| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/0149/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/156 |
| Огноо | 2022-02-10 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/156
2022 02 10 2022/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч Э.М.............л нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0015 40102 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Сутайн цагаан богд овогт Э............лын М.............л, Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа Эмээлт захад ачигч хийх болон такси үйлчилгээ үзүүлэх хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 19 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар УХ89010715.
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М.............л нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .......................... тоот хашааныхаа гадна байсан Toyota Prius-20 маркийн ........... улсын дугаартай, Д.Б.........................аагийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дээр гарч эд зүйлсийг устгаж, гэмтээсний улмаас 547.150 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Э.М.............л нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэртээ хамар хашааны буюу 11а тоотын оршин суугч Б.С....................лдын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хоорондоо маргалдсан байна. Ийнхүү маргалдан уурлахдаа Э.М.............л нь 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .......................... тоот өөрийн хашааны гадна байрлуулсан байсан Б.С....................лдын эцэг Д.Б.........................аагийн эзэмшлийн Toyota Prius-20 маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр гарч тээврийн хэрэгслийн хоёр толь, урд талын салхины шил, дээвэр, буруу талын урд талын их гэрэл зэрэг эд зүйлсийг устгаж, гэмтээсний улмаас 547.150 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Гэмт хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ..........................а тоот ертөнцийн зүгээр урагш харсан, шар өнгийн хаалгатай, блокоор хийсэн хашаа байв... хашаагаар ороход.............. улсын дугаартай Toyota Prius-20 маркийн автомашин байх ба уг машины 2 талын толь, урд талын салхины шил, дээвэр, урд талын их гэрэл хагарсан байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-9 дэх тал)
- Хохирогч Д.Б.........................аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 12-ний өдөр 14 цагийн үед хүү С....................лд, хүүгийн найз Э.М.............л хоёр надаар машины кузов гагнуулсан юм. Гагнуурыг Э.М.............лын хашаанд хийсэн, тэгээд би гагнуураа хийж дуусгаад өөрийн гэртээ орсон юм. Э.М.............л манай хамар хашаа, хөрш айлууд юм. Орой 22 цагийн үед миний ........... улсын дугаартай саарал өнгийн Toyota Prius-20 маркийн авто машин хашааны үүдэнд байсан. ...би гэртээ байж байгаад гадагшаа ундаа авахаар дэлгүүр орчхоод буцаад хашааныхаа үүдэнд ирж байхад хүү С....................лд, М.............л хоёр хоорондоо маргалдаж байсан. ...Тэгээд гэнэт Э.М.............л машины маань дээр гараад хөлөөрөө машины дээвэр урд талын салхины шил, 2 талын толь, баруун талын урд их гэрлийг өшиглөж, дэвсэж эвдэж гэмтээсэн...би машинаа янзлуулчихвал гомдол санал гэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
- “Мастер-Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №7476 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: “...Тoyota Prius-20 маркийн.............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн... урд салхины шил...220.000 төгрөг, дээвэр...36.600 төгрөг, гадна 2 талын толины суурь...120.000 төгрөг, баруун урд их гэрэл дохио...100.000 төгрөг, буюу шууд зардал...440.000 төгрөг, шууд бус зардал...70.550 төгрөг буюу нийт 547.150 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
- Түүнчлэн шүүгдэгч Э.М.............л нь мөрдөн байцаалтад: “...2021 оны 12 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед байхаа найз С....................лдтой хамт ...0.75 литрийн “Соёрхол” нэртэй 1 шил архи уусан. Архиа ууж дуусгаад С....................лдтой үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдсан... Тэгээд би гэрээс нь гараад аавынх нь эзэмшлийн 18-94 УБЧ улсын дугаартай Toyota Prius-20 маркийн автомашины урд талын салхины шил, дээвэр, 2 талын толийг хөл, гараараа цохиж өшиглөж дэвсэж эвдэж хагалсан... би Д.Б.........................аа ахын машиныг эвдэж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Д.Б.........................аа ахын машиныг нь янзлаад хохирлыг нь бүрэн барагдуулсан...” гэж (хавтаст хэргийн 73-74 дэх тал) мэдүүлж байсан болох нь авагдсан байх бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.М.............л нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.М.............л нь иргэн Б.С....................лдтой хувийн таарамжгүй сэдэлтээр, маргалдаж, улмаар шууд санаатай үйлдлээр түүний эцэг Д.Б.........................аагийн эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бусаас дээш хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон хөрөнгө үнэлгээний дүгнэлт зэргээр тогтоогджээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Э.М.............лыг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага бусаас дээш хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Д.Б.........................аад энэ гэмт хэргийн улмаас 547.150 төгрөгийн хохирол хор уршиг учирснаас шүүгдэгч Э.М.............л нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Э.М.............лыг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Э.М.............л нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Э.М.............л нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 82 дахь тал), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 99 дэх тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 88 дахь тал),
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 28, 41 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 36-37 дахь тал), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43-44 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 33-34 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.М.............л, хохирогч Д.Б.........................аа нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Э.М.............лыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.М.............лд шүүхээс торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0015 40102 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сутай цагаан богд овогт Э............лын М.............лыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М.............л 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М.............лд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М.............л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ