Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: П.Л,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн П-ийн Лд холбогдох 2228000630 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч П.Л нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 22 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6 дугаар баг Малчны 8-30 тоотод орших гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бухий хүн болох эхнэр Б.Ттай хэрүүл маргаан үүсгэж, баруун хөлийн гуя хэсэгт нь 2 удаа өшиглөж, үснээс нь зулгааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч П.Л-ыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Л шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 02 сарын 08-ны өдөр манай нөхөр засал хийлгэнэ гээд 14 цагийн орчимд гараад явсан. Тэгээд орой гэртээ 22 цагийн үед орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд, яасан шазруун гөлөг вэ? Ороо засаад унтчихсан байх шиг гэж хэлээд уурлаж хэрүүл маргаан хийсэн. Би тэгэхээр нь ерөнхийдөө хэрүүл маргаан болох юм байна гэж бодоод гараад хажуу жижиг гэрт ороод унтах гээд байж байхад араас орж ирээд намайг хүйтэн гэрээс гар дулаан гэрт орж амар гэж хэлэхээр нь би чи намайг элдвээр хэлээд огт амраахгүй юм. Энд унтаж амарна гэж хэлэхэд гэнэт уурлаж хурдан бос гээд миний хөнжлийг хуулаад авсан. Тэгээд хэрүүл маргаан хийхэд миний баруун талын хөлийн гуя хэсэгт хөлөөрөө хоёр удаа хөшиглөөд намайг үстээд зулгаасан. Тэр үед орилоод уйлахад намайг манай нөхөр чи наад гэрээ аваад манай хашаанаас зайл гэж хэлэхээр нь би гэрээс гараад ахындаа очлоо гээд хашаанаас гарах гэтэл гаргахгүй хэрүүл маргаан хийж дахин элдвээр хэлээд байхаар нь эргээд гэртээ ороод уйлаад байж байхад нэг их удалгүй цагдаа нар орж ирсэн. Би тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Хүүхдүүдээ хараад гэртээ байсан. Би Лтой гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид хоёр 2013 оноос хойш хамтран амьдарч байна. /хх-ийн 08-09 дэх тал/

Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би гэртээ амрах гээд хэвтэж байхад гадаа нэг эмэгтэй орилоод ээжээ гээд чанга чанга уйлаад байхаар нь би буцаж гэртээ ороод гэрэл бариад гараад ирсэн. Нэг эмэгтэй алхаж байсан бас араас нь нэг залуу дагаад яваад байхаар нь би хөөе юу болоод байна? Зодоод байгаа юмуу гэж хэлсэн. Тэр үед эмэгтэй гэррүүгээ хурдан алхаад яваад өгсөн. Тэгээд хэсэг байж байгаад хашаандаа ороод зодоон болоод байгаа юм шиг дуугараад байхаар нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг сонсоод байж байхад хүүхдийн дуу нэг их дуулдахгүй байсан. Харин эрэгтэй хүн нь эмэгтэйгээ чи намайг хазлаа яаж байгаа юм гэх яриа дуулдаад байсан. /хх-ийн 11-12 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Тын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун шууны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 17 дахь тал/

Шүүгдэгч П.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар тодорхой ярьсан учраас нэмж ярих зүйлгүй. Би эхнэртээ гэр бүлийн маргаанаас болж гар хүрсэн. Ихэд харамсаж байна. /хх-ийн 24 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 39 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дэх тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 35 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 58 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

  Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Хохирогч Б.Т, шүүгдэгч П.Л нар нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 22 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6 дугаар баг Малчны 8-30 тоотод орших гэртээ маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч П.Л нь хохирогч Б.Тын баруун хөлийн гуя хэсэгт нь 2 удаа өшиглөж, үснээс нь зулгаасан үйл баримт тогтоогдож байна.    

  Тодруулбал: Хохирогч Б.Тын: Тэгээд хэрүүл маргаан хийхэд миний баруун талын хөлийн гуя хэсэгт хөлөөрөө хоёр удаа өшиглөөд намайг үстээд зулгаасан. /хх-ийн 08-09 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.О-ын: Би гэртээ амрах гээд хэвтэж байхад гадаа нэг эмэгтэй орилоод ээжээ гээд чанга чанга уйлаад байхаар нь би буцаж гэртээ ороод гэрэл бариад гараад ирсэн. Нэг эмэгтэй алхаж байсан бас араас нь нэг залуу дагаад яваад байхаар нь би хөөе юу болоод байна? Зодоод байгаа юмуу гэж хэлсэн. /хх-ийн 11-12 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Л нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 22 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6 дугаар баг Малчны 8-30 тоотод орших гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бухий хүн болох эхнэр Б.Ттай хэрүүл маргаан үүсгэж, баруун хөлийн гуя хэсэгт нь 2 удаа өшиглөж, үснээс нь зулгааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.   

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Тын эрүүл мэндэд тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун шууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Л нь хохирогч Б.Ттай 2013 оноос хойш хамт амьдарч, дундаасаа 2 хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8- д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч П.Л нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.Тын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун шууны цус хуралт гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч П.Л-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэснээр шүүгдэгч П.Л-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 59 дэх тал/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 35 дахь тал/, Оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 49 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч П.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг гаргасан ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж ...эрүүл мэндийн асуудал байгаа Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлагатай байгаа. Нурууны суулттай болсон. Цагаан хаданд ажлын санал ирсэн. Мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх шаардлагатай байгаа гэх тайлбарыг гаргав.

Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч П.Л нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч П.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн П-ийн Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч П.Л нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА