Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 971

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Ц-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор Б.Энхбат,

            шүүгдэгч Ж.Ц-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхбагана,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1624 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 44 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Ж.Ц-т холбогдох 1808014940307 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сартуул овгийн Ж.Ц, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 1971 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон армотурч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 29 дүгээр гудамжны 498 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УС......................../,

 

Ж.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 29 дүгээр гудамжны 498 тоот гэртээ согтуугаар Э.Эыг зодон “тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, бага тархины дээд хэсгийн цусан хураа, тархины гүүр хэсгийн эдийн гүн дэх цус харвалт, хуйханд цус хуралт, 1 шүдний хугарал, баруун, зүүн нүдний зовхи, уруул, тохой, шуу, хөх, гуя, өвдөг, шилбэ, тавхай, ташаа, өгзөгт цус хуралт, хамар, уруулд зулгаралт” бүхий олон тооны гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ж.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Тус хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авах дараах үндэслэл байна. Үүнд:

1. Хохирогч Э.Э гар утастай байсан эсэх. Тэрээр 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр болон түүнээс өмнө гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий /нөхөр Баттогтох, хүүхэд, хадам ээж, төрөл садан Мөнхбагана, Ганхөлөг, төрсөн дүү Мягмарцог, бусад/ хүмүүстэй хэзээ, хаанаас ямар гар утсаар /өөрийн, бусдын/ эсхүл бусад хэлбэрээр хэрхэн холбоо харилцаатай байсан, хаана уулзаж байсан, эдгээр үйл явдал тус бүрийн хамгийн сүүлчийн цаг хугацаа хэзээ эсэх, Э.Эын хамт амьдардаг, уулздаг, нийлдэг, архидан согтуурдаг ямар хүмүүс байдаг эсэх, тэд ихэвчлэн хаана хэрхэн уулздаг, амьдардаг байсан эсэхийг шалган тогтоох,

2. Яллагдагчийн хүсэлтэд дурдагдсан хохирогчид Гэрлээ, Солонго, Энхээ гэх буюу Зүүн салааны 7 дугаар хороо, Улаан дэлгүүрийн 4 дүгээр буудалд байх найз нөхөд байдаг эсэх, хэрэв байдаг бол тэд хамгийн сүүлд хэзээ, хаана, хэрхэн уулзсан эсэхийг шалган тогтоох,

3. Хохирогч Э.Э 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хэнтэй, хэрхэн уулзсан, хаагуур явсан эсэх, энэ хугацаанд хадам ээжийндээ очсон эсэх, очсон бол ямар цаг хугацаанд, ямар байдалтай, хэнтэй явж байсан эсэх зэргийг тодруулах,

4. Тусгай мэдлэгийн хүрээнд дараах тодорхой бус асуудлыг шалгах:

- амь хохирогчийн нас барсан цаг хугацааг, хүүрийн толбо болон бусад шалгуур үндэслэлээр хэрхэн тогтоох боломжтой эсэх,

- цогцост үзлэг хийсэн цаг хугацаа нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19 цаг 40 минут байтал /хх 16/ цогцост үзлэг хийсэн цаг хугацаа, нас барсан цаг хугацаатай адилтгах /хх 89/ ямар үндэслэл, шалгуур байгаа эсэх,

- хохирогч хүчтэй зэргийн согтолттой байсан нь тархины зохих гэмтлийн улмаас нас барах хугацаанд хэрхэн нөлөөлөх эсэх,

- тархины зарим гэмтэл 6-12, 6-18 цагийн будагдалтай /фибрин/ гэсэн нь тухайн тархины гэмтэл нас барахаас 6-12, 6-18 цагийн өмнө үүссэн гэж үзэх /хх 85/ ямар үндэслэл, шалгууртай эсэх,

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу зөв тогтоох, хохирлын шинж чанар, хэр хэмжээнд хамаарах, нөлөөлөх бусад асуудлыг шалган тодруулах,

Хохирогч тусдаа амьдараад 6 сар болсон гэх боловч нөхөр Баттогтох, 2 хүүхэдтэйгээс гадна төрсөн дүүтэй байх тул холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу хохирогчийг зөв тогтоох, амь хохирогчийн 2 хүүхдийн тэтгэмж, гэм хор учруулсны төлбөр бусад асуудлыг амь хохирогчийн нөхөр, 2 хүүхдийнх нь эцэг Баттогтох шаардах эрхтэйг үгүйсгэх үндэслэл байгаа эсэх, оршуулгын болон бусад  ажиллагаатай холбоотой хохирлыг хэдэн хүн ямар хэмжээгээр нэхэмжлэх эсэх зэргийг тодорхой зааг ялгаатайгаар тогтоох шаардлагатай” гэж дүгнэн Ж.Цт холбогдох 1808014940307 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлжээ.

Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэлдээ: “...Сонгинохайрхан дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

  1. Хохирогч Ц.Мөнхбаганын “...Энхсувд өмнө нь гэр бүлтэй байсан. Нөхөр Баттогтохтойгоо хамт амьдарахгүй болоод хагас жил болж байгаа. Учир нь Баттогтох нь өөр эхнэртэй болсон. Талийгаач Энхсувд нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д гараа гэмтээсэн оноштой очоод архи уусан гээд хөөгдсөн байдаг. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ганхөлөгийн гэрээс хувцсаа шуудай, жижиг хар цүнхэнд хийгээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 44-47/,

гэрч Э.Отгонцоожийн “... Энхсувд гэдэг хүн нь манай нөхөр Ганхөлөгийн хамаатны дүү байгаа юм. Би Энхсувдтай хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тааралдсан. Энхсувд 2018 оны 3 дугаар сарын эхээр согтуу орж ирээд “би хувцсаа солиод гарлаа” гэхээр нь гаргахгүй гээд хаалга түгжээд нөхрөө дуудсан. Маргааш өглөө нь Энхсувд байхгүй байхаар нь хадам ээж рүү залгаад асуухад “Энхсувд манайд ирчихсэн байна” гэхээр нь бид хоёр хадмын гэрт очсон чинь Энхсувд зүүн гараа хугалчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх 58-60/,

гэрч Г.Ганхөлөгийн “...Талийгаач Энхсувд нь манай ээж Цэрэннадмидын дүү Дунгаамаагийн том охин юм. Хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр уулзсан...” гэх мэдүүлэг /хх 61-63/,

гэрч Б.Батогтохын “... 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Тахилтад байрлах гэрт талийгаач ирсэн. Тухайн үед талийгаач согтуу байсан. Би хөдөө явж ажиллах гэж байсан тул талийгаач ирээд хүүгээ үнсчихээд яваад өгсөн. Түүнээс хойш уулзаагүй. Талийгаач Толгойтод Ганхөлөг гээд ахындаа байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх 64-65/ зэргээр талийгаач нь хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэрч Б.Баттогтох, Г.Ганхөлөг, Э.Отгонцоож, хохирогч Ц.Мөнхбагана нартай уулзсан болох нь тогтоогдсон.

Хэргийн газрын үзлэгээр гар утас олдоогүй. Түүнчлэн талийгаач Э.Э нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн үед яллагдагч Ж.Цын гар утсаар ярьсан болох нь гэрч Э.Мягмарцог /хх 80-81/, яллагдагч Ж.Цын мэдүүлэг, 88003225 дугаарын утасны орсон, гарсан лавлагаа /хх 143/ зэргээр тогтоогдог. Иймд талийгаач гар утастай байсан эсэх, нас барахаас өмнө хаана, хэнтэй байсан, хэрхэн амьдардаг зэрэг нь хэргийн үйл баримтыг нотлох ажиллагаанд хамаарахгүй байна.

2. Ж.Ц нь /хх 128/ сэжигтэн, /хх 149-151, 154-159/ яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө талийгаачийн найзууд гэх Гэрлээ, Солонго, Энхээ нар нь Зүүн салааны 7 дугаар хороо, Улаан дэлгүүрийн 4 дүгээр буудал орчимд байдаг талаар огт мэдүүлээгүй.

3. Хохирогч Э.Э нь хадам ээжийндээ 3 дугаар сарын 14-ний өдөр очсон, түүнээс хойш очоогүй болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Талийгаач нь Ж.Ц-ын гэрт уг гэмтлийг аваад нас барсан, гэмтэл авснаас хойш идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй, түүний үхлийн шалтгаан тогтоогдсон. Иймд талийгаач Э.Э-ын тухайн өдөр явсан маршрутыг шалгах шаардлагагүй гэж үзэж байна.

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 776 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 83-87/, шинжээч эмч Н.Туяагийн “...Тархинд үүссэн гэмтлээс бусад гэмтлүүдийн үүссэн цагийг нарийвчлан тогтоох боломжгүй. Ямар ч байсан амьд ахуйд үүссэн шинэхэн гэмтлүүд байх боломжтой. Тархинд үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд нэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тархинд үүссэн гэмтлийг аваад идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй. Тархинд үүссэн цусан хураа нь нас барахаас 6-18 цагийн өмнө үүссэн. Дээд хугацаа нь 18 цаг байсан. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19 цаг 40 минутанд цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл дээр нас бараад 20-24 цагаас дээш хугацаа өнгөрсөн гэсэн байна. Тухайн үед цогцосны үхлийн дараах шинж ч бас 20-24 цагаас дээш гэж зааж байсан. Тиймээс 2018 оны 3 дугаар сарын 25-наас 2018 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цагийн орчимд нас барсан байх боломжтой. Амь хохирогчийн тархинд үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох үед үүсэх гэмтлүүд байгаа юм. Тархинд үүсэн гэмтэл нь унахад үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх 88-89/ зэрэг баримтуудаар талийгаачийн нас барсан шалтгаан, цаг хугацаа тогтоогдсон. Хэрэг үйлдэгдэх үед талийгаач Э.Э, яллагдагч Ж.Ц хоёроос өөр хүн хамт байгаагүй талаар Ж.Ц анхнаасаа мэдүүлсэн. Талийгаач тархины гэмтлийг аваад идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй гэснийг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч эмч мэдүүлсэн болно. Иймд тусгай мэдлэгийн хүрээнд тодруулбал зохих асуудлыг бүрэн тодорхой болгосон гэж үзэж байна.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж заасан бөгөөд хэрэгт талийгаач Э.Э-ын нагац ах Ц.Мөнхбаганыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй. Учир нь талийгаач Э.Э нь нөхөр Б.Баттогтохоос тусдаа амьдардаг болох нь хохирогч Ц.Мөнхбагана, гэрч Б.Баттогтох нарын мэдүүлгээр тогтоогдсон. Гэрч Б.Баттогтох, Г.Ганхөлөг, Э.Отгонцоож, Ц.Мөнхбагана нарын мэдүүлгээр талийгаачтай ойр дотно байсан хүн нь Г.Ганхөлөг, Ц.Мөнхбагана нар байдаг. Хэрэгт түүний нөхөр Б.Баттогтох гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэмт хэргийн улмаас хохирсон, гомдолтой талаар мэдүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогчоор Б.Баттогтохыг тогтоох эрх хэмжээ нь шүүхэд байгаа бөгөөд уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу зөв тогтоох, хохирлын шинж чанар, хэр хэмжээнд хамаарах, нөлөөлөх бусад асуудлыг шалган тодруулах талаар хэлэлцэгдээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, өөрчлөх талаарх санал, хүсэлт гаргаагүй байхад шүүгч захирамжинд хэлэлцэгдээгүй асуудлаар шийдвэр гаргаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтад заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 810 дугаартай шүүгчийн захирамжаар Ж.Цт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд Г.Ганбаатар шүүгч даргалж, Б.Дашдондов, Г.Мөнхзул нарыг шүүх бүрэлдэхүүнийг томилсон. Яллагдагч Ж.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 8 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт холбогдсон атал 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Г.Ганбаатар шүүгч дангаар явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг ноцтой зөрчсөн. Мөн Г.Ганбаатар шүүгч 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1623 дугаар “Урьдчилсан хэлэлцүүлэг товлох тухай” захирамж гаргаж, мөн өдрийн 10 цагт урьдчилсан хэлэлцүүлгийг хийхээр товлосон байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэснийг зөрчсөн байна.

Шүүгч 1624 дүгээр захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Хэргийг түдгэлзүүлэх” мөн зүйлийн 2 дахь заалтад заасан “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хоногоор сунгаж болно” гэснийг тус тус удирдлага болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасан, шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг, гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8 дахь заалтад заасныг тус тус нонцтой зөрчсөн байна. Ж.Цын гэм бурууг шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1624 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Цын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан захирамж үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ж.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Ж.Ц-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдэж, шалгавал зохих байдлуудыг гүйцэт шалгасан, гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэхэд хангалттай нотлох баримтууд хэрэгт цугларсан байх тул шүүгчийн захирамжид заасны дагуу “... хохирогчийн явсан зам, найз нөхдийн харилцаа холбоо, ойр дотны хүмүүстэйгээ уулзсан, гар утсаар холбогдсон байдлыг тогтоох, хохирогчийн нас барсан цаг хугацаа, согтолт нь нас барах хугацаанд нөлөөлөх эсэхэд шинжилгээ хийлгэх...”-ээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна.    

 

Хэрэв Ц.Мөнхбаганыг хохирогчоор тогтоосон нь хуульд нийцээгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, ... хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хохирогчоор тогтоох эрх шүүхэд бий.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон Ж.Цт холбогдох хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1624 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ж.Ц-т холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцэх хүртэл Ж.Ц-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН