Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/132

 

  

 

 

 

 

    2022        02        14                                    2022/ШЦТ/132

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

шүүгдэгч Д.О,

нарийн бичгийн дарга И.Номин,

улсын яллагч М.Отгонбаатар нарыг оролцуулан эрүүгийн 2109000001653 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.О, /регистрийн дугаар /, Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ...... тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй,

урьд: Хөвсгөл аймгийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 сар баривчлах ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Өршөөн суллагдсан,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 7 сар 8 хоног хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил 7 сар 21 хоног хорих ял шийтгүүлж, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1 жил 8 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Д.О нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 709 дүгээр байрны цонхыг хагалж гэмтээн хууль бусаар нэвтрэн орж хохирогч М.Бэзэмшлийн 793.200 төгрөгийн үнэ бүхий барилгын багаж хэрэгслийг нууцаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Д.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Д.О нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 709 дүгээр байрны цонхыг хагалж гэмтээн хууль бусаар нэвтрэн орж хохирогч М.Бэзэмшлийн 793.200 төгрөгийн үнэ бүхий барилгын багаж хэрэгслийг нууцаар авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Д.О нь хохирогч М.Бэзэмшлийн 793.200 төгрөгийн үнэ бүхий барилгын багаж хэрэгслийг нууцаар авсан үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

-шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..хохирогч М.Б/хх-ийн 12-13/: “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, шинэ замын тэнд нэг байрны хажууд танихгүй эрэгтэй хүнтэй нэг шил архи хувааж уугаад согтуу байхдаа хажуу талд байрны 1 давхрын хойд талын цонхыг хагалан ороод гар дрилл, тасдагч, уртасгагч зэрэг багажуудыг аваад 2 шуудайнд хийж эргээд нөгөө цонхоороо гараад хажуу талын зам дээр гараад хөх өнгийн машинтай эрэгтэй хүнд нэг шуудайтай багажийг нь 60.000 төгрөгөөр зарсан. Тэр хүн надад мөнгөө бэлнээр өгсөн. Би тэр мөнгийг нь аваад идэж уух зүйл аваад үрээд дуусгасан. Тэгээд өдөр нь цагдаад баригдаад 1 үлдсэн цүнхтэй багажийг нь эзэнд нь буцааж өгсөн. Харин нөгөө багаж зарсан хүнээ би танихгүй байна. Би бусдын байранд нэвтэрч багаж хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /xx-ийн 4-5, 17-18/,

-хохирогч М.Бмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 709 дугаар байрны заслын ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Ажлаа дуусгаад багажаа 1 дүгээр давхарт өрөөнд үлдээгээд 2021 оны 12 дугаар 14-ний өдөр өглөө 11 цагийн үед ирээд Бямбаа гэж хүнээс түлхүүр аваад багаж хадгалсан өрөөгөө онгойлгож үзэхэд баруун талын цонх хагархай миний  багаж алга болсон байсан ...2 ширхэг зуурагч...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

-“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 56-57/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12-13/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Оыг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 709 дүгээр байрны цонхыг хагалж гэмтээн хууль бусаар нэвтрэн орж хохирогч М.Бэзэмшлийн 793.200 төгрөгийн үнэ бүхий барилгын багаж хэрэгслийг нууцаар авсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 131 дугаар шийтгэх тогтоолоор 4 жил 7 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялаа эдлэж байгаад Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ХМШЗ/40 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаас тэнсэн суллагдсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх 03 жил 08 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгчийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр тогтов.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оын энэ хэрэгт цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Д.Оын дээрх үйлдлийн улмаас хохирогч М.Батжаргалд 793.200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс 2 ширхэг дрилл, уртасгагч 1 ширхэг зэргийг хохирогчид биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул түүнээс үлдэгдэл хохирол болох 505.200 төгрөгийг гаргуулж хохирогч М.Батжаргалд олгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Оыг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оын өмнөх шийтгэл тогтоолоор буюу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 03 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 (гурав) жил 08 (найм) сар 03 (гурав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О 61 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

 

6.Шүүгдэгч нь хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оаас 505.200 төгрөгийг гаргуулж  хохирогч М.Б (РД:)-д олгосугай.

 

8.Шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР