Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2017/01686

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Р.Э,

Нэхэмжлэгч: Ч.С нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Н албанд холбогдох

Гадаадад зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Э.Э, хариуцагчийн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж заасан бөгөөд дээрх зүйлийн 18/-т улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, ... эх орондоо буцаж ирэх эрхтэй.

Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” гэж заасан.

Түүнчлэн Арван зургадугаар зүйлийн 13/-т халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, хорих, баривчлах, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж заасан.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хууль бусаар иргэн Р. болон Ч.нарын гадаадад зорчих эрхийг хязгаарласан шийдвэр /“хилийн хориг” гэж өөрсдөө өхөөрдөн нэрлээд байгаа/ гаргаж Монгол улсын Үндсэн хуульд заасан баталгаатай эдлэх ёстой эрхийг маань эдлүүлэхгүй байна. Энэ нь хууль бусаар иргэн бидний эрхийг хязгаарлаж байна. Хуулиар олгогдоогүй эрхийг захиргааны байгууллага эдлээд байна.

Зөвхөн Үндсэн хууль төдийгүй Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт зэрэг Монгол улсын нэгдэн орсон олон олон гэрээ хэлэлцээрийг нэгэн зэрэг зөрчиж байна.

Иргэн Р.Энь эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт үзүүлэхээр БНХАУ-д 14 хоног яваад ирье гэсэн хүсэлтийг гаргаад ч явуулахгүй байна. Нэг ёсондоо эмнэлгийн тусламж авах эрхийг маань зөрчиж байна. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 6/-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэж заасныг зөрчиж байна.

        Хамгийн гол нь хилийн хориг тавьсан гэж хэлдэг, хилээр гаргадаггүй боловч яг хэзээ, хэн гэдэг албан тушаалтны ямар огноо дугаартай шийдвэр /тогтоол, захирамж, тушаал гэх мэт/ эрхийн актаар бидний эрхийг зөрчөөд байгаа нь тодорхойгүй, ямар ч эрхийн акт өнөөдрийг хүртэл гардуулж өгөхгүй байна. Зөвхөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хилийн хориг тавьсан гэж л хэлдэг.

          Энэ талаар нь урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5/2784 тоот албан бичгээр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хариу авсан тул нэхэмжлэл гаргаж байна.

Монгол улсын иргэн Р., Ч.нарын Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон “гадаадад зорчих” эрхийг хууль бусаар хязгаарласан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр Р.Э, Ч.нараас 164.649.020 төгрөгийг гаргуулж нэр бүхий 21 иргэнд олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Р.Э, Ч.нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 15/16, 15/17 тоот мэдэгдэх хуудсыг биечлэн өгч 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/15111 албан бичгээр гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүхээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гадаадад зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр Р.Э, Ч.нараас 164.649.020 төгрөгийг гаргуулж нэр бүхий нэр бүхий 21 иргэнд олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 15/16, 15/17 тоот мэдэгдэх хуудсыг тойргийн шийдвэр гүйцэтгэгч хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4.4-д заасныг үндэслэн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/15111 албан бичгээр гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлсэн байна.

Монгол улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг дараах үндэслэлээр дор дурдсан хугацаагаар түдгэлзүүлнэ”:, 5 дугаар зүйлийн 5.4-д “гадаадад зорчих, цагаачлах нь бусад хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаа тухай нөгөө этгээд буюу байгууллагын өргөдөл, гомдол байгаа бөгөөд эрх бүхий байгууллага түүнийг үндэслэлтэй гэж үзсэн бол уг асуудлыг шийдвэрлэх хүртэл.” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4.4.-д “шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх.” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 366 дугаар шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бусдын эрх ашиг сонирхлыг хохироож байгаа нь хавтас хэрэгт авагдсан баримт зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь хэсэг, 116., 118. дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4.4.-д заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гадаадад зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ГАНЧИМЭГ