдэс хэсгээр маш олон удаа маажиж хазаж байсан. Би өмнө нь эмэгтэй хүн гэдэг утгаар нь цагдаад хандаагүй. Харин одоо бол маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0 дугаартай “...Г биед нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун гуянд шарх, баруун далбаа булчин завсарт цус хуралт, зүүн шуу баруун мөрөнд цус хуралт, зүүн бугалга, баруун далбаанд зулгаралт, зүүн шуу баруун мөрөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Нурууны шарх, баруун далбаа булчингийн завсрын цус хуралт нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун гуяны шарх, баруун хацар, зүүн бугалга, баруун далны зулгаралт, зүүн шуу, мөрний цус хуралт гэмтэл нь ир ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х яллагдагчаар өгсөн “...Г намайг зодож, цохисон зүйл байхгүй. Би уурандаа тэгж  мэдүүлсэн байгаа. Тухайн үед би уурандаа ийм үйлдэл гаргасан байна лээ. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 тал/, төрсний гэрчилгээний лавлагаа /хх-ийн 51 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 53 тал/, үндэсний энгийн гадаад паспортын лавлагаа /хх-ийн 54 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 55 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 56-58 тал/, Х Хаан банкны депозет дансны хуулга /хх-ийн 64-70 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч X нь 2021 оны 12 дугаар сарын 15-аас 17-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 0 байрны 0 тоотод хохирогч Г үл ялих зүйлээс болж маргалдан түүний нуруу, гуя хэсэгт хутгаар хатгаж биед нь нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун далбаа булчингийн завсрын цус хуралт, баруун гуяны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...X гал тогооны өрөө рүү орох шиг болсон. Тэгснээ нэгэнт миний нуруу орчимд хутгаар хатгачихсан. Би эргээд харахад дахин миний өөдөөс хутгаа далайсан. Тэгээд би бултахад миний куртикийг зүссэн. Тэгээд би гэрээс гараад үүдэнд цагдаа болон түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч X гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч нь хохирогч Г биед халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь үйл баримтад тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Х дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь хохирогч Г эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч нь “надад ямар нэгэн хүсэх зүйл байхгүй, гомдолгүй” /хх-ийн 81 тал/ гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Х хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч X нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.X  ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч X нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчтой эвлэрсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 80 тал/,

 

Иймд шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.X  танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх хэдий ч санал болгож тохиролцсон ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчим, 5.1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцээгүй болохыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Б.X  эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаж шийдвэрлэв.

 

Ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цайвар саарал өнгийн нийт 19.5 см урттай, ажлын хэсэг 9 см, бариул хэсэг 10.5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Б.X  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч X нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цайвар саарал өнгийн нийт 19.5 см урттай, ажлын хэсэг 9 см, бариул хэсэг 10.5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

 

5. Шүүгдэгч X нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ тогтоолд хэргийн оролцогч нар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.X  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ