Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 00805

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багт оршин суух, Шар хуулар овогт Дугарын Пүрэвсүрэн / РХ67061608 / регистрийн дугаартай.

            Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  П.Ундрах, нэхэмжлэгч Дугарын Пүрэвсүрэн  нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Дугар овогтой Пүрэвсүрэн миний бие 1967 онд Хатгал тосгонд төрсөн, одоо 50 настай. Би 1983 онд ойн техник мэргэжлийн сургуулийг суурь машинист мэргэжлээр төгсөөд 1985 оны 8-р сарын 05-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Зүсмэлийн цехэд ажлын гараагаа эхлүүлж байсан бөгөөд 1986 онд нутагтаа шилжиж  ирээд 1987 оны 3 –р сарын 15-ны өдрөөс эхлэн 1995 оны 04-р сарын 06-ны өдрийг дуустал тасралтгүй Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд байрлах Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрт тогоочоор  ажилласан юм. Гэтэл одоо 50 нас хүрсэн 4 хүүхэд төрүүлж өсгөсөн гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажиллаж байх үеийн мод боловсруулах үйлдвэрийн 1995 онд ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр олдохгүйн улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохироод байна.

          Иймд миний Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1995 оны 4 дүгээр сарын 06-ний өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

               Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгох ба Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрт  1987 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

              Тухайлбал: Хөвсгөл аймгийн ойн техник мэргэжлийн сургуулиас 1985 оны 6 дугаар сарын 27-ний өдөр нээж олгосон 136679 дугаартай Дугарын Пүрэвсүрэнгийн ...1987 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хатгалын мод бэлтгэх цехийн мод бэлтгэлийн бригадад тогоочоор авч ажиллав Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 34 тоот тушаалаар гэх бичилттэй хэсэг, /нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас/

     БНМАУ Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 34 дугаартай “Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай”  ОМАҮЯ-ны томилолтоор ирсэн Д.Пүрэвсүрэнг 3-р сарын 15-наас эхлэн бэлтгэлийн тогоочоор авч ажиллуулсугай... гэх тушаалын хуулбар, / Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан/

       Хөвсгөл аймгийн Архивын тасгаас  гаргаж өгсөн Дугар овогтой Пүрэвсүрэнгийн  Хатгалын мод боловсруулах үйлдвэрт 1987-1990  онд ажиллахдаа авсан цалин хөлсний тодорхойлолт,

      Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдулам, архивын ажилтан Б.Бямбадулам нараас олгосон 2017 оны 7 дугаар сарын 05-ний өдрийн 1063 дугаартай Дугар овогтой Пүрэвсүрэн тус хэлтсийн архивт Хөвсгөл аймгийн хатгалын Ой модны үйлдвэр 1991,1992,1993,1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг тодорхойлов гэх архивын лавлагаа, /эх хувиар/

     Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнгийн  МБЦехэд ажиллаж байхдаа хамт олонтойгоо, ажлаа хийж байх үедээ  1987,1988 онд авахуулсан гэх фото зураг

Гэрч Б.Байгалмаагийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Д.Пүрэвсүрэн нь  Хөвсгөл аймаг дахь Ойн техник мэргэжлийн сургуулийг суурь машинч мэргэжлээр төгсөөд Хөвсгөл аймгийн Модны үйлдвэрийн харьяа Хатгалын мод боловсруулах цехэд 1987 оны 3 дугаар сараас 1995 оны 3 дугаар сарыг дуустал тогоочоор ажилласан. Хатгалын мод боловсруулах цех нь 1995 оны 3 дугаар сард дампуурч улмаар татан буугдсан юм.  Түүний нөхөр Ган-Эрдэнэ нь манай нөхөр тракторын жолооч Ө.Энхтайваны оосорлогчоор ажилладаг байсан...” гэх,

Гэрч Л.Цэрэн-Ойдовын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... Д.Пүрэвсүрэн нь  Хөвсгөл аймгийн Модны үйлдвэрийн харьяа Хатгалын мод боловсруулах  цехэд ажиллахаар очсон бөгөөд мэргэжлийн ажлын байр орон тоо байхгүй байсан болохоор мод бэлтгэлийн бригадад тогоочоор томилогдон анх ажиллаж эхэлсэн. Тэгээд Хатгалын мод боловсруулах цехийг тартал буюу 1995 оны 3 дугаар сарыг дуустал мөн л тогоочоор ажилласан.  Түүний нөхөр Ган-Эрдэнэ нь манай бригадад оосорлогчоор хамт ажилладаг байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 10/368 дугаартай “...Тус аймгийн Хатгалын модны цехийн даргын 1986-1995 оны тушаал шүүж үзэхэд Д.Пүрэвсүрэнг ажил өөрчилсөн, чөлөөлсөн тушаал байхгүй байх тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна ....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

             Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шар хуулар овогт Дугарын Пүрэвсүрэн / РХ67061608 /-г Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрт  1987 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс  1995 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  Д.Пүрэвсүрэнгийн нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА