Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2015/0638/З |
Дугаар | 221/МА2016/0114 |
Огноо | 2016-02-05 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2016/0114
Мнрик-ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 813 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор Мнрик-ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГКХхолбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мнрик-ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мнрик-ХХК нь Ховд аймгийн Мянгад сумын нутагт ашигт малтмалын хайгуулын ХҮ-009819, ХҮ-009821 тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж, 2011-2013 онуудад хайгуулын үйл ажиллагаа явуулж, улмаар Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 9, 12-ны өдрийн Н-90, Н-95 тоот тушаалуудаар улсын нэгдсэн нөөцөд бүртгүүлсэн. Манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасан эрхийнхээ дагуу 2014 оны 05 дугаар сарын 22-оос эхлэн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Ашигт малтмалын газрын харьяа Уул уурхайн хэлтэст удаа дараа явуулсан боловч Ашигт малтмалын газраас Газрын хэвлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4 болон Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19-т заасныг үндэслэл болгон татгалзсан болно. Ашигт малтмалын газрын харьяа Уул уурхайн хэлтсийн тус шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуульд нийцэхгүй буюу зөрчсөн байх тул 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяад хандан гомдол гаргасан боловч 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гомдлыг маань хүлээн авахаас татгалзсан хариу ирүүлсэн. Ашигт малтмалын газраас манай хүсэлтэд татгалзсан хариу өгч байгаад бидний зүгээс санал нийлэхгүй байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн болох нь дараах үндэслэлээр нотлогдож байна. Үүнд:
1. Ашигт малтмалын газар нь Газрын хэвлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3-д ердийн ашигт малтмалаас бусад ашигт малтмалын орд ашиглахад зориулан аж ахуй нэгж, байгууллагад зохих хууль тогтоомжийн дагуу уурхайн эдэлбэр олгох эрхтэй гээд Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19-т уурхайн эдэлбэр гэж уурхайн талбайтай давхацсан ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг ойлгоно гэж тодорхойлсныг үндэслэн хүсэлт гаргаж буй 2 талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсгүүдэд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах уурхайн талбайд тавигдах шаардлага гэж тодорхойлсон, 26 дугаар зүйлийн 26.3.3-т хуульд заасан шаардлагыг хангасан уурхайн талбайд тусгай зөвшөөрөл олгоно, мөн 4.1.18-д уурхайн талбай гэж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон талбайг ойлгоно гэж маш тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн уурхайн талбайд олгодог бөгөөд тус талбайд олборлолт явуулж буй тодорхой хэсэг нь уурхайн эдэлбэр газар байхаар хуулинд тодорхойлсон байтал Ашигт малтмалын газар нь энэ 2 ойлголтыг салгаж тайлбарлан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйл Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага-д талбайнхаа бүх хэсэгт нөөц тогтоосон байх гэсэн шаардлага байхгүй байхад Ашигт малтмалын газар нь нөөц тогтоосон байх ёстой гэсэн хуулинд заагаагүй шаардлага гаргаж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл төдийгүй хуулийн 26.3.3-д ...ашигт малтмал эрэх, хайх ашиглахыг хязгаарласан буюу хориглосон эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь бидний хүсэлтээ гаргаж буй 2 талбайд дээрх нөхцөл байдлуудын аль нь ч үүсээгүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг маань зохих ёсоор шийдвэрлэхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.
3. Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасаны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрхтэй гэж заасан. Дээрх заалтаас хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлөөр олгогдсон талбайнхаа аль ч хэсэгт, түүнийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн авах нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүрэн эрх байх нь харагдаж байх тул нөөц тогтоосон хэсэгт л ашиглалтын тусгай зөвшөөрөл өгнө гэж байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанийн эрх ашигт халдаж буй явдал юм.
4. Мөн тус талбайг зориулалтын дагуу ашиглахад бидэнд ил уурхайн эдэлбэр, шимт хөрс болон хөрсний овоолго, шохойн чулуу болон барилгын чулууг ачих, тээвэрлэх, буулгах схем, техникийн парк, засвар механизмын цех, уурхайн ажилчдын хотхон зэрэг нь зайлшгүй шаардлагатай болно. Эдгээр нь бүгд уурхайн талбайн хэсэгт багтах бөгөөд олборлолтын үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай болох нь хэнд ч ойлгомжтой байхад Ашигт малтмалын газраас зөвхөн олборлолт явуулах хэсэгт ашиглалтын зөвшөөрөл олгоно гэсэн үндэслэлгүй тайлбарыг гаргаж байгаа нь хуульд нийцээгүй төдийгүй манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.
5. Түүнчлэн ашиглалтын зөвшөөрөл эзэмшиж, олборлолт явуулж буй бусад уурхайнууд нь талбайнхаа 20-30 хувьд л Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт хийлгэж, улсын нэгдсэн нөөцийн санд бүртгүүлдэг ч тусгай зөвшөөрлийг уурхайн талбайдаа бүхэлд нь авч, үйл ажиллагаа явуулдаг практик хэдийн тогтсон байхад зөвхөн манай компанид хуульд тусгаагүй, үндэслэлгүй шаардлага тавьж буй Ашигт малтмалын газрын тус үйлдэл нь ялгавартай хандаж буй явдал гэж дүгнэхээр байгаа бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагаа нь хэнийг ч ялгахгүй, тэгш эрхийн зарчимд суурилах ёстой гэсэн үндсэн зарчимд харшилж байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т заасны дагуу ашигт малтмалын газарт хайгуулын ХҮ-009819 тоот тусгай зөвшөөрөлтэй 2066.33 га, ХҮ-009821 тоот тусгай зөвшөөрөлтэй 981.53 га талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай
зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэж захиргааны акт гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын Кадастрын хэлтэс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Мнрик-ХХК-ийн хайгуулын ХҮ-009819, ХҮ-009821 тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй, тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Мнрик-ХХК-ийн ХҮ-009819, ХҮ009821 хайгуулын тусгай
зөвшөөрлүүдийн талбайгаас барилгын материалын чиглэлээр хайгуул хийж, нөөцийг
тогтоосон 3 хэсэг талбай буюу ХҮ-009819 хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зүүн урд хэсэгт хамрах Халзан бүргэтэйн барилгын чулууны ордын нөөцийг тогтоосныг Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Н-90 дугаар тушаалаар Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд, ХҮ-009821 хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн төв болон зүүн урд 2 хэсэг жижиг талбайд Мянгадын барилгын чулууны орд болон Мянгадын шохойн чулууны ордыг нээж илрүүлэн нөөцийг тогтоосныг Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Н-95 дугаар тушаалаар Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд тус тус бүртгэсэн байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д ...хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр... гэсэн хуулийн заалтыг үндэслэн тухайн нөөц тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгодог. Дээрх барилгын материалын хайгуул хийж нөөцийг тогтоосон газартаа Мнрик-ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр кадастрын хэлтэст өргөдөл гаргасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу тус компани дээрх барилгын материалын чиглэлээр хайгуул хийж нөөцийг тогтоосон, Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн 3 хэсэг талбайд хэсэгчлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн ХҮ-009819, ХҮ-009821 талбайг бүхэлд нь барилгын материалын чиглэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй юм. Мнрик-ХХК-ийн ХҮ-009819, ХҮ-009821 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнуудын хэмжээнд газрын ховор элемэнт, зэс мөнгө, зэсийн илрэл, эрдэсжсэн цэгүүдийг нарийвчлан судалж хэтийн төлвийг бүрэн үнэлээгүй, харин барилгын материалын чиглэлээр хайгуул хийж нөөц нь бүртгэгдсэн. Мнрик-ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-009819, ХҮ-009821 тусгай зөвшөөрлийн талбайн барилгын материалын чиглэлээр хайгуулж хийж нөөцийг тогтоосон. Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн 3 хэсэг талбайд хэсэгчлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж, үлдсэн талбайдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхтэй талаар манай байгууллагаас мэдэгдэж байсан. Иймд Мнрик-ХХК-аас гаргасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй, тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа ажиллагааг хууль бус болохыг тогтоож өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 813 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.5, 48 дугаар зүйлийн 48.3, 48.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Мнрик-ХХК-ийн Ашигт малтмалын газарт гаргасан хайгуулын ХҮ-009819 тоот тусгай зөвшөөрөлтэй 2066.33 га, ХҮ-009821 тоот тусгай зөвшөөрөлтэй 981.53 га талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Мнрик-ХХК давж заалдах гомдолдоо: ...Нэг. Шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан тухайд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 болон Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 тоот тогтоолын 2.1-д Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана гэж заасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 25 дугаар зүйлийн 25.1, 48 дугаар зүйлийн 48.3, 48.4 дэх хэсгийг шүүхийн шийдвэрт үндэслэсэн нь хэргийн нөхцөл байдалд хамааралгүй хуулийн зүйл заалт ишлэн, хуулийг буруу хэрэглэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэлийг нотолж чадаагүй гэж дараах үндэслэлээр үзэж байна. Үүнд:
Нэгдүгээрт, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрхтэй гэж заасан. Хуулийн дээрх хэсэгт тодорхойлсноор бол хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын талбайнхаа аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл авч болно гэж заасан болохоос биш зөвхөн нөөц тогтоосон хэсэгт тусгай зөвшөөрөл олгоно гэж заагаагүй. Хуульд заасан нөхцөл шаардлагуудын хувьд ч ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад уурхайн талбайн зөвхөн нөөц тогтоосон хэсэгт л тусгай зөвшөөрөл олгох шаардлагыг тодорхойлоогүй ба тус шаардлагыг тодорхойлсон Ашигт малтмалын газрын тушаал, журам байдаггүй болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нотолсон байдаг.
Хоёрдугаарт, Шүүхийн шийдвэрт үндэслэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д өргөдөл гаргагчийн бүрдүүлэх материалыг заасан заалт бөгөөд Мнрик-ХХК нь хуульд заасан бүх баримт бичгийг бүрдүүлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргасан. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйл нь өргөдөл гаргах журам, бүрдүүлэх материалын тухай заалт болохоос биш ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргагч болон уурхайн талбайд тавигдах шаардлагыг тодорхойлсон заалт биш юм. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.4, 26 дугаар зүйлийн 26.2-т тусгайлан тодорхойлсон байх ба манай компани хуульд заасан шаардлага, нөхцлийг бүрэн хангаж байгаа болно.
Гуравдугаарт, Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4 дэх хэсгийн дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын ордын нөөцийг бүртгэх шийдвэр /нөөц бүртгэх тухай тушаал/ гаргадаг болох нь тодорхой бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрлийг Нөөц бүртгэх тухай Ашигт малтмалын газрын даргын тушаал, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн олгодог байна гэжээ. Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйл нь Мэдээ тайлан гаргах буюу ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой огт хамааралгүй заалт байх бөгөөд Нөөц бүртгэх тухай тушаалд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан заалт байхгүй.
Хоёр. Шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг орхигдуулсан тухайд, Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 тоот тогтоолын 2.2-т Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана гэж заасан. Шүүх хуралдааны явцад гэрч, хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ач холбогдол бүхий нөхцлийг хэргийг шийдвэрлэхдээ шүүхээс авч үзээгүй гэж үзэж байна. Манай компани 2014 оын 12 дугаар сарын 22-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлөө гаргасан байтал 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл бидэнд албан ёсоор хариу ирүүлээгүй бөгөөд дээрх хугацаанд Ашигт малтмалын газарт хандсан хүсэлт, гомдлыг удаа дараа явуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Ашигт малтмалын газар нь эл үйлдлээрээ Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэсэн заалтыг зөрчсөн төдийгүй өнөөг хүртэл манай компанийн тусгай зөвшөөрөлд холбогдох асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа гэж гэрч Ц.Баатарбилэг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д- нар нь шүүх хурал дээр хэлж байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваад 20 хоногийн дотор холбогдох шийдвэрийг гаргаж өргөдөл гаргагчид мэдэгдэх ёстой гэтэл манай компанийн зүгээс өргөдлөө гаргаад 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад өргөдлийг маань эцэслэн шийдвэрлээгүй байна гэдэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг гэж тодорхойлсон эс үйлдэхүй мөн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйл, Иргэдээс төрийн байгууллагад гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн үйлдэл юм.
Гурав. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг ойлгох, гаргаж өгөх, цуглуулах, үнэлэхдээ энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40-45, 47-49, 51 дүгээр зүйлд заасан журмыг баримтална гэж заасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу шүүх эхэргт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтуулыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шийдвэрийг гаргах ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ашигт малтмалын газар нь уурхайн талбай, уурхайн эдэлбэр гэсэн 2 ойлголтыг салгаж тайлбарлан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм гэж ойлгомжгүй, үндэслэл муутай тайлбар хийж байгаа нь маргаанд ач холбогдолгүй юм гэжээ. Хэргийн материалд авагдсан Ашигт малтмалын газрын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5/4015 тоот албан бичиг, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5/60 тоот албан бичигт манай талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэлд уг хоёр ойлголтыг салган тайлбарласанд нэхэмжлэлдээ няцаалт хийсэн байхад хэрэгт ач холбогдолгүй хэмээн тайлбарлаж байгаа нь шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй гэж дүгнэхэд хүргэж байна. Маргааны гол зүйлийн хувьд ч манай компани уурхайн талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа бол Ашигт малтмалын газраас уурхайн эдэлбэр газарт л олгодог гэсэн эсрэг байр суурьтай байгаа. Ашигт малтмалын тухай хуулинд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, компани олборлолтыг нөөц тогтоосон талбайн хэсэгт явуулах ч тус талбайг зориулалтын дагуу ашиглахад ил уурхайн эдэлбэл газар, шимт хөрс болон хөрсний овоолго, шохойн чулуу болон барилгын чулууг ачих, тээвэрлэх, буулгах схем, техникийн парк, засвар механизмын цех, уурхайн ажилчдын хотхон зэрэг нь зайлшгүй шаардлагатай болно. Эдгээр бүгд уурхайн талбайн хэсэгт багтах бөгөөд олборлолтын үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай тул нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүднээс тус 2 ойлголтыг тайлбарласан болно. Түүнчлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, олборлолт явуулж буй бусад аж ахуйн нэгжүүдийн хувьд ч талбайнхаа 20-30 хувьд л Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт хийлгэж, улсын нэгдсэн нөөцийн санд бүртгүүлдэг ч тусгай зөвшөөрлийг уурхайн талбайдаа бүхэлд нь авч, үйл ажиллагаа явуулдаг практик хэдийн тогтсон байхад зөвхөн манай компанид хуульд тусгаагүй, үндэслэлгүй шаардлага тавьж буй Ашигт малтмалын газрын үйлдлийг тогтоохын тулд Ашигт малтмалын газарт үзлэг хийлгэх хүсэлтийг тавьсан. Ашигт малтмалын газарт хийсэн үзлэгээр нэр бүхий 3 компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлд үзлэг хийхэд нөөц тогтоосон талбайд л тусгай зөвшөөрөл олгох тухай Ашигт малтмалын газрын шаардлага хангагдсан эсэх нь нотлогдоогүй болно. Дээрх нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьж, нотлох баримтыг бүх талаас нь хяналгүй хэргийг шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна. Дээрх үндэслэлүүдийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 813 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 болон Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 тоот тогтоолд заасан хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгчээс ...Ашигт малтмалын тухай хуульд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг талбайнхаа бүх хэсэгт нөөц тогтоосон байхыг шаардаагүй байхад ашигт малтмалын газарт тус хуулийн этгээдээс гаргасан ХҮ-009819 тоот тусгай зөвшөөрөлтэй 2066.33 га, ХҮ-009821 тоот тусгай зөвшөөрөлтэй 981.53 га талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах... гэж, хариуцагчаас ...тус компанийн эзэмшлийн ХҮ-009819 хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зүүн урд хэсэгт хамрах Халзан бүргэдэйн барилгын чулууны орд тогтоосныг Ашигт малтмалын газрын даргын 2014 оны Х-90 дугаар тушаалаар нөөцийн нэгдсэн бүртгэлд, ХҮ-009821 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд талбайн төв болон зүүн урд хэсэгт Мянгадын барилгын чулууны болон шохойн чулууны ордыг нээж илрүүлэн нөөц тогтоосныг Ашигт малтмалын газрын даргын 2014 оны Н-95 дугаар тушаалаар нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд тус тус бүртгэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д ...Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр гэж заасныг үндэслэн тухайн нөөц тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог тус нөөц бүртгэгдсэн 3 хэсэг талбайд хэсэгчлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой бөгөөд тус талбайнуудад бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй ...нөөц бүртгэгдсэн талбайдаа хэсэгчлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж, үлдэх талбайдаа хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхтэй талаар мэдэгдэж байсан гэж тус тус тайлбарлан маргажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна, 85 дугаар зүйлийн 85.3-д ...шүүх давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй, 86 дугаар зүйлийн 86.1-д ...шүүхийн магадлалд ... давж заалдах гомдлын агуулга, давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, түүний үндэслэл тусгагдсан байна гэж тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэйн дээр давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх учиртай.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах, 25 дугаар зүйлийн 25.1-т Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: 25.1.5-д хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, 26 дугаар зүйлийн 26.1-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна:, 26.1.2-т бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх, 26.3.1-т өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй хэдий ч тус хуульд заасан нөхцөл шаардлага болох хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр-ийг хавсаргаж ирүүлэх, харин төрийн захиргааны байгууллага мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу өргөдлийг хүлээн авч бүртгээд түүнд хавсаргасан баримт бичгийг буюу тухайлбал, нөөц тогтоосон талаарх баримт хуульд заасан шаардлага хангасан эсэх талаар шүүлт хийх бөгөөд өргөдөл нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шаардлага хангаагүй бол үндэслэл шалтгааныг зааж хүлээн авахаас татгалзах эрхтэй байна.
Өөрөөр хэлбэл, Төрийн захиргааны эрх бүхий байгууллага нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргах баримт бичгийг дурдаж заасан Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1-д заасны дагуу хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шалтгаан үндэслэлийг дурдан хариуг өргөдөл гаргагчид мэдэгдэхээр байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын бүх талбайд эрдэс баялгийн нөөцийг тогтоогоогүй, харин тус компанийн эзэмшлийн ХҮ-009819 хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зүүн урд хэсэгт хамрах Халзан бүргэдэйн барилгын чулууны орд тогтоосныг Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Х-90 дугаар тушаалаар Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд, ХҮ-009821 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд талбайн төв болон зүүн урд хэсэгт Мянгадын барилгын чулууны орд болон Мянгадын шохойн чулууны ордыг нээж илрүүлэн нөөцийг тогтоосныг Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Н-95 дугаар тушаалаар Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд тус тус бүртгэсэн нь тогтоогджээ.
Ашигт малтмалын газраас нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ... Ашигт малтмалын газрын даргын 2014 оны Н-90 тоот тушаал, Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлийн ... ХХ-06-07 тоот дүгнэлтээр хүлээж авсан Халзан бүргэтэйн андезит порфиритын ордын нөөц бодсон талбайн хэмжээ 20.58 га ба өргөдлийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбай 2066.33 га байна. Газрын хэвлийн тухай хуулийн 6.3.4, Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.19-д уурхайн эдэлбэр-ийг тодорхойлохдоо уурхайн талбайтай давхцсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоц хэсэг гэж заасан байдаг.
Иймд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тухайн солбицлоор олгох боломжгүй тул өргөдлийн солбицолд дахин өөрчлөлт оруулна уу ... гэсэн хариу өгснийг нэхэмжлэгчээс хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон нөөц тогтоосон хэсэгт бус талбайнхаа нийт хэмжээгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авах ёстой гэж маргасан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхэд буюу хариуцагчийн ...эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд заасан нөөц тогтоосон талбайн хэмжээгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ёстой гэсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь зүйтэй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан ... өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Мнрик-ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын тухай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргасан бөгөөд Ашигт малтмалын газраас 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5/60 тоот албан бичгээр[1]нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байна.
Түүнээс хойш нэхэмжлэгч компани 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/09, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/21, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/22, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/25, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/26 тоот албан бичгүүдээр Ашигт малтмалын газарт удаа дараа хандсан байх ба Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/4041 тоот албан бичгээр өргөдлийн дагуу бүртгэх боломжгүй талаар хариуг хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... манай компани ... ашиглалтын тусгай зөвшөөхөл хүсэх өргөдлөө гаргасан байтал 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл бидэнд албан ёсоор хариу ирүүлээгүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц- шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа Мнрик-ХХК нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т заасны дагуу ашигт малтмалын газарт гаргасан хайгуулын ХҮ-009819 тоот тусгай зөвшөөрөлтэй 2066.33 га, ХҮ-009821 тоот тусгай зөвшөөрөлтэй 981.53 га талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгуулах гэж тодруулсан[2], өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байхад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо ... хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан... гэж зөрүүтэй тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу талбайнхаа аль ч хэсэгт авч болно гэх агуулгаар хуулийн агуулгын буруу тайлбарлан гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт тус хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхийг заасан. Тус хуульд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг, мөн тус зөвшөөрлийг хүссэн өргөдөл гаргаж журмыг тодорхой зааж өгсөн байх тул тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл журмын дагуу хүсэлтээ гаргах, ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн өргөдөл хүсэлтийг нягтлан шалгах, бүртгэх бүртгэхээс татгалзах эрхтэй байхаар заасан байна.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч хүчингүй болсон талаар болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхэд тайлбар гаргасан гэж тайлбарласан, хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хариу өгч байсан албан бичгүүд авагдсан байх ба 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6-5601 тоот албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн нөөц тогтоосон талбайдаа авах, үлдсэн хэсэгтээ хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг гаргах боломжийг олгох талаар нэхэмжлэгч компанид мэдэгдсэн байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 813 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ