| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 181/2016/01929/И |
| Дугаар | 181/ШШ2017/00946 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2017/00946
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХХК,
Хариуцагч: М ХХК нарт холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажиллаж байсан хугацааны болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,615,830 төгрөг гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, “А” сэтгүүлийн борлогдоогүй үлдсэн сэтгүүлийн хэвлэлийн зардал 2,530,296 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагч нарын төлөөлөгч Г.Б, гэрч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 9 сарын 05-ны өдөр “Т” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж менежерийн албан тушаалд ажилд орсон.
Гэтэл 2016 оны 10 сарын 24-ний өдөр захирал дуудаж, дахин хамтран ажиллах боломжгүй гэж тайлбарлан ажлаас халсан. Би яагаад халагдсан үндэслэлээ тодорхой мэдэж чадаагүй бөгөөд сүүлд 11 дүгээр сарын 14-ний өдөр тушаалтайгаа танилцахад энэ ажлыг хийх чадваргүй гэж бичсэн байсан.
Тус компанид ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна Иймд намайг ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү.
Мөн 10 дугаар сарын 05-наас хойш ажилласан цалин болох 15 хоногийн цалин 250,000 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү
Тус компани ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,615,830 төгрөг гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчид шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Э 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Т” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж тус компанийн захирлын мэдлийн “М” ХХК-иас эрхлэн гаргадаг хүүхдийн “А” сэтгүүлийн менежерийн ажлыг хариуцан ажиллахаар тохиролцсон. Үндсэн ажил үүргийн хувьд сэтгүүлийг сар бүр тохирсон тооноос бууруулахгүйгээр борлуулах, “А” хүүхдийн нэвтрүүлгийн ивээн тэтгэгч, реклам олох, сайтыг бараажуулах ажил байсан. “А” сэтгүүл нь үйл ажиллагаа явуулаад жил болсон төдийгүй энэ хугацаанд нийт 90 дугаар гаргасан сар бүр дунджаар 10,000 орчим хэвлэгддэг олон нийтэд танигдсан сэтгүүл юм.
Менежер Б.Э нь Баянгол дүүрэг, Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь аймгуудыг бүхэлд нь хариуцдаг борлуулалтын менежер бөгөөд сар бүр 1,500 хувиас дээш борлуулалт хийж нэмэгдэл цалин авах болзолтой хамгийн багадаа сар бүр 1,000 сэтгүүл борлуулах төлөвлөгөөтэй ажилласан боловч эхний сард 151 сэтгүүл, дараагийн сард 137 сэтгүүлийн борлуулалт хийсэн байна.
Мөн нийт ажиллах хугацаандаа хүүхдийн нэвтрүүлгийн реклам, ивээн тэтгэгчээр нэг ч байгууллага олоогүй, сайтыг бараажуулах ажлаар нэг ч байгууллагатай гэрээ байгуулаагүй. Тухайн ажлыг авснаас хойш менежерүүдийн ажлыг долоо хоног тутам дүгнэн хуралдаж байхад Б.Э нь ажилдаа хариуцлагагүй хандаж, ажил үүргээ хангалттай биелүүлээгүй, төлөвлөгөөндөө хүрч ажиллаж чадахгүй байсан тул сануулга өгч байсан. Тэрээр ажилд ороод сар ч болоогүй байхдаа би энэ ажлыг ер нь хийж чадахгүй байна гэх шалтгаан тоочиж өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ амаар тавьж байсан бөгөөд компанийн удирдлагын зүгээс түүнийг төлөвлөгөөндөө хүрч ажиллаж чадаагүй хариуцлагагүй ажилласанд нь хариуцлага хүлээлгэж Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-г үндэслэн үндсэн цалингаас 20 хувиар хасах арга хэмжээ авч дахин нэг боломж олгож үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан.
Гэвч түүнээс хойш захиалгын тоог нэмэгдүүлэх талаар дорвитой ажил хийгээгүй. Гэтэл захирал Г.Б миний бие 2016 оны 10 сарын 12-ны өдөр ажлаар Замын-Үүд чиглэлд явахдаа “А” сэтгүүлээ авч яван замын аймгуудаар борлуулалт хийхэд Б.Э-н хариуцсан Дорноговь аймгийн төвийн сургуулиуд Замын үүд суманд нийт 900 орчим сэтгүүлийг борлуулан ирсэн бөгөөд тухайн менежер маань хариуцсан аймагтаа мэдээллээ дутуу түгээсэн, төлөвлөгөөг зөвхөн нэг аймгаас хийх боломж байсаар байхад огт зүтгэл гаргаагүй зэргээс үндэслэн энэ хүний ажлаа хийхгүй байна гэх дүгнэлтэд хүрсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасны дагуу түүний ажилдаа идэвх санаачлагчтай ажиллах, төлөвлөгөөндөө хүрч ажиллахыг сануулж байсан, төлөвлөгөөндөө хүрээгүй тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т үндэслэн тус ажилтан мэргэжил ур чадварын хувьд тус ажилд тэнцэхгүй гэж үзэн, мөн тус хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасны дагуу ажлаас халах арга хэмжээ авсан болно гэжээ. Менежер Б.Э ажилд ороод бүтэн нэг сар болоогүй байхдаа ажлаа хариуцлагагүй хийж өөрийгөө энэ ажлыг цаашид хийх чадамжгүй гэдгээ тодорхойлж байсан, мөн тухайн сарын цалин дээрээ цалингийн 20 хувийн арга хэмжээ авахуулсан байдал нь зэрэг хүчин зүйлүүдээс хамаараад компанийн удирдлага Нийгмийн даатгалд хамруулалгүй түр хүлээж байсан болно. Гэсэн хэдий ч тухайн менежер нь өөрөө нийгмийн даатгалаа төлий гэсэн хүсэлтийг мөн адил гаргаагүй болно. Үлдэгдэл цалинтай холбоотой асуудал нь менежерийн тухайн саруудад хийсэн ажлын орлогыг бүрэн орсны дараа холбогдох тооцоог хийж дуусгахыг санхүүд даалгасан бөгөөд тухайн менежерийн борлуулсан сэтгүүлийн орлого одоо болтол бүрэн ороогүй хүлээгдэж байгаа болно гэжээ.
Хариуцагчид шүүхэд гаргасан сөрөн нэхэмжлэлийн шаардлагадаа: “М” ХХК нь 2011 оны 11-р сарын 24-ний өдөр байгуулагдаж “А” сэтгүүлийг эрхлэн гаргаж, борлуулалтаас нь орлого олдог. Орлогын өөр эх үүсвэргүй билээ.
Б.Э нь “М” ХХК-ний захирлын 2016 оны 09-р сарын 05-ний өдрийн 09/004 дугаар тушаалын дагуу сэтгүүлийн борлуулалтын менежерийн албан тушаалд томилогдож тус компанид ажилд орсон.
Борлуулалтын менежер нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, Ажил үүргийн хуваарьт заасны дагуу “М” ХХК-наас эрхлэн гаргадаг “А” сэтгүүлийн менежерийн ажлыг хариуцан ажиллах бөгөөд үндсэн ажил үүргийн хувьд сэтгүүлийг захирлын баталсан төлөвлөгөөнөөс бууруулахгүйгээр борлуулах, “А” нэвтрүүлгийн ивээн тэтгэгч, реклам олох зэрэг ажил үүргийг гүйцэтгэх үүрэгтэй.
“Алтан түлхүүр” сэтгүүл нь 2011 оноос хэвлэгдэн гарсан бөгөөд 6 жилийн хугацаанд нийт 90 дугаар гаргасан, сард дунджаар 10,000 орчим ширхэг хэвлэгддэг бөгөөд сурагч хүүхдүүдийн дунд танигдсан сэтгүүл юм.
“М” ХХК-ний захирлын 2016 оны 09-р сарын 12-ны өдрийн “Ажлын төлөвлөгөөг тогтоох” тухай №09/009 дугаар тушаалыг баталж борлуулалтын менежерүүдэд танилцуулсан. Уг төлөвлөгөөгөөр борлуулалтын төлөвлөгөөг бүхэлд нь 9000 ширхгээс бууруулахгүй, менежер тус бүрд нь сард 1500 ширхгээс дээш борлуулалт хийх үүргийг өгсөн.
Тус компани нь Б.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2-р зүйлийн 2.2-д ажилтны эрх үүргийг заасан бөгөөд тус гэрээний 2.2.а-д Ажилтан нь гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэхдээ мэдлэг чадвараа дайчлан үнэн ч шударгаар, үр бүтээлтэй, хөдөлмөрлөх үүрэгтэй гэж заасан мөн зүйлийн 2.2.в-д хөдөлмөрийн дотоод журмыг ямагт сахиж, дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, 2.2-д байгууллагын орлого ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд идэвх, санаачлагчтай ажиллах үүргийг тус тус хүлээсэн. Мөн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн, ажил үйлчилгээгээ байнга чанартай үзүүлж, хэрэглэгчийг дээдлэн үр бүтээлтэй ажиллана. Ажил үүргийн хуваарийн дагуу хурдан шуурхай борлуулалт хийх, хүүхдийн нэвтрүүлгийн дундуур цацагдах зар сурталчилгаа явуулах байгууллагыг олох, өдөр тутмын ажлын нэгдсэн файл хөтөлж архивлах, өдөр тутмын ажлын гүйцэтгэлийн тайланг өдөр бүр 17:00 цагт хэлтсийн даргад биечлэн тайлагнаж байх үүргийг тус тус хүлээсэн.
Б.Э нь 2016 оны 9 дүгээр сарын 5 өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 24 өдрийг хүртэл ажлын нийт 35 хоног ажилласан.
Б.Э-г ажиллуулах хугацаанд компаниас түүнд 9 болон 10 дугаар сард нийт 141688 төгрөг зарцуулсан байна.
Гэтэл борлуулалтын менежер Б.Э нь батлагдсан төлөвлөгөөний дагуу нэг сард 1500 ширхгээс дээш сэтгүүл борлуулах ёстой байтал ажилд орсон эхний сар буюу хамгийн их борлуулалттай сар болох 9-р сард 151 ширхэг сэтгүүл, дараагийн сар болох 10 дугаар сард нь 137 ширхэг сэтгүүл борлуулсан. Төлөвлөгөөний дагуу 9,10 дугаар сард нийт 3000 ширхэг сэтгүүл борлуулах ёстой байтал 288 ширхэг сэтгүүл борлуулж компанид хоёр сарын хугацаанд нийт 936000 төгрөгийн орлого оруулсан байна. Б.Э-н хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн ажил нь сэтгүүл борлуулах байтал 2 сарын хугацаанд 288 ширхэг сэтгүүл борлуулж 2712 ширхэг сэтгүүл борлогдоогүй үлдсэн.
Иймд Б.Э нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, Ажил үүргийн хуваарийн дагуу захирлын баталсан ажил үүргийн төлөвлөгөөг биелүүлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандаж төлөвлөгөөндөө хүрч ажиллаж чадаагүй тул компанийн зүгээс сануулга өгч мөн захирлын 2016 оны 10 дугаар сарын 07 өдрийн 10/003 дугаар тушаалаар үндсэн цалинг 20 хувиар бууруулах хүртэл арга хэмжээг тус тус авч байсан. Үүнээс үзэхэд Б.Э нь хөдөлмөрийн гэрээнд заасан албан тушаалын үндсэн үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдож байна.
Б.Э нь ажил үүргээ биелүүлээгүйгээс компанид дараах хохирол учирсан болно. Борлогдоогүй үлдсэн нийт 2712 ширхэг сэтгүүл байгаа бөгөөд нэг сэтгүүлийн хэвлэлтийн үнэ 933 төгрөг, нийт хэвлэлтийн зардал 2 530 296 төгрөг болсон.
Иймд хариуцагч Б.Э Хөдөлмөрийн гэрээнд заасан албан тушаалын үндсэн үүргээ зохих ёсоор бодиттойгоор биелүүлсэн эсэхийг тогтоож, “М” ХХК-д учирсан хохирол болох “А” сэтгүүлийн борлогдоогүй үлдсэн сэтгүүлийн хэвлэлийн зардал 2,530,296 төгрөгийг Б.Э-с гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч Б.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй ба би компанид ямар ч хохирол учруулаагүй харин өөрөө хохироод байгаад гомдолтой байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь “М” ХХК-ийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байсан хугацааны буюу 2016 оны 10 дугаар сарын цалин хөлс 250,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,615,830 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Т” ХХК, “М” ХХК нар эс зөвшөөрч маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Э-т холбогдуулан “А” сэтгүүлийн борлогдоогүй үлдсэн сэтгүүлийн хэвлэлийн зардал 2,530,296 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан .
1. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Т” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул “Т” ХХК-ийг, ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаалыг “М” ХХК-иас гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М” ХХК-ийг хамтран хариуцагчийг татан хариуцагч нарыг тодорхойлжээ .
Хариуцагч нарын төлөөлөгч нь дээрх хоёр компанийн үүсгэн байгуулагч нь нэг хүн байдаг, боловсон хүчин андуураад “Т” ХХК-ийн нэр дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг, гэвч нь “М ХХК-ийн эрхэлдэг “А” сэтгүүлийн менежерээр ажиллаж байсан, “Т” ХХК болон “М” ХХК-иуд хөдөлмөрийн гэрээний нэг загвартай учир “М” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ гэж ойлгож болно гэж тайлбарлаж байна.
Талуудын тайлбар нийцэж байгаа тул Б нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “М" ХХК-ийн эрхэлдэг “А” сэтгүүлийн менежерийн ажил, албан тушаалд хөдөлмөрийн гэрээний дагуу томилогдсон байна гэж үзэв.
Хариуцагч нар өөрийн татгалзал, түүний үндэслэлийг менежер нь ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, сард 1,000–1,500 төгрөгийн борлуулалт хийх төлөвлөгөөтэй байтал эхний сард 151 сэтгүүл борлуулсан учир сахилгын арга хэмжээ авсан, дараагийн сард 137 сэтгүүл борлуулсан, нэг ч реклам зар сурталчилгааны гэрээ байгуулаагүй учир ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь А сэтгүүлийн борлуулсан үйл баримтын талаар маргаагүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдээгүй, ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тушаалд тодорхой дурдаагүй гэж тайлбарлан маргадаг.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл бүрддэг.
Ажил олгогчийн санаачилгаар Б. Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль тохирох хэсгийг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцлах, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлээгүй байх бөгөөд ажилтан ажлаас халагдсаны дараах эрх зүйн үр дагаварт бэлтгэх зэрэгт тус тус ач холбогдолтой байдаг учир хууль тогтоогч ажил олгогчийн үүрэг болгон хуульчилсан болно.
Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байгаа боловч ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд, нэхэмжлэгч Г.Э-г “М” ХХК-ийн “А” сэтгүүлийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын цалин 250,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч 2016 оны 10 дугаарс арын 15 хоногийн цалин 250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэж байна.
Нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын цалингийн хүснэгтэд гарт олгох 228,343 төгрөг гэж бичигдсэн хэдий ч 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тойрох хуудаст тооцоотой эсэх талаар нягтал бодогч Г.З, бизнес хөгжлийн хэлтсийн дарга Э.О, захирал Г.Б нар тооцоогүй гэж гарын үсэг зурж, авлага хүлээн авлаа гэж бичигдсэнээр зохигчдын хооронд тооцоогүй гэж үзэхээр байх тул 250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,615,830 төгрөг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нөхөн бичилт хийлгэх шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,615,830 төгрөгийг нэхэмжилж байна.
Хавтас хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж байгаагүй учир хөдөлмөрийн гэрээ болон ажилд авах тушаалд дурдагдсан үндсэн цалин 500,000 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нь зүйтэй байна.
Ажлаас чөлөөлсөн 2016 оны 10 сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нь 500,000: 21,5=23,255 төгрөг нь ажлын нэг өдөрт ногдох цалин хөлсний дундаж байна.Үүнийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл буюу ажлын 115 хоногт үржүүлж 23,255*115=2,674,418 төгрөг буюу нэхэмжлэгчид олгохоор болж байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,615,830 төгрөгийн хэмжээнд хангах нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ийнхүү шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг хийхийг үүрэг болгов.
4. “А” сэтгүүлийн борлогдоогүй үлдсэн сэтгүүлийн хэвлэлийн зардал 2,530,296 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан “А” сэтгүүлийн хэвлэлтийн зардал 2,530,296 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Б.Э ажилдаа хайнга хандсанаас 2712 ширхэг сэтгүүл борлуулагдаагүй тус компанид хадгалагдаж байгаа гэж шүүхийн хэлэлцүүлжгт тайлбарлаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Б-н шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт “миний бие 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлаар Замын-Үүд чиглэлд явахдаа “А” сэтгүүлээ авч яван Б.Э-н хариуцсан Дорноговь аймгийн төвийн сургуулиуд, Замын-үүд суманд нийт 900 орчим сэтгүүлийг борлуулсан”, гэрч Э.О-н шүүхийн хэлэлцүүлэгт 2712 ширхэг сэтгүүл манай компанид үлдэгдэлтэй байгаа, сэтгүүлээс худалдан борлуулалт хийж байгаа гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна.
Дээрх тайлбар, мэдүүлгээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.Э-с хариуцагч М ХХК-д хэвлэлтийн зардлын 2,530,296 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл М ХХК нь Алтан түлхүүр сэтгүүл тоо ёсоор бэлнээр байх бөгөөд тухайн сэтгүүлээс худалдан борлуулагдаж орлого олсон гэж үзэхээр байна.
Нөгөөтээгүүр 2712 сэтгүүлээс хэдэн ширхэг сэтгүүл худалдагдсан, одоо хэдэн ширхгийн сэтгүүлийн үлдэгдэлтэй байгаа талаар баримтаар хариуцагч тал нотлоогүй болно.
Нэхэмжлэгч нь А сэтгүүлийн худалдан борлуулах нэг бүрийн 3200 төгрөгийн үнэтэй 9 ширхгийн үнэ болох 28,800 төгрөгийг хариуцагчид төлөөгүйг хүлээн зөвшөөрсөн.
Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 28,800 төгрөгийг гаргуулж хариуцагч М ХХК-д олгож шийдвэрлэв.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн, тухайн үйл баримтад хамааралтай мэдээллийг агуулсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-г хариуцагч “М” ХХК-ийн “А” сэтгүүлийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,615,830 төгрөгийг гаргуулж Б.Э-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 28,800 төгрөгийг Б.Э-с гаргуулж М ХХК-д олгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг, “Т” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг “” ХХК-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 56,803 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 55,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгчээс 4550 төгрөгийг гаргуулж хариуцагч М ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ