Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

 

 

 

 

 

 

 

 2022          02          11                                     2022/ШЦТ/127      

 

                                  

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

 

Шүүгдэгч: Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч: М.Отгонбаатар нар оролцсон эрүүгийн 2109000001628 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Дорж овогт Бямбадоржийн Б.Н /РД: УХ94121156/, 1994 оны 12 дугаар 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 30 дугаар гудамжны 420 тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, оршин суух тодорхой хаяггүй,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 484 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сөүл плазагийн 1 давхарт үйл ажиллагаа явуулах “ Лореблу” гэх дэлгүүрээс Элизабет Франки брэндийн 2.080.000 төгрөгийн үнэ бүхий ээмэг, бугуйвч, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Томн Томс” кофе шоф-д үйлчлүүлж байсан хохирогч Э.Энхжингийн 1.790.000 төгрөгийн үнэ бүхий “Асус” брэндийн “Виво”загварын зөөврийн компьютерыг тус тус нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байна. Хохирлоо нөхөн төлнө, хөнгөн ял оногдуулж өгнө үү”...гэв.

Эрүүгийн 2109000001628 дугаартай хэргээс:

Яллагдагч Б.Нын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-11-13/,

Хохирогч Б.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Б.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч М.Мөнхтэлмэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Хохирогч Э.Энхжингийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Гэрч Г.Эрхэсийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,

Эд зүйлсийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сөүл плазагийн 1 давхарт үйл ажиллагаа явуулах “ Лореблу” гэх дэлгүүрээс Элизабет Франки брэндийн 2.080.000 төгрөгийн үнэ бүхий ээмэг, бугуйвч, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Томн Томс” кофе шоф-д үйлчлүүлж байсан хохирогч Э.Энхжингийн 1.790.000 төгрөгийн үнэ бүхий “Асус” брэндийн “Виво”загварын зөөврийн компьютерыг тус тус нууцаар, хууль бусаар авч, хууль бусаар авсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.Отгонцэцэгийн “... Би  2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн орой 20 цагийн үед ажил дээрээ байж байтал үл таних 2 хүн орж ирээд намайг ус уухаар дэлгүүрийн нөгөө тасаг руу орох хооронд манай дэлгүүрээс Элизабет Франки брэндийн ээмэг, бугуйвч зэргийг хулгайлаад аваад гараад явчихсан. Юм авсан хүн нь зугтаагаад явчихсан, гадаа нь хүлээж байсан найз нь гэх залууг бариад цагдаа дуудаж өгсөн согтуу байна эрүүлжүүлнэ гээд аваад явсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Сарантуяагийн “...2021 оны 12 дугаар сарын 01-ний оройны 20 цагийн үед дэлгүүр дээр байж байтал үл таних 2 залуу Элизабет Франки тасгаас ээмэг бугуйвч хоёр хулгайлаад зугтсан... Энэ үед Элизабет Франки тасагт хэн ч байгаагүй... Отгонцэцэг эгч юмнуудаа шалга гээд сая юун хүн гараад явчхав гээд юмнуудаа шалгатал ээмэг, бугуйвч алга болсон байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Мөнхтэлмэнгийн “...Тэгээд бүрэнхий болж байхад их дэлгүүрийн арын саадад байхад ханцуй хэсэг нь саарал цээж нь хар өнгийн куртик шиг юм өмссөн доогуураа хар өнгийн тамирын өмд хар өнгийн пүүз өмссөн масктай нэг залуу ирж мэндэлсэн надад хэлэхдээ сая эрүүлжүүлэхээс гарч ирлээ яг үхлээ гэсэн... тэгсэн тэр залуу урагшаа явъя гээд хүүхдийн 100 орчим очоод нэг дэлгүүрийн гадаа ирсэн. Тэгээд зогсож байхад нөгөө залуу дэлгүүр лүү орсон би жоохон байж байгаад араас нь орсон. Гадаа даараад би үүд хэсэгт нь зогсож байсан тэр залуу тэр дэлгүүр дотор юм үзээд явж байсан би буцаж гараад гадаа үүдэнд нь зогсож байхад нөгөө залуу гарч ирээд миний ард зогсож байсан. Тэгээд дэлгүүрээс гарч ирсэн чинь тэр залуу ертөнцийн зүгээр баруун тийшээ гүйгээд явсан... Тэгсэн нэг залуу хажуу талаас барьж аваад дэлгүүрээс юм хулгайд алдагдсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Энхжингийн “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед хичээлээ тараад найз болох Эрхэсийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах усан оргилуурын хажуу дахь Томн Томс кофе шоп-д орсон. Ингээд тэнд ороод юм захиалаад 30 орчим минут болсон байх тус газрын шилэн тасалгаатай өрөө байсан тэнд ороод цүнх болон хувцас мөн өөрийн нөүтбүүкийг ширээн дээр гаргаж тавиад текний хэсэг дээр очоод тооцоо хийх гэтэл карт уншихгүй гэсэн. Тэгээд Эрхэс гар утаснаас шилжүүлэх гээд нөгөө өрөөнөөс гараад над руу ирсэн. Энэ хооронд ширээн дээр байсан нөүтбүүк алга болсон байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Эрхэсийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед понтамын орчимд байрлах “Том И Томс” кофе шопод найз охин Энхжингийн хамт орж бие даалтаа хийхээр болсон. Тэгээд ороод нөүтбүүкээ гаргаад ширээн дээр тавьсан. Удалгүй бизнес өрөөнд нь захиалга өгөөд найз охин бид хоёр бизнес өрөө рүү орж суусан. Тэнд нь том том ширээтэй хичээл хийх боломжтой байсан. Би нөүтбүүкээ ширээнд авчир тавиад найз охин бид хоёр кофе захиалахаар бизнес өрөөнөөс гараад касс руу явсан. Тэгээд захиалгаа өгчхөөд буцаад өрөө рүүгээ ороход миний ширээн тавьсан нөүтбүүк байхгүй байсан... миний “Асус”брэндийн “Виво”загварын зөөврийн компьютер байгаа юм ...” гэх мэдүүлэг,

Яллагдагч Б.Нын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлсийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Шүүгдэгч Б.Нын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, хохирогч Б.Отгонцэцэгийн ээмэг, бугуйвч, хохирогч  Э.Энхжингийн   “Виво”загварын зөөврийн компьютерыг нууцаар авч бусдын өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

 Иймд шүүгдэгч Б.Нд Сүхбаатар дүүргийн Прокуророос  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогч нарын анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Б.Нд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй хандлага, хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих  ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт  “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Н нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 23-ны өдрийн 484 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоолын хуулбараар, уг ялаас 4 цагийг эдэлж 716 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь  нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын 2021/12/24-ны өдрийн 3/25156 дугаартай албан тоот зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 484 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Нд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт  оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 716 цагийн ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 89 хоногийн хорих ялыг  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 1 жил 06 сар 89 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 66 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Нын хулгайлсан эд зүйлээс 880.000 төгрөгийн үнэлгээ бүхий бугуйвч, 1200.000 төгрөгийн үнэлгээ бүхий хос ээмэгний өрөөсөн  ээмэг зэрэг эд зүйлийг хохирогч Б.Отгонцэцэгт буцаан олгосон болох нь эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогджээ.

Иймд иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Наас нийт 2.390.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Отгонцэцэгт 600.000 төгрөгийг, хохирогч Э.Энхжинд 1.790.000 төгрөг  тус тус олгохоор шийдвэрлэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Дорж овогт Бямбадоржийн Б.Ныг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Нд Чингэлтэй дүүргийн  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 23-ны өдрийн 484 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 716 /долоон зуун арван зургаа/ цагийн ажлын  8 /найм/ цагийг  1 /нэг/ хоногоор тооцон 89 /наян ес/ хоногийн хорих ялыг  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 1 /нэг/ жил 06 /зургаа/ сар 89 /наян ес/ хоногийн хорих ялаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас нийт 2.390.000 /хоёр сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Отгонцэцэгт 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг, хохирогч Э.Энхжинд 1.790.000 /нэг сая долоон зуун ерэн мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН