| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01216/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01512 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01512
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/01512
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 15 дугаар гудамж, 651 тоот хаягт оршин суух, 46 настай, эрэгтэй, регистрийн дугаар ГМ71042711, Алаг овогт Шагдарсүрэнгийн Дуламбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 71а байр, 69 тоот хаягт оршин суух, 44 натай, эмэгтэй, регистрийн дугаар ДЮ73032802, Шагдар овогт Доржготовын Нэргүйд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Дуламбаяр, хариуцагч Д.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Дуламбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх 1993 онд танилцаж, гэр бүл болж, 2001 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 1996 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүү Д.Мөнхбаяр, 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Д.Хишигбаяр нар төрсөн. Би 2004 онд БНСУ руу явж, 2008 онд Монголд ирсэн ба тэр цагаас хойш тусдаа амьдарч байна. Зан харилцааны таарамжгүй байдлаас болж бид салсан. Хүү, охин 2 маань миний асрамжид өссөн. Хариуцагч Д.Нэргүй нь өөр хүнтэй амьдрал зохиож, 2 хүүхэдтэй болсон. Би мөн өөр хүнтэй суусан тул цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Иймээс шүүхээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин маань гадаадад сургуульд явах зорилготой тул охиныхоо ирээдүйг бодоод эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч Д.Нэргүй шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Дуламбаярын ярьсан бүгд үнэн. Шүүхээс эвлэрэх хугацаа олгохгүйгээр гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би нийгмийн даатгал төлдөг учраас охиноо гадагшаа сургуульд явуулахад асран хамгаалагч нь би байвал боломжтой юм байна гэж үзээд охин Д.Хишигбаярыг асрамждаа авах хүсэлттэй байна. Миний бие өөр хүнтэй сууж, 2 хүүхэдтэй болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй ба бидний дунд гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Дуламбаяр нь хариуцагч Д.Нэргүйд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийг өөрийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ”, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсний дагуу гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш.Дуламбаяр, хариуцагч Д.Нэргүй нар 1993 онд танилцаж, гэр бүл болсноо 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Д.Мөнхбаяр нь 1996 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн болох нь Г-740 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, охин Д.Хишигбаяр нь 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн болох нь Г-1462 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь 2004 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, нэхэмжлэгч, хариуцагч нь өөр хүнтэй хамтын амьдрал зохиож, үр хүүхэдтэй болсон, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэгчдийн хүү Д.Мөнхбаяр насанд хүрсэн, охин Д.Хишигбаярын асрамжийн талаар зохигчид маргаагүй, харилцан хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Д.Хишигбаярыг эх Д.Нэргүйн асрамжид үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс нэхэмжлэгч Ш.Дуламбаяр нь чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг тэмдэглэж байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хариуцагч Д.Нэргүй нь нэхэмжлэгч Ш.Дуламбаярыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдаж байна.
Гэрлэгчдийн дунд гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй гэснийг, мөн хариуцагч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Хүүхдийн асрамжийг хариуцагчид үлдээж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Алаг овогт Шагдарсүрэнгийн Дуламбаяр /РД: Гм71042711/, хариуцагч Шагдар овогт Доржготовын Нэргүй /РД: ДЮ73032802/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Д.Хишигбаярыг эх Д.Нэргүйн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг тайлбарласугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ