Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Г.Г,

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г-ын Г-од холбогдох 2128000000171 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Б овгийн Г-ын Г, ................................   

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр архины мөнгө олох зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ....................... тоотод оршин суух хохирогч А.О-ын байшингийн цонхыг хагалан нэвтэрч 32 инчийн Конка маркийн зурагт 1 ширхэг, 25 килограммын цагаан будаа 1 уут, 6 килограмм аарц зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.Оад 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 07 цагаас 13 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архины мөнгө олох зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, ......................... тоотод оршин суух хохирогч Г.Л-гийн хашаанд байх пингээс 10 килограмм бага малын махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн өдрийн 17 цаг 50 минутын орчимд архины мөнгө олох зорилгоор дахин Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, .......................... тоотод оршин суух хохирогч Г.Л-гийн монгол гэрийн тооноор нэвтэрч хөргөгчид байсан 10 килограмм бага малын махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан,

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, ......................... тоотод оршин суух хохирогч Т.М-ийн монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч 42 инчийн LG маркийн зурагт 1 ширхэг, Ди Дишийн төхөөрөмж 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Т.М-ид 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Г-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би өглөө 08 цаг 40 минутын орчимд гэрээсээ гарч ажилдаа явсан. Эхнэр, хүүхдүүд маань 08 цагийн үед бас гэрээсээ гарсан. Өдөр би 11 цаг 30 минутын үед гэртээ очиж галаа сэргээсэн. Тэгээд орой 17 цаг 40 минутын үед эхнэр маань гэртээ очоод телевиз алга болсон байна гэж над руу утсаар залгаж хэлсэн. Би 18 цаг өнгөрөөгөөд гэртээ очтол манай байшингийн арын жижиг өрөөний цонх хагарсан, мөн үүдний таамбарын өрөөний жижиг цонх хагарсан, үүдний өрөөний том цонх нээлттэй байсан. Хойд талын жижиг өрөөний цонхыг чулуу шидэж хагалсан бололтой өрөөний урд хэсэгт том чулуу хэвтэж байсан. Манай гэрийн том өрөөнд стинк дээр байсан 32 инчийн Конка нэртэй зурагт алга болсон, мөн үүдний жижиг өрөөнд байсан 25 килограмм хэмжээтэй шуудайтай будаа тус тус алга болсон байсан. Манайх 32 инчийн Конка үйлдвэрийн зурагтыг 2014 онд бэлгэнд авч байсан. Шуудайтай будаа бол огт задлаагүй шинээрээ байсан. Зурагтаа би 300.000 төгрөг, будаагаа 70.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн хагарсан цонхнуудын үнийг судалж байгаад маргааш хэлье. Хулгайд алдсан эд зүйлсээ олж авмаар байна. Манай 32 инчийн зурагт, 25 кг будаа 1 уут, 5 кг аарц зэргийг бүгдийг нь олж авсан.” /хавтаст хэргийн 34 дэх тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би өчигдөр өглөө 07 цагт хадам ээжийнх рүүгээ онлайн сургалтад суухаар явсан. Гэрт эхнэр, 3 хүүхэд үлдсэн. Би өдөр 13 цагийн үед гэртээ очиж эхнэр, хүүхдээ аваад буцаж хадам ээжийнх рүү яваад 18 цаг хүртэл сургалтдаа суугаад хадам ээжийнд гэр бүлээрээ хоносон. Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өглөө бас сургалттай байсан тул онлайн сургалтад суусан, 13 цагийн үед дуусаад байж байхад хадам ах Б над руу утсаар залгаад машин янзлаад өгөөч гэхээр нь би эхнэрийн дүү Т-тай хамт Б-гийн гэрт очих замдаа .................... тоотод байх гэртээ очиж ажлын хувцас авахаар очсон. Тухайн үед гэрт очиход манай хашааны хаалга өмнө нь хаалттай орхисон боловч явган хүний хаалга онгойчихсон байсан. Би салхинд онгойсон байна гэж бодоод хашаанд байх амбаар руугаа ороод ажлын хувцсаа сольж өмсөх гээд ажигласан чинь тухайн амбаарт дэлгээд тавьсан байсан бага малын ястай мах байхгүй байсан. Би эхнэр хураагаад хөргөгчид хийсэн юм байна гэж бодсон. Тэгээд ажлын хувцсаа сольж өмсөөд Б ахынд очоод машин янзалсан. 17 цаг 50 минутын үед гэр рүү гал түлэхээр очих үед манай гэр дээр хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод юу хүн бэ гээд очиход гэрийн тооноор мах гаргаж байсан. Би тухайн хүнийг юун хүн бэ гээд хаалгаа онгойлгоод үзэхэд манай гэрийн хөргөгчид байсан махыг уутанд хийгээд уяагаар оосорлоод тооноор гаргах гээд татаад байж байсан. Тэгээд ууттай махыг би буулгаад ах Б рүү утсаар залгаад гэрт хулгай орсон хулгайч нь хажууд байна, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Удалгүй Б, Т нар гэрт ирсэн. Цагдаа ирэхээр нь тухайн хулгай хийх гэж байсан хүнийг хүлээлгэж өгсөн. Манай гадаа амбаарт байсан 10 кг бага малын мах хулгайд алдагдсан байна. Би эхнэрийг хөргөгчид хийсэн гэж бодсон боловч тухайн хүн хулгайлаад авсан байна лээ. Гэрт хөргөгчид байсан 10 кг бага малын цул махыг уутанд хийгээд хулгайлах гэж байхад нь барьсан... Би хулгайд алдсан ястай 10 кг ямааны махаа нэхэмжилнэ. Өөр алдсан эд зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 80-81, 85 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Цогтцэций суманд байх ажлаасаа буугаад Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг .......................... тоотод байх гэртээ 21 цагийн үед ирэхэд манай монгол гэрийн цоожийг эвдлээд буцаагаад цүүнд нь зүүчихсэн байхаар нь онгойлгоод гэр рүү ороод гар утасны гэрэл тусгаад харсан чинь манай зурагт алга болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэх хугацаанд алга болсон зүйлээ бүртгэхэд хар өнгийн ди дишийн асахаа больсон төхөөрөмж бас алга болсон байсан. Манай гэрээс зурагт, ди дишийн хүлээн авагч төхөөрөмж хулгайд алдагдсан. Миний эзэмшлийнх байгаа юм. Зурагт нь хар өнгийн 42 инчийн LG брэндийн ЛСД зурагт байсан. Би тухайн зурагтыг 2020 онд Улаанбаатар хотоос 670,000 төгрөгөөр худалдан авсан. Ди дишийн төхөөрөмж нь огт асахаа больсон эвдэрчихсэн байсан үнэ ханшийг нь мэдэхгүй... Би зурагтаа 600,000 төгрөгөөр үнэлж байна. Ди дишийн төхөөрөмжөө үнэлэхгүй, эвдэрчихсэн байсан. Би алдсан зурагтаа олж авмаар байна.” /хавтаст хэргийн 117-118 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Намайг мах ногооны Аривжих дэлгүүрт байхад нэг халамцуу залуу орж ирээд будаа аарц байна авах уу гэхээр нь би худалдаж авсан. Тухайн үед би аарцыг нь 20,000 төгрөгөөр, будааг нь 40,000 төгрөгөөр үнэлж нийт 60,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд нөгөө залуу 10,000 төгрөгөөр нь нэг шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи худалдаж авсан. Дэлгүүрээс гарах гэж байхдаа шалан дээр архиа унагаад хагалчихсан. Тэгээд ахиад 0.5 литрийн “Хараа” нэртэй архи манайхаас худалдаж аваад гарсан. 10-аад хоногийн дараа цагдаа болон нөгөө залуу орж ирээд будаа аарц хоёроо хулгайн эд зүйл гээд надаас хурааж авсан. Би будаа, аарц хоёрт төлсөн 60,000 төгрөгөө нэхэмжлэхгүй.” /хавтаст хэргийн 40 дэх тал/

Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Г манай гэрт 2021 оны 11 дүгээр сарын дундуур хар өнгийн ди дишийн дөрвөлжин хар төхөөрөмж авч ирсэн. Тэр эд зүйл нь тогонд залгасан чинь огт асдаггүй юм байсан. Дараа нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Г нэг зурагт тэвэрчихсэн хүрээд ирсэн. Тэгээд манай гэрт байлгаж Г эргүүлээд зурагт, ди дишийн төхөөрөмжөө авсан. Өөр эд зүйл манай гэрт аваачиж байгаагүй. Г надад Баруунсайханд манай гэр байдаг гэрээсээ авчирсан гэж хэлсэн. Зурагт ди дишийг өөрийнхөө эд зүйл гэж хэлсэн. Цагдаа нар Г-той ирээд манай гэрээс аваад явсан.” /хавтаст хэргийн 42-43,  45 дахь тал/   

Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би эхнэрийн ах Л-тэй хамт Оюутын 09-36 тоотод байх ах Б-гийн гэрт машин янзлаад байж байсан чинь Л ах 17 цагийн үед гэртээ гал түлчихээд ирье гээд явсан. Удалгүй Л ах над руу залгаад гэрт хулгай орчихсон байна хүрээд ир гэхээр нь би ах Б-тэй хамт ............... тоот руу явж байх замдаа цагдаа руу дуудлага өгсөн. Л ахын гэрт очиход Л ах гэрийнхээ хажууд нэг хүнийг хажуудаа байлгаж байсан, очоод болсон зүйлийн талаар асуухад тухайн хулгай хийж байсан хүнийг хажуудаа байлгаж байсан. Мах хулгайд алдсан талаар хэлж байсан.” /хавтаст хэргийн 87-88 дахь тал/

Гэрч Х.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Г өөрийн гэсэн гэр орон, үр хүүхэд байхгүй. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Багаасаа шоронд явсан болохоор өөрийн хүүхэд, эхнэр аваагүй. Шоронгоор байсан болохоор өөрийн гэсэн тогтсон гэр орон байхгүй. Сүүлд 2021 оны 02 дугаар сард шоронгоос гараад төрсөн ах Баярцогтын гэрээр байсан байх, би сайн мэдэхгүй байна. Сүүлд Ханхонгор сумын бичил уул уурхайн компанид ажилладаг гэж сонсож байсан. Би тэнд ямар ажил эрхэлж байсан талаар мэдэхгүй байна. Архи уудаг. Сүүлийн үед архи уудаг болсон байсан. Ажлаасаа архи уугаад тэнээд байхаар нь гаргасан гэсэн. Г дандаа хулгайн хэргээр ял эдэлж байсан. Хаана, хэдий хугацаагаар ял эдэлж байсныг би мэдэхгүй байна. Зан ааш сайтай, нэг л зангаараа байдаг. Архи уухаараа бид нараас хулгай хийгээд байдаг, эрүүлдээ бид нараас хулгай хийдэггүй. Архи уухаараа заавал хулгай хийгээд байдаг хүн.” /хавтаст хэргийн 130 дахь тал/

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтэд: “Конка телевизор 1 ширхэг, 280,000 төгрөг /32 инч 14 онд авсан-хуучин/, орхон будаа 1 уут, 70,000 төгрөг /25 кг-шинэ/, аарц 6 кг, 150,000 төгрөг /ямааны аарц/, нийт дүн: 500,000 төгрөг” /хавтаст хэргийн 52 дахь тал/

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 517 дугаартай дүгнэлтэд: “вакум цонх 1 м/кв, 100,000 төгрөг /хуучин/, нийт дүн: 100,000 төгрөг” /хавтаст хэргийн 55 дахь тал/

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 453 дугаартай дүгнэлтэд: “ямааны мах, 20 кг, нийт дүн: 100,000 төгрөг” /хавтаст хэргийн 95 дахь тал/

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 464 дугаартай дүгнэлтэд: “LG 42 инч зурагт, 1 ширхэг, /Ди Диш/ хүлээн авах төхөөрөмж, нийт дүн: 550,000 төгрөг” /хавтаст хэргийн 134 дэх тал/

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 518 дугаартай дүгнэлтэд: “цоож, 1 ширхэг, нийт дүн: 5000 төгрөг” /хавтаст хэргийн 137 дахь тал/

Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед байх согтуу явж байгаад Баруун сайханд хаягийг нь мэдэхгүй байна хашааны завсраар цоожтой айл байхаар нь хашааг нь давж ороод үүдний пин хашааны зүүн талд цоожгүй байхаар нь орсон чинь бага малын мах дэлгээтэй байхаар нь цагаан өнгийн уутанд савлаж аваад хашаанаас гарч зүүн тийшээ явж байгаад гудамжинд явж байгаа хүнд 15.000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөрөө архи авч уугаад архиа дуусахаар нь орой байсан цагийг нь мэдэхгүй байна мах хулгайлсан айлдаа ахиж гэрийнх нь тооноор ороод хөргөгчийг нь нээсэн чинь мах байсан тэгээд цагаан өнгийн 2 ширхэг гялгар уутанд хийгээд нэг уутыг нь тооноор гаргаж шидээд дараагийн ууттай махыг гаргах гэсэн чинь айлын хүн ирээд намайг цагдаад өгсөн... Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө Н-ы гэрээс ганцаараа согтуу гараад алхаж байсан чинь Жаал-Уулд хаягийг нь санахгүй байна эзэнгүй айл харагдахаар нь хашааны урд талын хаалга нээлттэй байхаар нь орсон чинь хашаанд байшин байсан. Байшингийн араар тойрч ороод хойд талын цонхыг хашааны хажууд байсан чулуугаар хагалаад байшин руу ороод том өрөөнд байсан 32 инчийн зурагт, хөргөгч нь дээр байсан аарц, таамбарт байсан 1 уут шинэ будаа зэргийг аваад буцаж цонхоор гарсан. Тэгээд байшингийн ард зурагтаа үлдээгээд аарц будаа хоёрыг нь мах ногооны Хайрхан дэлгүүрийн хажууд байх дэлгүүрт өгөөд будааг нь 40,000 төгрөг, аарцыг нь 20,000 төгрөгөөр зарсан. Тэгээд би 10,000 төгрөгөөр “Хараа” нэртэй 0.5 литрийн архи аваад гарах гэсэн чинь шалан дээр унагаад хагалсан. Ахиад 10,000 төгрөгөөр 1 шил 0.5 литрийн “Хараа” аваад дэлгүүрээс гараад буцаж Жаал-Уулд очоод хашаан дотор нь очиж архиа ганцаараа уучихаад зурагтаа аваад Малчны хороолол руу үүрээд явсан. Малчны хороололд Н-ы гэрт очоод зурагтаа түр үлдээе гэж хэлээд үлдээчихээд гараад явсан. Тэгээд арваад хоногийн дараа цагдаатай хамт Н-ы гэрт очиж зурагтаа авсан. Дараа нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны орой цагийг нь санахгүй байна Н-ы гэрээс гараад согтуу явж байгаад Баруунсайханд байсан байх сайн санахгүй байна нэг эзэнгүй айл байхаар нь хашаа руу нь ороод гэрийнх нь цоожийг хашаанд байсан төмрөөр хөшиж эвдээд гэрт нь орж гэрийн баруун талд байсан зурагтыг ди дишийн хамт аваад гарсан. Зурагтаа хаана, хэнд өгснөө санахгүй байна. Маргааш өглөө нь сэрсэн чинь Номинчулууны гэрт унтаж байсан. Н намайг ди диш авчирч өгсөн гэж хэлсэн. Дараа нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өглөө архи гараагүй байсан найзынхаа гэрээс гараад алхаж байсан чинь Баруунсайханд хаягийг нь сайн мэдэхгүй байна хашаандаа ганц гэр цоожтой байхаар нь хашаанд нь ороод пин рүү нь очсон чинь пин нь цоожгүй байсан. Тэгээд пинд ороод үзэхэд бага малын яс дэлгээтэй байхаар нь ясыг нь пин дотор байсан цагаан гялгар уутанд хийж савлаад нэг уутны тал яс болохоор нь аваад явж байгаад Баруунсайханд байх нэг хүнд ясыг нь 15,000 төгрөгөөр зараад дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн архи авч уугаад орой нь цагийг нь санахгүй байна ахиж нөгөө айлдаа очоод гэрийн тооноор нь ороод хөргөгчид байсан махыг нь 2 гялгар уутанд хийж савлаад нэг ууттай махыг нь тооноор уяж гаргаад нөгөө ууттай махаа тооноор гаргах гэж байхад гэрийн эзэн ирээд намайг бариад цагдаад өгсөн. Аарцыг 20,000 төгрөг, будааг 40,000 төгрөгөөр зарсан. Нийт 60,000 төгрөг болсон... Би ди дишийг Ханхонгор сумын хогноос олоогүй, Баруунсайханы 11-4 тоотоос зурагттай хамт авсан. Би хохирлоо барагдуулаагүй, барагдуулна.” /хавтаст хэргийн 103, 149-150 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хавтаст хэргийн 11, 69, 109 дэх тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-19, 71-76, 111-113 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 155-156 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 158-160 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 161-162 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 63А дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 163-166 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 167-171 дэх тал/

Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 172-176 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 177-184 дэх тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 185-187 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 188-196 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 199, 203 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Г-ыг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч О-ын гэрт нэвтэрч эд зүйл хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, мөн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Г.Л-гийн гэрт нэвтрэхийг завдсан үйлдэлд нь заалтад зааснаар, өдөр монгол гэрт нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, мөн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд хохирогч Т.М-ийн монгол гэрт нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэсний дагуу шүүгдэгчийн үйлдлүүдийг нэгтгэн шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргав.

Шүүх улсын яллагчийн гэм буруугийн хуралдаанд гаргасан дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр архины мөнгө олох зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ............... тоотод оршин суух хохирогч А.О-ын байшингийн цонхыг хагалан нэвтэрч 32 инчийн Конка маркийн зурагт 1 ширхэг, 25 килограммын цагаан будаа 1 уут, 6 килограмм аарц зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.О-ад 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 07 цагаас 13 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архины мөнгө олох зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 18-06 тоотод оршин суух хохирогч Г.Л-гийн хашаанд байх пингээс 10 килограмм бага малын махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн өдрийн 17 цаг 50 минутын орчимд архины мөнгө олох зорилгоор дахин Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 18-06 тоотод оршин суух хохирогч Г.Л-гийн монгол гэрийн тооноор нэвтэрч хөргөгчид байсан 10 килограмм бага малын махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 11-4 тоотод оршин суух хохирогч Т.М-ийн монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч 42 инчийн LG маркийн зурагт 1 ширхэг, Ди Дишийн төхөөрөмж 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Т.М-ид 550,000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх дараах байдлаар өөрчилж шийдвэрлэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Г.Г нь 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул шүүх шүүгдэгчийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.

    Иймд шүүгдэгч Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж шийдвэрлэв.

    Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

   Шүүгдэгч Г.Г-ын бусдын эд хөрөнгөд халдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.

   Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр архины мөнгө олох зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Жаал-Уулын 4-6 тоотод оршин суух хохирогч А.О-ын байшингийн цонхыг хагалан нэвтэрч 32 инчийн Конка маркийн зурагт 1 ширхэг, 25 килограммын цагаан будаа 1 уут, 6 килограмм аарц зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.О-ад 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

   Мөн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 07 цагаас 13 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архины мөнгө олох зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, ...................... тоотод оршин суух хохирогч Г.Л-гийн хашаанд байх пингээс 10 килограмм бага малын махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн өдрийн 17 цаг 50 минутын орчимд архины мөнгө олох зорилгоор дахин Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, ...................... тоотод оршин суух хохирогч Г.Л-гийн монгол гэрийн тооноор нэвтэрч хөргөгчид байсан 10 килограмм бага малын махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан,

   Мөн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, ....................... тоотод оршин суух хохирогч Т.М-ийн монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч 42 инчийн LG маркийн зурагт 1 ширхэг, Ди Дишийн төхөөрөмж 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Т.М-ид 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж  тус тус заасан тул санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Г.Г нь хариуцан арилгах үүрэгтэй, харин хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О, Г.Л, Т.М нар нь өөрсдийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй юм.

   Шүүгдэгч Г.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.О-ад 600,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтэд: “Конка телевизор 1 ширхэг, 280,000 төгрөг /32 инч 14 онд авсан-хуучин/, орхон будаа 1 уут, 70,000 төгрөг /25 кг-шинэ/, аарц 6 кг, 150,000 төгрөг /ямааны аарц/, нийт дүн: 500,000 төгрөг” /хавтаст хэргийн 52 дахь тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 517 дугаартай дүгнэлтэд: “вакум цонх 1 м/кв, 100,000 төгрөг /хуучин/, нийт дүн: 100,000 төгрөг” /хавтаст хэргийн 55 дахь тал/ гэснээр тус тус тогтоогдож байх ба хохирогч нь зурагт, будаа, аарц зэргийг биет байдлаар буцаан авсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад “Манай 32 инчийн зурагт, 25 кг будаа 1 уут, 5 кг аарц зэргийг бүгдийг нь олж авсан.” гэж мэдүүлж байх ба цонх хагалсан 100,000 төгрөг,

Мөн хохирогч Г.Л-д 50,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 453 дугаартай дүгнэлтэд: “ямааны мах, 20 кг, нийт дүн: 100,000 төгрөг” /хавтаст хэргийн 95 дахь тал/ гэснээр тогтоогдож байх ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Манай гадаа амбаарт байсан 10 кг бага малын мах хулгайд алдагдсан байна. Би эхнэрийг хөргөгчид хийсэн гэж бодсон боловч тухайн хүн хулгайлаад авсан байна лээ. Гэрт хөргөгчид байсан 10 кг бага малын цул махыг уутанд хийгээд хулгайлах гэж байхад нь барьсан... Би хулгайд алдсан ястай 10 кг ямааны махаа нэхэмжилнэ.” гэж мэдүүлж байх тул 10 кг махны үнэ 50,000 төгрөг,

Мөн хохирогч Т.М-ид 555,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 464 дугаартай дүгнэлтэд: “LG 42 инч зурагт, 1 ширхэг, /Ди Диш/ хүлээн авах төхөөрөмж, нийт дүн: 550,000 төгрөг” /хавтаст хэргийн 134 дэх тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 518 дугаартай дүгнэлтэд: “цоож, 1 ширхэг, нийт дүн: 5000 төгрөг” /хавтаст хэргийн 137 дахь тал/ гэснээр тус тус тогтоогдож байх ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ди дишийн төхөөрөмжөө үнэлэхгүй, эвдэрчихсэн байсан. Би алдсан зурагтаа олж авмаар байна.” гэж мэдүүлж байх ба зурагт, цоожны 555,000 төгрөгийн хохирол төлбөр тус тус төлөгдөөгүй байна.

Иймд шүүгдэгч Г.Г-оос 100,000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О-ад, 50,000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Л-д, 555,000 төгрөгийг гаргуулан Т.М нарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Г-ын хувийн байдал нь ................ гэснээр тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Г-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Г-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жил хорих ял оногдуулах, уг оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг, шүүгдэгч Г.Г өөрөө өөрийгөө өмгөөлж бага ял авмаар байна гэх тайлбарыг гаргав.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Г-од 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар өнгийн Ди дишийн төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.М-ид буцаан олгож, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Г-ын Г-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Г-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Год 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Год оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-оос 555,000 /таван зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б овгийн Т-ын М, 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б овгийн А-ийн О-д, 50,000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б овгийн Г-ын Л-д тус тус олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар өнгийн Ди дишийн төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.М-ид буцаан олгосугай.

7. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА