Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2017/01790

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

Орон сууцны талбайн зөрүүд илүү төлсөн 6.387.500 төгрөг гаргуулах, орон сууц захиалгаар бариулах гэрээний 6.3 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, хариуцагчийн төлөөлөгч С.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би төрсөн охин М.Цг  гэр оронтой болгох зорилгоор 2011 оны 12 сарын 5-ны өдөр МдТоф ХХК-тай Сонгинохайрхан дүүргийн ...дүгээр хороо, ....цогцолборын ..айлын орон сууцны ...давхрын ...тоот орон сууцыг 1м.кв-ыг нь 1 250 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийсэн.

Байрны м.кв гэрээнд заасан хэмжээндээ хүрэхгүй байна гэсэн яриа гарахаар нь хэмжилт хийх эрх бүхий хүмүүст дуудлага өгч хэмжилт хийлгэхэд 36 м.кв-аас 5.11 м.кв дутуу байсан ба үнийн зөрүүд 6 387 500 төгрөгийг илүү авсан байсан. Дамдинсүрэн гэж хүн хохирсон бүх хүмүүсийг цуглуулж гаднаас нотариат авч ирээд та нарын хохирол барагдсаны дараа Мд Тоф ХХК-иас ирэх мөнгөнөөс авна гэж тохироод урьдчилгаанд 185 000 төгрөгийг авсан бөгөөд нэг жилийн хугацаа хэрэгтэй гэсэн.

2015 оны 9 сард таараад асуутал Улсын Дээд шүүх дээр байгаа хүлээж бай гэсэн. Танай шүүхээс Дамдинсүрэнг хуралдаа суугаагүй шалтгаанаар нэхэмжлэлийг буцааж явуулсан бичгийг 2015 оны 12 сарын 23-нд манай хүүхдэд өгсөн байсан. Ингээд дахин танай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ..... ХХК-иас хохирлыг барагдуулж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч М.Цн  итгэмжлэгдсэн төлөөлөгч би ..... ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн  зөрүүд 6,387,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэлтэй холбогдуулан 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн М.Ц  ...... ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д заасан Орон сууцны нийт талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон болно гэх хэсэг нь хууль зөрчсөн буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэн  энэ хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Учир нь .....ХХК нь барилгын зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага боловч Монгол улсад дагаж мөрдөж буй хууль дүрэм стандартыг мэдсээр байж Орон сууцны  барилгын дотор талбай тооцох аргачлал .:56058 стандартыг баримтлаж уг хэлцлийг байгуулагдаагүй болох нь хавтас хэрэгт авагдсан

- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага,

- Монгол улсын шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 316 дугаар тогтоолоор нотлогдож байна.

Хэдийгээр гэрээний чөлөөт байдал, гэрээгээр талууд харилцан тохиролцсон гэж үзэж болох боловч нэхэмжлэгчийн зүгээс хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн буюу мэдэх боломжгүй байсан гэж үзнэ.

Төөрөгдсөн буюу мэдэх боломжгүй байсан гэдэгт нэхэмжлэгч иргэн М.Ц нь Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу баригдсан Сүхбаатар дүүрэг ...дүгээр хороо ...цогцолбор хороолол .....байрны ...тоот 36м.кв гэх орон сууцны барилгын дотор талбайг энгийн хүний нүдээр мэдэх боломжгүй буюу зөвшөөрөл  бүхий мэргэжлийн байгууллагад хандан стандартын дагуу тооцох аргачлалаар хэмжилт хийлгэж хэмээн мэдэх боломжтой.Гэрээнд энэ  тухай тусгаагүй буюу худалдан авагч талд орон сууцын барилгын дотор талбайг хэмжилт хийлгэн  хүлээн авах үүрэг хүлээгээгүй.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нь Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д заасан Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч  үндсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж хуульд заасны дагуу гэрээний гол нөхцөлүүд хуулийн хүчин төгөлдөр хэвээр үлдэх боломжтой тул тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг  хүчин төгөлдөр бусд  тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийг шүүхэд Д..М нэрээр гаргасан байна. .....ХХК-нь М..ай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байдаг. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч ........ ХХК-д холбогдуулан орон сууцны үнэд илүү төлсөн 6.387.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц захиалгаар бариулах гэрээний 6.3 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч ХХК, түүний өмгөөлөгч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хүлээн зөвшөөрөхгүй нь гэж маргаж байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Нэхэмжлэгч М.Ц болон хариуцагч .....ХХК-ийн хооронд 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ” нэртэй гэрээг Сонгинохайрхан дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах орон сууцны барилгын  дүгээр блокийн .орц, ..давхарт байрлах 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг ... ХХК барьж ашиглалтад оруулан М.Цд хүлээлгэн өгөх, М.Цнь орон сууцны үнэ болох 45.000.000 төгрөгийг ........ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 8-13 дугаар тал/

Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байх бөгөөд дээрх гэрээг ноцтой төөрөгдсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч ....... ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 29...дүгээр хорооны нутаг дэвсгэрт ...айлын ...давхар орон сууцыг, барилга байгууламжийг ...... дугаартай зураг төслөөр 2011 оны 03 дугаар сараас барьж эхэлсэн бөгөөд 2012 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дуусгаж, 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ....... улсын комисст хүлээлгэн өгсөн байна./хх-ийн 86-87 дугаар тал/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцсэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ’ гэж  хуульчилсан.

Хариуцагч баригдсан орон сууцыг санал болгож, нэхэмжлэгч тохирсон үнийг төлсөн зэргээс дүгнэхэд талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол” шаардлага гаргах эрхээ алдахаар заажээ.

Өөрөөр хэлбэл гэрээнд заасан талбайн хэмжээг тодорхой тусгасан байхад нэхэмжлэгч нь хүлээж авахаас өмнө, эсхүл хүлээж авах үедээ хэмжилт хийлгэх замаар тухайн орон сууцны талбайн хэмжээг, хүлээж авах үедээ мэдэх боломжтой байсан хэдий ч хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд “нэхэмжлэлээ зөв гаргасан байсан бол бид м.кв зөрүү үнийг хүлээн зөвшөөрч төлөх болно” гэсэн тайлбарыг гаргасан.

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр тэнхлэгээс тооцож хэмжилт хийлгэхээр .......ХК-ийг шинжээчээр томилсон ба  орон сууцны хананы тэнхлэгээс тэнхлэг хүртэлх талбайн Sc нийт=34.39 м.кв гэсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн./хх-ийн 132-138 дугаар тал/

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан 1 м.кв үнэ 1,250,000 төгрөгт /1,250,000*1.61/ буюу зөрүү үнэ 2.012.500 төгрөгийг, М.Цд  олгож, шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлд нэхэмжлэгчийн нэрийг Д.М гэж  бичсэн байх тул нэхэмжлэгчийг Д.М гэж үзэх ба ...... ХХК-тай М.Ц гэрээ байгуулсан, уг гэрээнээс үүдэлтэй шаардах эрх М.ЦД байгаа, Д.М нь М.ЦГ төлөөлөх эрхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдсон үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан хэдий ч Д.М нь М.Цс 2016 оны 1 сарын 11-ний өдөр итгэмжлэл авсан, итгэмжлэлд....ХХК-д холбогдуулан орон сууцны м.кв-тай холбогдуулан нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийн бүх эрхийг эдлэх эрх олгогдсон байсан тул нэхэмжлэгч нь М.Ц бөгөөд Д.Мг нэхэмжлэгч М.Цг  төлөөлөх эрхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг  баримтлан хариуцагч .......ХХК-аас 2.012.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Цд  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 120.701 төгрөгийн 117,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3.551 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүн болох 2,012,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 47,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шинжээчийн ажлын хөлсөнд 70.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан ...........ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 56.4 д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.ГАНЧИМЭГ