| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
| Хэргийн индекс | 128/2019/0684/З |
| Дугаар | 128/ШШ2020/0087 |
| Огноо | 2020-02-04 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2020/0087
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: УБЕГ.
Хариуцагч: УБЕГ-ын улсын байцаагч Н.О.
Гуравдагч этгээд: Б.У.
Нэхэмжлэлийн шаардлага: “УБЕГ-ын байцаагч Н.О-ийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтийг, энэхүү дүгнэлтийг үндэслэн хийгдсэн “Б” ХХК-ийн 50 хувийн хувьцааг иргэн Б.У-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны эхэнд “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.О-ийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, энэхүү дүгнэлтийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр "Б" ХХК-ийн 50 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч Б.У-аас иргэн А.Ч-д шилжүүлсэн, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн А.А, А.Ч нарын эзэмшиж байсан 100 хувийн хувьцааг “Б” ХХК-д шилжүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Б” ХХК-ийн эзэмшиж байсан 100 хувийн хувьцааг иргэн А.А-д шилжүүлсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох замаар иргэн Б.Уд 50 хувийн хувьцааг шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ийн өмгөөлөгч Б.Н нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Ч.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтээр “Б” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.Угаас 50 хувийн хувьцааг иргэн А.Ч-д шилжүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн улсын бүртгэл, хувьцаа эзэмшигч А.А, А.Ч нарын эзэмшиж байсан 100 хувийн хувьцааг “Б” ХХК-д шилжүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн улсын бүртгэл, “Б” ХХК-ийн эзэмшиж байсан 100 хувийн хувьцаан иргэн А.А-д 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн нэмэлт өөрчлөлтийн улсын бүртгэлүүдийг Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, М*******ны ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/190 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын 1.3.4, 3.1.2 дахь заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэсэн нь “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.А миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Маргаан бүхий дээрх актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.А-д мэдэгдэх үүргээ УБЕГ болон Хяналтын байцаагч Н.О нар огт биелүүлээгүй юм. Өөрөөр хэлбэл 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хувьцаа эзэмшигч Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайт буюу хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн санд хандсанаар “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт орсон талаар мэдсэн юм. Хувьцаа эзэмшигч А.А тус асуудлыг мэдсэн даруйд буюу 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 02/36 дугаартай албан бичгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандаж ямар шалтгаан, ямар шийдвэрээр хувьцаа эзэмшигчийг мэдээгүй байхад түүний эзэмшдэг хувьцааны 50 хувийг бусдад шилжүүлсэн тухай мэдээлэл авахаар гомдол гаргахад Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 6/5210 дугаар албан тоотоор хариу ирүүлснээр дээрх маргаан бүхий актыг үндэслэж хувьцааг шилжүүлсэн улсын бүртгэл хийгдсэн болохыг мэдсэн юм.
Хувьцаа эзэмшигч А.А нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 02/40 дугаар албан тоотоор маргаан бүхий актыг хүчингүй болгуулах тухай гомдлыг УБЕГ-т гаргахад 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 8/6055 дугаар албан тоотоор хүчингүй болгох боломжгүй тухай хариу ирүүлснийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтээр дээрх улсын бүртгэлүүд нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2. М*******ны ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/190 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан "Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам’'-ын 1.3.4, 3.1.2 дахь заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон гэх боловч дээрх хууль журмыг зөрчсөн бодит нөхцөл байдал, үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
Учир нь К******* банкны 99.98 хувийн хувьцааг эзэмшиж байсан “Б” ХХК нь банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч мөн боловч “Б” ХХК-ийн хувьцаанд шилжилт хөдөлгөөн хийгдсэн нь К******* банкинд аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон эсвэл “Б” ХХК-ийн эзэмшиж байсан К******* банкны 99.98 хувийн хувьцааны хэмжээнд өөрчлөлт орсон харилцаа огт биш тул дээрх улсын байцаагчийн дүгнэлт нь банкны тухай хуулийн 36 дугаар зүйлд “36 дугаар зүйл.Банкны хувьцааг эзэмшиж зөвшөөрөл олгох”, 36 дугаар зүйлийн 36.2-т “Аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орохоор бол хувьцааны өмчлөх эрх шилжихээс өмнө, банк хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах бол тухайн банк энэ талаар М*******инд бичгээр мэдэгдэж урьдчилсан зөвшөөрөл авна” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.
Мөн “Б” ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөн нь К******* банкны хувьцааны хэмжээ өөрчлөгдөх, банкны дүрэмд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй байхад улсын байцаагчийн дээрх дүгнэлтээр зөрчсөн гэх М*******ны ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/190 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын 1.3.4-т “Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцаа хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох” гэж, 3.1.2-т “Банкны дүрэмд оруулсан өөрчлөлт нь Компанийн тухай хууль болон Банкны тухай хуультай нийцтэй байх” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл К******* банкны хувьцаа эзэмшигч нэмэгдсэн эсвэл хасагдсан, “Б” ХХК-ийн эзэмшиж байсан К******* банкны 99.98 хувийн ихэссэн эсвэл багассан тохиолдолд К******* банкны дүрэмд өөрчлөлт оруулах үндэслэл болох бөгөөд энэ тохиолдолд Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2. "Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам*'-ын 1.3.4. 3.1.2-т зааснаар М******* банкинд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах шаардлагатай. Гэтэл К******* банкны хувьцаа эзэмшигч нарын эзэмшиж буй хувьцааны хэмжээ, бүтцэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, К******* банкны дүрэм өөрчлөлт огт ороогүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Улсын байцаагчийн дүгнэлт нь дээрх хууль журмын заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэж “Б” ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөний бүртгэсэн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгосон захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй үзэж байна.
Иймд УБЕГ-ын Улсын байцаагч Н.О-ийн2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дутаар дүгнэлтийг, энэхүү дүгнэлтийг үндэслэн хийгдсэн "Б" ХХК-ийн 50 хувийн хувьцаа иргэн Б.У-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Шүүхэд бичгээр гаргаж өгсөн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагаа дэмжиж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Б ХХК анх байгуулагдсан цагаасаа хойш улсын бүртгэлд хувьцааны бүртгэл нилээн хийгдсэн байдаг. 2000 онд үүсгэн байгуулагч нь Б т, Б и, Б ф, Ю, Э Ж О группүүд энэхүү компанийг байгуулсан байдаг. 2007 оны үед улсын бүртгэлд өөрчлөлт орсон. 2007-2016 оны хугацаанд А.А, Б.У нарын нэр дээр 50, 50 хувийн хувьцаа шилжиж ирсэн байдаг. Үүний дараа 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А.А өөрийн 50 хувийн хувьцааг өөртөө байлгаж байсан. Харин Б.У өөрийн хүү А.Чэд 50 хувийн хувьцаагаа шилжүүлсэн. Ийнхүү А.Ч, А.А нар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрсдийн хувьцааг бүхэлд нь Б ХХК-д шилжүүлсэн. Улмаар Б ХХК Б ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б ХХК өөрийн эзэмшиж байсан Б ХХК-ийн 100 хувийн хувьцааг иргэн А.А руу шилжүүлсэн. Иргэн А.А 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш Б ХХК-ийн бүрэн эрхийг дангаар хэрэгжүүлж байгаа. Нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм болон өнөөдөр шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрчилгээ, дүрмээс харахад нэг үүсгэн байгуулагчтай, нэг хувьцаа эзэмшигчтэй байна. Тэр нь А.А байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрмээс харахад тийм байна. Өнөөдөр яагаад шүүхэд хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрмийг нотлох баримтаар гаргаж өгсөн гэхээр одоо хүртэл энэ гэрчилгээ, дүрэм эх хувиараа байгаа. Хамгийн сүүлийн нотариатын гэрчилсэн үйлдэл 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нотариат гэрчилсэн байна. Өнөөдөр бидний маргаж буй үйл баримтын тухайд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлт байна. Энэхүү улсын бүртгэлийг үндэслэн хийгдсэн улсын бүртгэлтэй холбогдуулж бид маргаж байгаа. Энэ бүртгэл хийгдсэнээс хойш хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэмд өөрчлөлт ороогүй байдаг. Хэргийн нөхцөл байдал болон үйл баримтын тухайд ийм байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч болон УБЕГ маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа М******* банкны албан бичигт үндэслэж буюу энэ нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд оруулах журмыг зөрчсөн юм биш үү гэдэг зүйлийг улсын бүртгэлийн байгууллагад тавьсны дагуу асуудлыг шалгасан. Энэ талаар дүгнэлт гаргасан байдаг. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг нь ямар зохицуулалт бэ?, Үүнтэй холбоотойгоор журмын холбогдох зохицуулалт ямар утгатай талаар шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсч байна.
Хууль хэрэглээний хувьд Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хоорондоо хувьцаагаа шилжүүлж байгаа асуудал М******* банкны хяналтад байх ёстой юу?, Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орохоор бол хувьцааны өмчлөх эрх шилжихээс өмнө, банк хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах бол тухайн банк энэ талаар М*******инд бичгээр мэдэгдэж урьдчилан зөвшөөрөл авна гэж заасан байгаа. Тэгэхээр Б ХХК нь К******* банк ХХК-ийн 99.98 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Тухайн үед Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хувьцаагаа шилжүүлж, хувьцаанд өөрчлөлт орж байгаа тохиолдолд Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг баримтлах ёстой гэж М******* банк үзсэн. Үүний дагуу Улсын бүртгэлийн байгууллага зохих ажиллагааг хийсэн. Тэгэхээр Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орсон гэж заасан байгаа. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэж 5-аас дээш хувийн хувьцаа эзэмшиж байгаа этгээдийг хэлдэг байна. Тэгэхээр 5-аас дээш хувийн хувьцаанд өөрчлөлт орсон тохиолдолд төв банкнаас зөвшөөрөл авах зохицуулалт нь энэ юм. Өөрөөр хэлбэл Б ХХК К******* банк ХХК-ийн эзэмшиж байгаа 99.98 хувийн хувьцаа ихэссэн, багассан эсхүл 5-аас дээш хувийн хувьцаагаа хэн нэгэн этгээдэд шилжүүлсэн тохиолдолд Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу зөвшөөрөл авах ёстой. Б ХХК-ийн К******* банк ХХК-ийн эзэмшиж байгаа 99.98 хувийн хувьцааны тухайд ийм байна. Харин Улсын бүртгэлийн байгууллага болон М******* банк нь Б ХХК-ийн дотоод асуудалд орсон буюу хувьцааг эзэмшиж байгаа А.А, Б.У, А.Ч-д, Б ХХК гэх субъектууд хувьцаагаа шилжүүлэх нь М******* банкны хяналтад байх ёстой гэж үзсэн нь өөрөө үндэслэлгүй байна. Хувьцаанд өөрчлөлт орсон гэдэг асуудал К******* банк ХХК-ийн хувьцаанд өөрчлөлт орох асуудлыг ойлгох ёстой. Тэгэхээр энэ утгаараа К******* банк ХХК М******* банкнаас олгосон банкны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд банкны үйл ажиллагаа явуулж байсан. Энэ асуудалтай холбоотой М******* банк хяналт тавих ёстой байсан гэж үзэж байна.
Хувьцаа эзэмшигчийн хувьцаа өөрчлөгдөх асуудал нь компанийн бүтцэд орж байгаа өөрчлөлт биш юм. Өөрөөр хэлбэл бүтцэд өөрчлөлт орох гэдэг асуудлыг хуулиар тухайн компанийн удирдлага, гүйцэтгэх удирдлагын хэрэгжүүлж байгаа бүтэц ямар нэгэн байдлаар өөрчлөгдөх, Төлөөлөн удирдах зөвлөл ямар нэгэн байдлаар өөрчлөгдөх тохиолдлыг ойлгоно гэж тодорхойлсон. Тэрнээс биш хувьцаа эзэмшигч гэдэг нь тухайн компанийн эзэн өөрчлөгдөж байна гэсэн үг юм. Тухайн компанийн эзэн ямар нэгэн байдлаар өөрчлөгдлөө гэхэд компанийн бүтэц өөрчлөгдөх албатай эсэх дээр шүүх дүгнэлт хийнэ байх гэж бодож байна.
Нэгдүгээрт Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмыг зөрчөөгүй байна.
Хоёрдугаарт улсын бүртгэлийн байгууллага энэхүү дүгнэлт гаргах, энэхүү дүгнэлтийг үндэслэн 4 бүртгэлийг хүчингүй болгож байгаа энэ шийдвэр нь өөрөө процесс ажиллагааны журам хангасан эсэх, захиргааны ерөнхий хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан зохицуулалт, журамд нийцсэн ажиллагааг хийсэн үү? Тэгэхээр нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байгаа. Энэ бүртгэл хийгдсэн гэдгийг өнөөдөр Б.У гэдэг хүн Б ХХК-ийн 50 хувийн эзэмшсэн болохыг 2019 оны 06 дугаар сарын үед мэдсэн. Улсын бүртгэлийн байгууллага мэдээллээ нийтэд илэрхий тавьдаг энэхүү сайтаас бүртгэлд хувьцаа 50, 50 хувиар 2 этгээдийн нэр дээр байгааг мэдсэн. Цаасан дээр байгаа буюу бид нарт байгаа дүрэм, хуулийн этгээдийн гэрчилгээ дээр зөвхөн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр А.А байдаг. Тэгэхээр үүний дагуу Б ХХК-ийн зүгээс улсын бүртгэлийн байгууллагад хандаад тодорхой мэдээлэл авч, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлсний дараа гомдлыг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна.
2019 оны 04 дүгээр сарын улсын байцаагчийн дүгнэлт нь улсын байцаагч энэ тодорхой М******* Улсын Үндсэн хуулиар олгогдсон Компанийн тухай хууль, Иргэний хуулиар зохицуулагдсан энэ хувь этгээдийн өмчлөх эрхэд халдаж байгаагийнхаа хувьд мэдэгдэх ёстой байсан. Тодорхой тайлбар авах ёстой байсан. Энэ ажиллагаанд оролцох ёстой субъектуудын хувьд А.А, Б.У, А.Ч, Б ХХК гэдэг энэ 4 субъектийн тухайд заавал энэ ажиллагаанд оролцож, тайлбар өгч Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны шаардлагыг биелүүлэх ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны байгууллагаас баримтлах тусгай зарчмуудыг зохицуулсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах-аар зохицуулсан. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж зохицуулсан. Тэгэхээр өнөөдөр Б.У, А.Ч, А.А, Б ХХК-ийн хувьд энэ сонсох ажиллагаанд оролцож чадаагүй. Тодорхой тайлбар, мэдүүлэг, саналаа гаргаж өгч чадаагүй. Улсын бүртгэлийн байгууллага энэ процессыг зөрчсөн.
“Б” ХХК-ийн тухайд К******* банк ХХК-ийн хувьцааг эзэмшдэг. Өнөөдөр К******* банк ХХК татан буугдсан. Эрх хүлээн авагч томилогдож, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан нь нийтэд илэрхий үйл баримт юм. Татан буугдсны дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр М******* банкны ерөнхийлөгч А/95 дугаар тушаалаараа банкны тусгай зөвшөөрлийг цуцалсан. Харин А/96 дугаар тушаалаар банкийг татан буулгасан. А/97 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагчийг томилсон байдаг. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Б” ХХК М******* банкны хяналтаас гарсан. Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн байгууллага, улсын байцаагч дүгнэлт гарган бүртгэл хийсэн. Бүртгэл яг хэзээ хийгдсэн талаарх огноог тодорхойгүй байна. Цаг хугацааны хувьд төдийлөн ач холбогдолгүй учраас миний зүгээс тодруулах шаардлагагүй гэж үзэж байна. Төв банкны хяналтаас гарсан байхад “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьцаанд өөрчлөлт оруулж, улсын бүртгэлийг хүчингүй болгох замаар асуудлыг шийдвэрлэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь өөрөө зорилгодоо нийцсэн эсэх, үр нөлөөтэй байсан эсэх, бодит нөхцөл байдалд тохирсон байсан эсэх нь эргэлзээтэй болж байна. Өөрөөр хэлбэл оролцох ёстой оролцогчдыг оролцуулаагүй. Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмуудад нийцэхгүй захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа байсан. Компанийн тухай хууль болон Иргэний хуульд заасан өмчлөх эрхэд халдсан захиргааны шийдвэр байсан гэж үзэж байна.
Өнөөдөр уг шийдвэрийн улмаас хэн хохирч, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа талаар шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Нэгдүгээрт “Б” ХХК хохирч байна. Учир нь 2019 оны улсын бүртгэл хүчингүй болсноос хойш хийгдэж байгаа бүх ажиллагаанууд өөрсдөө мэдээгүй хийж гүйцэтгэсэн, дуусгасан гэрээ, хэлцэл эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргалтууд бүгд хууль бус болох үр дагавар үүсээд байна. Хэн нэгэн сонирхогч этгээд маргаад эрхгүй этгээдтэй тухайн үед гэрээ хийсэн байна гэдэг зүйл яриад явахад компанийн зүгээс хор хохиролтой байна. Хоёрдугаарт Б.У гэдэг хүний тухайд компанийн үйл ажиллагаанд оролцох сонирхолгүй. 2016 онд компанийн 50 хувийн хувьцаагаа шилжүүлсэн. Үүнээс хойш энэ компанийн хувьцааг шилжүүлж авахгүй, өр төлбөр, хариуцлага, ашиг орлого зэрэг аль ч утгаараа хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх, хариуцлага хүлээх боломжгүй гэдэг зүйлийг ярьж компанийн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. Үүний улмаас цаашдын компанийн үйл ажиллагаа доголдох, саатах эрсдэл үүсч байна. Хууль ёсны дагуу Б.Уд хувьцаа эзэмшигчийн эрхийг нь хэрэгжүүлээд явах зүйлийг цаашид ярих боломжгүй. Тэгэхээр компанийн үйл ажиллагаа доголдох болоод байна. Гуравдугаар Б.У болон А.А нарын хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигч оруулсан хувьцааны хэмжээгээр эрх, үүргийг хэрэгжүүлж, хариуцлага хүлээх тухай зохицуулалт байдаг. “Б” ХХК-ийг К******* банк ХХК-ийг дампууруулсан гэдэг байдлаар нийгэм ойлгож, хүлээн авч байгаа. Үүнтэй холбоотой эрүүгийн журмаар асуудал шийдвэрлэж байна. Мөн иргэн, захиргааны журмаар асуудал шийдвэрлэгдэж байна. Энэ компанийн хариуцлага, өр төлбөр гэдэг асуудал гарч ирэхэд Б.У 2016 онд банк хэвийн үйл ажиллагаатай байхад шилжүүлж өгсөн. Эргээд бүх хор хохирол, үр дагавар, хариуцлага бий болсны дараа би авахгүй гэдэг зүйлийг иргэн Б.У-ийн тухайд хэлж байгаа. Иргэн А.А-ын тухайд энэ компанийн ашиг орлого болон хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх үүргээ Б.Уд шилжүүлэх хүсэлгүй байгаа. Тэр бүх эрх үүргийг хувьцаа эзэмшигчийн хувьд өөрөө авах эрхтэй гэж үзэж байгаа учраас өөрийнх нь өмчлөх эрхэд халдсан захиргааны шийдвэр гэж үзсэн. Энэ үндэслэлээр маргаж байгаа. Нэгдүгээрт УБЕГ болон улсын байцаагчийн дүгнэлт дээрх үндэслэлүүдээр хууль бус байсан байна. Үүний улмаас Б ХХК болон иргэн А.А, Б.У, А.Ч, Б ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь бодит нөхцөл байдал дээр илэрхий байна. Шүүхэд харагдаж байгаа болов уу гэж бодож байна. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж дүгнэлт болон улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Н.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б” ХХК-ийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.О-ийн2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Н.О миний бие танилцаад эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэг.УБЕГ-т М*******ны тэргүүн дэд ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А-1а/1579 тоот албан бичгээр К******* банкны 99.88 хувийн хувьцаа эзэмшигч “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлтийг бүртгэсэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн бүртгэлийг хянаж, Банкны тухай хуульд нийцүүлэн залруулга хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн.
Дээрх хүсэлтийн дагуу тус газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн
хувийн хэрэг дэх нотлох баримтыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:
1.“Б” ХХК нь анх 2000 оны 04 сарын 06-ны өдөр “Б т” ХХК 40 хувь, “Б и” ХК 30 хувь, “Бф” ХК 20 хувь, “Ю” ХХК 5 хувь, “Э Ж О групп” ХХК 5 хувийн хувьцаа эзэмшиж үүсгэн
байгуулагдаж бүртгэгдсэн.
2. 2007 оны 10 сарын 10-ны өдөр, 2015 оны 10 сарын 09-ний өдөр, 2016 оны 02 сарын 01-ний өдөр “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр А.А /50 хувь/, Б.У /50 хувь/ нар бүртгэгдсэн.
4.2017оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 10 сарын 10-ны өдрийн 41 дүгээр тогтоол болон бэлэглэл, эрх шилжүүлэх гэрээгээр А.А, А.Ч нар 100 хувийн хувьцаагаа “Б” ХХК-д шилжүүлж бүртгэгдсэн.
5.2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 06-ны 18/67 дугаар тогтоол болон бэлэглэл, эрх шилжүүлэх гэрээгээр 100 хувийн хувьцаагаа А.А-д шилжүүлж тус тус бүртгэгдсэн.
Дээр дурдсан “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийн 2016 оны 10 сарын 22-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 11 сарын 07-ны өдрийн бүртгэлийн нотлох баримтад М******* банкны зөвшөөрөл авагдаагүй байна.
Энэ нь Улсын Их Хурлаас 2010 оны 01 сарын 18-ны өдөр батлагдсан Банкны
тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Аливаа этгээд нөлөө бүхий
хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ,
бүтцэд өөрчлөлт орохоор бол хувьцааны өмчлөх эрх шилжихээс өмнө, банк хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах бол тухайн банк энэ талаар М*******инд бичгээр мэдэгдэж урьдчилан зөвшөөрөл авна”, М*******ны Ерөнхийлөгчийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-190 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын 1.3.4-т “Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох бол М*******инд бичгээр урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авна” гэсэн заалттай тус тус нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, К******* банкинд эзэмшиж буй “Б” ХХК хувьцааны хэмжээнд өөрчлөлт ороогүй боловч түүний бүтцэд удаа дараа өөрчлөлт орсон байхад хуульд зааснаар энэ талаар М*******наас зөвшөөрөл аваагүй нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.“Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтлана” гэж, мөн зүйлийн 4.1.4. “үнэн зөв, бодитой байх..”, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “. . .архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно.”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3.”энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус,, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэсэн заалтууд тус тус зөрчигдсөн болох нь хянахад тогтоогдсон.
Иймд миний бие нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн
18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд
нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй
баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу
шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох
талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд,
албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг
хангуулах;” гэж заасны дагуу хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд
“Б” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигч Б.Угаас 50 хувийн хувьцааг иргэн А.Ч-д шилжүүлсэн, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн А.А, А.Ч нарын эзэмшиж байсан “Б” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Б” ХХК-д шилжүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Б” ХХК-ийн эзэмшиж байсан “Б” ХХК-ийн 100 хувийн хувьцааг иргэн А.А-д шилжүүлсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлт үйлдэж шийдвэрлэсэн.
Энэхүү дүгнэлт нь Улсын бүртгэлийн хууль тогтоомж, Банкны тухай хууль тогтоомж, Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангасан захиргааны акт тул “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд “Б” ХХК-ийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын
байцаагч Н.О-ийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар
дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Хяналтын улсын байцаагч миний бие 3 бүртгэлийг хүчингүй болгосон. Энэ 3 бүртгэл нь 2016 оны 10 дугаар 22-ны өдрийн хувьцаа эзэмшигч Б.Угаас 50 хувийн хувьцааг А.Ч-д шилжүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн иргэн А.А, А.Ч нарын эзэмшиж байсан Б ХХК-ийн 100 хувь хувьцааг Б ХХК шилжүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б ХХК-ийн эзэмшиж байсан Б ХХК-ийн 100 хувийн хувьцааг иргэн А.А-д шилжүүлсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орохоор бол хувьцааны өмчлөх эрх шилжихээс өмнө, банк хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах бол тухайн банк энэ талаар М*******инд бичгээр мэдэгдэж урьдчилан зөвшөөрөл авна гэж заасан байдаг. Б ХХК-ийн хувьцааны хэмжээнд өөрчлөлт ороогүй боловч бүтцэд өөрчлөлт орсон учраас Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзсэн. Банкны тухай хууль 2011 онд батлагдсан. Тэгэхээр Б ХХК нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийнхээ хувьд М******* банкнаас зөвшөөрөл авах ёстой байсан. Мөн М******* банкны ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-190 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Банкны хувь нийлүүлэгчийн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмын 1.3.4, 3.1.2-т тус тус заасныг мөн зөрчсөн байдаг. Ийм учраас хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргаж тухайн 3 бүртгэлийг хүчингүй болгосон. “Б” ХХК энэ талаар огт мэдээгүй байж байгаад 2019 оны 06 дугаар сард нээлттэй сайтаас олж мэдсэн гэж байна. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас М******* банкны хүсэлтийн дагуу “Б” ХХК-ийн бүртгэлтэй холбоотой хяналт шалгалт хийх явцдаа “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага А.Атой холбогдсон. Ийнхүү А.А УБЕГт хүсэлт гаргасан байдаг. Энэ нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/24 дугаар албан бичгээр хяналт шалгалтын үйл ажиллагаанд тус компанийг төлөөлүүлэхээр П.Б*******т итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлийн дагуу П.Б хяналт шалгалтын газарт ирж хариу тайлбар өгч, тухайн нөхцөл байдалтай танилцаж байсан. Ийнхүү танилцсаныхаа дагуу 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2/27 дугаар албан бичгээр УБЕГ-т хүсэлт гаргасан. Уг албан бичигтээ Б ХХК хувьцаагаа А.Аод шилжүүлэх бүртгэл нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байгаа. 2016 оны 10 дугаар сарын 22, 2017 оны 10 дугаар сарын 18, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлүүд мөн л хууль зөрчсөн бүртгэл болох тул хүчингүй болгож компанийн үүсгэн байгуулагч А.А, Б.У нарыг бүртгэсэн бүртгэлийг сэргээж өгөх талаар дурдсан албан бичиг ирүүлсэн. Уг албан бичгийг шүүхэд бичгээр хариу тайлбар гаргахдаа нотлох баримтаар гаргаж өгсөн. Ийм учраас бүтцэд өөрчлөлт ороогүй гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүтцэд өөрчлөлт орсон үүний дагуу дүгнэлт гарсан гэж үзэж байна” гэв.
Хариуцагч УБЕГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б” ХХК, хувьцаа эзэмшигч А.А нар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд УБЕГт холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
УБЕГ-ын улсын байцаагч Н.О-ийн2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлт, энэхүү дүгнэлтийг үндэслэн хийгдсэн “Б” ХХК-ийн 50 хувийн хувьцааг иргэн Б.Угийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах.
Энэхүү нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
“2******* регистрийн дугаартай, 90******* хувийн хэргийн дугаартай
“Б” ХХК нь 2000 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 5 хувьцаа эзэмшигчтэйгээр /Б т” ХХК 40%, “Б и” ХХК 30%, “Б ф” 20%, “Ю” ХХК 5%, “Э ж о групп” ХХК 5%/ үүсэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
-2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дээрх 5 үүсгэн байгуулагчид бүх хувьцаагаа иргэн Б.У 50%, А.А 50% нарт шилжүүлснийг,
-2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.У-ийн эзэмшлийн хувьцааг А.Ч-д шилжүүлснийг,
-2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бүх хувьцаа”Б” ХХК-д шилжсэнийг,
-2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бүх хувьцаа иргэн А.Аод шилжсэнийг тус тус бүртгэсэн байна.
“Б” ХХК нь К******* банкны 99,98 хувийн эзэмшдэг.
М*******наас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-1а/1579 дугаар албан бичгээр “К******* банкны хувьцаа эзэмшигч “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх бол манайхаас зөвшөөрөл авах ёстой боловч ямар нэг зөвшөөрөл авахгүйгээр бүртгэлд өөрчлөлт орсон нь Банкны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Иймд зохих залруулгыг хийнэ үү” гэж ирүүлсэн.
Уг бичгийн дагуу хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтээр “Б ХХК-ийн дараах бүртгэлүүдийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Үүнд:
-2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.Угийн эзэмшлийн хувьцааг
А.Чэд шилжүүлснийг,
-2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бүх хувьцаа “Б” ХХК-д шилжсэнийг,
-2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бүх хувьцаа иргэн А.А-д шилжсэнийг
Үүнээс хойш ямар нэг бүртгэл хийгдээгүй бөгөөд дээрх 3 бүртгэлээс өмнөх
байдалд буюу Б.У, А.А нар тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Хариуцагчтай санал нэг байна. Хувьцаа эзэмшигч 99 хувьд өөрчлөлт ороогүй буюу хувьцаанд өөрчлөлт ороогүй гэж байна. Энэ хувьцааг толгой компани эзэмшиж байсан. Толгой компанид нь бүтцийн өөрчлөлт орсон. 2, 3 удаа өөрчлөлт орсон. Б ХХК-ийн хувьцааг 50, 50 хувиар эзэмшиж байгаад 100 хувь болоод дахин 50, 50 хувиар эзэмшиж байгаад дахин 100 хувийн хувьцаа эзэмшсэн. Энэ бол бүтцэд өөрчлөлт орсон. Энэ талаар М******* банкинд мэдэгдэх ёстой. Бусад банкнууд энэ жишгээр явдаг. Нэхэмжлэгч мэдэгдээгүй улсын бүртгэлийн сайтаас харсан гэж байна. Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* нь өөрөө ирж уулзаад хариу тайлбар албан бичгээр өгсөн. Албан бичгээр өөрсдөө хариу тайлбар өгсөн мөртлөө бид мэдээгүй, дараа нь 2019 оны 06 дугаар сард мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж шүүх хуралдаанд оролцож байгаа. Нэгдүгээрт Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтээр Б ХХК-тай холбоотой 3 бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Үүнд “Б” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.Угаас 50 хувийн хувьцааг иргэн А.Чэд 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Ингэж шийдвэрлэхдээ хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчиж энэхүү дүгнэлтийг гаргасан гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Нэгдүгээрт захиргааны байгууллага аливаа захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд хуульд нийцүүлж энэхүү актыг гаргах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болох этгээдийг тодорхойлно. Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд 20 ба түүнээс доош бол шууд хүргүүлнэ гэж заасан. Гэтэл энэ захиргааны актад нэгдүгээрт гуравдагч этгээд Б.У-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Хоёрдугаарт иргэн А.Ч-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Гуравдугаарт Б ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Гэтэл захиргаан байгууллага буюу Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын байцаагчийн дүгнэлтийг гаргахдаа зөвхөн Б ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч А.А-д мэдэгдсэн байдаг. Өөр этгээдэд мэдэгдээгүй байдаг. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, захиргааны акттай холбоотой ямар нэгэн тайлбар, мэдүүлэг гаргах эрх ашгийг нь хангахгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан байдаг. Хоёрдугаарт улсын байцаагч дүгнэлт гаргахдаа М******* банкны ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А-190 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмын 1.3.2, 1.3.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан дүгнэлт гаргасан. Гэтэл улсын байцаагчийн 1357 дугаар дүгнэлтээр 3 бүртгэлийг хүчингүй болгосон. Эхний бүртгэл нь 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Б.У-тай холбоотой бүртгэлийг хүчингүй болгосон. Хоёр дахь бүртгэл буюу иргэн А.А болон А.Ч нар нь “Б” ХХК-руу хувьцаа шилжүүлсэн бүртгэл 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн. Гурав дахь бүртгэл нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хийгдсэн бүртгэл байгаа. Гэтэл дүгнэлтийн үндэслэл болж буй М******* банкны ерөнхийлөгчийн журам нь 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн А-190 дүгээр тушаалын хавсралтаар баталсан журам юм. Гэтэл уг журам гарахаас өмнө хийгдсэн бүртгэлийг бүртгэл хийснээс хойш хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн журмаар хүчингүй болгож байгаа нь өөрөө энэ дүгнэлтийн хууль зүйн үндэслэл нь үндэслэлгүй юм.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх гэж ерөнхий энэ хуулийн зарчим байгаа. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно гэж заасныг зөрчсөн гэж байна. Гэтэл энэ бүртгэлийг бүртгэсэн улсын бүртгэгчийн үйл ажиллагаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн гэдгийг тодорхойлохгүйгээр дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэг нь ерөнхий зарчим, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг нь үйл баримттай ямар ч хамааралгүй заалт байна. Улсын байцаагчийн дүгнэлт нь хуульд үндэслэх ёстой. Гуравдагч этгээдийн зүгээс улсын байцаагчийн 1357 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон дээрх 3 бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөнийг олж тогтоогоогүй, үндэслэлгүйгээр дүгнэлт гаргасан байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хууль 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс М******* Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Дээрх 3 бүртгэлийн 3 дахь бүртгэл нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хийгдсэн. Нөгөө 2 бүртгэл нь 2016, 2017 онд хийгдсэн. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө хийгдсэн бүртгэлүүд байгаа. Нэгэнт хяналтын улсын байцаагч дээрх 3 бүртгэл ямар хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоох гэж байгаа бол тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн ямар хэм хэмжээг зөрчсөн талаар олж тогтоох ёстой. Тэрийгээ дүгнэлттэй нэрлэн заах ёстой байтал заагаагүй. Ийм хууль хэрэглээний алдаа байна.
Мөн өнөөдөр хүчин төгөлдөр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 18 дугаар зүйлийн 18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж заасан. Өөрөөр хэлбэл хяналтын улсын байцаагч нь зөвхөн хүчингүй болгосон дүгнэлт гаргахгүй. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх боломж бүрэн байсан. Зөрчил байгаа бол иргэн, хуулийн этгээдэд албан шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Хэрвээ Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан мэдэгдэж, сонсох ажиллагаа хийсэн бол ийм арга хэмжээ авах бүрэн бололцоо байсан. Гэтэл өнөөдөр ийм арга хэмжээ авахгүйгээр шууд хүчингүй болгож дүгнэлт гаргасан нь 2016 онд хувьцаагаа шилжүүлсэн этгээд нь өнөөдөр 50 хувийн хувьцаагаа шууд авах үр дагаврыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа хийгээгүй, хуульд заасан бусад боломжийг ашиглахгүйгээр шууд хүчингүй болгож шийдвэрлэснээр ийм эрх зүйн үр дагавар үүсч олон этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт заасны дагуу хяналтын улсын байцаагч хүчингүй болгох дүгнэлт гаргах эрхтэй болохоос биш шууд хүчингүй болгох эрхтэй гэж харагдахгүй байна. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрхийг тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын бүрэн эрх юм. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох гэж заасан байгаа нь даргын бүрэн эрхийн асуудал байна. Тэгэхээр хяналтын улсын байцаагч хүчингүй болгох талаар дүгнэлт гаргана. Энэ дүгнэлт нь шууд хүчингүй болгосон гэсэн үг биш юм. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрхийн асуудал байна. Гэтэл өнөөдөр хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсны дараа уг дүгнэлтийн дагуу бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэр гарсан талаар бидэнд мэдэгдээгүй. Мөн хариуцагч хариу тайлбартаа дурдаагүй байсан.
Мөн хариуцагч улсын байцаагч Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж хариу тайлбартаа дурдсан. Гэтэл Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг дурдсанаар ямар эрх зүйн үр дагавар үүсэх тухай зохицуулалт нь Банкны тухай хуульд байгаа. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-д Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт М******* банкны зөвшөөрөлгүйгээр нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон нь хяналт шалгалтаар тогтоогдсон, эсхүл энэ хуулийн 36.12-т заасныг зөрчсөн бол уг этгээдийн тухайн хувьцааны саналын болон ногдол ашиг авах эрхийг түдгэлзүүлж, хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд албадан худалдахыг М******* банк шаардах бөгөөд М******* банкны зөвшөөрөлгүйгээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гарган худалдсан бол зөвшөөрөл аваагүй хувьцааны тоонд ногдох хэмжээг банкны өөрийн хөрөнгөөс хасч тооцно гэж заасан. Хэрвээ Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн бол мөн хуулийн 36.4 дэх хэсэгт заасны дагуу М******* банк өөрөө арга хэмжээ авах ёстой. Тэрнээс биш бүртгэлийг хүчингүй болгох тухай зохицуулалт Банкны тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд байхгүй. Тэгэхээр гуравдагч этгээдийн зүгээс хуулиас гадуур дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Мэдэгдлийн хувьд хариуцагчаас мэдэгдсэн гэж байна. Мөн А.А, Б.У, А.Ч болон Б ХХК нь тусдаа бие даасан хувь хүн, хуулийн этгээдүүд юм. Гэтэл зөвхөн А.Аод мэдэгдсэнээр энэ актын үр дагавар, үйлчлэл нь шууд сөргөөр тусч байгаа этгээдүүд мэдэгдсэн гэж үзэж болохгүй.
К******* банк ХХК-ийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн М******* банкны ерөнхийлөгчийн тушаалаар татан буулгасан. Татан буулгах шийдвэр гарснаар Банкны тухай хуулийн дагуу банкны бүх үйл ажиллагааг эрх залгамжлагчид шилждэг. Эрх залгамжлагчид шилжсэний дараа энэ бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ийм учраас гуравдагч этгээд нэгэнт банкны үйл ажиллагаа эрх залгамжлагчид шилжсэн байсан учраас банкны ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоогүй. Б ХХК-тай холбоотой ямар нэгэн мэдэгдлийг хүлээж аваагүй байсан. Гуравдагч этгээд Б.Угийн хувьд шүүгчийн захирамжийн дагуу гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Хуулийн этгээдийн улсын бүртгэл нь тусдаа бие даасан хуулийн зохицуулалттай. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль М******* Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д дараах тохиолдолд улсын бүртгэгч улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана гэж байгаа. Нэгдүгээрт нь бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн зарим бичгийн бүрдэл дутуу гэж байгаа. Тэгэхээр ямар бичиг баримт ямар хуулийн үндэслэлээр дутуу байсныг улсын байцаагч дүгнэлтдээ тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл дүгнэлтээр хүчингүй болгосон 3 бүртгэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бичиг баримтын бүрдлийг бүрэн хангасан. Хуульд зааснаас дутуу бүрдүүлсэн бичиг баримт байхгүй. Хоёрдугаарт нь үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн байгаа. Гэтэл дээрх 3 бүртгэл бүгдээрээ хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолууд нь бүгд хуульд заасан шаардлага хангаж бүртгэл хийгдсэн. Гуравдугаарт нь өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн гэж байгаа. Дээрх 3 бүртгэлд хуурамчаар бүрдүүлсэн нэг ч бичиг баримт байхгүй. Бүгд хуулийн шаардлага хангаж байгаа. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан бүртгэхээс татгалзах 3 үндэслэлийн аль нь ч илрээгүй учраас улсын бүртгэгч тухай бүрт нь 3 бүртгэлийг бүртгэсэн нь Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн ямар ч хэм хэмжээг зөрчөөгүй байна. Ийм учраас дээрх 3 бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Ч.Н нар УБЕГ-ын улсын байцаагч Н.О-ийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтийг, энэхүү дүгнэлтийг үндэслэн хийгдсэн “Б” ХХК-ийн 50 хувийн хувьцааг иргэн Б.Угийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны эхэнд “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.О-ийн2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, энэхүү дүгнэлтийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр "Б" ХХК-ийн 50 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч Б.У-аас иргэн А.Чэд шилжүүлсэн, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн А.А, А.Ч нарын эзэмшиж байсан 100 хувийн хувьцааг “Б” ХХК-д шилжүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Б” ХХК-ийн эзэмшиж байсан 100 хувийн хувьцааг иргэн А.Аод шилжүүлсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох замаар иргэн Б.У-д 50 хувийн хувьцааг шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодруулжээ.
“Б х” ХХК нь анх 2000 онд “Б т” ХХК 40%, “Б и” ХК 30%, “Б ф” ХК 20%, “Ю” ХХК 5%, “Э Ж О групп” ХХК 5 хувийн хувьцаа эзэмшиж үүсгэн байгуулагдсан бөгөөд 2016 онд “Б х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр А.А 50%, Б.У 50%-ийг тус тус эзэмшихээр болж бүртгэгдсэн.
Харин хувьцаа эзэмшигч Б.У 50 %-ийн хувьцаагаа 2016 оны 10 сард А.Ч-д шилжүүлж А.А, А.Ч нар тус бүр 50%-ийн хувьцаа эзэмшигч болж бүртгэгдсэн.
Үүний дараа 2017 онд А.А, А.Ч нар өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа “Б” ХХК-д шилжүүлсэн, 2018 онд “Б” ХХК-иас 100%-ийн хувьцааг А.А-д тус тус шилжүүлж бүртгэсэн үйл баримтууд тогтоогджээ.
Гэтэл М******* банкны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-1а/1579 дугаар албан бичгээр “...М******* банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр К******* банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрчлөлт орж иргэн А.А 100% хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Иймд дээрх хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг Банкны тухай хуульд нийцүүлэн холбогдох залруулгыг хийж ирүүлэхийг хүссэн” албан бичгийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлт гарч энэхүү дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий бүртгэлүүдийг хүчингүй болгож бүртгэсэн байна.
Шүүх дараахь үндэслэлээр хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 1357 дугаар дүгнэлт, уг дүгнэлтийг үндэслэн хийгдсэн бүртгэл тус тус хууль бус гэж дүгнэн хүчингүй болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
М******* банкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Тодруулга авах хүсэлт гаргах тухай А-1а/1579 дугаар албан бичгээр[1] Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт К******* банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрчлөлт орж бүртгүүлсэн бүртгэл Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг зөрчсөн тул уг бүртгэлийг Банкны тухай хуульд нийцүүлэн залруулга хийж ирүүлэхийг хүссэн байна.
Дээрх албан бичгийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.О 2******* регистрийн дугаар бүхий “Б” ХХК-ийн бүртгэлийн хувийн хэрэг, цахим мэдээллийн санд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан эрхийн хүрээнд хяналт шалгалт хийж 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр "Б" ХХК-ийн 50 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч Б.Угаас иргэн А.Чэд шилжүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн, иргэн А.А, А.Ч нарын эзэмшиж байсан "Б" ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Б” ХХК-д шилжүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн, “Б” ХХК-ийн эзэмшиж байсан 100 хувийн хувьцааг иргэн А.А-д 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн бүртгэлүүдийг тус тус Хуулийн этгээдийн улсын бүртгэлд хүчингүй болгох.” гэсэн 1357 дугаар дүгнэлтийг[2] гаргажээ.
Мөн улсын байцаагчийн дээрх дүгнэлтийг үндэслэн “Б” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны “хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл” хэсэгт тус компаний хувьцаа эзэмшигчээр 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн огноогоор Б.У, А.А нарыг бүртгэсэн үр дагавар бүхий өөрчлөлт орсныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11/673 дугаар албан бичгийн хавсралтаар[3] шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
Маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлт, энэхүү дүгнэлтийг үндэслэн хийсэн иргэн А.А, Б.У нарыг 2016 оны 02 дугаар сарын 01-ний байдлаар “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл хууль бус гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.
Учир нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орохоор бол хувьцааны өмчлөх эрх шилжихээс өмнө, банк хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах бол тухайн банк энэ талаар М******* банкинд бичгээр урьдчилан зөвшөөрөл авна.” гэж зохицуулжээ.
Банкны тухай хуулийн дээрх заалт болон М******* банкны ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн А-190 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам[4]”-ын 1.3.4-д “Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох;”, 3.1.2-т “Банкны дүрэмд оруулсан өөрчлөлт нь Компанийн тухай хууль болон Банкны тухай хуультай нийцтэй байх;” гэсэн заалтууд нь банкны хувьцааг эзэмших, зөвшөөрөл олгохтой холбоотой зохицуулалт байх бөгөөд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт, бүртгэл үнэн зөв эсэх, түүнийг өөрчлөх, хүчингүй болгохтой хамааралгүй байна.
Гэтэл хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүтцэд орсон өөрчлөлтийг Банкны тухай хуульд нийцүүлэн бүртгэхээр дүгнэлт гаргаж энэхүү дүгнэлтийг үндэслэн бүртгэлийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл бүртгэлийн байгууллага Б.У-аас А.Ч-д шилжүүлсэн 2016 оны, А.А, Ч нараас “Б” ХХК-д шилжүүлсэн 2017 оны нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2015 оны)-ийн 23 дугаар зүйлд заасан, “Б” ХХК-иас А.А-д шилжүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (шинэчилсэн найруулга) хууль (2018 оны)-ийн 22 дугаар зүйлд заасан өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрэн бүрдүүлж ирүүлсэн гэж үзэж бүртгэсэн атлаа эдгээр хувьцаа эзэмшигчдийн хооронд хийгдсэн шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийг өөр хуулийн этгээдийн хувьцааны бүтцэд орсон өөрчлөлтөд хамааруулж дүгнэх, бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй.
Тодруулбал маргааны үйл баримт нь К******* банкны хувьцаа эзэмшигчид болон “Б” ХХК-ийн эзэмшиж байсан К******* банкны 99.98 хувийн хувьцаа, түүний бүтцэд өөрчлөлт орсон гэж үзэхээргүй байхад Банкны тухай хууль, “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ыг зөрчсөн гэж үзсэн улсын байцаагчийн акт, түүнийг үндэслэн хийгдсэн бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараахь тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-д “хуульд үндэслэх;”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:”, 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;” гэсэн үндсэн зарчмуудтай нийцээгүй гэж дүгнэв.
Нөгөө талаар улсын байцаагч 2016 оны Б.У-аас А.Ч-д шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгохдоо тухайн үед батлагдан гараагүй мөрдөгдөөгүй байсан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ыг үндэслэсэн нь ойлгомжгүй байна.
Түүнчлэн хариуцагч улсын байцаагч болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хууль бус гэж үзэж хүчингүй болгохоор дүгнэлт гаргасан, энэхүү дүгнэлтийг үндэслэн бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэрээ хууль зүйн хүрээнд хангалттай нотлоогүй байна.
Мөн хариуцагч улсын байцаагч Н.О болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан дүгнэлтийн үр дагавар болох бүртгэл хүчингүй болгох ажиллагаа хэзээ хэрхэн хийгдсэн, шүүхийн шаардсанаар ирүүлсэн “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагааны[5] бүртгэлийн сар өдөр зөрүүтэй, тус компаний хувьцаа эзэмшигчийн ямар бүртгэл нь сэргэсэн зэрэг тодорхойгүй асуудлуудыг хангалттай тайлбарлаагүй болно.
Нөгөө талаар хариуцагч улсын байцаагч болон бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий дүгнэлт, бүртгэлийн талаар хувьцаа эзэмшигч А.А түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн бөгөөд бусад эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдүүдэд мэдэгдэх шаардлагагүй гэх тайлбар хууль бус, бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлох, тэдний оролцоог хангах, тайлбар санал гаргах боломж олгох зохицуулалтуудтай нийцээгүй гэж үзнэ.
Ийнхүү дүгнэхэд “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг үнэн зөв гэж бүртгэсэн 2016, 2017, 2018 оны маргаан бүхий 3 бүртгэлийг Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэн хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр хууль бус байх тул хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4, 4.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж УБЕГ-ын улсын байцаагч Н.О-ийн2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлт, энэхүү дүгнэлтийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр "Б" ХХК-ийн 50 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч Б.Угаас иргэн А.Чэд шилжүүлсэн, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн А.А, А.Ч нарын эзэмшиж байсан 100 хувийн хувьцааг “Б” ХХК-д шилжүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Б” ХХК-ийн эзэмшиж байсан 100 хувийн хувьцааг иргэн А.Аод шилжүүлсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох замаар иргэн Б.У-д 50 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэл хууль бус болохыг тогтоож тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч УБЕГ-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр хуудас
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 94-65 дугаар хуудас
[3] 2 дугаар хавтаст хэргийн 182 дугаар хуудас
[4] 2 дугаар хавтаст хэргийн 161 дүгээр хуудас
[5] 2 дугаар хавтаст хэргийн 182 дугаар хуудас