Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/168

 

 

 

 

 

 

 

   2022            02            11                                       2022/ШЦТ/168

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Н.Улсболд,

хохирогч А.Т..............р,

шүүгдэгч Г.О...............л нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00026 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бадгаа овогт Г..............рын О...............л, Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ............................... жолооч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ............................ түр оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар УЗ96080830, урьд

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О...............л нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн орчим найз А.Т..............рын эрүүл мэндэд нь халдаж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Г.О...............л нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр найз А.Т..............р, Э.Б............л, Ма............аа, Ихээ нарын хамт Баянгол дүүрэг, 3, 4 дүгээр хорооллын “Love” ресторан, пабаар үйлчлүүлсэн байна. Ийнхүү үйлчлүүлж байхад Г.О...............лийн халаасанд байсан А.Т..............рын тээврийн хэрэгслийн түлхүүрийг найз гэх Ихээ нь авч явсны улмаас тэрээр хоорондоо маргалдан зүй бус үйлдэл гаргажээ. Ийнхүү тэднийг маргалдаж байхад буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс А.Т..............рыг дуудахад тэрээр Г.О...............л, Э.Б............л нарын хамт очиж тайлбар өгсөн байна. Ийнхүү тайлбар мэдүүлэг өгсний дараа дахин дээрх асуудлаас болж А.Т..............р, Г.О...............л нар нь хоорондоо маргалдан, улмаар Г.О...............л нь “маргааш асуудлыг шийдье, өнөөдөртөө бүгдээрээ буудал орж хоноё, буудлын мөнгө өгчих” гэхэд нь А.Т..............р нь “мөнгө өгөхгүй” гэх асуудлаас үүдэн дахин маргалдаж, улмаар Г.О...............л нь А.Т..............рын эрүүл мэндэд халдаж биед нь зүүн гайморын хөдийн урд хана, хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч А.Т..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр О...............л над руу залгаад намайг Нисэхээс ирээд аваач гээд би тухайн өдрийн 12 цагийн үед Нисэх рүү явж О...............лийг очих авахад Жагаа гэх хүнтэй хамт гарч ирсэн. Тэгээд бид 3 нисэхийн байрнаас Марлаа, Ихээ хоёрыг очиж аваад манай гэр болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо 65 дугаар байрны 128 тоотод ирээд бид 5 “Сэнгүр” нэртэй 4 том пиво ууссан. 21 цагийн үед бид хэд баар орохоор манай гэрээс гараад 3, 4 дүгээр хорооллын “Love” гэх баар ороод бид хэд ууж сууж байтал хамт явсан хоёр эмэгтэй явлаа гээд гарсан. Тэгтэл Г.О...............л нь тэр хоёрын араас нь гараад Марлааг дагуулаад буцаад орж ирсэн. Тэр үед Ихээ нь баарны гадаа машинд үлдсэн. Гэтэл Ихээ нь миний машиныг унаад явсан байсан бөгөөд би О...............лээс машины түлхүүр яах гэж Ихээд өгсөн юм гээд муудалцсан. Тэгтэл над руу Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр ир гэж 96004142 гэх дугаараас залгаж хэлсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн замын цагдаа дээр очтол Ихээ нь миний 46-84 УНВ улсын дугаартай саарал өнгийн Prius-20 машиныг авч яваад машин мөргөсөн байсан бөгөө Ихээ нь машин мөргөснийхөө дараа зугтаасан гэж байсан. Замын цагдаагаас гараад явж байтал Г.О...............л буудалд хонох уу гээд надаас мөнгө асуухад би үгүй би харьж амарлаа гэтэл надаас мөнгө өгсөнгүй гээд нүүр рүү нэг удаа цохиод Жагаатай хамт зугтаасан. ...О...............л нь миний нүүр рүү нэг цохиод зугтаасан бөгөөд надад гэмтэл учруулсан...миний биед гэмтэл учруулсан тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 05-06 дахь тал),

- Гэрч Э.Б............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т..............р, О...............л бид гурав Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тухайн үед замын цагдаа дээр очоод буцаад гарч байхад Т..............р О...............л хоёр хоорондоо түлхүүр Ихээд өгч явуулсан гээд муудалцаж байгаад О...............л Т..............раас буудалд орж хономоор байна мөнгө зээлчих гэж байх шиг байсан ба мөнгө өгөхгүй гэсэн бөгөөд тухайн замын цагдаагийн урд О...............л нь Т..............рын нүүр рүү нэг удаа цохисон ба би дундуур нь орж салгаад О...............лийг буудал руу дагуулж явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12029 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу овойж хавдсан, 3х5см хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн нүдний доод зовхи овойж хавдсан, зүүн хацар овойж хавдсан, зүүн нүдний доод зовхинд 0.5х1см хүрэн өнгийн зулгаралттай.

-2021.12.01-ний өдөр Лазер мед эмнэлгийн Толгойн КТГ-д: ...хамар яс бяцарсан хугаралтай, хамрын хэлбэр алдагдсан, хамар яс этмойд хөндий рүү цөмөрсөн хугаралтай, зүүн талын гайморын хөндийн урд хана зөрүүгүй хугаралтай, хугарлын харалдаа хийн бөмбөлгүүдтэй, тархины эдэд гэмтэлгүй, зүүн талын хацрын зөөлөн эдэд хаван хавдартай гэжээ...ДҮГНЭЛт

“...1.А.Т..............рын биед зүүн гайморын хөндийн урд хана, хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Г.О...............лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн үүрээр 4 цагийн үед А.Т..............ртай Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Замын цагдаагийн хэлтсийн урд таарамжгүй харилцааны улмаас муудалцаж зүүн гараараа нүүрэн тус газар нь цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэж (хавтаст хэргийн 27 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.О...............л нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан, хохирогч А.Т..............р нь мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэхгүйгээ илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12029 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.О...............л нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шууд санаатай үйлдлээр найз А.Т..............ртай хувийн таарамжгүй сэдэлтээр хоорондоо маргалдаж улмаар эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.О...............лийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч А.Т..............р нь энэ гэмт хэргийн улмаас баримтаар 315.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Г.О...............л нь төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Г.О...............лийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч А.Т..............р нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хүндэвтэр гэмтэлтэй холбоотойгоор цаашид дахин хагалгаанд орно. Иймд энэхүү гарсан зардлаа нэхэмжилнэ...” гэх агуулгаар мэдүүлэг гаргасан байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.”, мөн зүйлийн 3 хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэж тус тус хуульчилсан байна.

Тиймээс хохирогч А.Т..............рын цаашид гарах хохирол, хор уршгийг энэ удаагийн шүүх хуралдаанаар тодорхойлох боломжгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Г.О...............лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Г.О...............л, хохирогч А.Т..............р нар нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.О...............л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 39, 38 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 28 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 36, 37 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 29-34 дэх тал) “Хүннү Эйр” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 35 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд шүүгдэгч Г.О...............л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал тогтоосон баримт буюу “Хүннү Эйр” ХХК-ний тодорхойлолтоор ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь тогтоогдож байх тул улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгох ял дээр нэмж Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тогтоох нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл хохирогчид учирсан хор уршиг арилах боломжит хугацааг харгалзахын зэрэгцээ, шүүгдэгчийн хувийн байдал буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байгааг харгалзан дээрх хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг нэмж тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно.” гэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаа дууссаны дараа тухайн хүнд ял оногдуулах эсэхийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.” гэж хуулиар тус тус хугацаа тогтоохоор заасан байна.  

Шүүхээс шүүгдэгчид торгох ял оногдуулж, албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан дээрх ял, албадлагын арга хэмжээ авсан хугацааг 6 сарын хугацаагаар тогтоох нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв. Тодруулбал торгох ял биелүүлж дуусах хугацаа хэдийгээр 6 сар боловч энэхүү хугацаанд шүүгдэгчид дээрх албадлагын арга хэмжээ авах нь нөгөө талаараа цээрлүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд ач холбогдолтой гэж үзэв.

Харин шүүгдэгч Г.О...............л нь Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулах нь зүйтэй.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00026 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бадгаа овогт Г..............рын О...............лийг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.О...............лийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О...............лд оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.О...............лд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг торгох ял биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Г.О...............л нь Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдаж, хохирогч нь өөрт учирсан хүндэвтэр гэмтэлтэй холбоотой хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ