Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж

нарийн бичгийн дарга Х.Дашням

улсын яллагч О.Пүрэвсүрэн

шүүгдэгч Б.Нямбаатар, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд /ҮД:0-168/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Агнан овогт Баттөгсийн Нямбаатарт холбогдох 201626011323 дугаартай, 188/2016/0121/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул, уурхай гүний ажилтан мэргэжилтэй, “Бурхадын үндэс” ХХК-д барилгын туслах ажилтан, ам бүл 3, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 15 дугаар байр, 9 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 86 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Агнан овогт Баттөгсийн Нямбаатар /РД:УК94013032/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Б.Нямбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны орой согтуурсан үедээ 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 2-4 тоотод Б.Мөнгөншагай Б.Нямбаатарыг болон түүний найз охин Ү.Цэцэгээ-г хэл амаар доромжилж улмаар түүнийг эхэлж цохисноос нүүрэн тус газар нь цохиж “суурь ясны зүүн талын их далавч болон хацар ясны нийлэх заадас хэсгийн зөрүүтэй хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, зүүн ухархайн дотор, доод, гадна, урд ханын цөмөрсөн нийлмэл хугарал, хамар ясны 2 хажуу, олон тооны ясны хэлтэрхий бүхий цөмөрсөн хугарал, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, 2 хацар, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Нямбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би найз охин Цэцэгтэй халдвартын орчим уулзаад сургууль дээр нь очоод төгсөлтийн шалгалтын хувиартай нь танилцаад манай найз охин сургуулийнхаа монтажийг авах гээд Драгон төв дээр Шинээгийн ажил дээр очсон. Ажлыг нь тараад Баянхошуу ороод цэцэрлэгийн гадаа Аагий гэх эмэгтэйтэй уулзаад, орой 18 цагийн үед гэрээс нь манай найз охин Цэцэг монтаж аваад Улаанаа гэх найзын гэрт нь ирээд түүний гэрлүү Аагий, Улаанаа, Шинээ, манай найз охин Цэцэг бид нар хамт явсан. Улаанаагийн гэрт ороход 2 том савтай пиво авчихсан байсан. Тэр пивыг охидуудаараа уусан орой 22 цагийн үед Улаанаагийн дүү гаднаас нэг найзтайгаа хамт орж ирсэн. Орж ирэх үедээ тэр хоёр согтуу, 5 ширхэг нийслэл пиво авч орж ирсэн. Ингээд бид нар бөөнөөрөө хувааж уусан. Тэр пивоноос би 4 аяга пиво уусан. Мөнгөншагайтай эхэндээ хэвийн харьцаатай байсанаа 10-20 минутын дараа Мөнгөншагай надад хандаж “танай найз охин Цэцэг надтай унтаж хэвтдэг, тэр байтугай хүүхэд авахуулсан” гэж надад хандаж заналхийлсэн маягтай хэлээд “одоо та хоёр сал цаашдаа үргэлжилж чадахгүй” гэж хэлсэн. Би тоогоогүй цаашдаа болох байлгүй гээд Цэцэгтэй уулзах гээд гадагшаа гэрээс гараад Цэцэг бие засах гээд жорлон орсон. Би гадаа нь Цэцэгийг хүлээгээд зогсож байхад гэрээс Мөнгөншагай гэх залуу гарч ирээд намайг “Цэцэгээс сал гээд хэлээд байхад яах гээд байгаа юм бэ” гэхэд би Мөнгөншагай гэх залууд “Цэцэг бид хоёр өөрсдөө учраа олчихноо” гэж хэлээд байхад миний куртикнээс татаж, миний нүүрэн тус газар өөрөө түрүүлээд нэг удаа цохичихсон. Тэгээд би зөрүүлээд гараа зангидаж байгаад эрүү шанааны хэсэгт нэг цохиод авсан чинь Мөнгөншагай гэх залуу газар уначихсан, тэгээд би хажуу дээрээс нь нүүрэн тус газар, хацар, шанаа хэсэгт нь 3 удаа гараараа цохисон. Тэгээд би цохихоо болчихсон байхад Цэцэг жорлонгоос гарч ирээд боль гэж хэлж байх зуур Улаанаа, хэсэг хугацааны дараа Шинээ гарч ирсэн. Улаанаа гэрт байсан хүмүүсийг дуудаад байсан. Улаанаагийн эгч хүргэн ах нар нь гараад ирсэн. Хүргэн ах нь намайг цагдаа нар иртэл бариад зогсож байсан. Цагдаа ирэхээс өмнө Мөнгөншагайгийн аав нь ирээд намайг яагаад хүүхэд ийм болгочихсон юм бэ гээд заамдаж аваад миний нүдрүү 4 удаа цохиж, шилбэрүү суу гэж өшиглөсөн. Тэгтэл цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би өмнө нь Мөнгөншагайтай ямар нэгэн харьцаатай байгаагүй, тухайн өдөр л танилцсан байсан. Гэрт байхдаа Мөнгөншагай “Цэцэг бид хоёр унтаж хэвтэж байсан, одоо чи сал та хоёр цаашдаа бүтэхгүй, миний хүүхдийг авахуулж байсан” гээд том том яриад байсан. Бид хоёр маргалдах болсон шалтгаан нь Мөнгөншагай Цэцэгийг хэл амаар доромжлоод, намайг найз охиноосоо сал гээд байсан. Тухайн үед би өнгөрсөн амьдрал бид нар өөрсдөө шийднэ гэж байсан боловч надруу хүрч ирээд намайг түрүүлээд цохиод авсан. …Мөнгөншагай гэрээс гарч ирээд намайг түрүүлж цохиогүй бол би тийм зүйл хийхгүй байсан. …Миний бие тухайн үед нүүр улайж хөхөрсөн байсан. Нэг их сүртэй цус гарч шалбарсан зүйл байгаагүй, тийм болохоор шүүх эмнэлэгт үзүүлээд хэрэггүй байх гэж бодсон. …Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирлоо бүрэн барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-58, 60 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

  

Хохирогч Б.Мөнгөншагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би өглөө гэрээсээ гараад Содбилэг найзын хамт Хархорин зах ороод ээжтэйгээ уулзаад дараа нь Драгон дээр байрлах найз Чимэдбадрах түүний ажлын найз Мөнх-Эрдэнэ нартай уулзаад 2 цаг компьютер тоглоод дараа нь хойно байрлах сааданд 0,75 гр хараа архинаас би, Чимэдбадрах, Мөнх-Эрдэнэ бид нар хувааж уусан. Би гялгар 50-ын аягаар талын тал хэмжээгээр 3 удаа уусан юм. Тэгээд Содбилэг бид 2 хойшоо Баянхошуу орох гээд автобусанд суусан. Тэгээд би гэртээ байж байгаад зүгээр очиж хонох гээд оройны 22 цагийн үед ээждээ хэлчихээд Содоогийнд очихоор явсан. Гэрт нь орохоосоо өмнө Содоотой уух санаатай нийслэл том савалгаатай пивоноос хоёрыг аваад гэрт нь ороход Сэлэнгэмөрөн түүний найз болох Алтай, Шинээ, Цэцэг түүний найз залуу ирчихсэн том нийслэл пиво хоёрыг авчихсан уугаад сууж байсан. Би гэрт байсан Цэцэг гэх охиныг “Чи Цэцэг юм уу” гээд асуусан чинь “Тийм чи, Шагай гэдэг залуу юм уу” гэж хэлсэн. Тэр үед Содоо Алтайг гэрт нь хүргэж өгөх гээд явчихсан. Би Цэцэгээгийн найз залуутай танилцаад нэг нэгтэйгээ мэндэлсэн. Цэцэг нь манай найз Содбилэгтэй хоорондоо холбоотой байсан юм. Тухайн үед надад Содоо үерхэж байгаа талаар хэлж байсан. Содоогоос би Цэцэгээг Булганы охин гэж сонссон. Би Цэцэгээгийн найз залуутай танилцахдаа “Чи Булганы залуу юм уу” гэхэд “үгүй би Дарханы залуу” гэж хэлсэн. Би “Булган Дарханы хүмүүс бие биенийгээ яаж таньдаг болсон юм бэ” гээд тэр залуу “бид хоёр үерхдэг юмаа” гээд дуу цөөтэй залуу байсан. Би Цэцэгээс “чи энэ залуутай үерхдэг юм уу” гээд асуухад Цэцэгээ надад үгүй гэж хэлсэн. Би тэр залуугаас “та хоёр үерхдэггүй юм биш үү” гэхэд тэр залуу үерхдэг гэж хэлсэн. Өөр би тэр залуутай юм яриагүй. Тэнд Сэлэнгэмөрөнгийн гэрт бид нар пиво хувааж уугаад би тамхи асаагаад бие засах гэж гэрээс гараад юу болсон талаар санахгүй байна. Хажууд хэн хэн байсан талаар хэлэх зүйл ч алга би зодуулаад ухаан алдсан байх. Намайг дээрээс ус асгаж сэрээсэн гэж дараа нь сонссон. Би Цэцэгээгийн найз залууд Цэцэгээгээс сал гэж хэлээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 х/

 

Гэрч Ц.Сэлэнгэмөрөнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “. ... 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би Булган аймгийн Дашинчилэнгээс ирсэн найз Цэцэгээтэй уулзахад түүний найз залуу Нямбаатар, Алтанцэцэг, Шинэбаяр нар байсан. Ингээд би манайд очьё гээд, гэрт орохдоо том савалгаатай нийслэл пиво 2 ширхэгийг авсан. Гэрт ороод хоол унд хийж идээд, авсан пиво уугаад юм яриад сууж байтал орой 22 цаг өнгөрч байхад, манай төрсөн дүү Содбилэг, найз Мөнгөншагайгийн хамт ирсэн. Ингээд Содбилэг, Алтанцэцэг хоёр хүүхдийн хувцас авах гээд манай гудамжнаас дээш байрлах гэрлүү нь явсан. Гэрт би, Шинэбаяр, Цэцэг, түүний найз залуу Нямбаатар, Мөнгөншагай байсан. Би унтах гээд ороо засаж байх зуур Цэцэг, Нямбаатар, Мөнгөншагай нар бие засах гээд гарцгаасан. Орж ирэхгүй удаад байхаар нь гартал манай модон жорлонгийн хажууд Мөнгөншагай газар дээр дээшээ харсан байдалтай ухаангүй хэвтэж байхаар нь би асаагуурынхаа гэрлийг тусган нүүрлүү нь харсан чинь аймаар цус болчихсон байсан. Би “Мөнгөншагайг алаад хаячихсан байна” гэхэд Шинэбаяр гэрээс гүйгээд гараад ирсэн. Би Нямбаатарт  “чи яаж байгаа юм бэ хүүхэд аймар болгочихсон байна гэхэд” Нямбаатар “юун сүртэй юм бэ. Би хоёрхон л цохисон” гэж хэлээд явах гэхээр нь би хориж дийлэхгүй болохоор, хашаандаа байсан өөрийн эгч Сэлэнгийг нөхөрийнх нь хамт дуудаж хэлсэн тэр хооронд Нямбаатар манай хашаанаас гараад явчихсан байхад манай хүргэн ах очиж барьж авчираад “Чи яаж байгаа юм хүүхэд ийм болтол зодоод” гэхэд Нямбаатар “наадах чинь өөрөө л эхэлсэн шүү дээ” гээд байсан. Энэ хооронд манай эгч цагдаад мэдэгдээд цагдаа нартай хамт ирсэн. Гэрт байхдаа Нямбаатар, Мөнгөншагай нар хоорондоо маргалдсан юм байхгүй. Нямбаатар, Мөнгөншагай нар хоорондоо танилцаад инээлдээд юм яриад байсан. Бид нийт 4 том нийслэл пиво уусан байсан. Нямбаатар 2 аяга пиво уусан байх нээх их пиво уугаагүй. Мөнгөншагайг яг хэн зодсоныг би хараагүй. Гэхдээ гадаа Цэцэг, Нямбаатар, Мөнгөншагай нар байсан Цэцэг тэгж зодно гэж байхгүй. Нямбаатар надад хэлэхдээ “Би хоёрхон удаа л цохисон” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 х/

 

Гэрч Ү.Цэцэгээ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “. ... 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Алтанцэцэгээс оюутан ангийнхаа монтажийг авах гээд гэрийнх нь ойролцоо ирж авсан. Тэгээд над руу Улаанаа залгаад гэрт хүрээд ир гэхээр нь би найз залуу Нямбаатар, Алтанцэцэг хоёртой Улаанаагийнд очсон. Тэр үед гэрт нь манай найз Шинээ ирчихсэн нэг том нийслэл пиво авчихсан байхаар нь бид хэд хувааж уугаад дуусахаар нь Нямбаатар, Алтанцэцэг хоёр гараад нэг нэг том нийслэл пиво аваад бөөнөөрөө хувааж уусан. Нэг пиво уугаад талдаа орж байхад Улаанаагийн дүү Содоо, түүний найз Шагай хоёр гаднаас орж ирсэн. Шагай гэх залуу намайг таньдаг юм шиг юм яриад “Булганы Цэцэгээ гэдэг нь энэ юм уу” гээд байсан. Юм ярьж байгаад Шагай гарч яваад 2 том савалгаатай пиво авчраад бөөнөөрөө хувааж уусан. Ингээд Шагай гэх залуу ууж байхдаа Улаанаа, Алтанцэцэг, Шинээ, манай найз залуу Нямбаатартай гар барьж танилцсан. Шагай манай найз залууг “чи Цэцэгээгийн найз залуу юм уу” гээд дооглосон янзтай инээгээд байхад нь Нямбаатар тиймээ гээд толгой дохиод байсан. Шагай гэдэг залуу манай найз залууг “хоёулаа гараад уулзачих уу” гэж хэлж байхыг би сонссон. Гадаа гараад Нямбаатар миний гарнаас барьчихсан байсан. Би гараа салгаад авсан чинь манай найз залууг Шагай гэх залуу “наад охин чинь чамайг тоохгүй байгаа юм биш үү одоо зайлаач” гээд хэлж байсан. Нямбаатар өөдөөс нь “чи юу гэнээ” гэж байсан. Би бие засаад гараад ирсэн чинь жорлонгийн хажуу талд Шагай гэх залуу Нямбаатар хоёр хоорондоо юм яриад зогсож байсан. Би юу ярьж байсаныг нь сонсоогүй. Шагай гэх залуу Нямбаатарыг заамдаж аваад цохиод авсан, Нямбаатар гарынхаа ар талаар саваад цохисон чинь Шагай гэх залуу газар унасан. Нямбаатар ахиад хоёр удаа дээрээс нь нүүрэн тус газар нь цохичихсон. Би очоод салгаад зогсож байтал, гэрээс Улаанаа, Шинээ нар гарч ирсэн. Шагай гэх  залуу жорлонгийн хажууд газар хэвтээд босож ирэхгүй байхад, гаднаас аав нь орж ирээд Нямбаатарыг цохиж өшиглөж байсан. Гэр дотор байхдаа Нямбаатар, Шагай хоёр муудалцсан зүйл байхгүй. …Би өмнө нь Шагай гэх залуутай харьцаж байгаагүй харин Содоотой 1 жилийн өмнө утсаар харьцдаг байх үед Содоо манай найз Шагай гэж ярьдаг байсан. Бид нар нийт 5 том нийслэл пиво аваад гуравыг нь уугаад 2 үлдсэн нэгийг нь задалсан байсан. Жорлонгийн хажууд манай найз залууд Шагай гэх залуу “Цэцэгээ Содоотой унтаж хэвтээд хүүхэдтэй байсан тэгээд хүүхдийг нь авахуулсан. Нямбаатарыг дундуур нь ороод салгачихсан чи зайгаа тавиад өгөөч” гэж хэлсэн байсан. Би Содоо гэх залуутай бэлгийн харьцаанд орж байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 х/

 

Гэрч Д.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн өдөр тойргийн цэцэрлэгийн тэнд Сэлэнгэмөрөн, Алтанцэцэг, Цэцэгээ түүний найз залуу гэх нэг эрэгтэй байсан. Тэгээд бид нар уулзаад Сэлэнгийн гэрт очиж дэлгүүрээс нийслэл пиво том савалгаатайгаас нь 2 ширхэгийг аваад гэрт ороод ууж суусан. Тэгээд байж байхад орой 22 цаг болж байхад Сэлэнгэмөрөнгийн дүү Содоо, Шагай нар гаднаас орж ирсэн. Тэгээд тэр хоёр буцаж гараад нийслэл пиво том савалгаатайгаас нь 2 ширхэгийг аваад орж ирсэн. Цэцэгийн найз залуу Содоо, Шагай нартай танилцсан. Хоорондоо юм ярьж сууж байгаад Цэцэгээ найз залуутайгаа бие засах гэж гарсан. Тэр хоёртой Шагай цуг гарсан. Удалгүй гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гэрээс гараад хартал Шагай, Цэцэгээгийн найз залуу хоёр жорлонгийн хажууд өөд өөдөөсөө харсан, зодолдсон байдалтай зогсож байсан. Цэцэгийн найз залуу Шагайг зодсон байж магадгүй би яг хажуу талд нь байгаагүй. Шагай гэх залуу Цэцэгээгийн найз залуутай эхлээд хэвийн харьцаатай байсан боловч хэсэг хугацааны дараа дургүйцсэн байдлаар хандсан юм. Нямбаатар пивоноос бага зэрэг уусан харин Мөнгөншагай нь Нямбаатараас их согтолттой байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 х/

 

Гэрч Ц.Доржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр гэртээ унтаж байхад шөнө 01 цагийн үед манай эхнэр Сэлэнгэ Доржоо босоорой гадаа нэгнийгээ зодоод байна гэхээр нь гараад хартал манай хашааны зүүн хэсэгт байдаг модон хашааны хүн явдаг зам дээр Шагай дээш харсан таван хошуу болчихсон хэвтэж байсан. Би очоод амьсгалж байгааг нь хамар дээр нь хуруугаа дараад үзсэн чинь амьсгалж байсан. Манай хашааны баруун хэсэгт зодсон гэх залуу үүдэн дээр зогсож байсан. Манай эхнэрийн дүү Сэлэнгэмөрөн чи яаж байгаа юм гээд асуугаад байсан. Цагдаа нар ирэхээс өмнө зугтчих байх гээд би өмсөж байсан хувцаснаас нь зуураад гэрийн ард зогсож байхад Цэцэгээ та тавьчихалдаа наад залуу чинь зугтахгүй, би зугтахгүй учраа мэдэж байна хариуцлагаа хүлээнэ гээд байхаар нь тэр чинь хамаагүй цагдаа нар иртэл байж бай гэж байх зуур зодуулсан залуугийн аав нь ирээд, зодсон залууг хоёр гурван удаа зодсон. Ингээд Цагдаа нар ирээд Нямбаатарыг аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 х/

 

Гэрч Ц.Содбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр найз Мөнгөншайгийн хамт Чимэдбадрах Мөнх-Эрдэнэ нартай очиж уулзаад 0,5 гр хараа архи худалдаж аваад Мөнгөншагай тэр архинаас гялгар хийцтэй 50-ийн аягаар нэг удаа уусан ингээд үлдсэн архийг нь Чимэдбадрах Мөнх-Эрдэнэ нар хувааж уусан би уугаагүй. Мөнгөншагай бид хоёр Баянхошуу орох гээд микронд суугаад гэртээ ирэхэд ойролцоогоор 21 цаг өнгөрч байсан. Гэртээ ирэхэд манай эгч Сэлэнгэмөрөн, Цэцэгээ, түүний найз залуу гэх нэг эрэгтэй Алтанцэцэг бас нэг охин байсан. Гэрт байж байтал Алтанцэцэг ханиндаа дээшээ хүүхдийн хувцасанд яваад ирье гээд ойролцоогоор 40-50 минутын дараа гэртээ ирэхэд цагдаа нар ирчихсэн, Мөнгөншагай зодуулаад цагдаа руу явсан гэж манай эгч хэлсэн. Цэцэгээ манай эгчийн найз болохоор хааяа манай гэрт ирдэг байсан ойр дотны харьцаа байхгүй. Хэсэг хугацаанд мэссэжээр харилцдаг байж байгаад тэр хөдөө яваад холбогдохгүй болчихсон. Цэцэгээтэй мэссэжээр харьцаж байх үедээ би Мөнгөншагайд хэлэхэд нээх тоогоогүй. Цэцэгээ Мөнгөншагай хоёр нэг нэгнийгээ ганц, хоёр удаа л харж байсан болохоос биш өөр харьцаа байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 х/,

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №6577

1.Мөнгөншагайгийн биед суурь ясны зүүн талын их далавч болон хацар ясны нийлэх заадас хэсгийн зөрүүтэй хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, зүүн ухархайн дотор, доод, гадна, урд ханын цөмөрсөн нийлмэл хугарал, хамар ясны хоёр хажуу ханын олон тооны ясны хэлтэрхий бүхий цөмөрсөн хугарал, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, хоёр хацар дээр доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинжээч эмч Г.Энхбаатар /хх-ийн 43 х/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 х/

            Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 85-96 х/

            Хохирлын баримтууд /хх-ийн 97-112, 144-145 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

            Б.Нямбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 2-4 тоотод согтуурсан үедээ Б.Мөнгөншагайтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогч нь түүнийг эхэлж цохисноос болж нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Нямбаатарын: “. ...  Мөнгөншагай надад хандаж “танай найз охин Цэцэгээ надтай унтаж хэвтдэг, тэр байтугай хүүхэд авахуулсан” гэж надад хандаж заналхийлсэн маягтай хэлээд “одоо та хоёр сал цаашдаа үргэлжилж чадахгүй” гэж хэлсэн. Би тоогоогүй цаашдаа болох байлгүй гээд Цэцэгтэй уулзах гээд гадагшаа гэрээс гараад Цэцэг бие засах гээд жорлон орсон. Би гадаа нь Цэцэгийг хүлээгээд зогсож байхад гэрээс Мөнгөншагай гэх залуу гарч ирээд намайг “Цэцэгээс сал гээд хэлээд байхад яах гээд байгаа юм бэ” гэхэд би Мөнгөншагай гэх залууд “Цэцэг бид хоёр өөрсдөө учраа олчихноо” гэж хэлээд байхад миний куртикнээс татаж, миний нүүрэн тус газар өөрөө түрүүлээд нэг удаа цохичихсон. Тэгээд би зөрүүлээд гараа зангидаж байгаад эрүү шанааны хэсэгт нэг цохиод авсан чинь Мөнгөншагай гэх залуу газар уначихсан, тэгээд би хажуу дээрээс нь нүүрэн тус газар, хацар, шанаа хэсэгт нь 3 удаа гараараа цохисон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-58, 60 х/

  

Хохирогч Б.Мөнгөншагайн: “… Би Цэцэгээс “чи энэ залуутай үерхдэг юм уу” гээд асуухад Цэцэгээ надад үгүй гэж хэлсэн. Би тэр залуугаас “та хоёр үерхдэггүй юм биш үү” гэхэд тэр залуу үерхдэг гэж хэлсэн. Өөр би тэр залуутай юм яриагүй. Тэнд Сэлэнгэмөрөнгийн гэрт бид нар пиво хувааж уугаад би тамхи асаагаад бие засах гэж гэрээс гараад юу болсон талаар санахгүй байна. Хажууд хэн хэн байсан талаар хэлэх зүйл ч алга би зодуулаад ухаан алдсан байх. Намайг дээрээс ус асгаж сэрээсэн гэж дараа нь сонссон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 х/

 

Гэрч Ц.Сэлэнгэмөрөнгийн: “. ... Нямбаатар надад хэлэхдээ “Би хоёрхон удаа л цохисон” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 х/

 

Гэрч Ү.Цэцэгээ-н: “...Шагай /Мөнгөншагай/ манай найз залууг “чи Цэцэгээгийн найз залуу юм уу” гээд дооглосон янзтай инээгээд байхад нь Нямбаатар тиймээ гээд толгой дохиод байсан. Шагай гэдэг залуу манай найз залууг “хоёулаа гараад уулзачих уу” гэж хэлж байхыг би сонссон. Гадаа гараад Нямбаатар миний гарнаас барьчихсан байсан. Би гараа салгаад авсан чинь манай найз залууг Шагай гэх залуу “наад охин чинь чамайг тоохгүй байгаа юм биш үү одоо зайлаач” гээд хэлж байсан. Нямбаатар өөдөөс нь “чи юу гэнээ” гэж байсан. Би бие засаад гараад ирсэн чинь жорлонгийн хажуу талд ... Шагай гэх залуу Нямбаатарыг заамдаж аваад цохиод авсан, Нямбаатар гарынхаа ар талаар саваад цохисон чинь Шагай гэх залуу газар унасан. Нямбаатар ахиад хоёр удаа дээрээс нь нүүрэн тус газар нь цохичихсон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 х/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №6577

1.Мөнгөншагайгийн биед суурь ясны зүүн талын их далавч болон хацар ясны нийлэх заадас хэсгийн зөрүүтэй хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, зүүн ухархайн дотор, доод, гадна, урд ханын цөмөрсөн нийлмэл хугарал, хамар ясны хоёр хажуу ханын олон тооны ясны хэлтэрхий бүхий цөмөрсөн хугарал, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, хоёр хацар дээр доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинжээч эмч Г.Энхбаатар /хх-ийн 43 х/ гэсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Б.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Б.Нямбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

Хохирогч Б.Мөнгөншагай эмчилгээний зардлын 4.864.104 төгрөгийн баримт хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэдий ч уг баримтууд нь хуулбарласан баримтууд байгаа тул нотлох баримтын шаардлага хангахгүй /хх-ийн 87-112 х/ гэж шүүх үзсэн.

Б.Нямбаатарын зүгээс мөрдөн байцаалтын шатанд 400,000 төгрөг, шүүхийн шатанд  5,000,000 төгрөг тус тус төлсөн болох нь хавтаст хэргийн 110-111, 144-145 дугаар хуудаснуудад авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул түүнийг хохирогчийн зүгээс шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд гарсан, түүний нэхэмжилсэн зардлуудыг өөрийн сайн дураар бүрэн төлж барагдуулсан гэж дүгнэх боломжтой харин цаашид хийгдэх эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй.

 

            Б.Нямбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа зохих хэмжээнд нөлөөлсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг өөрийн сайн дураар хохирогчийн нэхэмжилсэн хэмжээнд төлсөн зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Агнан овогт Баттөгсийн Нямбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Б.Нямбаатарыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Нямбаатарт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Б.Нямбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохиролд 5,400,000 төгрөг төлсөн, хохирогч Б.Мөнгөншагай цаашид хийгдэх эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Нямбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нямбаатарт урьд авсан бусдын батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ДАШДОНДОВ