Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
           Улсын яллагч: С.Бичинхүү
    Шүүгдэгч: Н.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Нгийн Гт холбогдох 2212000000017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт  А аймгийн Б сумын Т багийн Т гэх газарт оршин суух, урьд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэргийг өршөөж хэрэгсэхгүй болгосон, У овогт Нгийн Г /РД: ../

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А аймгийн Б сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр И гэх газарт ховор амьтан болох халиун бугыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, амьтны аймагт 6.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2212000000017 дугаартай эрүүгийн хэргээс: 
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Бын мэдүүлсэн: ...Би 2012 онд А аймгийн Э суманд 10 жил төгссөн. 2012-2016 оны хооронд Улаанбаатар хотод МҮИС-ыг Уул уурхайн менежмент чиглэлээр төгссөн. 2017 оноос 2020 он хүртэл “Уул заамар” ХХК-нд баяжуулалтын менежерээр ажилласан. 2021 оноос хойш Булган сумын засаг даргын орлогч дарга албан тушаалтай байгаа. Миний зүгээс хууль бусаар халиун буга агнасан талаар мэдээллийг саяхан мэдсэн юм. Тус багийн иргэд хууль бусаар агнасан гэж дуулдаж байсан бөгөөд хэн агнасан талаар надад мэдээлэл алга байна. Би Булган сумын засаг даргын тамгын газрыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон тул хууль бусаар халиун буга агнасан иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авч экологи эдийн засгийн үнэлгээг үнэн зөвөөр тогтоож хохирол барагдуулж өгөхийг хүсч байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 21-23 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Нгийн мэдүүлсэн: ...Миний төрсөн хүү Г нь 2021 оны 11 дүгээр сарын дунд үед нутгийн залуучуудтай нийлж анхны цаснаар ан ав хийхээр явсан. Яг хэн, хэнтэй явсныг нь мэдэхгүй байна. Миний хүү гэртээ ирэхдээ амьтны гаралтай мах авч ирсэн. Зэрлэг амьтан болох бугын мах бага хэмжээний авч ирсэн. Миний хүү Г нь ямар нэртэй галт зэвсэг эзэмшдэгийг нь мэдэхгүй. Анд явахдаа надад хэлсэн ярьсан зүйл байхгүй. Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Их тээл гэх газрын эхээр явна гэж ярьж байсан. Одоо манайд хүү Гын авчирсан бугын мах байхгүй. Тэр үед идэш идээгүй байсан болохоор идээд дууссан...гэх мэдүүлэг /1хх-ийн 10-12 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Вийн мэдүүлсэн: ...Манай хажуу айлын хонинд чоно ороод байна гээд нутгийн залуус чоно, гахай агнахаар Булган сумын 3 дугаар багийн Их тээл гэх газар руу ан агнахаар явсан. Миний зүгээс уулыг морьтой үргээж өгсөн юм. Үдээс хойш буун дуу гараад яваад очтол Н.Г нэг агнасан байсан. Тэр үед би уурлаж хориотой ан агнасан байна гэж хэлж байсан. Тэр үед Н.Г нохой хөөгөөд гараад ирэхээр нь Н.Г буудсан гэж байсан. Миний зүгээс бол тухайн үед уурлаж хэлж байсан үнэн. Тэгээд ан агнасан тул ангийн махыг бүгд хувааж аваад явсан нь үнэн. Манай аав Г, манай ойролцоо байдаг Б, Н.Г, С, бид хэд цуг явж байсан. Өөр хүмүүс байхгүй байсан. Н.Г халиун буга агнасан нь үнэн. Өөр хүн бол буудаагүй. Бид хэд бөөндөө ажилласан, цул махыг нь аваад арьс, шир, толгойг нь тухайн газарт үлдээсэн ул мөр нь байгаа байх. Буга агнасан газар нь Их тээлийн Мөст гэх газраас ан агнасан. Н.Гын агнасан халиун буга нь эр хөгшин буга байсан. Би нүдээр харсан бөгөөд манай аав бас нас ахисан буга байна гэж байсан. Н.Гт буга буудлаа гэж бид хэд бүгд уурласан чинь за зүгээрээ гээд байсан. Тэгээд тэндээс махаа аваад бүгд явсан. Өөр хүмүүс мэдээгүй. Буга агнасан талаар хууль хяналтын байгууллагад хандаагүй. Тухайн үед айгаад хэлээгүй нь үнэн. Манай аавын гэрт их жоохон мах байгаа, манай гэрт бол байхгүй. Г бугыг буудсан нь үнэн. Ямар буугаар буудсаныг сайн мэдэхгүй байна. Бууны нэрийг нь сайн мэдэхгүй. Буга агнасан газрыг өөрөө явбал мэднэ. Буга агнасан газрыг зааж өгч чадна. Н.Гаас өөр хүн халиун буга руу буудаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 34-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Ж.Гийн яллагдагчаар мэдүүлсэн: ...Тухайн өдөр үдээс өмнө М.Бтэй алга болсон үхрийнхээ араас Эрэг нүүр гэх газар явж байсан чинь М.Бийн утас руу Ж.С залгаад өглөө хонь гаргасны дараа боохой ороод 2-3 хонь идчихлээ, өмнө ч гэсэн ороод байсан, үргээлцээд өгөөч гэхээр нь М.Б бид 2 морьтой Ж.Сын гэр рүү явж байхад С, Г 2 буу үүрчихсэн таарсан. Гэтэл араас манай хүү В хүрээд ирсэн. Тэгээд тавуулаа болоод Дээд захын нүүр нэртэй ууланд очиж Б, В, бид 3 боохойг үргээж гаргахаар явж Ж.С, М.Г 2 уулын бэлд боохой гархууц газар амдаж сууринд буутай сууж үлдсэн. Тэгээд буун дуу 2 удаа дуугарах шиг болохоор нь уруудаад яваад очтол Г, С 2 байж байсан ба торлог дотор буга үхчихсэн байсан. Тэгээд Г бид 2 нохойд өгөх зорилгоор бугын махнаас авсан. Бусад нь аваагүй. Гэрийнхэн намайг малдаа явахаар явсан л гэж бодсон байх. Чоно үргээх талаар би хэлээгүй. Тухайн халиун бугыг Г агнасан. Дараа нь бугыг өвчөөд Г бид 2 нохойд өгөх зорилгоор жаахан мах авсан. Үлдсэн махыг нь жижиглээд эргэн тойронд нь хаясан. Буудаж байхыг нь хараагүй. 2 удаа буун дуу сонссон юм. Бугын хаана, хаана нь, ямар шарх байсныг анзаараагүй. Гэхдээ урд нэг хөл нь хугарсан байсан. Аль хөл гэдгийг нь тодорхой сайн санахгүй байна. Г тухайн үед намайг очиход буга унагаачихлаа гэсэн. Халиун бугыг агнаж болохгүй талаар би мэднэ. Тухайн үед мэдэгдээгүй нь миний буруу. Мэдэгдээгүйдээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 193-195 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд М.Бийн яллагдагчаар мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Яллагдагч болохоо хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Учир нь тухайн хэрэг учрал болох үед би модон дотор чоно үргээгээд явж байсан. Намайг үргээлэг хийж дуусаад цуг явсан хүмүүс дээрээ очиход үхсэн бугын дэргэд бөөгнөчихсөн байсан. Би буга алахад оролцоогүй. Миний үйлдэлд тохирохгүй байна. Тухайн хэрэг учрал болох үед би модон дотор чоно үргээгээд явж байсан. Намайг үргээлэг хийж дуусаад цуг явсан хүмүүс дээрээ очиход үхсэн бугын дэргэд бөөгнөчихсөн байсан. Би буга алхад оролцоогүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдөр үдээс өмнө 11 цагийн үед Ж.Гтэй алга болсон үхрийнхээ араас Эрэг нүүр гэдэг газар явж байсан чинь миний утас руу Ж.С залгаад өглөө хонь гаргасны дараа боохой ороод 2-3 хонь идчихлээ, өмнө ч гэсэн ороод байсан, үргээлцээд өгөөч гэхээр нь Ж.Гтэй бид 2 морьтой Ж.Сын гэрт давхиад очсон. Бид хоёрыг тэднийд очиж явах замд Ж.С, М.Г нар хоёулаа тус тусдаа буу үүрчихсэн явж харагдсан. Тэгээд бид хоёрын араас Г.Б давхиж хүрч ирээд тавуулаа болоод Дээд захын нүүр нэртэй ууланд орсон боохойг үргээж гаргахаар Г.Б, Ж.Г, бид 3 уулын оройгоод чоно үргээхээр ганц, ганцаараа салаад явсан. Тэгээд Ж.Г ах орилохоор нь би дагаж зэрэгцэж орилоод явсан. Ж.С, М.Г 2 уулын бэлд боохой гархууц газар амдаж сууринд буутай суусан. Тэгээд орой 17 цаг өнгөрч байх үед модноос үргээж дуусаад гарч ирсэн чинь хамт явсан хүмүүс маань байхгүй болохоор нь зам дээр гарч мөр харсан чинь мөр байхгүй байсан. Тэгээд би орилоод байсан чинь 2 уулын завсарт хүн өөдөөс орилохоор нь би тэр зүг рүү яваад очтол халиун буга үхчихсэн, дэргэд нь Г болон Г, С, Б нар ирчихсэн, тамхи татаад байж байсан. Нөгөө үхсэн буганаас нь нохой зулгаачихсан идээд байж харагдсан. Би ааштай морьтой явсан, буухаар мордуулдаггүй болохоор морин дээрээ зогсоогоороо тамхи татчихаад С хонио эзэнгүй орхичихсон, малаа хурааж хотлуулъя гэхээр нь мордоод харьсан. Намайг хөдлөхөд Г нөгөө үхсэн халиун бугыг задлаад толгойг нь салгана гээд Б, Г 3 үлдсэн. Тухайн үргээлэг хийж байсан том ар болохоор буун дуу дуугарсан ч сонсогдохгүй. Би сонсоогүй. Би хөдөө ганцаараа байдаг болохоор намайг манай гэрийнхэн мэдээгүй. Манай гэр бүл аймгийн төв дээр байдаг. Тухайн халиун бугыг хэн агнасныг мэдээгүй. Г тухайн үед нохой барьчихсан гэж хэлсэн. Бусад нь бүгд мэдээгүй, үхсэн хойно нь очсон байх. Миний мэдэхийн Г, Г нар махнаас нь авч нохойд өгдөг юм уу гэж ярьж байсан. Үлдээд авсан байж магадгүй. Би мах авах нь битгий хэл мориноосоо ч буугаагүй. Би үргээлэг хийж байсан болохоор тухайн буга нь бид нараас үргээд Н.Гын сууж байсан сууриар гарч ирсэн байх. Би тухайн үед үргээлэг хийгээгүй байсан бол тухайн буга алагдахгүй байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 170-172 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Ж.Сын яллагдагчаар мэдүүлсэн: ...2021 оны 11 дүгээр сарын дундуур манай хонь руу чоно орохоор нь Б, Г нарыг утсаар ярьж чоно үргээе гэж дуудсан чинь Б ах, Г, В нарыг дагуулаад хүрээд ирсэн. Бид 5 Шар булууны Гурвын нүүр гэх нэртэй газарт очоод Г бид 2 сууринд 500 гаруй метрийн зайтай суусан. Г, В, Б нар модыг үргээсэн. Үргээлгэнд 15-16 цагийн алдад орж эхлээд бүрэнхий болохын алдад В, Б нар бууж ирээд бид 3 дээшээгээ явж байтал Г нохойнууд буга барьчихлаа гэж хэлэхээр нь харчихаад би малаа хотлууллаа гээд түрүүлээд явчихсан. Тухайн бугыг хэн алсныг би мэдэхгүй. Тухайн үед буун дуу сонсоогүй. Би “Винтов” нэртэй буу эзэмшиж байсан. Миний эзэмшлийн буу. Би буу эзэмших зөвшөөрөлгүй. Тухайн буга үхээд хэр удсаныг би мэдэхгүй. Цээжин хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Би мах аваагүй. Тэнд байсан хүмүүс мах авсныг би мэдэхгүй байна. Би хар халтар бүдүүн морьтой, В хээр зүсмийн морьтой, Г хүрэн зүсмийн морьтой, Г хар хүрэн морьтой, Б хээр зүсмийн морьтой тус тус явсан. Г, Г нар түрүүлээд ирсэн байсан. Араас нь би В, Бийн хамт очсон. Би чоно алах зөвшөөрөл аваагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 159-160 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Цын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн ажилтай. Энэ ажилд ороод 13 жил болж байна. Миний өөрийн ажил бол хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн, мөн давхар биологийн төрөл зүйлийг хариуцан ажилладаг. Манай байгууллагад иргэдээс дуудлага ирээгүй. Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас дуудлага ирсэн гээд миний бие цуг явсан буга агнасан газар бол Архангай аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг Их тээл гэх газар байсан газар дээр нь очиж үзэхэд бугын арьс, толгой хэсгийн яс, эрүүний яс зэрэг байсныг цагдаагийн албан хаагч, шинжээч хоёр үзлэг хийж хураан авсан. Яг буга агнагдсан газар бол тусгай хамгаалалтай газарт ордоггүй юм. Би өөрөө газар дээр нь очиж харсан болохоор мэдэж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 56-57 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Гын мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр надтай С гэх хүн утсаар холбогдоод манай хонь руу чоно орчихлоо, чоно үргээе гээд дуудахаар нь би хүрэн зүсмийн, бүдүүн морьтой, Немц Винтов гэх буугаа аваад ганцаараа Ороох нэртэй газар гэрт нь яваад очсон. С гэх хүн надад хандаад ах нь Ганаа ах, Б болон өшөө 2-3 хүн дуудчихлаа гэсэн. Удаа ч үгүй Б, Г, Б нар ирсэн. Бид 5 нийлээд чоно үргээхээр Хош довгор нэртэй уулын ар руу орж, С бид 2 тус тусдаа буутай сууринд суусан. Б, Г, Б нар үргээлэг хийсэн. Тэгээд сууж байтал орой харанхуй, бүрий болж байсан чинь нохойнууд уулын үргээсэн модноос Зэрвэсхэн саарал юм хөөгөөд гаргаад ирсэн. Тухайн амьтан нь сайн танигдаагүй. Тэгээд би чоно байна гээд буудчихсан. Тэгээд яваад очтол халиун буга үхсэн байсан. Намайг үхсэн буган дээр очсоны дараа надтай явж байсан хүмүүс бүгдээрээ ирсэн. Би задлаад мах шөлийг нь ийш тийш нь тарааж хаяад, толгойг нь мод руу оруулж толгой дээр залсан. Тэгээд би хангайн юмыг нэгэнт унагачихсан юм чинь гээд нохойдоо Г ах бид 2 жаахан мах авсан. Тэгээд гэр рүүгээ харьцгаасан. Бугын махыг би нохойдоо өгсөн. Чоно байна гэж бодоод 2 удаа буудсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 143-144 хуу/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 83 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Шинжилгээнд 7.62 мм-ийн гол төмрийг МаузерК98 загварын байлдааны зориулалттай карабин бууны сангийн ангид гар аргаар угсарсан, сангийн анги 69142, замаг 3415 гэсэн дугаартай гар хийцийн онгоц модтой, гар хийцийн галт зэвсгийг ирүүлсэн байна. 2. Дээрх галт зэвсэгт 7.62х39 мм-ийн сумаар бууддаг болгосон байна. 3. Дээрх галт зэвсэг нь буудлага үйлдэнэ. 4. Шинжилгээнд ирүүлсэн сангийн ангиа 69142, замаг 3415 гэсэн дугаартай бууны хошуу, хонгио нь ШШҮХ-ийн галт зэвсгээр үйлдэгдээд одоогоор эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж хураан авсан хошуу хонгионы санд бүртгэгдээгүй байна...гэх дүгнэлт /1хх-ийн 108-110 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 02-04 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 05-07, 111-112 хуу/ 
Шинжлэн ухааны академийн биологийн хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 121-122 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А аймгийн Б сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр .. гэх газарт ховор амьтан болох халиун буга нь бусдад агнагдаж амьтны аймагт 6.600.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Энэ гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Гын ховор амьтан болох халиун бугыг агнасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А аймгийн Б сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр .. гэх газарт ховор амьтан болох халиун бугыг тусгай зөвшөөрөлгүй агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

иргэний нэхэмжлэгч Б.Бын “...Миний зүгээс хууль бусаар халиун буга агнасан талаар мэдээллийг саяхан мэдсэн юм. Тус багийн иргэд хууль бусаар агнасан гэж дуулдаж байсан бөгөөд хэн агнасан талаар надад мэдээлэл алга байна. Би Булган сумын засаг даргын тамгын газрыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон тул хууль бусаар халиун буга агнасан иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авч экологи эдийн засгийн үнэлгээг үнэн зөвөөр тогтоож хохирол барагдуулж өгөхийг хүсч байна...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 21-23/, 
гэрч С.Нгийн “...Миний төрсөн хүү Г нь 2021 оны 11 дүгээр сарын дунд үед нутгийн залуучуудтай нийлж анхны цаснаар ан ав хийхээр явсан. Миний хүү гэртээ ирэхдээ амьтны гаралтай мах авч ирсэн. Зэрлэг амьтан болох бугын мах бага хэмжээний авч ирсэн...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 10-12/, 
гэрч Г.Вийн “...Манай хажуу айлын хонинд чоно ороод байна гээд нутгийн залуус чоно, гахай агнахаар Булган сумын 3 дугаар багийн Их тээл гэх газар руу ан агнахаар явсан. Миний зүгээс уулыг морьтой үргээж өгсөн юм. Үдээс хойш буун дуу гараад яваад очтол Н.Г нэг ан агнасан байсан. Тэр үед би уурлаж хориотой ан агнасан байна гэж хэлж байсан. Тэр үед Н.Г нохой хөөгөөд гараад ирэхээр нь буудсан гэж байсан. Н.Гаас өөр хүн халиун буга руу буудаагүй...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 34-35/, 
яллагдагч Ж.Гийн “...Тэгээд буун дуу 2 удаа дуугарах шиг болохоор нь уруудаад яваад очтол Г, С 2 байж байсан ба торлог дотор буга үхчихсэн байсан. Г тухайн үед намайг очиход буга унагаачихлаа гэсэн...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 193-195/, 
яллагдагч М.Бийн “...Намайг үргээлэг хийж дуусаад цуг явсан хүмүүс дээрээ очиход үхсэн бугын дэргэд бөөгнөчихсөн байсан. Тэгээд би орилоод байсан чинь 2 уулын завсарт хүн өөдөөс орилохоор нь би тэр зүг рүү яваад очтол халиун буга үхчихсэн, дэргэд нь Г болон Г, С, Б нар ирчихсэн, тамхи татаад байж байсан. Нөгөө үхсэн буганаас нь нохой зулгаачихсан идээд байж харагдсан. Намайг хөдлөхөд Г нөгөө үхсэн халиун бугыг задлаад толгойг нь салгана гээд Б, Г 3 үлдсэн. Би үргээлэг хийж байсан болохоор тухайн буга нь бид нараас үргээд Н.Гын сууж байсан сууриар гарч ирсэн байх...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 170-172/, 
яллагдагч Ж.Сын “...Бид 5 Шар булууны Гурвын нүүр гэх нэртэй газарт очоод Г бид 2 сууринд 500 гаруй метрийн зайтай суусан. Г, В, Б нар модыг үргээсэн. Үргээлгэнд 15-16 цагийн алдад орж эхлээд бүрэнхий болохын алдад В, Б нар бууж ирээд бид 3 дээшээгээ явж байтал Г нохойнууд буга барьчихлаа гэж хэлэхээр нь харчихаад би малаа хотлууллаа гээд түрүүлээд явчихсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 159-160/, 
гэрч М.Цын “...Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас дуудлага ирсэн гээд миний бие цуг явсан. Буга агнасан газар бол Архангай аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг Их тээл гэх газар байсан газар дээр нь очиж үзэхэд бугын арьс, толгой хэсгийн яс, эрүүний яс зэрэг байсныг цагдаагийн албан хаагч, шинжээч хоёр үзлэг хийж хураан авсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 56-57/, 
өөрийн гэм буруугаа хүлээж Н.Гын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр намайг С гэх хүн утсаар холбогдоод манай хонь руу чоно орчихлоо, чоно үргээе гээд дуудахаар нь би хүрэн зүсмийн, бүдүүн морьтой, Немц Винтов гэх буугаа аваад ганцаараа Ороох нэртэй газар гэрт нь яваад очсон. С гэх хүн надад хандаад ах нь Ганаа ах, Б болон өшөө 2-3 хүн дуудчихлаа гэсэн. Удаа ч үгүй Б, Г, Б нар ирсэн. Бид 5 нийлээд чоно үргээхээр Хош довгор нэртэй уулын ар руу орж, С бид 2 тус тусдаа буутай сууринд суусан. Б, Г, Б нар үргээлэг хийсэн. Тэгээд сууж байтал орой харанхуй бүрий болж байсан чинь нохойнууд уулын үргээсэн модноос Зэрвэсхэн саарал юм хөөгөөд гаргаад ирсэн. Тухайн амьтан нь сайн танигдаагүй. Тэгээд би чоно байна гээд буудчихсан. Тэгээд яваад очтол халиун буга үхсэн байсан. Намайг үхсэн буган дээр очсоны дараа надтай явж байсан хүмүүс бүгдээрээ ирсэн. Би задлаад мах шөлийг нь ийш тийш нь тарааж хаяад, толгойг нь мод руу оруулж толгой дээр залсан. Тэгээд би хангайн юмыг нэгэнт унагачихсан юм чинь гээд нохойдоо Г ах бид 2 жаахан мах авсан. Чоно байна гэж бодоод 2 удаа буудсан...” гэж гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 143-144/, 
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 83 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 108-110/, 
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 02-04/, 
гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 05-07, 111-112/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Гын ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объект нь байгаль орчин, байгаль хамгаалах болон амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцаа, халдлагын зүйлд нь амьтан, ховор амьтан байх ба Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар халиун буга нь ховор амьтанд тооцогддог болно.

Объектив тал нь ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан идэвхитэй үйлдэл байдаг. 
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч У овогт Нгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирол хор уршгийн талаар:
    
    Гэмт хэргийн улмаас амьтны аймагт 6.600.000 төгрөгийн хохирол учирсан болохыг Шинжлэн ухааны академийн биологийн хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 121-122 хуу/-ээр тогтоосон байна.  
                      Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлж 6.600.000х2=13.200.000 /арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасны дагуу шүүгдэгчээс 13.200.000 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Г нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Н.Гт холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 29 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Н.Г нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгч Н.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Н.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 Шүүгдэгч Н.Гт ял оногдуулахгүй тэнссэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж...гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан тул шүүгдэгч Н.Гын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий морийг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар хийцийн гол төмөр 69.143, замгийн 3669 дугаартай буу 1 ширхгийг устгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлж, халиун бугын арьс 1 ширхэг, дээд, доод эрүүний яс, толгой хэсгийн яс, мах зэргийг устгахаар шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч У овогт Нгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

             4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Н.Гын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гаас 13.200.000 /арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

              6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 тоот прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Гын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий морийг хурааж, дээрх хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч Н.Гаас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай. 

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар хийцийн гол төмөр 69.143, замгийн 3669 дугаартай буу 1 ширхгийг устгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлж, халиун бугын арьс 1 ширхэг, дээд, доод эрүүний яс, толгой хэсгийн яс, мах зэргийг устгасугай.

            8. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 
    
            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ