Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2017/01437

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С-д холбогдох

Урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг 2017 оны 02 дүгээр 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өнөржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Цоож шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц миний бие Д орон нутгийн өмчит  аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлаар С З Д-ын 2013 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн 31 дугаар захирамжаар томилогдон ажиллаж байсан.

Үүрэгт ажлаа гүйцэтгэж байх хугацаандаа  ЗД-тай Үр дүнгийн гэрээ байгуулан ажилдаа хариуцлагатай хандаж, байгууллагыг ашигтай ажиллуулж байсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/29 тоот  захирамжид Дүүргийн ЗД байгуулсан үр дүнгийн гэрээ, хамтран ажиллах гэрээний 2016 оны биелэлтийг дүгнэсэн үзүүлэлтээр А үнэлгээ авч мөнгөн урамшуулал авсан. Уг захирамжид намайг Үр дүнгийн гэрээгээр ажиллаж  байсныг баталсан болно.

Гэтэл дүүргийн Засаг дарга Х.Б 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот захирамжаар намайг өвчтэй эмнэлгийн акттай байх хугацаанд ажлаас хууль бусаар чөлөөлсөн.

Дүүргийн Засаг даргын захирамж гарахдаа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Сүхбаатар дэвшлийн үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай 42 дугаар тогтоолын хавсралтын 2.2, 3.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.,41.1.4 дэх заалтыг  тус тус зөрчсөн тул контрактыг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэснийг хууль бус гэж үзэж байна.

Миний бие Сүхбаатар дүүргийн ЗД-тай үр дүнгийн  гэрээ байгуулан дүгнүүлж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 41.1.1-т хуульчилж  өгсөн Контрактын гэрээ байгуулан ажиллаж байгаагүй болно. Тиймээс намайг ажлаас чөлөөлөх тухай захирамжид контрактын гэрээг цуцлах гэдэг нь уг захирамжийг хэрэгсэхгүй хүчингүй болгох үндэслэл юм. Уг захирамжид үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.1, 41.1.4-ийг баримтлан намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 41.1-д Контрактыг дүгнэх үед ажилтан  контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн тохиолдолд контрактыг цуцална гэж заасан байна. Би ямар ч контрактын гэрээ байгуулаагүй ба Сүхбаатар дүүргийн ЗД байгуулсан үр дүнгийн гэрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд А үнэлгээ авч байсан бөгөөд Аудитын дүгнэлтээр Сүхбаатар дэвшил байгууллагыг  зөрчилгүй гэсэн дүгнэлт гарч байсан.

Байгууллагын  удирдлагын хувьд намайг хуулийн байгууллага болон  бусад хяналт шалгалтын байгууллагаас шалган ямар нэгэн зөрчил дутагдал илрүүлсэн, нотлогдсон тохиолдол гаргаагүй бөгөөд энэ нь миний нэр төрийг сэргээж надаас уучлалт гуйхыг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц-ийн нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Ц Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын захирлаар  ажиллаж байхдаа ажилдаа хангалтгүй хандаж төсвийн зарцуулалтыг үр ашиггүй хяналтгүй зарцуулсан нь  тогтоогдсон тул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Д.Цоожийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/01 дүгээр захирамжаар чөлөөлсөн.

Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 13-ны  өдрийн ... дүрмийг батлах тухай 42 дугаар тогтоолоор тус байгууллагын дүрмийг баталсан. Тус дүрмийн 2 дугаар  зүйлийн 2.2 дахь хэсэг Үйлдвэрийн газрын бүтэц орон тоог дүүргийн Засаг дарга тогтоож, үйлдвэрийн газрын даргыг ....... чөлөөлнө., 2.3-т үйлдвэрийн газрын дарга нь Хөдөлмөрийн тухай Төсвийн байгууллагын  удирдлага санхүүжилтийн тухай хуулиар олгогдсон эрх эдэлж , үүрэг хүлээнэ , 2.5 дахь хэсэгт үйлдвэрийн газрын дарга нь төсөв санхүүгийн үйл ажиллагааг зүй зохистой удирдаж, хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулна, 3.1-д Үйлдвэрийн газрын удирдлага .... энэхүү дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Учир нь нэхэмжлэгч нь 2016 оны байгууллагын тайлангаар 2.8  гаруй тэрбум төгрөгийн зарлага гаргасан бөгөөд Нийслэлийн аудитын  газраас тус байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт санхүүгийн хяналт, шалгалтыг зохин байгуулан ажиллахад 1,905,410,070 төгрөгийн зөрчил үүсэж залруулах боломжгүй 241,779,010 төгрөгийн зөрчлийг Нийслэлийн аудитын байгууллагаас тогтоосон.

Зөрчлөөс дурдвал ахлах нягтлан бодогч 100 гаруй сая төгрөгийг бэлнээр авч нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор гүйцэтгээгүй, Тохижилт үйлчилгээний албаны байрны түрээсийн зардлыг зах зээлийн үндэслэлгүйгээр хэт илүү үнээр гэрээ байгуулсан, арилжааны банкны дансны хуулга журналын мөнгөн дүн орлого үр дүнгийн тайланд тусгасан санхүүжилтийн дүн хоорондоо зөрүүтэй гэх мэт зөрчлийг гаргасныг Нийслэлийн аудитын газрын 2017 дүгнэлтээр хязгаарлалттай санал, дүгнэлт тус байгууллагад тавьсан. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг “...санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай...санал, дүгнэлт авсан, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах...”-т, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41 41.1.1 ,контрактыг...ажилтан контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн, 41.1.4.контрактаар ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон”-т гэж зааснаар санхүүгийн зөрчлийг удаа дараа гаргасныг Нийслэлийн аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Албан шаардлага, мөн оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 583 дугаар хязгаарлалтай санал, дүгнэлтээр нотлогдож байна.

2. Мөн тус дүүргийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай 11 дүгээр мэдэгдэл хэргийг хянахад Сүхбаатар дэвшил орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлт байхгүй, мөнгө хураагч нарын ажилд өдөр тутам хяналт тавьж ажилладаггүй, бүртгэл тооцоололт хангалтгүй, ажилтны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах удирдах ажилтны хариуцлагагүй байдал нь...гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болсон байна.”-д дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ц нь үүрэгт ажилдаа хайнга хандаж Төлбөр хураагч болон санхүүгийн үйл ажиллагаанд хангалтгүй хандаж байсан нь нотлогдож байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл Д.Ц нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг “Гүйцэтгэх удирдлага нь...байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.”-т заасны дагуу дээр дурдсан санхүүгийн тайлан, гүйлгээний эрхийг нэгдүгээр гарын үсэг зурж хариуцдаг мэдсээр байтал энэ төрлийн зөрчлийг удаа дараа гаргаж байсан. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах хуулийн заалтыг зөрчсөн.

Санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг ажилтан, албан хаагч нарыг өдөр тутмын удирдлагаар хангаагүй, санхүүгийн хариуцлагыг өндөржүүлэгээгүй хангалтгүй хандсан зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болсон.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар, орон нутгийн өмчит хуулийн этгээдэд олгогдсон хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэмжээ, хязгаарыг тогтоох; Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2 орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох;” гэж заасанчлан дүүргийн Засаг даргын захирамж эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримт шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц С-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уучлалт гуйлгуулах шаардлагаас татгалзсан байна.

Хариуцагч төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан нь нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

  1. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Ц нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 61 дүгээр захирамжаар Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит, аж  ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар томилогдож, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргатай “Үр дүнгийн гэрээ”-г байгуулан ажиллаж байжээ. /хх-ийн 5, 100-105 дугаар талууд/

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 захирамжаар “Д.Ц-той байгуулсан контрактыг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж Хөдөлмөрийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.1., 41.1.4., Сүхбаатар дэвшил  үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай 42 дугаар тогтоолын 2.2., 3.1. дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлжээ./хх-ийн 4 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь  ажилтныг ажлаас чөлөөлөгдөх  болсон  үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл бүрддэг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.”, 41 дүгээр зүйлийн 41.2.-т “Энэ хуулийн 41.1. 3.-т заасан үндэслэлээр контрактыг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч энэ тухайгаа ажилтанд хоёр сар, түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд гурван сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.” гэж тус тус заажээ.

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд хуульд заасан хугацааны өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийг өвчтэй байх хугацаанд ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй байна./хх-ийн 90 дүгээр тал/

Түүнчлэн хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “нэхэмжлэгчийг ажилдаа хайнга хандаж байсан нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын мэдэгдэл, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-т Нийслэлийн Аудитын газраас 2016 оны санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтээр нотлогдсон” гэж тайлбарлажээ.

Гэтэл нэхэмжлэгчийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлснөөс хойш Нийслэлийн аудитын дүгнэлт, прокурорын мэдэгдэл ирсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Ц-ийг Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит, аж  ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй гэж дүгнэв.

2. Ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг түүний сүүлд авч байсан 3 сарын цалин хөлсний дунджаар тооцвол, (677,548,000+2,094,500=1,836,221):3=1,536,089/21,5=71,446 төгрөг, ажлын нэг өдөрт ногдох цалин хөлсний дундаж төгрөг байна.

Үүнийг ажилтны ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл буюу ажлын 87 хоногт үржүүлж 71,446*87=6,215,802 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тооцож шийдвэрлэв.

Цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг Д.Ц №000108662 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тооцсон болно.

Хариуцагч С-т нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг даалгав.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн, тухайн үйл баримтад хамааралтай мэдээллийг агуулсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд тус ту  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан Д.Ц-ийг Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит, аж ахуй аж  ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилж, С-аас 6.215.802 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ц-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг С-д үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч С-аас 114,403 төгрөгийг гаргуулж  улсын орлогод оруулсугай.

4. Нэхэмжлэгч Д.Ц нь уучлалт гуйлгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ