Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/177

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Г.Мөнхтүвшин, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 02589 0152 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр   хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овгийн Б.Б, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ***-ийн мэдээлэл хүлээн авах жижүүрийн цагдаа /цагдаагийн дэд ахлагч/-аар ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бөгөөд одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны ** дүгээр байрны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар 16-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Ц.Б-аар дамжуулан “Г.А-г Дотоодын хэргийн Их сургуулийн ахлагчийн дамжаанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Н.Г-аас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2,300,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 400,000 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 300,000, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 300,000 төгрөгийг өөрийн Голомт банкны *** тоот дансаараа шилжүүлэн авч, нийт 3,300,000 төгрөгийг залилсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч, Х овгийн Б.Б нь 2020 оны 10 дугаар 16-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд “хохирогч Н.Г-ын хүү Г.А-г Дотоод хэргийн Их сургуулийн ахлагчийн дамжаанд оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Ц.Б-аар дамжуулан хохирогч Н.Г-аас нийт 3,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

           Тухайлбал, хохирогч Н.Г-ын “...2020 оны 10 дугаар сард хүү А-г Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуульд оруулах санаатай хүмүүсээс асууж сураглаж байтал миний зээ хүү болох Ц.Б гэх хүн нь “А-г ахлагчийн сургуульд оруулж өгөх хүн олсон, хэдэн төгрөг хэрэг болох юм байна” гэж хэлсэн. Тухайн хүн он дуусахаас өмнө А-г сургуульд нь оруулж өгнө гэж байна гэж Б хэлсэн, би тэр хүнтэй өөрийн биеэр холбогдоогүй. Би Б-ын *** дугаарын данс руу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2,300,000 10 дугаар сарын 20-ны өдөр Huyg s гэсэн гүйлгээний утгаар 400,000 төгрөг, 24-ний өдөр Huyg s гэсэн гүйлгээний утгаар 300,000 төгрөг, Г.А-гийн *** дугаарын данс руу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Huyg s гэсэн гүйлгээний утгаар 300,000 төгрөг нийт 4 удаагийн гүйлгээгээр 3,300,000 төгрөг шилжүүлсэн. Б, А нар уг мөнгийг сургуульд оруулж өгнө гэсэн хүний данс руу шилжүүлсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал), гэрч Г.А-гийн “...2020 оны 10 дугаар сарын 01-ээс 05-нд Улаанбаатар хотод очиж Дотоодын хэргийн их сургуулийн ахлагчийн сургуульд орохоор шалгалт өгсөн боловч шалгалтдаа тэнцээгүй. Нутаг руугаа буцах гээд байж байсан чинь манай бүл болох Ц.Б “энд надад таньдаг хүн байна, чамайг сургуульд оруулаад өгье гэж байна, хэдэн төгрөг шаардлагатай юм байна шүү” гэж хэлсэн. Тэгээд манай аав нөгөө хүн рүү нийтдээ 3 сая гаруй төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), гэрч Ц.Б-ын “...миний үеэл дүү болох Г.А нь шалгалтаа өгсөн боловч тэнцээгүй учраас би өөрийн танил цагдаад ажилладаг Б эгчээс “ахлагчийн курст оруулаад өгөх боломж байна уу” гэж асуухад “би хүнээс асууж үзье” гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа Б эгч над руу залгаад “миний танил Б гэх хүн оруулж өгч чадна гэж байна” гэж хэлэхээр нь Б гэх хүнтэй *** дугаарын утсаар холбогдож уулзахад “би зохицуулаад оруулаад өгье, надад 2,300,000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, ** тоотод байхдаа интернэт банкаар 2,300,000 төгрөгийг шилжүүлье гэхэд Б эгчийн данс руу шилжүүлчих гэж хэлэхээр нь Хаан банкны *** данс руу 2,300,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс 5 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 21-ний өдөр Б над руу залгаад хувцасны мөнгө болох 420,000 төгрөг тушаах хэрэгтэй байна гэж хэлээд Голомт банкны *** дугаартай өөрийн данс руу 420,000 төгрөг хийлгэж авсан. Б нь ахлагчийн курс К-19 болоод хойшлоод байна гэж хэлдэг байсан бөгөөд түүнээс хойш Б А-гийн аав болох Г ахтай өөрөө утсаар холбогдоод ийм ч юмны мөнгө хэрэгтэй байна, тийм ч юмны мөнгө хэрэгтэй байна гэж ярих болгонд нь манай ах миний данс руу тэр мөнгийг нь шилжүүлж байсан. Харин явуулсан мөнгийг нь дандаа Б-ын данс руу шилжүүлж байсан. Тэр хүн өөрөө “би танайг дүүг ахлагчийн дамжаанд оруулж өгч чадна гэж хэлээд надаар дамжуулан манай ахаас дээрх мөнгөнүүдийг авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), гэрч Д.Б-ийн: “...2020 оны 10 дугаар сард Ц.Б нь надад “манай хамаатны дүү Г.А гэх залуу байдаг юм, тэр Цагдаагийн дамжаанд орох гээд шалгалт өгсөн чинь эрх зүйн шалгалтад дээрээ уначихсан байна, танд хөөцөлдөөд өгөх хүн байна уу” гэж надаас асуусан. Миний хувьд ***-т үйлчлэгчээр ажилладаг учраас хамт ажилладаг хүмүүсээс цагдаагийн курст хүн оруулаад өгөх хүн байна уу гэж асуугаад байсан. Гэтэл манай хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэд ахлагч Б.Б “найз нь ганц хоёр хүнээс асууж өгье” гэсэн. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б над руу утсаар яриад Цагдаагийн ахлагчийн дамжаанд хүн оруулахад 1,300,000 төгрөг хэрэг болох юм байна” гээд Голомт банкны өөрийнхөө дансыг өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал), Б.Б-ын Голомт банкны *** тоот дансны хуулга (хавтаст хэргийн 74-77 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэж (хх-ийн 118 дахь тал) мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд “...гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган прокурортой ял шийтгэлийн талаар урьдчилан тохиролцсон. Прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хууль үр дагаврыг ухамсарлан ойлгосон..” гэж мэдүүлсэн болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь дээд боловсролтой боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаартай тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ыг “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.      Хохирол, хор уршиг

Хохирогч Н.Г нь “хохирлын мөнгө болох 3,300,000 төгрөгийг бүрэн авсан, гомдол саналгүй” хэмээн мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

            2.1.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал), “Богд банк”, “Чингис хаан банк”, “Ариг банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Хас банк”, “Транс банк”, “Худалдаа хөгжлийн банк”-д данс эзэмшдэггүй талаарх албан бичгүүд (хавтаст хэргийн 40-44, 108-110 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 45-65 дахь тал), Төрийн банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 67 дахь тал), Голомт банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 70-86 дахь тал), *** албаны 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/72 дугаартай “Б.Б-ыг ажилд томилсон тухай” тушаал, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/155 дугаартай “Б.Б-ыг ажлаас чөлөөлсөн тухай” даргын тушаал (хавтаст хэргийн 96-97 дахь тал), Төрийн албан хаагчийн анкетын хуулбар (хавтаст хэргийн 95-96 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 33 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Прокуророос гаргасан “17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

2.2.     Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Х овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА