Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/221

 

   2022          3             21                                   2022/ШЦТ/221

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Ганболор хөтлөн

улсын яллагч Б.Билгүүн

шүүгдэгч Ж.Г /хэлмэрч П.Сайнбаяр/, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 8 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, ам бүл 5; эгч, хүргэн ах, дүү нарын хамт ххх дүүргийн 0 дугаар хороо, 00 байрны 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

ХХ00000 дугаарын регистртэй, Х овогт Ж-ын Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ж.Г 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ххх дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод урьд гэр бүлийн харилцаа хамаарал бүхий байсан хохирогч Ш.У-гийн толгой руу цохих, бие рүү нь өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн дал, зүүн гуянд цус хуралт, эрүү, нуруу, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ж.Г /хэлмэрч П.Сайнбаяр/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би У зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Цагдаад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Ундраа бид хоёрын дундаас охин Х төрсөн. Одоо 6 настай. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Охин ээжээрээ овоглодог. У юм л бол намайг мөнгө олж ир гэдэг юм. Хохиролд эхлээд 280.000 төгрөг, дараа нь 138.000 төгрөг нийт 318.000 төгрөг өгсөн. Цаашид мөнгө хэрэгтэй гэвэл охиндоо мөнгө өгөх болно. Би барилгын засвар чимэглэлийн ажил хийж мөнгө олдог. У-гийн гэр рүүү дахин очихгүй. Гэхдээ охинтойгоо уулзмаар байдаг. Одоо би хүргэн ахындаа амьдарч байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ш-гийн У /хэлмэрч И.Болормаа/ “... 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ххх дүүрэг 0 дугаар хороо, 0 тоот гэртээ байхад Г-оос миний гар утас руу баахан дуудлага ирсэн байсан. Тухайн үед би унтаж байсан болохоор хараагүй 04 цагийн орчимд Г манай гэрт ирж хаалга нүдэхээр нь би онгойлгоогүй. Харин Г уурлаж том өрөөний цонхыг хагалж орж ирэхдээ нохойнд хоол өгдөг төмөр сав барьж над руу дайрч миний толгой хэсэг рүү 10 орчим удаа цохисон. Мөн газар унахаар нуруу бөөр рүү өшиглөсөн, бас үснээс чирсэн. Тэгснээ Г над руу харж бай би чамайг ална гэж сүрдүүлсэн. Тэгэхээр нь би айгаад хөдөлж чадалгүй хэсэг зогссон. Г надаас гар утасны цэнэглэгч аваад ир гэхээр нь цэнэглэгч авч өгөхөд Г гар утсаа асааж өөр хүмүүстэй фейсбүүкээр дүрсээ харуулж ярьж байхаар нь бага охин Х-ыг жижиг цонхоор гаргаж араас би цонхоор гарч зугтаасан. Тэгээд хажуу айлд очиход хүнгүй байхаар нь дараагийн айлд очиж гуйсан. Би дүү М-д энэ талаар хэлж, ирж туслаач гэхэд Мөнхтулга ирж цагдаад дуудлага өгсөн. Өмнө нь 2013 оноос 2019 он хүртэл амьдарч байсан. 2019 онд Г намайг зодож үүнээс болж би эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж байсан” /хх-ийн 13-14/ гэж,

гэрч Н-ын М “... гэртээ амарч байхад 04 цаг 57 минутын орчимд 000000 дуудлага ирж эгчийг чинь зодсон байна гэхээр нь би эгч Ж.У-ийн гэр болох ххх дүүргийн 0 дугаар хороо, 00 тоотод 05 цаг 10 минутын орчимд очсон. Манай нагац эгч Ш.У нь Ж.Г-ийн хамтаар 2014 оноос 2019 он хүртэл 5 жилийн хугацаанд хамтран амьдарсан. Дундаасаа Х гээд 5 настай охинтой. Ж.Г согтууруулах ундааны хамааралтай, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж манай эгчид rap хүрдэг байсан тул 2019 онд манай эгч Ш.У Ж.Г-оос салсан. Салаад 2 жил гаруй болж байгаа. 2019 онд салснаасаа хойш Ж.Г нь байнга ирж хэрүүл үүсгэдэг байсан. Урьд шөнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний 04 цагийн орчимд Ж.Г том өрөөний цонх хагалан орж ирж манай эгч Ш.У-г шалаар үсдэж чирэн нүүрэн тус газар нь гараараа 5 удаа цохиход эгч Ш.У аргалж байгаад охиноо аваад гал тогооны цонхоор зугтааж хөрш айлд орж холбогдсон. Очиход хашааны хаалга нь хаалттай гэр нь цус болчихсон, цонх нь хагарсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирсэн. Ж.У нь хөгжлийн бэрхшээлтэй учир ярьж чадахгүй. Г нь эгч У-г зодохдоо чи надаас яах гэж салсан юм гэж хэлээд зодсон гэсэн” /хх-ийн 21-22/ гэж,

гэрч Ж-ын О “... 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 06-07 цагийн үед орж ирэхдээ гар нь цус болсон, мөн нэлээн даарсан байдалтай орж ирэхээр нь гайхаж тайвшруулсан. Г-той өмнө хамт амьдарч байсан У-ийн төрсөн эгч нь болох А миний гар утас руу залгаж өчигдөр шөнө Гандорж Ундраагийн гэрт очиж цонхыг нь хагалж орсон байна. Үүнээс болоод У их айсан байсан гэхээр нь би энэ талаар Г-оос асуухад Г зөндөө их У-ийн хаалгыг тогшсон боловч онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь би цонхыг нь хагалж ороод У-ийн хөл рүү өшиглөсөн гэж хэлсэн” /хх-н 25-26/ гэж,

гэрч Б-ын С “... гэртээ амарч байхад үүрийн 03 цагийн орчимд манай гэрийн хаалгыг нүдээд байхаар нь онгойлгосон чинь нэг эгч хүүхдээ дагуулсан хүнд зодуулсан гэх байдалтай орж ирээд туслаач гээд байсан. Тэр эгч хэл ярианы бэрхшээлтэй гэмээр санагдсан. Өөрийнхөө rap утас дээр нь нэг дугаар гаргаад залгаад өгөөч гээд байхаар нь би өөрийн 000000 дугаараас тухайн дугаар руу залгаж танай эгч хүнд зодуулсан юм шиг байна. Ирж аваач гэж хэлсэн. Удалгүй гаднаас тухайн эгчийн эрэгтэй дүү нь ирж аваад гарсан” /хх-ийн 29-30/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой Ш.У-ийн биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн дал, зүүн гуянд цус хуралт, эрүү, нуруу, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 11146 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 32-33/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүгдэгч Х овогт Ж-ын Г-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ж.Г-ийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 45/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-н 46/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 54/, хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхийн хуулбар /хх-н 55-56/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Ж.Г, хохирогч Ш.У нарын хэн аль нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тусгагдсан байна.

Гэвч энэ байдал нь шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Харин хөгжлийн бэрхшээлтэй байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тодорхой ажил төрөл хийж мөнгө олдог гэх байдал зэргийг нь харгалзан шүүхээс шүүгдэгч Ж.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, торгох ялын хамгийн доод хэмжээгээр торгож шийдвэрлэлээ.

 

Шүүдэгч Ж.Г цаашид өөрийн хувийн байдалдаа дүгнэлт хийхийг түүнд шүүхээс анхааруулж байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Ш.У-д баримтаар 138.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч Ж.Г нийт 318.000 төгрөг хохирогчид өгсөн гэх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Г цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Ж-ын Г-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ж.Г торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Г цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Г-д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ