Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 142/2018/01240/и |
Дугаар | 001/ХТ2019/00859 |
Огноо | 2019-06-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2019/00859
“Х” ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/01279 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр магадлалтай,
“Х” ХХК-ний нэхэмжлэлтэй
Б.Зд холбогдох
Орон сууцанд амьдарсан хөлс 11.750.000 төгрөг гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7-7-2 тоот хаягтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Б.Згийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х” ХХК нь Барнийгийн Б.Зтай 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах 068 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Б.З нь компанийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7 хороолол 7 байрны 02 тоот хаягт байрлах орон сууцны гэрээгээр тохирсон үнэ 65.000.000 төгрөгийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх, компани нь дээрх хаягт байрлах орон сууцыг худалдан авагч Б.Зд хүлээлгэн өгөх, Б.Зг төлбөрөө төлсний дараа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг бэлэн болгож хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэл дээрээ орон сууцыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Б.Зд хүлээлгэн өгсөн гэж андуурч бичсэн байсан. Харин 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орон сууцыг Б.Зд хүлээлгэн өгсөн. Б.З нь гэрээгээр тохиролцсон ёсоор орон сууцны үнийг 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдөрт багтаан хуваарийн дагуу төлж дуусгах байсан. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж хавсралтад заасан хуваарийг зөрчсөөр байсан. Компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй юм. Иймд Б.Зд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэн. Б.З нь орон сууцыг хүлээн авсан өдрөөс хойш өдийг хүртэл компанийн орон сууцанд амьдарсаар байна. Б.З нь орон сууцны үнэ 65.000.000 төгрөг төлөх байснаас 5.000.000 төгрөгийг төлсөн байна. Энэхүү 5.000.000 төгрөгийг гэрээний 4.5-д харилцан тохиролцсон ёсоор орон сууцанд амьдарсан нийт хугацаагаар тооцон суутган авсан. Харин компанийн байранд амьдарсан хугацааны төлбөрийн зөрүү 11.750.000 төгрөг болж байгаа болно. Иймд Б.Згаас орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр болох 11.750.000 төгрөгийг гаргуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 хороолол 7 байрны 1 дүгээр орцны 1 давхарын 2 өрөө бүхий 2 тоот хаягт байрлалтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Б.З миний бие "“Х” ХХК-ийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт байрлах 7 дугаар хорооллын 7 дугаар байрны 02 тоот 45 м2 талбайтай 2 өрөө орон сууцанд 5.000.000 төгрөгийг урьдчилж төлөөд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын 068 тоот гэрээ байгуулсан. Манайх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус байранд нүүж орсон. 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр буюу битүүний өдөр гал тогооны өрөөний угаалтуураар бохир ус гүйхгүй болсон. Энэ гэмтэл нь шугам хоолойгоор галын өрөөний бохир гүйхгүйгээс болж гэрт бохир ус буцаж гарсан. Гэрийн хивс норсон. Тухайн үед компанийн 99879537 дугаарын утсанд залгаж, борлуулагч Б.Ууганчимэгт мэдэгдэж, компанийн сантехникийн засварчин янзалж өгсөн. 2017 оны 06 дугаар сард ванны өрөөний хатаагч задарсны улмаас даралттай ус алдсан. Компанийн 99522329 дугаарын утсаар мэдэгдэж, шинэ хатаагч сольж, тавьж өгсөн. Гэрийн хивс, дрож норж, буйдангийн хөлнүүд өмөрч унасан. 2017 оны 09 дүгээр сард “Х”ы байруудад халаалт ирсэн боловч зөвхөн манайх халахгүй байсан. Зарим үед огт халахгүй болж, заримдаа бүлээхэн ус ирж, 2 сар гаруй хугацаанд халаалт маш их доголдолтой байсан. Миний бие бас л компаний дээрх дугаарт мэдэгдсэн. Тэд өөрсдөө үзсэн. Эрдэнэт ус компанийн сантехникийн хүнийг дагуулж ирээд үзүүлж байсан. 2017 оны 12 дугаар сард шалан доогуур явсан сангийн хоолойноос халуун ус алдаж, гаднаас орж ирэхэд гэр битүү уур болсон байсан. Шалан дээр гишгэхэд ус гарч, гэрийн хивс, дрож ус болсон байсан. Жижиг өрөөнд 30 ширхэг компьютер хураасан байсан бөгөөд дор байсан процессоруудыг өргөхөд дотроос нь ус гарч байсан. Ингээд 11 ширхэг компьютерын процессор ажиллагаагүй болсон. Комьпютерийн процессорын нийт үнэ 5.500.000 төгрөг болно. Эд хөрөнгөнд хохирол учирсан талаар "“Х” ХХК-ийн захиргаанд мэдэгдсэн бөгөөд менежер Д.Доржпагма үзээд гарсан. Энэ талаар өргөдөл бичиж танилцуулсан боловч шийдэж өгөөгүй. Миний бие "“Х” ХХК-с 11 ширхэг компьютерын процессорын үнэ 5.500.000 төгрөгийг цаашид нэхэмжилнэ. Мөн тус байрны агааржуулалтын хоолойноос бохирын үнэр байнга үнэртдэг. Бид 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 7 дугаар хорооллын 7 дугаар байрны 02 тоот орон сууцыг "“Х” ХХК -д хүлээлгэн өгсөн. Бидний амьдарч байсан орон сууц нь маш их доголдолтой байсан. "“Х” ХХК нь миний урьдчилгаа төлбөрт өгсөн 5.000.000 төгрөгийг байранд суусны төлбөрт суутгасан тул би "“Х” ХХК- д төлөх төлбөргүй болно. Миний зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/01279 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар хариуцагч Б.Зд холбогдох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын 7-р байрны 1 дүгээр орцны 1 давхрын 02 тоотод байрлах 45 м2 талбайтай 2 орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.З хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1., 262 дугаар зүйлийн 262.1., 264 дүгээр зүйлийн 264.1., 264.2.-т заасныг баримтлан хариуцагч Б.Згаас 5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 6.500.000 /зураан сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Згаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 202.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Згаас 98.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/01279 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 118 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр хяналтын гомдолдоо: Магадлалыг үндэслэл муутай гэж үзэж байх тул дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Компанийн өмчлөлийн орон сууцанд Б.З нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 614 хоног амьдарсан. Түүний 614 хоног амьдарсан хугацааны төлбөрийг гэрээний хавсралт 2-д зааж тохиролцсон нэг сарын 500 000 төгрөгөөр тооцвол 10 232 924 төгрөг болох бөгөөд орон сууцанд амьдарсан хугацааны хөлс 10 232 924 төгрөгийг Б.З төлөх үүрэгтэй юм. Мөн орон сууц засварын материалын зардал, ажлын хөлс нийт 6 500 000 төгрөгийг төлөх ёстойгоос тэрээр анх орон сууцанд орохдоо төлсөн 5 000 000 төгрөгийг суутган авч зөрүү 1 500 000 төгрөгийг компанид төлөхөөр байсан. Ингээд орон сууцанд амьдарсан хугацааны хөлс 10 232 924 төгрөг орон сууцыг шинэчлэн засварлах материалын үнэ болон ажлын хөлсөнд төлөх 1 500 000 төгрөг нийт 11 732 924 төгрөгийг компани нэхэмжлэх эрхтэй болсон тул 11 750 000 төгрөгийг нэхэмжилсэн. Тооцооллын алдаа гаргаж 17 076 төгрөг илүү нэхэмжилсэн байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хэдийгээр талууд гэрээгээр шинэчлэн засварлах материалын нэг удаа 4 500 000 төгрөг, дотор заслын ажлын хөлс нэг удаа 2 000 000 төгрөг гэж тохиролцсон гэж нэхэмжлэгч тал орон засварлах материалын үнэ, ажлын хөлсөнд 6 500 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч...” гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь нэхэмжилж буй үнийн дүнгийн 10 232 924 төгрөг нь орон сууцанд амьдарсан хугацааны хөлс болно. Харин зөрүү 1 500 000 төгрөг нь шинэчлэн засварлах материалын үнэ, ажлын хөлс болно. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6 500 000 төгрөгийг материалын үнэ болон ажлын хөлс нэхэмжилсэн гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож буй нь учир дутагдалтай болсон байна. Мөн нөгөө талаас нэхэмжлэлийн шаардлагаас 6 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэрээгээр талууд тохиролцсон материалын үнэ, ажлын хөлс зэрэгт хамааруулан үзсэн нь буруу болсон. Учир нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр талуудын тохиролцсон тохиролцоог Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 /Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй/-д заасныг анхаарч үзээгүй байна. Хариуцагч Б.З нь компанитай гэрээ байгуулахдаа хэрэв гэрээний үүргээ зөрчиж, худалдагч тал гэрээг цуцалсан тохиолдолд гэрээнд заасан шинэчлэн засварлах материалын үнэ, хөлс нийт 6 500 000 төгрөгийг нэг удаа төлсөн төлбөрөөс суутгуулах талаар зөвшөөрсөн төдийгүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй буюу энэ мөнгийг компаниас гаргуулах сөрөг шаардлага гаргаагүй болно. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Б.Зд холбогдуулан Орхон аймаг, Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг 7-7-2 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, хохирол 11 750 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагч нь орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнэ төлөх үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзсан гэжээ.
Хариуцагч нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн байх ба урьдчилгаанд төлсөн 5 000 000 төгрөгийг орон сууцыг ашигласан хөлсөд тооцох боломжтой, хохирол 11 750 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Анхан шатны шүүх орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчаас 5 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг үндэслэлтэй тодорхойлсон боловч хэрэглэвэл зохих хэм хэмжээг оновчтой хэрэглээгүй алдааг шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой гэж үзэв. Нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.
Б.З нь нэхэмжлэлийн нэг шаардлага болох орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг биелүүлснээр тухайн маргааныг зохигч өөрсдөө шийдвэрлэсэн тул уг нэхэмжлэлийн талаар шүүх хууль хэрэглэх, эрх зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй байна.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл, зохигчийн байгуулсан гэрээнд эд хөрөнгийн үнэ төлөлтийг хэсэгчлэн хийснээс хамаарч өссөн, хүү тохирсон агуулга байхгүй байхад тэдгээрийн хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 262 дугаар зүйлд нийцээгүй, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан, гэрээг дуусгавар болсон талаар зохигч маргаагүй юм.
Зохигчийн байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний 4.5-д хэрвээ захиалагч орон сууцны урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй, гэрээ цуцлагдах тохиолдолд орон сууц ашигласны төлбөр болон дахин шинэчлэн засварлах засварын төлбөрийг гэрээний хавсралт 2-т заасан нөхцөлөөр суутган авна гэж, гэрээний хавсралт 2-т “орон сууц ашигласан төлбөр 500 000 төгрөг, 10 сар нийт 5 000 000 төгрөг, засварын материалын үнэ нэг удаа 4 500 000 төгрөг, ажлын хөлс нэг удаа 2 000 000 төгрөг нийт 11 500 000 төгрөг байна.” гэж тус тус заажээ.
Худалдах-худалдан авах гэрээ цуцлагдах тохиолдолд гэрээний зүйл болох орон сууцыг ашигласан байдлыг талууд харгалзан, сар бүр 500 000 төгрөгөөр төлбөр тооцохыг тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч нь орон сууцыг 2017 оны 02 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн нь тогтоогджээ. Шүүх 615 хоногийн төлбөрийг гэрээгээр тохирсон нөхцөлөөр бодож 10 250 000 төгрөг төлөхөөс урьдчилгаанд шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг хасч, хариуцагчаас 5 250 000 гаргуулсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
Харин эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл учирсан талаар нэхэмжлэгч нотлоогүй тул нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т нийцсэн, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр магадлал, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/01279 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...261 дүгээр зүйлийн 261.1., 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т...гэснийг 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т...” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА