Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/0248/Э |
Дугаар | 2022/ШЦТ/280 |
Огноо | 2022-03-18 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/280
2022 03 18 2022/ШЦТ/280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч М.Отгонбаатар,
шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.С холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000000243 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дүгээр сарын 11-ны өдөр Увс аймгийн баруунтуруун суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт тоотод түр оршин суух,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,
Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ял,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийг торгуулийн ялаар тус тус шийтгүүлж байсан, Ц.С /регистрийн дугаар /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч Ц.С нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цагаас 20 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт явган зорчиж явсан хохирогч Э.Отгонзаяагийн 1.075.000 төгрөгийн үнэ бүхий “I phone XS max” маркийн гар утсыг, хохирогч Ц.Цэлмэгийн 1.850.000 төгрөгийн үнэ бүхий “I phone 11 pro max” загварын гар утсыг, хохирогч Э.Мягмарсүрэнгийн 1.850.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 11 pro max” загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 4.775.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ц.Сыг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цагаас 20 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт явган зорчиж явсан хохирогч Э.Отгонзаяагийн 1.075.000 төгрөгийн үнэ бүхий “I phone XS max” маркийн гар утсыг, хохирогч Ц.Цэлмэгийн 1.850.000 төгрөгийн үнэ бүхий “I phone 11 pro max” загварын гар утсыг, хохирогч Э.Мягмарсүрэнгийн 1.850.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 11 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Ц.Ст хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Ц.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.С нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цагаас 20 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт явган зорчиж явсан хохирогч Э.Отгонзаяагийн 1.075.000 төгрөгийн үнэ бүхий “I phone XS max” маркийн гар утсыг, хохирогч Ц.Цэлмэгийн 1.850.000 төгрөгийн үнэ бүхий “I phone 11 pro max” загварын гар утсыг, хохирогч Э.Мягмарсүрэнгийн 1.850.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 11 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
Хохирогч Э.Отгонзаяагийн “... 2022 оны 01 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн орчим найз Хишигмаагийн хамт Нийслэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хажуу талаас гараад байран дундуур яваад хүүхдийн 100-гийн гудамжаар явж байгаад фантомын урд талын зам гарах гэж байх үед гар утсаа алдсан. Тухайн гар утсыг би 2021 оны 01 сард 1.090.000 төгрөгөөр авч байсан, хар бараан өнгийн айфоне икс эс загварын гар утас байгаа, тухайн үед намайг зам гарах гэж байх үед миний ард нэг тийм этгээд царайтай хүзүүн дээрээ шивээстэй залуу ба би тэр залууг сэжиглэж байна. Харвал танина, яг миний ард явж байсан миний сэжиглэж байгаа залуу хүзүүн дээрээ могой байсан уу, тод байсан уу тийм шивээстэй залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-16, 23/,
Хохирогч Ц.Цэлмэгийн “… 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 19 цаг 40 минутад найз залуу Хатантулгатай хамт Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах КПС-ээс гараад зам хөндлөн гараад гурван гал худалдааны төв орчим явж байгаад халаасанд байсан гар утсаа алдсан тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний алдсан утас айфоне 11 про маркын гар утас байсан 2018 онд 3.500.000 төгрөгөөр авч байсан... Тухайн үед намайг найз залуутайгаа явж байх үед бид 2-ийн ард 25-30 орчим насны хар өнгийн урт куртиктэй зүүн билүү баруун гарын бугуйн дээрээ улаан хартай шивээстэй цухуйгаад байсан байхаа тэр залууг сэжиглэж байна. Тухайн залуу миний ард тулж яваад байсан ба гэнэт өөр тийшээ гүйгээд явцан өөр миний ард болон хажууд явсан хүн амьтан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-68-69/,
Хохирогч Э.Мягмарсүрэгийн “...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 18 цаг 40 минутыг үед Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шангрилла молл худалдааны төвөөс гарахдаа өмсөж явсан хувцасныхаа зүүн талын халаасандаа хийгээд гарсан. Шангрилла моллоос найзын хамт хойшоо алхаж байгаад гарцаар зам гарсан. Тэгээд гар утсаа үзтэл алга болсон байсан ба би гар утсаа 2020 оны 01 сард 3.600.000 төгрөг авч байсан айфоне 11 промакс загварын гар утас байгаа. Би шангрилла молл гарц орчим алдсан гэж бодож байгаа тухайн үед миний ард сэжигтэй 30-35 насны хар бараан хувцастай залуу тулж зогсоод байсан ба би тэр залууг харвал танина тийм содон царайтай дэлдэндүү чихтэй зүүн хүзүүн дээрээ урт шивээстэй байсан...” гэх мэдүүлэг /хх-101-102, 111/
Яллагдагч Ц.Сын “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Шангри-Ла худалдааны төвийн хойд талын замын гарцаар явж байсан эмэгтэй хүний халааснаас Айфоне 11 про макс загварын гар утсыг хулгайлж аваад, цааш яваад Төв номын сангийн автобусны буудал орчимоос үл таних эрэгтэй эмэгтэй хоёр хүн явж байхаар нь эмэгтэй хүний халааснаас нь Айфоне 11 про загварын гар утсыг хулгайлан аваад, цааш яваад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Циркийн хойд талын замын явган хүний гарцаар явж эмэгтэй хүний халааснаас Айфоне Экс Эс загварын гар утсыг хулгайлан авсан. Уг гар утаснуудыг би Монтел худалдааны төвийн гадна зогсож гар утас худалдаж авдаг үл таних 1 эрэгтэй хүнд Айфоне 11 про макс, Айфоне 11 про загварын гар утсыг нийлүүлээд 1.000.000 төгрөгөөр худалдсан. Өөр бас нэг үл таних хүнд Айфоне Экс Эс загварын гар утсыг 150.000 төгрөгөөр худалдсан. Тухайн худалдсан гар утасны мөнгийг тухайн хүмүүсээс бэлэн мөнгөөр авсан. Тухайн гар утсыг худалдсан хүмүүсийг танихгүй, мөн монел худалдааны төвийн гадаа утас худалдаж авдаг хүмүүст зарсан. Одоо би тухайн хүмүүсийн танихгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ц.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ц.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ц.Ст танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ц.Сыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.С 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Ц.Ст нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5.Шүүгдэгч Ц.Ст нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР