Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0107

 

Иргэн Д.ЭА-, Д.МА-гийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Д.ЭА-, Д.Мөн-Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.О- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 740 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.ЭА-, Д.МА- нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.ЭА-, Д.МА- шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э-И ХХК-д 18000 м.кв газар эзэмшүүлэхээр Нийслэлийн Засаг дарга 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр А/114 тоот захирамж гаргасан байна. Гэтэл уг газар дээгүүр 8 дугаар хорооны оршин суугчдын төв зам руу гарах туслах зам буюу гарц оршин байдаг. 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 558 дугаар захирамжаар Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд, Монгол Улсын Засгийн газраас гаргасан 40000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газар ШК ХХК-д орон сууцны цогцолбор хороолол бариулах зориулалтаар Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5,3 га газарт 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр олгосон байна. Гэтэл энэ газрын зөвшөөрлийг аваад орон сууцны цогцолбор хороолол барихгүйгээр зөвхөн газрынхаа зөвшөөрлийг 4 хэсэг болгож худалдсан. Үүнд: 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт: Нэгдүгээрт, ОИ ХХК-д 0.2 га газар, хоёрдугаарт, Төгс үргэлжлэх ХХК-д 1.3 га газар, анх олгогдсон газрын байршлыг өөрчилж, бүтэн нэг хороо (7 дугаар хороог) алгасаад 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээрт, Э-И ХХК-д 1.8 га газар, хоёрдугаарт, ВЭВ ХХК-д 2.0 га газар гэж 5.3 га газрыг хэсэгчлэн олгосон байна. Ингэж 8 дугаар хорооны нутагт газар эзэмших зөвшөөрлийг олгоход олгосон газрын хэмжээ нь хүрэхгүй байсан. (8 дугаар хороонд 1.1 га газар байгаа) Газраа хэмжээнд нь хүргэхийн тулд нийтийн эзэмшлийн орц гарц, ногоон байгууламж, хашаа хоорондын зайг бүгдийг нь хамруулан 18000 м.кв газар болгон олгосон. Үүнийгээ 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжаар баталгаажуулсан. Э-И ХХК-д олгогдсон 18000 м.кв газар нь хотын төвөөс Нисэхийн чиглэлийг холбосон төв замын ар талаар байрладаг төмөр хайс бүхий Япон улсын тусламж хөрөнгө оруулалтаар байгуулсан ногоон байгууламжийг хамруулсан байдаг. Энэ ногоон байгууламжийг устгаад газар олгосон байна. Анхны газар эзэмшигч ШК ХХК-с Э-И ХХК-д шилжүүлсэн 18000 м.кв талбай бүхий газар нь 40000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд олгогдсон учраас зориулалт өөрчилж бусдад шилжүүлсэн нь хууль бус үйлдэл юм. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас гаргасан 40000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Ш констракши ХХК-д 5.3 га газар олгосон ШК ХХК нь олгосон газар дээр орон сууцны цогцолбор барих ёстой. Хэрэв орон сууцны цогцолбор барьж чадахгүй бол зөвшөөрөл авсан газрыг улсад буцааж өгөх ёстой. Харин Э-И ХХК-д тэр газрыг тендер зарлуулж, дуудлага худалдаагаар өгөх ёстой байсан гэж ойлгож байгаа. 2002 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын ерөнхий архитектор М.Цэлмэг Яармагийн нарийвчилсан ерөнхий төлөвлөгөө-тэй уялдуулан баталж Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд оруулсан байдаг. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/114 тоот захирамж нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 тоот захирамжийг үндэслэсэн байна. 672 тоот захирамж нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 558 тоот захирамжийг тус тус үндэслэн гарсан байна. Гэтэл газар эзэмшүүлэхээр гарсан 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 558 тоот захирамжид ШК ХХК-д орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.3 га газар олгосон байдаг. Гэтэл 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 тоот захирамжаар Э-И ХХК-д 18000 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ 672 тоот захирамжийн хавсралтад заасныг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо болгон өөрчилсөн байдаг. Газар эзэмшүүлэхдээ Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд олгогдох ёстой байсан 18000 м.кв газрыг 8 дугаар хороо болон өөрчлөгдсөнөөр энэ газар дээр байгуулсан 8 дугаар хорооны иргэдийн төв зам руу орох, гарах туслах зам хаагдаж байна. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан оршин суугчдын төв замд хүрэх гарцыг гаргаж өгөлгүйгээр газар эзэмшүүлэхээр захирамж

гаргасан байна. Ингэснээр нийтийн эзэмшлийн ногоон байгууламж устаж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны оршин суугчдын газар өмчлөх эрхээ эдэлж нийтийн эзэмшлийн газраар дайрч гарах гарц хаагдаж эрх нь зөрчигдөж байна. Иймд нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/114 тоот захирамжийн Э-И ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү.

...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар ихэсгэж байна. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 тоот захирамжийн Э-И ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.ЭА-, Д.МА- нарын шүүхэд гаргасан нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/114 тоот захирамжийн Э-И ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 тоот захирамжаар Э-И ХХК нь ШК ХХК-иас 18000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай орон сууцны цогцолборын зориулалтаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан байна. Дараа нь газар эзэмших эрхийн зориулалтыг үйлчилгээ, орон сууцны зориулалт болгохоор өөрчлүүлэхээр хүсэлт, холбогдох материалыг бүрдүүлсний дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн дэмжигдсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/114 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх эрхийн зориулалтыг өөрчилсөн байна. Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2014 оны 01 дүгээр сард Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа чиглэлийн авто зам дагуу газар эзэмшигч Э-И ХХК-аас эзэмшил газартаа барилга барих хүсэлтийг 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, одоо байгаа автомашины замыг хэвээр үлдээж, орц гарцыг нээлттэйгээр ашиглахаар төлөвлөлтийг дэмжих шийдвэрийн дагуу тус компанид 1-2 давхар үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг баталсан байна. Иймд хамтран хариуцагчаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрыг оролцуулах, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа Э-И ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү. Иргэн Д.ЭА-, Д.МА-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.ЭА-, Д.МА- нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Э-И ХХК нь 2014 оны 01 дүгээр сард өөрийн эзэмшил газар болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа чиглэлийн авто замын дагуу барилга барих хүсэлтээ ирүүлсэн. Ирүүлсэн хүсэлт болон холбогдох баримтыг судлан үзээд тус байгууллагын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Техникийн зөвлөлийн хурал-аар хэлэлцүүлсэн. Хурлаас одоо байгаа авто машины замыг хэвээр үлдээх, орц гарцыг нээлттэйгээр ашиглахаар төлөвлөлтийг дэмжих шийдвэр гарч үүний дагуу тус компанид 1-2 давхар үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг нь батлагдсан болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагадаа дурьдсан ...08 дугаар хорооны иргэдийн төв зам руу орох, гарах туслах зам хаагдах... гэсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.ЭА-, Д.МА- нар Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1. Оршин суугчдын газар өмчлөх эрхээ эдэлж нийтийн эзэмшлийн газраар дайрч гарах гарц хаагдаж эрх нь зөрчигдөж байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А\114 дугаар захирамжийн Э-И ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү.

3. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжийн Э-И ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 3.1.7-д заасны дагуу зөвхөн хууль ёсны эрх нь зөрчигдсөн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Тиймээс нэхэмжлэгч өөрийнхөө хууль ёсны эрх хэрхэн зөрчигдсөнийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.1-т заасны дагуу нэхэмжлэлд заавал тусгана. Иргэн Д.ЭА-, Д.МА- нар орц гарц хаагдсаны улмаас газар өмчлөх эрх зөрчигдсөн хэмээн нэхэмжлэлдээ дурджээ. Гэтэл бодит байдал нэхэмжлэгч нарын дээр дурдсан эрх зөрчигдөөгүй, цаашид ч зөрчигдөхөөргүйгээр эрх бүхий байгууллагын шийдвэрээр баталгаажсаныг дараах нотлох баримтаас (хавтас хэрэгт буй) тодорхой харж болно. Үүнд:

а) Архитектур төлөвлөлтийн даалгавар. (авто замын сүлжээг өөрчлөхгүй, орц гарц хааж хашаа барихгүй...)

б) Барилгын зураг

с) Хариуцагчийн гаргасан тайлбар. (.... авто машины замыг хэвээр үлдээж, орц гарцыг нээлттэй ашиглахаар төлөвлөлтийг дэмжих шийдвэр гаргаж зураг баталсан байна...)

д) Шүүхийн маргаан бүхий газар үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан фото зураг.

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн шийдвэрээр газар эзэмшигчид одоо байгаа орц гарцыг хэвээр нээлттэй үлдээхийг үүрэг болгож, баригдах барилгын зураг төслийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байдаг. Газар эзэмшигч энэхүү шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв зөрчвөл иргэд гомдол гаргаж зөрчигдсөн эрхээ хэдийд ч хамгаалах боломжтой байна.

Иймд нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх зөрчигдөөгүй цаашид зөрчигдөхөөргүйгээр эрх бүхий байгууллагын шийдвэрээр баталгаажсан нь тогтоогдож байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/114 дүгээр захирамж нь газар эзэмших зориулалтыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэсэн агуулгатай захирамж юм.

Энэ захирамжийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдсөн нь тогтоогдохгүй байгаа тул тус захирамжийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй байна. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт шаардлага гаргасан байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасны захиргааны акт гарснаас хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл, гомдол гаргах эрхтэй гэсэн хугацааг хэтрүүлсэн тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 740 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Нийслэлийн засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 тоот захирамж, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/114 тоот захирамжийн тус тус Э-И ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: Нэгдүгээрт: Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн шийдвэрийн 6 дугаар хуудасны Үндэслэх нь хэсэгт "Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 тоот захирамжаар "ЭИ" ХХК нь "ШК" ХХК-иас Хан-Уулдүургийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18 000 м.кв газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай орон сууцны цогцолборын зориулалтаар шилжүүлэн авсан байна" гэжээ. Гэтэл энэ газар нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд хамаарагдах нутаг дэвсгэр бөгөөд,

1/ Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 тоот захирамж нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 558 дугаар захирамжийг үндэслэн гаргасан байна. Энэзахирамж нь Газрын тухай хуулийн 34.6.1-д заасан газар эзэмшүулэх үндэслэл, 34.6.2-т заасан газар эзэмшүүлэх зориулалт, 34.6.3-т заасан газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, 34.6.4 болон 34.6.5-д заасан газрын чанар , газар эзэмшүүлэх хугацааг тодорхой тусгасан захирамж юм. Энэ захирамж нь Засгийн газраас хэрэгжүүлж буй 40 000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор орон сууцны хороолол барих зориулалтаар Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.3 га газрыг "ШК" ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэсэн маш тодорхой захирамж юм. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо гэж байрлал кадастрын зурагт заасан байгаа. Энэ кадастрын зураг нь Нийслэлийн газар, өмчийн харилцааны албанд болон 40 000 айлын орон сууцны хөтөлбөрийн тендерийн бүх бичиг баримтанд бий. Газрын тухай хуулийн 33.1.1-д " заагдсан газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана" гэсэн заалтын дагуу 2008 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байгаа, Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт хадгалагдаж байгаа. Гэтэл тухайн кадастрын зургийг :

1/ Нийслэлийн Газар, Өмчийн Харилцааны алба гаргаж өгөх дургүй.

2/ Анхан шатны шүүгч энэ зургийг гаргуулах дургүй .

3/ Нотлох баримтуудыг бүрдүүлэлгүй шүүх хуралдааныг хийсэн.

"ЭИ" ХХК-ийн захирал С.Батболд нь 2009 онд Нийслэлийн газрын албанд хүсэлт гаргаж,"...Манай компани нь "ШК" ХХК-ийн эзэмшил газраас 1.8 га газрын эрхийг шилжүүлэн хамтран ажиллахаар болсон тул тус газрын эзэмших эрхийг шилжүүлж өгнө үү ..." гэж албан бичиг өгсөн байна. Мөн"ШК" ХХК-ийн захирал Д.Тэмүүжин Нийслэлийн газрын албанд хүсэлт гаргаж "...Манай компани нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хан-Уул Дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.3 га газар эзэмшдэг. Дээрхи эзэмшил газрынхаа газрын эрхийг хэсэгчлэн "ЭИ" ХХК-д шилжүүлж хамтран ажиллахаар болж байгаа тул тус хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү " гэсэн албан бичиг өгчээ. Эндээс дүгнэхэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай 2009 оны 672 дугаар захирамж нь газрын байршил тогтоож шинээр олгох биш, харин 6 дугаар хороон нутаг дэвсгэрт зөвхөн эзэмшигчийн нэр шилжих захирамж юм. Тэгэхээр 8 дугаар хороонд газар олгогдсон нь огт үндэслэлгүй юм.

Хоёрдугаарт: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Дүгнэлт хэсгийн 10 дугаар хуудсанд "Хавтаст хэрэгт авагдсан тойм зургаас дүгнэхэд "Ш Коснтракшн" ХХК-д эзэмшүүлсэн 5.3 га газар нь салангид байршилтай бөгөөд хоёр өөр хороонд харьяалагддаг болох нь Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар "Хороодын хилийн заагийг тогтоох тухай" тогтоолын хавсралтаар батлагдсан хилийн цэсээс тодорхой харагдаж байна." гэжээ. Аль хэсгийн ямар баримттай нь холбоотой нь мэдэгдэхгүй, тамга тэмдэггүй, баталгаагүй, гараар зурагдаж бичигдсэн, хуурамч бичиг баримт хавтаст хэргийн 95, 96 дугаар хуудаснуудад байна. Энэ хуурамч бичиг баримтад үндэслэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Эхнээсээ өөр газар захирамжтай, кадастрын зурагтай, өөр газар /6 дугаар хороонд/,зориулалттай, газар эзэмших захирамжийг ашиглаад , өөр газарт /8 дугаар хороонд/ ямар ч захирамжгүй, зөвшөөрөлгүй, хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, Авто машины худалдаа, засвар үйлчилгээний төвийн 2 давхар сейндвичэн барилга барих гэж оролдож байгаа явдал юм. Энэ нөхцөл байдал нь 2009 онд газрын албан өгсөн хүсэлтүүдээр нь баталгаажина.


 

Гуравдугаарт: Шүүхийн шийдвэрийн 7 дугаар хуудсанд " .. .Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.7-д заагдсан нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зайлшгүй хөндөгдсөн байх ..." боловч нэхэмжлэгч нарын ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж буруу дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгч нар нь :

1/ Эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрлийн үндсэн дээр өөрсдийн хувийн эд хөрөнгөөр бүтээн босголт хийж, 13 жилийн турш өөрсдийн хүч хөдөлмөр мөнгөөр засвар үйлчилгээ, арчилгаа тордолгоог хийн нийтийн эзэмшилд ашиглаж байгаа орц гарц, засмал зам, түүний хажуугаар байгуулсан 220 м.кв төмөр хайс бүхий ногоон байгууламж, авто машины зогсоолын талбайг алдсан.

2/ Сонсголонгийн 1 дүгээр гудамжны нийт 35 хашаа , түүнд амьдардаг 70-аад айл өрхүүд өөрсдийн өмчилж авсан газар, үл хөдлөх эд хөрөнгөө ашиглах эзэмшихэд саад учруулж хашаанд 8 метрээс 9 метрийн зайтай шахаж, Үндсэн хуулийн 16.2-т заасан "хүн бүр аюулгүй орчинд аж төрөх" эрх эрх чөлөө зөрчигдсөн.

З/Нэхэмжлэгч нар нь өөрийн өмчилж авсан үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших ашиглах, бизнесийн үйл ажиллагаа явуулахад шууд саад учруулсан. /Үндсэн хуулийн 16.3, 16.4-д заасан заалтууд/

4/ Үндсэн хуулийн 16.16-д заасан итгэл үнэмшилтэй байх эрх зөрчигдсөн. Энэ нь бид хуулийн дор амьдарна, хуулийг хэн ч зөрчихгүй, хуулийн өмнө эрх тэгш байх, намайг хууль хамгаална гэсэн итгэл үнэмшил алдагдаж мөнгө ихтэй нь ялдаг, эрх мэдэлтэй нь ялдаг, шударга ёс хууль ёс байхгүй гэсэн ойлголтонд хүргэж байна.

Дөрөвдүгээрт: Шүүхийн шийдвэрийн 7 дугаар хуудсанд "ЭИ" ХХК-ийн Авто машин худалдаа засвар үйлчилгээний төвийн 1-2 давхар сейндвичэн барилгын тухай дурджээ. 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/114 тоот захирамжаар зориулалт өөрчилж, орон сууцны цогцолбор хорооллоос үйлчилгээтэй орон сууц болгож өөрчилсөн. Гэтэл захирамжид заасан зориулалтыг дур мэдэн өөрчилж Автомашины худалдаа засварын төв баригдах гэж байгааг огт дурдсангүй. Захирамжинд заасан зориулалтыг дур мэдэн өөрчилбөл газар эзэмших эрх цуцлагдана.

Тавдугаарт: Шүүхийн шийдвэрийн 9 дүгээр хуудсанд 'Тазрын төлбөрийг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөртөлсөн байна гэж нотолсон байна " гэжээ. Газрын тухай хуулийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийг цуцлах тухай заажээ. Мөн Нийслэлийн Өмч , Газрын харилцааны албатай "ЭИ" ХХК-ний хооронд байгуулсан гэрээнд газрын төлбөрийг улирал тутамд төлөхөөр заасан байтал "ЭИ" ХХК нь 9-н улирал буюу 2 жил гаран төлөөгүй байна. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан "Хүндэтгэн үзэх шалтгаангүй гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрх цуцална" гэжээ. Гэтэл 2009 онд захирамж гарснаас хойш 6-н жил өнгөрчээ.

Зургадугаарт: Шүүхийн шийдвэрт "МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Газрын тухай хуулийн 21.2.3, 21.2.4, 27.1, 31.2, 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2009.12.14-ний өдрийн 672 тоот Захирамж, 2014.02.24-ний өдрийн А/114 тоот захирамжийн тус тус Щ[ЭИ" ХХК-дл холбогдох заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийншаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэжээ. Гэтэл Газрын тухай хуулийн 21.2.3-т заагдсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2008 он, 2009 оны хотын сууршилын бүсэд төлөвлөгдсөн нь батлагдаагүй, уг хуулийн 21.2.4-т заасан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 2008 он , 2009 оны Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан нь батлагдаагүй, төлөвлөгөө байхгүй. Нэхэмжлэгч талыг Газрын тухай хуулийн 27.1-д заасан эрхийн

 

гэрчилгээгүй байна анхан шатны шүүх шийдвэртээ дурджээ. Гэтэл нийтийн эзэмшлийн орц гарц, засмал зам,ногоон байгууламж, шугам сүлжээний газруудад эрхийн гэрчилгээ олгогддоггүй. Газрын тухай хуулийн 31.2-т заасан газрын байршил нь дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор заагдсан байгаа нь батлагдаагүй, тухайн жилийн төлөвлөгөөнд байхгүй

Долдугаарт: Маргаан бүхий захирамж нь Газрын тухай хуулийн 31.3-д заагдсан "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэснийг зөрчсөн. Үүнд:

1/ 2002 онд зөвшөөрлийг нь авч өөрийн херөнгөөр байгуулсан төв замын орц гарцтай бүрэн давхцсан.

2/ 2002 онд зөвшөөрлийг нь авч ашиглаж байгаа авто машины зогсоолын талбайтай бүрэн давхцсан.

3/ Хотын ногоон байгууламж болох Нисэх явсан төв замын арын төмөр хайс бүхий ногоонбайгууламжтай бүрэн давхцсан.

4/ Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагаанд журмын 4.3.1-д заагдсан барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс 2-4 давхар барилга хоорондоо 15 метр байна гэж заасан. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр хоорондоо 8м - 9м зайтай байгаа гэжээ.

 

5/ Авто замын тухай хуулийн 12-р зүйлийн 2-т "Олон улс, улсын чанартай авто замын зурвас газрын өргөн 100 метр, орон нутгийн чанартай аето замын зурвас газрын өргөн 60 м байна" гэж заасан байх ба "ЭИ" ХХК-ийн нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд байрлах эзэмшил газрын зүүн урд талаас авто зам хүртэл 16 м, баруун урд талаас 20 м зайд байгаа нь хууль зөрчигдсөн байна.

Иймд иргэн Д.ЭА-, Д.МА- нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн асаг дарга, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 740 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч нараас ...Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э-И ХХК-д 18000 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/114 дүгээр захирамжийн үндэслэл нь мөн дүүргийн 6 дугаар хороонд ШК ХХК-д 5.3 га газар олгосон Нийслэлийн

Засаг даргын 2008 оны 558 дугаар захирамж байдаг, гэтэл шилжүүлж эзэмшүүлэхдээ 8 дугаар хороо болж өөрчлөгдсөнөөр энэ газар дээр байгуулсан 8 дугаар хорооны оршин суугчдын төв зам руу орох,гарах туслах зам хаагдаж байна, ... мөн хотын төвөөс Нисэхийн чиглэлийг холбосон төв замын ар талаар байрладаг төмөр хайс бүхий Япон улсын тусламж хөрөнгө оруулалтаар байгуулсан ногоон байгууламжийг устгаад тус компанид газар олгосон байна... гэж, хариуцагч нараас ...Нийслэлийн Засаг даргын 2009 оны 672 тоот захирамжаар Э- Интернэшнл ХХК нь ШК ХХК-иас 18000 м.кв газрыг орон сууцны цогцолборын зориулалтаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан... газар эзэмших эрхийн зориулалтыг үйлчилгээ, орон сууцны зориулалт болгохоор өөрчлүүлэхээр хүсэлт, холбогдох материалыг бүрдүүлсний дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн дэмжигдсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/114 дүгээр захирамжаар ... зориулалтыг өөрчилсөн ... Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2014 оны 01 дүгээр сард ....Э- Интернэшнл ХХК-иас гаргасан эзэмшил газартаа барилга барих хүсэлтийг техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, одоо байгаа автомашины замыг хэвээр үлдээж, орц гарцыг нээлттэйгээр ашиглахаар төлөвлөлтийг дэмжих шийдвэрийн дагуу тус компанид 1-2 давхар үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг баталсан байна... гэж тус тус маргажээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж газар эзэмшүүлэх гэдэгт ямар тохиолдлыг ойлгохыг, 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тус тус заажээ.

Хэрэгт авагдсан Эинтернэшнл ХХК-ийн кадастрын зураг[1], тус компанийн автомашины худалдаа үйлчилгээний төвийн барилгын эскиз зураг, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Эконстракшн ХХК-ийн үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар[2], Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлт зэргээс үзвэл тус компанийн эзэмшиж буй газар нь иргэн Д.ЭА-, Д.МА- нарын өөрийн хөрөнгөөр засан сайжруулсан автозогсоолын талбай болон орох гарах замтай давхцаж байх боловч болон тус компанийн барилга барихаар төлөвлөж буй газар нь орц гарцыг хаагаагүй болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг, захиргааны актыг хуульд нийцсэн эсэхийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд шалгаж шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хууль зүйн хүрээнд үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирлоо хамгаалуулахаар маргах, шүүх хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоохоор байна.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар батлахдаа тус автомашины замыг хэвээр үлдээх, орц гарцыг нээлттэй ашиглах нөхцөлтэйгээр дэмжигдсэн тус төлөвлөлтийг зөрчих буюу гуравдагч этгээд Эинтернэшнл ХХК нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зургаар барилгаа бариагүй тохиолдолд бусад этгээдээс эрх бүхий байгууллагад хандах, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах боломжтойн дээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээдийн тайлбараас үзвэл ...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай А/114 дүгээр захирамж болон 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Эконстракшн ХХК-ийн үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдахаар төлөвлөгдсөн Эинтернэшнл ХХК-ийн 2 барилга баригдсанаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй... гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэг, Эинтернэшнл ХХК-ийн автомашины худалдаа үйлчилгээний төвийн барилгын эскиз зураг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч Д.ЭА- нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 1 дүгээр гудамжны 13 тоот хаягт байрлах 470.9 м.кв газрыг[3], Д.МА- нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 1 дүгээр гудамжны 14 тоот хаягт байрлах 508.5 м.кв газрыг[4] тус тус өмчилж авсан, нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрлийн үндсэн дээр өөрсдийн хувийн эд хөрөнгөөр бүтээн босголт хийж, 13 жилийн турш өөрсдийн хүч хөдөлмөр, мөнгөөр засвар үйлчилгээ, арчилгаа тордолгоог хийн нийтийн эзэмшилд ашиглаж байгаа орц гарц, засмал зам, түүний хажуугаар байгуулсан 220 м.кв төмөр хайс бүхий ногоон байгууламж, автомашины зогсоолын талбайг алдсан... гэх боловч уг талбай, автозам бүхий газрыг эзэмших, өмчлөх эрх нэхэмжлэгч нарт үүсээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Мөн ...эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрлийн үндсэн дээр өөрсдийн хувийн эд хөрөнгөөр бүтээн босголт хийсэн... гэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч нараас үүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, нөгөөтэйгүүр хариуцагчийн Эинтернэшнл ХХК-д газар эзэмшүүлсэн болон газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх шийдвэрүүдийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Дүгнэвэл, нэхэмжлэгч Д.ЭА-, Д.МА- нар хэдийгээр автомашины засварын төв ажиллуулж буй газраа өмчлөх эрхтэй ч уг газрын урд хэсэгт байрлах авто зогсоолын талбайг өмчлөх, эзэмших эрх нь үүсээгүй байх тул уг газартай Эинтернэшнл ХХК-ийн эзэмшлийн газар давхцсанаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөхөөргүй байна.

Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 558 дугаар захирамжаар ШК ХХК-д орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармагийн орчимд байршуулан 5.3 га газар эзэмшүүлэх эрх олгосон ч мөн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжаар ШК ХХК нь өөрийн эзэмшлийн газраа ВЭВ ХХК-д 20000 м.кв, Олох Ирэх ирээдүй ХХК-д 2000 м.кв, Төгс үргэлжлэх ХХК-д 13000 м.кв, Эинтернэшнл ХХК-д 18000 м.кв газрыг тус тус шилжүүлжээ.

Нийслэлийн Засаг даргынШК ХХК-д анх Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд газар эзэмшүүлсэн 2008 оны 558 дугаар захирамжийг үндэслэн 2009 оны 672 дугаар захирамжаар Эинтернэшнл ХХК-д анх олгосон байршлаас нь өөр байрлал буюу 8 дугаар хороонд газар эзэмшүүлснээр нэхэмжлэгч эзэмшил, өмчлөлийн газартай давхцаагүй байгаа нь хэрэгт авагдсан иргэн Д.ЭА-, Д.МА-, Эинтэрнешнл ХХК-ийн кадастрын зураг болон Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2/1251 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул ... Эинтернэшнл ХХК-ийн газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай 2009 оны 672 дугаар захирамж нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвхөн эзэмшигчийн нэр шилжих захирамж юм. Тэгэхээр 8 дугаар хороонд газар олгогдсон нь огт үндэслэлгүй юм гэсэн нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх нотлох баримт цуглуулах хүрээнд Эинтернэшнл ХХК-д эзэмшүүлсэн газар дээр баригдаж буй барилга нь холбогдох дүрэм журмын дагуу баригдсан эсэх, нэхэмжлэгч нарын эзэмшил газартай давхцаж байгаа эсэх талаар гаргуулсан шинжээчийн дүгнэлтэд ...нэгж талбарын 18634304745747 бүхий Эинтернэшнл ХХК-ийн эзэмшил газар бусдын эзэмшил газартай давхцалгүй байна... авто зогсоолын талбайтай нь Нийслэлийн мэдээллийн сангийн 2015 оны зурган мэдээллийг ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулахад давхцалтай байна гэж дүгнэсэн ч энэ нь маргаан бүхий газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, уг авто зогсоолын талбайг өмчлөх, эзэмших эрх нь нэхэмжлэгч нарын хэн алинд нь үүсээгүй байх тул нэхэмжлэгч Д.ЭА-, Д.МА- нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээрНийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 тоот захирамж, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/114 тоот захирамжийн тус тус Э-И ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь авто замын зурвас газартай давхцсан гэх үндэслэлээ өөрсдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолтой хамааралтай талаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ тодорхойлоогүй байх тул нэхэмжлэгч нарын ...Автозамын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т Олон улс, улсын чанартай авто замын зурвас газрын өргөн 100 метр, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 м байна гэж заасан бөгөөд Эинтернэшнл ХХК-ийн нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд байрлах эзэмшил газрын зүүн урд талаас авто зам хүртэл 16 м, баруун урд талаас 20 м зайд байгаа нь хууль зөрчигдсөн... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Иргэний эрх зүйн чадамж бүхий иргэн шаардлагатай гэж үзвэл захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд төлөөлөгчөө оролцуулна гэж заасан бөгөөд Сонсголонгийн 1 дүгээр гудамжны нийт 35 хашаа, түүнд амьдардаг 70-аад өрхүүдээс нэхэмжлэгч нар хуульд заасан төлөөлөх итгэмжлэл аваагүй, тэдгээрийг төлөөлөх эрхгүй байх тул нэхэмжлэгч

нарын Сонсголонгийн 1 дүгээр гудамжны нийт 35 хашаа, түүнд амьдардаг 70-аад өрхүүд өөрсдийн өмчилж авсан газар, үл хөдлөх эд хөрөнгөө ашиглах эзэмшихэд саад учруулж хашаанд 8 метрээс 9 метрийн зайтай шахаж, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан хүн бүр аюулгүй орчинд аж төрөх эрх эрх чөлөө зөрчигдсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 740 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70200төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ