Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/179

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч У.Анхжаргал, шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0150 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овгийн Н.С, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, “***” ХХК-д мужаан ажилтай, ам бүл зургаа, эхнэр, гурван хүүхэд, зээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Баян Туруун 28 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.С нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын эцсийн автобусны буудал дээр “автомашины гарц зогсоол хааж машин байрлууллаа” гэх шалтгаанаар иргэн Э.С-тай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газар цохих, мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар ясны цөмөрсөн хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Х овгийн Н.С нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын эцсийн автобусны буудал дээр “автомашины гарц, зогсоол хааж машин байрлууллаа” гэсэн шалтгаанаар хохирогч Э.С-тай маргаж, улмаар түүний нүүр лүү цохих, мөргөх зэргээр зодож, биед нь хамар ясны цөмөрсөн хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Э.С-ын “...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцсийн автобусны буудал дээр ...машиндаа сууж байтал урд нэг Приүс-30 загварын автомашин унасан ах миний урд машинаа байрлуулах гээд намайг ухар гэж загнасан. Тэгээд машинаасаа бууж ирээд миний машины хаалгыг нээгээд “чи ямар шалчигнуур залуу вэ” гэж хэлснээ баруун гараараа миний хамар руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь эсэргүүцэх гээд машинаасаа буутал нөгөө залуу духаараа миний хамар луу 3-4 удаа мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал), гэрч Д.Ц-гийн “...Би нөхөр С-ийн хамт явж байсан. ...Тэгээд нөгөө залуу машинаасаа бууж ирээд хоорондоо барьцалдаж аваад аль аль нь мөрлөлцөөд байгаа харагдсан. Нөгөө хүүхдийн хамраас цус гарахаар нь би С-ийн хувцаснаас чирээд салгаж, дэлгүүр орж ус аваад шууд гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), гэрч Э.Д-ын “...хүнс цуглуулахаар төрсөн дүү С-ын хамт гарсан. Би дэлгүүрээс хүнс цуглуулаад 30 орчим минут болоод гарч ирсэн чинь дүү ...суудал дээрээ тонгойсон сууж байхаар нь юу болсон талаар асуухад нэг машинтай хүн зогсоолоос болоод маргалдаж байгаад хамар луу мөргөөд явчихлаа гэж хэлсэн ...С-ын хамар нь хавдаад цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1119 дугаартай: “...Э.С-ын биед хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ...Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч Н.С нь яллагдагчаар “...Би духаараа мөргөөд учруулсан гэмтэл юм. Гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэж (хавтаст хэргийн 61-62 дахь тал) гэж мэдүүлсэн ба шүүх хуралдаанд “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын хяналтын шатанд яллагдагч Н.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд прокурор түүний хүсэлтийг хүлээн авч, түүнтэй эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохирч, яллагдагч прокурорын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2, 17.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журамд нийцсэн байна.

Шүүгдэгч Н.С нь бүрэн дунд боловсролтой монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1119 дугаар дүгнэлтээр хохирогч Э.С-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Н.С-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Э.С-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Шүүгдэгч Н.С-ийн хохирогчийн хамар луу цохисон, мөргөсөн үйлдэл болон хохирогч Э.С-т учирсан хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь харилцан бие биеэ хүндлэх, асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх арга ухаан дутсан, уур бухимдлаа тогтоон барьж чадаагүйн улмаас гэмт хэрэг гарчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Э.С нь “эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.С-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), байнга оршин суугаа газрын лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дах тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 48 дахь тал), Голомт банкны депозит дансны хуулбар (хавтаст хэргийн 49-52 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 27-38 дахь тал), зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.С-д оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоног буюу 3 сарын үндсэн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            2.2.       Бусад асуудлын талаар

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Х овгийн Н.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Н.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.С-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА