Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/149

 

 

 

 

 

 

   

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.З хөтлөн,

Улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М-д холбогдох эрүүгийн 00000 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч М нь “2021 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 0  хорооны нутаг дэвсгэрт байрлах 0  байрны 0  иргэн Б 17.200.000 төгрөгийн үнэ бүхий ай фоне 13 про макс загварын 4 ширхэг хайрцагтай шинэ гар утсыг илээр, хүч хэрэглэхгүй, хууль бусаар авч, үлэмж хэмжээний хохирол учруулж дээрэмдсэн ” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын М-н дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М нь “2021 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 0  хорооны нутаг дэвсгэрт байрлах 0  байрны 0  иргэн Б 17.200.000 төгрөгийн үнэ бүхий ай фоне 13 про макс загварын 4 ширхэг хайрцагтай шинэ гар утсыг илээр, хүч хэрэглэхгүй, хууль бусаар авч, үлэмж хэмжээний хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн ” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М-н “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн хэргээс шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б хохирогчоор өгсөн “...Би Америк улсаас ай фоне шинэ загварын гар утаснууд Монголд авчирч фейсбүүк дээр зар тавьж худалдан борлуулдаг. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай эхнэр Б  үл таних эрэгтэй гар утсаар яриад ай фоне 13 про макс 256 гигабайт багтаамжтай гар утас 4 ширхгийг худалдаж авах гэсэн юм байгаа юу гэж холбогдоод манай гэрт үл таних 20 орчим насны 170 см орчим өндөртэй, махлагдуу залуу ганцаараа 23 цагийн үед манай гэрт ирсэн бөгөөд би тэр залууд тухайн залуугийн сонирхож байсан гар утсыг хайрцаг савтай нь үзүүлж байж байтал мөнгөө койноо зарж байгаа одоо шилжүүлье гээд байсан бөгөөд утас үзэж байгаад гараад тамхи татаж орж ирээд манай эхнэрийг ус хийгээд өгөөч гэсэн. Эхнэр ус хийх гээд явах хооронд нөгөө хайрцаг савтай шинэ 4 ай фоне 13 про макс загварын гар утсыг гэрээс аваад зугтаасан. Гэтэл тэр залуугийн араас манай эхнэр хөөхөд гэрийн хаалгаар гарч явтал уут нь задраад гар утсаа унагаасан бөгөөд энэ хооронд би очиж барьж авсан. Тэгээд утаснуудаа хартал хайрцаг сав нь хонхойгоод, лац нь эвдэрсэн байсан. Тэгэхээр нь цагдаа дуудсан. Би тухайн үед тэдгээр утаснуудыг зарагдахааргүй болсон гэж бодсон. Тэгээд би тэр залууг эдгээр гар утаснуудаа өөрөө мөнгөөрөө ав гэж хэлэхэд тэр залуу авах боломжгүй гэсэн. Харин надад зах зээлийн үнээр нь худалдаж авах хүнийг өгсөн. Одоо бол ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б ын гэрчээр өгсөн “...Манай нөхөр Б  нь Америк улсаас 2021 оноос хойш ай фоне загварын гар утас Монгол улсад авчирч худалдан борлуулж байгаа бөгөөд фейсбүүк зар байршуулж гар утсаа худалдан борлуулдаг. Тэгтэл 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үл таних эрэгтэй хүн миний гар утас руу залгаад 4 ширхэг утас байгаа юу гэж асуугаад байгаа гэтэл манай гэрт ирж гар утас үзэхээр болж 23 цагийн үед үл таних 20 гаран насны 170 орчим см өндөртэй бага зэрэг махлаг цайвар дуу царайтай эрэгтэй хүн ирсэн. Манай нөхөр 4 ширхэг гар утсаа танилцуулж байтал нөгөө залуу койноо зараад утасны мөнгөө шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд орж ирээд надаас ус байна уу гэж асуусан бөгөөд би ус авч ирэхээр гал тогооны өрөө явах хооронд тэр залуу үзэж байсан 4 ширхэг утсаа аваад зугтаасан. Тэгээд би араас нь хөөсөн бөгөөд 4 ширхэг утсыг газарт унагаасан. Тэр хооронд нөхөр Б  очиж барьж авсан. 1 утсыг 4.500.000 төгрөгөөр зардаг бөгөөд 2 ширхэг утасны хайрцаг нь хонхойж 2 хайрцгийн сав задарч лац гэмтсэн. Гэхдээ утсанд бол ямар нэгэн гэмтэл учраагүй. Сүүлд тэр залуу тухайн гар утаснуудыг зах зээлийн үнийн дүнгээр нь худалдан авах хүн олж өгч хохиролгүй болгосон. Тэр залуу манай гэрийн коридорт зүгээр л утас үзээд сууж байх шиг байсан. Гараад гүйнэ гэж бодоогүй. Надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК–ийн 2022 оны 0  сарын 20-ны өдрийн 0 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-21 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М-н яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би ай фоне 13 про макс зарна гэсэн зарын дагуу дугаарт нь холбогдоход нэг үл таних эмэгтэй утас авсан бөгөөд гэрийн хаягаар нь очиж утас үзэхээр болсон. Намайг очих үед үл таних эмэгтэй, эрэгтэй 2 утас үзүүлсэн. Тэгээд би тэр эмэгтэйг надад ус хийгээд өгөөч гэж хэлээд ус хийхээр явах хооронд ууттай утсыг нь аваад зугтаасан ч үүдэнд нь утаснуудаа унагаагаад эрэгтэйд нь баригдсан. Би тэр айлд утас авах мөнгөгүй байсан тул авах зорилгогүй очсон. Утсыг нь аваад зугтаана гэж бодож очсон. Надад мөнгөний яаралтай хэрэг байсан тул би ийм гэмт хэрэг хийчихсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг маань хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М-н хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 36 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 37 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 38 тал/,  гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 39 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 40-44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын М-н дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М-д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч М нь “2021 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 0  хорооны нутаг дэвсгэрт байрлах 0  байрны 0  иргэн Б 17.200.000 төгрөгийн үнэ бүхий ай фоне 13 про макс загварын 4 ширхэг хайрцагтай шинэ гар утсыг илээр, хүч хэрэглэхгүй, хууль бусаар авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан” болох нь  шүүгдэгч М-н мэдүүлгүүд, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК–ийн 2022 оны 0  сарын 20-ны өдрийн 0 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна. 

Шүүгдэгч М гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М-н 2021 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 0  хорооны нутаг дэвсгэрт байрлах 0  байрны 0  иргэн Б 17.200.000 төгрөгийн үнэ бүхий ай фоне 13 про макс загварын 4 ширхэг хайрцагтай шинэ гар утсыг илээр, хүч хэрэглэхгүй, хууль бусаар авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх ” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч Б.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор “...Тэгээд утаснуудаа хартал хайрцаг сав нь хонхойгоод, лац нь эвдэрсэн байсан. Тэгэхээр нь цагдаа дуудсан. Би тухайн үед тэдгээр утаснуудыг зарагдахааргүй болсон гэж бодсон. Тэгээд би тэр залууг эдгээр гар утаснуудаа өөрөө мөнгөөрөө ав гэж хэлэхэд тэр залуу авах боломжгүй гэсэн. Харин надад зах зээлийн үнээр нь худалдаж авах хүнийг өгсөн. Одоо бол ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 8 тал/ гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Мыг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М нь “2021 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 0  хорооны нутаг дэвсгэрт байрлах 0  байрны 0  иргэн Б 17.200.000 төгрөгийн үнэ бүхий ай фоне 13 про макс загварын 4 ширхэг хайрцагтай шинэ гар утсыг илээр, хүч хэрэглэхгүй, хууль бусаар авч дээрэмдэх ” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч М-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 53 тал/,

Иймд шүүгдэгчийн хохирогчид эмчилгээний зардлыг төлж хохирлыг бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сар “Улаанбаатар хотоос гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүгдэгч М-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сар “Улаанбаатар хотоос гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, оногдуулсан ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мыг 6 /зургаа/-н сар “Улаанбаатар хотоос гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, М-д оногдуулсан ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ