Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/27

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: М.Т,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн М-ын Төд холбогдох 212800262 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 26-20 тоот хашааны хажуу талын засмал зам дээр 92-02 ӨМӨ улсын дугаартай тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 3.7 а дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчин хохирогч Ц.Тгийн жолоодож явсан 51-79 ӨМҮ улсын дугаартай ниссан санни маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас Ц.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Тийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Т шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хохирогч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд зам талбайн үйлчлэгч ажилтай бөгөөд миний хариуцсан хэсэг урд талын хөндлөн замыг цэвэрлэдэг юм. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* хорооллын замаа цэвэрлээд зогсож байхад нэг эмэгтэй миний хажууд ирээд таксинд явах уу такси олдохгүй байна та яваад өгөөч гэж гуйхаар нь хаашаа очих вэ гэсэн чинь ******* дэлгүүр ороод ирнэ гэж хэлсэн. Би машиндаа суулгаад ******* хороололд байх ******* хүнсний дэлгүүрийн гадаа очсон. Нөгөө эмэгтэй дэлгүүр рүү орчихоод гараад ирсэн. Тэгээд эмэгтэйг суулгаад буцаад явсан. Баруун сайхан хорооллоос хойшоо ******* хороолол руу явдаг замаар ертөнцийн зүгээр хойд зүгт явж байхад өмнөөс хөх өнгийн жижиг тэрэг урсгал сөрөөд ороод ирсэн. Би яаж ч чадахгүй байхад нөгөө машин ирээд мөргөсөн. Машинтай мөргөлдсөний  дараагаар  машинаас хиншүү, хярвас үнэртээд утаа уугаад явчихаар нь би машинаасаа буусан. Машинаас буусны дараа хэсэг хугацаанд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн чинь машины дугуйгаа түшээд сууж байсан. Ингээд ухаан ороод машинд хүн байгааг санаад дүү охион гээд хашхираад машины нөгөө талаар тойроход машины хаалга нээлттэй, харсан чинь охин баруун талд очоод сууж байсан. Тэгэхээр нь би нөгөө охин дээрээ очоод бие гайгүй юу гэсэн чинь гайгүй гэсэн. Хэсэг хугацааны дараагаар  цагдаа, эмнэлэг бид нарыг аваад явсан. Эмнэлэг дээр очоод цээжний зураг авхуулсан чинь гайгүй байна гэж хэлсэн. Эмнэлэгт хэсэг эмчилгээ хийлгэж байгаад харьсан юм. Үүний дараа эмнэлэгт очиж үзүүлсэн чинь өвчүү хугарсан байна гэсэн юм. /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний эмчилгээний зардал болон машины эвдрэлд нийт 3.000.000 төгрөг өгсөн. Үүний дараагаар надад 1 тооны хязаалан адуу, 1 хонь зэргийг өгсөн. Би ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй. /хавтаст хэргийн 39 дэх тал/

Иргэний нэхэмжлэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би энэ машиныг Улаанбаатар хотоос 2021 оны 06 дугаар сард хүнээс худалдаж авч унаж байгаад 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Т гэх хүнд зарсан юм. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. / хавтаст хэргийн 42 дахь тал/

Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би дэлгүүр орж ойр зуурын юм авах гээд гэрээс ганцаараа гараад засмал замын хажууд очоод такси авах санаатай зогсож байхад хажууд нэг ах зам цэвэрлээд явж байхад нь та таксинд явах уу гэсэн чинь нөгөө ах чи эргэж эндээ ирэх юм уу гэсэн. Тэгэхээр нь би эргэж ирнэ гэж хэлсэн чинь зам цэвэрлэж байсан ах тэгвэл яваад ирье гэж хэлээд би тэр ахын машинд суугаад явсан. Баруун сайханд байх ******* хүнсний дэлгүүр орж ойр зуурын юмаа аваад буцаж гарч ирээд ахын машинд суугаад ертөнцийн зүгээр хойшоо явж байхад машинтай мөргөлдсөн. Яг юу болсоныг анзаараагүй гэнэт л тас буугаад явчихсан. Би машинаас буухад миний сууж явсан машины өмнөөс машин ирээд мөргөсөн байсан. /хавтаст хэргийн 44 дэх тал/

******* ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 511 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: эвдрэл хохирлын үнэлгээ 1,505,000 /Хавтаст хэргийн 59-60 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 502 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Тгийн биед өвчүүний хугарал, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.                                                                /хавтаст хэргийн 55-56 дахь тал/

Шүүгдэгч М.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 09 дугаар сарын 28-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад хагас шил архи уучихаад аавындаа очиж амрах гээд худалдаж аваад удаагүй байсан Toyota crown маркийн автомашинаар Малчны хороололд байх гэрээсээ гараад Гурвансайхан хорооллын урд замаар чигээрээ ертөнцийн зүгээр баруун тийшээ явж байгаад шинэ баригдаж байгаа сургуулийн баруун талын засмал замаар урагшаа явж байхад миний гар утас дуугарсан. Би утсаа авах гэтэл гар утас доошоо унаад утсаа тонгойж аваад замруу хартал тас буугаад явчихсан. Би аваарын дэрэндээ цохигдоод суудал руугаа налсан байсан. Тэгээд машинаас буугаад ирэхэд би эсрэг урсгалд явж байсан машин руу халз өмнөөс нь очоод мөргөсөн байсан. хавтаст хэргийн 81-82 дахь тал/ 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 90 дэх тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 754 дугаартай тодорхойлолт /хх-ийн 85 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 86 дахь тал/,

200416476 дугаартай суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 87 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 26-20 тоот хашааны хажуу талын засмал зам дээр 92-02 ӨМӨ улсын дугаартай тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 3.7 а дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчин осол гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна. 

Улмаар хохирогч Ц.Т-гийн жолоодож явсан 51-79 ӨМҮ улсын дугаартай ниссан санни маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, Ц.Т-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.  

Тодруулбал: Хохирогч Ц.Т-гийн: ...Баруун сайхан хорооллоос хойшоо ******* хороолол руу явдаг замаар ертөнцийн зүгээр хойд зүгт явж байхад өмнөөс хөх өнгийн жижиг тэрэг урсгал сөрөөд ороод ирсэн. Би яаж ч чадахгүй байхад нөгөө машин ирээд мөргөсөн. ...Эмнэлэг дээр очоод цээжний зураг авхуулсан чинь гайгүй байна гэж хэлсэн. Эмнэлэгт хэсэг эмчилгээ хийлгэж байгаад харьсан юм. Үүний дараа эмнэлэгт очиж үзүүлсэн чинь өвчүү хугарсан байна гэсэн юм. /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Т-ийн: ...Баруун сайханд байх ******* хүнсний дэлгүүр орж ойр зуурын юмаа аваад буцаж гарч ирээд ахын машинд суугаад ертөнцийн зүгээр хойшоо явж байхад машинтай мөргөлдсөн. Яг юу болсоныг анзаараагүй гэнэт л тас буугаад явчихсан. Би машинаас буухад миний сууж явсан машины өмнөөс машин ирээд мөргөсөн байсан. /хавтаст хэргийн 44 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Тгийн эрүүл мэндэд өвчүүний хугарал, зүүн өвдөгний зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 502 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/- ээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Т нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч М.Т нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болох нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: М.Т нь 2.37 хувийн согтолттой байсан /хх-ийн 18 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Т нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 26-20 тоот хашааны хажуу талын засмал зам дээр 92-02 ӨМӨ улсын дугаартай тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 3.7 а дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчин хохирогч Ц.Тгийн жолоодож явсан 51-79 ӨМҮ улсын дугаартай ниссан санни маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас Ц.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. 

Хохирогч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Миний эмчилгээний зардал болон машины эвдрэлд нийт 3.000.000 төгрөг өгсөн ба үүний дараагаар надад 1 тооны хязаалан адуу, 1 ширхэг хонь зэргийг өгсөн. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 39 дэх тал/ гэснээр шүүгдэгч М.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно, мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт мөрдөгч гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох талаар энэ хуульд заасан ажиллагаа явуулна гэж тус тус хуульчилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан ******* ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 511 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: эвдрэл хохирлын үнэлгээ 1,505,000 төгрөг /Хавтаст хэргийн 59-60 дахь тал/ гэх боловч шүүгдэгч М.Т нь 3.000.000 төгрөг, 1 тооны хязаалан адуу, 1 хонь зэргийг хохирол төлбөрийн талаарх нотлох баримтгүйгээр төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Тийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 90 дэх тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 754 дугаартай тодорхойлолтод: М.Т нь Даланзадгад сумын Цагаан булаг 8 дугаар багийн Мод үржүүлэх 1-3 тоот хаягт оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов. /хх-ийн 85 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 86 дахь тал/, 200416476 дугаартай суурь боловсролын гэрчилгээний хуулбарт: Сургуулийн улсын шалгалтын комиссын 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг үндэслэн суурь боловсролын гэрчилгээ олгов. /хх-ийн 87 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил,  түүнээс  доош хугацаагаар оногдуулахаар  тогтоосон,  эсхүл хорих ял  оногдуулахаар  заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж заасан  байх ба  шүүгдэгч  М.Тийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Төд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасан ба шүүгдэгч М.Т нь өөрийгөө өмгөөлж гэм буруугаа ухаарч байна гэх тайлбарыг гаргав.

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид 3.000.000 төгрөг, 1 тооны адуу, 1 тооны хонь өгч хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Тийн жолоочийн үнэмлэхийг хэрэгт эд мөрийн баримтаар хураах ажиллагааг мөрдөгч, прокурор хийх ёстой боловч, энэхүү ажиллагааг хийгээгүй, жолоочийн үнэмлэхийг хавтаст хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялтай хамт заавал хэрэглэхээр хуульчилсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овгийн М-ын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М. Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Төд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид 3.000.000 төгрөг, 1 тооны адуу, 1 тооны хонь өгч хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, жолоочийн үнэмлэх хэрэгт ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч М.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА