| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2022/0007/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/178 |
| Огноо | 2022-02-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/178
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Д.Эрдэнэчимэг, иргэний хариуцагч Д.М, хохирогч Б.О, түүний өмгөөлөгч С.Галцацрах, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103 00226 0306 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Э.Э, ** оны ** дүгээр сарын *-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Хилчин ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 08 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнийн 02 цаг 10 минутын үед “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 53 дугаар гудамжны замд Тоёота Приус-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас Б.О-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн дээрх хэргийг үйлдээд мөн дүрмийн 3.5 дахь хэсэгт заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч, Б овгийн Э.Э нь 2021 оны 08 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө *** улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэж, мөн 3.4-т “Жолооч эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй; ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас 02 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 53 дугаар гудамжинд хохирогч Б.О-гийн дээгүүр дайрч, биед нь “...цээжний баруун талын 1, 2, 3, 5, 6-р хавирга, зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, зүүн хөлийн шагайн үеийн ил хугарал мултрал, сээрний 1-р нугалмын 2 талын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун талын умдаг ясны дээд болон доод салаа, зүүн талын умдаг ясны доод салааны хугарал...” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан,
мөн дээрх хэргийг үйлдчихээд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж өгөх” хууль ёсны үүргээ биелүүлэлгүй хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 09-25 дахь тал), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 09-10 дахь тал),
- Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 81 дүгээр гудамж ** тоотод байрлах байшингийн дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 40-46 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 54 дүгээр гудамжны ** тоот хашааг харуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 47-56 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 22 дүгээр хороо Хилчин 45 дугаар гудамж ** тоотод байрлах “***” хүнсний дэлгүүрийн гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 57-66 дахь тал),
- Хохирогч Б.О-гийн “...би гэрээсээ гараад гудамжинд гүний худагтай айлын ард талаар явж байхад, хаана гэдгээ санахгүй байна тавчик шавар дээр халтираад байхаар нь янзлах санаатай тонгойгоод сууж байтал машин мөргөөд, дээгүүр гарчихсан. Тэгээд л миний ухаан балартсан. Түүнээс цааш юу болсон талаар санахгүй байна, нэг мэдэхэд манай нөхөр ирчихсэн намайг загнаад байх шиг байсан. Тухайн үед би нөхөртөө “машинд мөргүүлсэн” гэж хэлээд ухаан алдсан, тэгээд эмнэлэгт сэрсэн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74-75 дахь тал), “...эмнэлэгт хэвтэж байх үед 4,000,000 төгрөг гарсан. Гэвч баримт нь бүрэн цуглуулж чадаагүй. Гэртээ гарснаас хойш нэлээн мөнгө зарцуулаад байна. Нийт 5,000,000 төгрөг гарч байна. Цаашид эмчилгээ хийлгэх зорилгоор 3 эмнэлэг рүү зуучлалын хөлсөө төлөөд өвчтөний түүхээ явуулахад тухайн 3 эмнэлгээс хариу ирсэн. Бүрэн шинжилгээнд хамруулахад 7-10 сая вон буюу монгол мөнгөөр 10-25 сая төгрөг, шинжилгээ авах, хагалгаанд ороход 16 сая вон буюу 40 сая орчим төгрөг болно. Явах зардал, ор хоног, 2 хүний зардал нь 6 сая, эмнэлгийн зардал 15 сая төгрөгийн зардал гарна гэж тооцсон. Нийт эмчилгээний төлбөр, өмнө гарсан зардал, 6 сарын цалингийн орлого 9 сая, нөхөр намайг харж байх үеийн цалин 1,3 сая нийт 99,3 сая төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн241-242 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч Д.М-ын “...ослын талаар мэдэхгүй. Тухайн шөнө Э.Э буюу эхнэр маань хадмынхаас гэр лүүгээ явсан гэсэн. Тухайн үед би ажил дээрээ байсан. 2-3 хоногийн дараа эхнэр лүүгээ залгахад цагдаа нар ирсэн гэж ярьсан, үүнээс өөр мэдээлэл байхгүй. ...машиныг 2020 оны 9 дүгээр сарын үеэр авсан, 8,000,000 төгрөгөөр худалдан авсан. Авах үедээ оношилгоонд орж тэнцсэн байсан. Би хөдөө ажилтай учир манай эхнэр унадаг юм. ...Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, үнэлгээ хийлгэхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 223 дахь тал),
- Д.М-ын иргэний хариуцагчаар өгсөн: ...Гэм буруутай нь тогтоогдвол бусдад учруулсан хохирлын талаар тухайн үедээ болно...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 219 дэх тал),
- Гэрч Н.Б-ийн “...Их наран орж хүргэн ахын гэрт хонох гэж байгаад гэртээ харимаар санагдаад байхаар нь харих гээд Орбитын тойргоос хойд зүгт явж байгаад авто угаалгатай гудамжаар зүүн эргэж засмал замаас салаад 2 дахь гудамжаар баруун эргэсэн чинь машин барьж байсан манай хүргэн дүү Г “энд хүн хэвтэж байна О-ийн хувцастай адилхан хүн хэвтэж байна, чи очоод үзээдэх” гэхээр нь би “гэртээ унтаж байгаа хүн юу гэж энд хэвтэж байх вэ дээ” гэж хэлсэн чинь “чи очоод үзээдхээч" гэхээр нь бууж очоод уг хүнийг дээш нь харуулаад харсан чинь манай эхнэр мөн байсан. Тэгээд машин барьж явсан хүргэнээ дуудаад өргөх гэсэн чинь дийлэхгүй байхаар нь манай хашаанд хамт амьдардаг дүү Ө-г дуудаж ирээд бид 3 хамт өргөж машинд суулгаад гэртээ оруулаад, орон дээр өргөж тавиад хувцсыг нь тайлахад зүүн хөлийнх нь шагай хугарсан байхаар нь түргэн дуудаад гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн. Намайг анх очоод өргөж босгож байхад “машинд мөргүүлсэн” гэх шиг болсон, би тухайн үед өөрөө согтуу байсан учраас яг юу болсон талаар тодорхой асуугаагүй. Согтоод унасан байна гэсэн бодол толгойд орсон байсан учир нэг их анзаараагүй. Тухайн үед “20 юм уу 02-оор эхэлсэн машин байсан” гэсэн юм ярих шиг болсон, эмнэлэгт ухаан орсныхоо дараа “нэг машин намайг ухарч ирээд харчхаад явсан гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал),
- Гэрч Ч.Н-ийн “...миний төрсөн эгч Э ажлаа тараад 22 цаг өнгөрч байхад ирээд 2 хүүхдээ аваад “гэртээ харилаа” гээд явсан. Манай эгч ногоон өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашинтай, би улсын дугаарыг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92-94 дэх тал),
- Гэрч Ч.Г-ийн “...хадам ах Б гэртээ харимаар байна гэхээр нь би хүргэж өгөхөөр болоод Орбитын тойргоос хойшоо явж байхад ямар нэртэй гэдгийг нь мэдэхгүй байна авто угаалгын хажуу талаар гудамж уруу ороод булан тойрсон чинь зам дээр цагаан юм байж байхаар нь “энд хүн байна шүү дээ” гэж хэлсэн чинь Б “юу гэж харанхуй шөнө хүн байж байдаг юм бэ” гэхээр нь хартал Б-гийн эхнэр О-гийн өмсдөг халаадтай ижил хувцастай байсан. Б буугаад дээш нь харуултал О мөн байсан. Тэгээд намайг дуудаад хамт өргөх гэсэн чинь миний нэг гарын шөрмөс гэмтсэн, атгаж чадахгүй байсан учраас өргөж дийлэхгүй байсан. Тэгээд О-г “босооч ээ” гэсэн чинь босож чадахгүй суугаад байхаар нь би гэр лүү нь яваад Б-гийн хашаанд байдаг дүүг нь дагуулж ирээд бид 3 хамтдаа өргөөд машинд суулгаад гэрт нь оруулчхаад би шууд явчихсан. ...намайг гудамжны булан тойроод дөнгөж эргэхэд зам хонхор хэсэгт толгой нь баруун хойшоо хөл нь зүүн урагшаа харсан зам дээр диагналдсан байдалтай доошоо хараад хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 99-101 дэх тал),
- Гэрч Б.Ө-н “...унтаж байтал 03 цаг 40 минутын орчим манай хүргэн Г ах ирээд “О аниа чинь гудамжинд хэвтэж байна” гэхээр нь бид 2 хамт очоод Б ахтай хамт гурвуулаа нийлээд машинд өргөж оруулахад “хөл өвдөөд байна” гэж хэлсэн. Харсан чинь ташаа хэсгээрээ халцарсан байхаар нь нэг их тоолгүй гэрт оруулаад охиныг нь дуудаад “ээжийнхээ хувцсыг тайлаад, оронд оруулчих” гэж хэлчхээд гараад хашааныхаа хаалгыг хаагаад гэртээ орох гэж байсан чинь охин нь орилоод байхаар нь орсон чинь Б, ах “О эгчийн чинь хөл хугарсан байна, түргэн дуудчих” гэж хэлэхээр нь би түргэн дуудсан. О эгчийн хөл нь унжаад яс гарчихсан байсан учраас би харж чадахгүй гадаа гараад байж байтал түргэн ирэхээр нь хамт машинд суугаад Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн..." гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 103-105 дахь тал),
- Насанд хүрээгүй гэрч М.М-ийн “...Би тухайн өдөр өвөөгийн гэрт байж байхад манай ээж дүү бид хоёрыг аваад гэртээ харихаар ирсэн. Яг хэдэн цаг болж байсан талаар санахгүй байна, гадаа харанхуй болсон байсан. Манай ээж өөрийн унадаг бор өнгийн Приус-20 маркийн машиныг өвөөгийн хашаанд оруулж ирээд тавьсан байсан учраас ээж машинаа жолоодоод, дүүг жолоочийн хажуу талын урд суудал дээр суулгаад би арын суудал дээр нь суугаад өвөөгийн хашаанаас гараад засмал замаар явж байгаад худагтай гудамжаар эргээд явж байгаад баруун гар тийшээ эргэсэн чинь зам дээр цагаан юм байж байсан. Ээж тэрийг нь тойрч гараад шууд гэр лүүгээ явсан, манай ээж тэрийг “согтуу хүн байсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 107 дахь тал),
- Гэрч Х.А-ын: “...нэг сэргэсэн чинь Б эхнэрээ тэвэрчихсэн О гадаа гудамжинд унтаж байсан байна шүү дээ” гэж хэлээд ороод ирэхээр нь эхнэрийг нь өргөж буйдан дээр тавиад хувцсыг нь тайлахад хөл нь хугарчихсан байсан. ...Маргааш нь би гэмтэл дээр очоод Б-тай уулзахад эхнэр нь “намайг сууж байхад саарал өнгөтэй машин байх шиг байсан дугаар нь 20 юм уу 02-оор эхэлсэн машин байсан, мөргөчхөөд явчихсан” гэж яриад байна гэж хэлж байсан...” гэж хэлсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 113-114 дэх тал),
- Гэрч Б.Ө-ын ”...2021 оны 08 дугаар сарын 24-25-ны өдөр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд эрүүгийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байхад 2021 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 06 цагийн орчимд ГССҮТ-д хөл нь хугарсан, машинд мөргүүлсэн байдалтай эмэгтэй хүн хүргэгдэж ирсэн байна гэх гомдлын дагуу шалгах ажиллагааг явуулан хэргийн газарт Эрүүгийн цагдаагийн хэлтсийн хамт ажилласан. Шалгах ажиллагааны явцад хэргийн газрын ойролцоо байрлах Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин ** тоот, ** тоот айлуудын гадна талын хяналтын камерын бичлэг, ** нэртэй хүнсний дэлгүүр, ** нэртэй хүнсний дэлгүүр, Орбит зах үйлчилгээний төвийн гадна талын хяналтын камеруудыг шүүж үзэхэд 2021 оны 08 дугаар сарын 25-ны шөнө 02 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний ** тоот хашаанаас гарсан автомашин засмал замаар явж байгаад хохирогчийн хэвтэж байсан гудамж руу эргэж орж байгаа дүрс бичлэг бичигдсэн байдаг. Тухайн үед хохирогч 2021 оны 08 дугаар сарын 25-ны шөнө 02 цаг 10 минутын орчим машинд мөргүүлсэн гэх газар луу алхаад явж байгаа нь Хилчиний ** тоот хашааны гадна талын хяналтын камерт бичигдсэн байдаг ба урдаас нь засмал замаас нь машин салаад эргэж ирж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Тухайн засмал замаас салж орж ирсэн автомашин хохирогчийн машинд мөргүүлсэн гэх газарт очоод ухрах үйлдэл хийгээд эргэж байгаа дүрс бичлэг бичигдсэн байдаг. Хэргийн газрын ойр орчим байрлах хяналтын камеруудаар хохирогчийн нөхөр дуудлага өгөх цаг хугацаа хүртэлх хугацаанд өөр машин яваагүй болох нь тогтоогдсон. Мөн хохирогчийн нөхөр Б анх хохирогч Б.О-г олоход би машинд мөргүүлчихлээ намайг мөргөсөн автомашин 02 юм уу 20-оор эхэлсэн автомашин байсан талаар хэлсэн байдаг. Тухайн хэрэгт холбогдогч Э.Э-ийг 2021 оны 08 дугаар сарын 27-ны орой олж тогтоон гэрчээр мэдүүлэг авсан. Гэрчээр мэдүүлэг авахдаа гэрчийн эрх үүргийг тайлбарлан өгч танилцуулан мэдүүлгийг дуу дүрсний бичлэгээр бэхжүүлж байгаа талаараа сануулан мэдүүлэг авахад 2021 оны 08 дугаар сарын 25-ны орой аавын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин ** тоот хашаанаас гараад засмал замаар явж байгаад гэр хорооллын гудамж руу эргээд явж байхад манай гэрийн урд байдаг А шонгийн модны хажуугаар эргэсэн чинь нэг юман дээгүүр дайраад гарчихсан тэгээд хартал манай охин ээжээ хүн дээгүүр гарчихлаа гэж хэлэхээр нь тухайн хүнийг харчхаад 2 жаахан хүүхэдтэй явж байсан, мөн маш их айж сандарсан учраас шууд явчихсан талаараа мэдүүлсэн байдаг. Би мэдүүлэг авахдаа Э.Э-т хууль сануулаад албаны X-Cover маркийн гар утсаар бэхжүүлж байгаагаа хэлээд мэдүүлгийг өөрт нь уншуулж, Э.Э гарын үсэг зурсан нь дүрс бичлэгт бичигдэн үлдсэн байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 228 дахь тал),
- Гэрч Ш.А-ийн: “...2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд криминалистикийн шинжээчийн үүрэг гүйцэтгэж байхад 2021 оны 08 дугаар сарын 27-ны 14-3б/2008 дугаартай албан тоотын дагуу зам тээврийн осол гарсан гэх газарт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо 54 дүгээр гудамжны ** тоот хашааны зүүн талд хэргийн газрын үзлэг хийсэн. Тухайн үед техникийн шинжээч Ш.Ариун-Эрдэнэ, мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дэмбэрэл нарын хамт бүрэлдэхүүнд гарч байсан. Ослын газарт автомашины жолооч гэх эмэгтэй хүн хаана хэвтэж байсан бэ гэх асуултад ямар нэгэн дарамт шахалтгүйгээр, өөрийнхөө хүслээр хүн хэвтэж байсан гэх газрыг бүрэлдэхүүнд зааж өгч баруун гараараа зааж байгаад зургаа авхуулсан. Би тойроод гарсан гэж хэлж байсан. Аль талаар нь тойрсон гэж хэлснийг сайн санахгүй байна. ...Үзлэгийн үед хохирогч ирээгүй, эмнэлэгт хэвтэж байгаа гэж байсан. Ослын газарт ямар нэгэн ул мөр үлдээгүй байсан. Шороон дээр цус мэт зүйлээр бохирлогдсон гэх мөр байгаагүй. Жолоочийн зааснаас өөр шинж тэмдэг, ул мөр байгаагүй. Би хэргийн газрын орчны зураг, цэгийн зураг, үл хөдлөх цэгийн зургуудыг албаны Nicon 3400 маркийн фото зургийн аппаратаар авсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 232 дахь тал),
- Гэрч С.Д-ийн “...2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байхад 27-ны өдрийн 14-3б/2008 дугаартай албан тоотын дагуу зам тээврийн осол гарсан гэх газарт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 54 дүгээр гудамжны ** тоот хашааны зүүн талд хэргийн газрын үзлэг хийсэн. Тухайн үед техникийн шинжээч Ш.Ариун-Эрдэнэ, криминалистикийн шинжээч а/х Нямдаваа нарын хамт бүрэлдэхүүнд гарч байсан. Ослын газарт автомашины жолооч гэх эмэгтэй хүн хаана хэвтэж байсан бэ гэх асуултад ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хүн байсан гэх газрыг бүрэлдэхүүнд зааж өгч гараараа зааж байгаад зургаа авхуулсан. Тухайн үед би дээгүүр нь гарсан эсэхээ мэдэхгүй байна, өнгөрч яваад харсан гэж хэлж байсан. Манай хүүхэд хүн хэвтэж байна гэж хэлж байсан. Тэр үед жолоочтой өөр хүн ирээгүй, ганцаараа байсан. Хохирогч ирээгүй, гэмтэлд хэвтэж байгаа гэж байсан. Ослын газарт ямар нэгэн ул мөр үлдээгүй байсан. Шороон дээр цус мэт зүйл байгаагүй. Жолоочийн зааснаас өөр шинж тэмдэг, ул мөр байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 235 дахь тал),
- Гэрч Э.Н-ийн “...2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд криминалистикийн шинжээчийн үүрэг гүйцэтгэж байхад 2021 оны 08 дугаар сарын 27-ны 14-3б/2008 дугаартай албан тоотын дагуу зам тээврийн осол гарсан гэх газарт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 54 дүгээр гудамжны ** тоот хашааны зүүн талд хэргийн газрын үзлэг хийсэн. Тухайн үед техникийн шинжээч Ш.Ариун-Эрдэнэ, мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дэмбэрэл нарын хамт бүрэлдэхүүнд гарч байсан. Ослын газарт автомашины жолооч гэх эмэгтэй хүн хаана хэвтэж байсан бэ гэх асуултад ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өөрийнхөө хүслээр хүн хэвтэж байсан гэх газрыг бүрэлдэхүүнд зааж өгч баруун гараараа зааж байгаад зургаа авхуулсан. Би тойроод гарсан гэж хэлж байсан. Аль талаар нь тойрсон гэж хэлснийг сайн санахгүй байна. Үзлэгийн үед хохирогч ирээгүй, эмнэлэгт хэвтэж байгаа гэж байсан. Ослын газарт ямар нэгэн ул мөр үлдээгүй байсан. Шороон дээр цус мэт зүйлээр бохирлогдсон гэх мөр байгаагүй. Жолоочийн зааснаас өөр шинж тэмдэг, ул мөр байгаагүй. Би хэргийн газрын орчны зураг, цэгийн зураг, үл хөдлөх цэгийн зургуудыг албаны Nicon 3400 маркийн фото зургийн аппаратаар авсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 238 дахь тал),
- Шинжээч Ш.Ганцэнгэлийн “...Б.О-гийн эрүүл мэндэд учирсан баруун талын 1,2,3,5,6-р хавирга хугарсан, зүүн талын 1,2,3,4,5,6,7,8-р хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, зүүн хөлийн шагайн ил мултрал, сээрний 1-р нугалмын талын сэртэнгийн хугарсан бүсэлхийн 3-р нугалмын хөндлөн хугарал баруун талын умдаг ясны дээд болон доод салаа, зүүн талын умдаг ясны доод салааны хугарал гэмтэл тогтоогдсон. Эдгээр хугарал, гэмтэл нь шахагдсан үйлчлэл /мохоо/-н улмаас үүссэн бөгөөд дээгүүр нь авто машин дайрах үед үүсгэгдэх боломжтой. Эдгээр гэмтэл нь хэвтээ үед үүсэх боломжтой. Эдгээр гэмтэл нь дан дангаараа мөн хүнд гэмтэлд, бүсэлхийн 3-р нугалам, баруун зүүн талын умдаг ясны хугарал нь дангаараа хүндэвтэрт хамаарна. Хэсэг газрын үзлэгт авагдсан зулгаралт, цус хуралт нь машины эд ангид цохигдоход үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (1хавтаст хэргийн 226 дахь тал),
- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 7930 дугаартай шинжээчийн: “...Б.О-гийн биед цээжний баруун талын 1,2,3,5,6-р хавирга, зүүн талын 1,2,3,4,5,6,7,8-р хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, зүүн хөлийн шагайн үеийн ил хугарал мултрал, сээрний 1-р нугалмын 2 талын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун талын умдаг ясны дээд болон доод салаа, зүүн талын умдаг ясны доод салааны хугарал гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.6.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална...” гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэрийн 135-137 дахь тал);
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2432 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн халаад 65х8мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт, цэнхэр өнгийн халаад 25х10 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт, цэнхэр өмд 320мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, хөх оймс 30x25 мм хатуу мохоо зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн шинэ цоорсон гэмтлүүдтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн урагдалт, ханзралт, цоорсон гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн зузаан, эдэлгээ зэргээс хамаарч тодорхойлох боломжгүй...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 166 дахь тал),
- Мөрдөгчийн магадалгаа (1хавтаст хэргийн 190-191 дэх тал), Баянзүрх дүүрэг дэх техникийн хяналтын үзлэгийн төвийн 1138019827 дугаартай “...***улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийн урд подфарын гэрэл асахгүй, ...стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1200 сd, хол дээрээ 3100 cd байх ба баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0 cd, хол дээрээ 0 cd (стандарт 10000-225000cd) байгаа нь гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 180-187 дахь тал).
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Э.Э нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцоно гэсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Э.Э-ийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүний хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт, харин гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл тул гэм буруугийн санаатай хэлбэрт тус бүр тооцно.
Гэмт хэрэг зүйлчлэлийн хувьд хэргийн нөхцөл байдалд өрсөлдүүлэн авч үзэх өөр хэм хэмжээ байгаагүйг дурдахын зэрэгцээ хохирогч Б.О нь харанхуй шөнө гудамжинд согтуу хэвтэж байгаад машинд дайруулсан хэдий ч шүүгдэгч Э.Э харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гэрлийн тусгал нь стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар анхаарал болгоомжгүй явсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байгаа нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох бас нэгэн хүчин зүйл болсныг дурдах нь зүйтэй.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Э-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч: “...Шүүгдэгч хохиролд 10.250.000 төгрөг төлсөн. Цаашид хохирогч 40 сая төгрөг нэхэмжилж байгааг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: “...Энэ хэрэгт 99,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Гэхдээ энэ мөнгийг авлаа ч хохирогчид учирсан хор уршиг арилахгүй. Шүүгдэгч 100,000,000 төгрөг, 1 тэрбум төгрөг өгсөн ч хор уршиг арилахгүй...” гэв.
Хохирогч: “...Би эрүүл саруул хүн байсан. Гэтэл одоо суумгай болчхоод байна. Би эмэгтэй хүн, доголох, хазгарлахыг ч хүсэхгүй байна. Одоо манайх нөхрийн цалингаар л амьдарч байна. Бид өр зээлтэй. Би аяга цайгаа ч өөрөө хийж, ууж чадахгүй байна. Адилхан залуу хүмүүс байна юм бодож байгаа байх гэж л бодсон. Надад одоо өр шир сэтгэлийн дарамт их байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин: “...Эхний ээлжид 2 сая гаран төгрөг төлсөн. Хохирогчид хүнд гэмтэл учирч эрүүл мэнд нь хүнд байгаа тул нэмж 8 сая төгрөг нөхөн төлсөн. Хохирогч 99 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд талууд уулзаж ярилцахад 40 сая төгрөг өгнө гэвэл болж байна гэсэн. Үүнээс иргэний хариуцагч 10 сая төгрөгийг машинаа зарж шийдэх боломжтой талаараа хэлсэн. Шүүгдэгч Э.Э нь тогтмол орлогогүй, нөхөр нь ээлжийн ажил хийдэг 1,200,000 төгрөгийн цалинтай тул 40 сая төгрөгийг жилийн дотор барагдуулах боломжгүй байгаа тул хугацааг нь уртасгаад цувуулаад өгөх талаар ярилцсан боловч үл ойлголцсон. Шүүгдэгчийн хувьд цаашид бүхий л боломжоороо тусална гэдгээ илэрхийлсэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй үлдээхээр шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч нь одоо машинаа зараад нэмж 10 сая төгрөгийг төлөхөө байнга илэрхийлж байгаа...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа: “...Шүүгдэгч нь хохирогчид 2,000,000 төгрөг өгсөн. Мөн сүүлд хохирол нэмж өгч нийт 10,000,000 төгрөг өгсөн. Бид хохирогч талтай 2-3 удаа уулзалт хийсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан байдаг. Шүүгдэгч өөрийн чин сэтгэлээсээ баримтгүй хэдий ч 8,000,000 төгрөгийг шүүх хуралдаанаас өмнө нэмж өгсөн. Шүүгдэгч улирлын чанартай ажил эрхэлдэг бөгөөд түүний ар гэр мөн адил хүнд байдалд орсон. Гэсэн хэдий ч хохирлыг боломжоороо нэмж өгнө, хамтраад хохирогчийг хөл дээр нь босгоно гэж хэлж байгаа...” гэв.
Хохирогч Б.О нь цаашид гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай хэмээн 90,000,000.0 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаар шийдвэр гаргахад хангалттай хууль ёсны нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэж зааснаар шүүх хохирогч Б.О нь цаашид гарах эмчилгээний болон асарч сувилуулах зардал, авах байсан цалин хөлс, орлогоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 2 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн 2 жил 5 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг дискийг хавтаст хэрэг хадгалах хугацаанд хавсаргах саналтай байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийн хохирогчид хандаж байгаа хандлага, ухамсарлаж байгаа ухамсар зэргээ харуулж байна. Миний үйлчлүүлэгчид учирсан хор уршиг удаан хугацаагаар үргэлжилнэ. Иймд улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа бөгөөд шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн хувьд эдгэхэд эмчилгээ удаан байхыг үгүйсгэхгүй, хохирогч эдгэх эсэх нь эмчилгээнээс шалтгаална гэдэг нь тодорхой. Болгоомжгүй байдлаас гэмт хэрэг үүссэн. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл буюу шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаанаас гадна хохирогчийн буруутай үйлдэл харагддаг. Хохирлын асуудлыг шүүгдэгчийн зүгээс боломжоороо өгнө гэж байгаа. Улсын яллагч хорих ялын санал гаргасан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс мөн улсын яллагчийн саналыг дэмжсэн. Шүүгдэгчийг заавал нийгмээс тусгайлахгүйгээр ажил хийх боломжийг нь хангаж орлого олох боломжийг харах нь зүйтэй. Энэ хэрэг нь болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг. Шүүгдэгчийн ар гэрийн хувьд тогтмол орлогогүй, бага насны 2 хүүхэдтэй зэрэг нөхцөлийг харж үзэх хэрэгтэй. Эмчилгээ хэдэн жил үргэлжлэхийг таашгүй бөгөөд эмчилгээний зардал нэмэгдэнэ. Хохирлын асуудал дуусахгүй. Гэмт хэрэг гарсан шалтгаан болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүний жолоодох эрхийг хасаж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Хохирлын асуудал үргэлжлэх тул нийгмээс тусгаарлахгүйгээр шийдэж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа: “...Эрүүгийн хуулийн үзэл баримтлал нь хохирол хор уршгийг нөхөн сэргээх зорилготой байдаг. Шүүгдэгчид хорих ял өгснөөр хохирогчийн эмчлэгдэх асуудал нь хүнд байдалд орно. Иймд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Гэмт хэрэг гарсан шалтаан нь хохирогч болон шүүгдэгч аль алинаас нь шалтгаалсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Улаанбаатар хотоос гарахгүйгээр зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
Улсын яллагч нэмэлт тайлбартаа: “...Шүүхээс шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зэргээр хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжоор хангахад татгалзах зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, мөн хохирогчийн харанхуй гудамжинд согтуу хэвтэж байсан хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 200 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 41 дэх тал), жолоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 194 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 195 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 196-197 дахь тал), гэрлэлт бүртгэлгүй талаарх лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 199 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 201 дэх тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох талаарх тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 203 дахь тал), АСАП сангийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 202 дахь тал) зэрэг нотлох баримтыг тус тус үнэлээд шүүхээс шүүгдэгчийн “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, жолоодох эрхийн үнэмлэхтэй, сайн дурын үндсэн нийгмийн даатгал төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгч, 6 настай, 10 настай хоёр хүүхэдтэй, өөрийн гэсэн бүртгэлтэй өмч хөрөнгөгүй, шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй, ямар нэгэн зөрчилд холбогдон шийтгүүлж байгаагүй” гэсэн хувийн байдлыг тодорхойлов.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан бөгөөд шүүх гэм буруутай этгээдийг нийгмээс тусгаарлалгүйгээр эрүүгийн хариуцлагын хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангах нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилго нь зөвхөн хорих ялаар илрэн гардаггүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүхээс дээрх дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хариуцлага нь гэм буруугийн хэлбэрт нийцсэн байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж зааснаар шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг хоёр жилээр тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд оршин сууж буй Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зайлшгүй шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэх нь үр нөлөөтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э-т хорих ял шийтгээгүй учир түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохыг тогтоолд тусгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 6 ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, шүүгдэгч Э.Э-ийн *** дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, мөн шүүгдэгч Э.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогч Б.О-д 10,221,882 төгрөгийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан нэг жил зургаан сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг хоёр жилээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т зорчих эрхийг хязгаарлах хоёр жилийн ялын хугацаанд оршин сууж буй Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
5.Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э-т сануулсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.О нь цаашид гарах эмчилгээний болон асарч сувилуулах зардал, авах байсан цалин хөлс, бусад орлогоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 6 ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Э.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний *** дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.
10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА