| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00603/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01514 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01514
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/01514
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээлийн 23 дугаар гудамж, 03 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 27 дугаар байр, 57 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Мөнхбатын Тамир /РД:УХ90082497/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 186 дугаар байр, 9 тоот хаягт оршин суух, Царс овогт Тогоохүүгийн Нинжмаа /РД:ЧД86010860/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.000.600 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Тамир, хариуцагч Т.Нинжмаа, иргэдийн төлөөлөгч Э.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 12 дугаар сарын 20-нд Т.Нинжмаа урсгал сөрөн манай машиныг мөргөсөн. Тухайн өдөр Т.Нинжмаа мөнгөгүй байна гэсэн учир бид өөрсдийн мөнгөөр томографикийн зураг, машин оношлогоо, машины үнэлгээний төлбөрийг төлж, дараа нь бариа засал эмчилгээ хийлгэсэн. Т.Нинжмаа нь бидний зовиур, эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байгааг мэдэж байсан. Иймд хариуцагчаас 1.000.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч М.Тамир нь хариуцагч Т.Нинжмаагаас нэхэмжилсэн 1.000.600 төгрөгийн 600.600 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.Нинжмаа нь үлдэх 400.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрч байна гэжээ.
Нэхэмжлэл, эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Тамир нь хариуцагч Т.Нинжмаад холбогдуулан эд хөрөнгө болон эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1.000.600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Тамир нь нэхэмжлэлийн шаардлагаа 600.600 төгрөгөөр багасгаж, хариуцагч Т.Нинжмаа үлдэх 400.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Нинжмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 12.650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. М.Тамирын нэхэмжлэлтэй Т.Нинжмаад холбогдох эд хөрөнгө болон эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1.000.600 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 600.600 төгрөгөөр багасгаж, хариуцагч Т.Нинжмаа нь үлдэх 400.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Нинжмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 12.650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Тамирт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
М.МӨНХТӨР