Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/180

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Б.Дэлгэрмаа, хохирогчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103 00000 0388 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А овгийн Б.Д, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар цэцэрлэгийн манаач ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Колонкийн ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

-1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хорих ял,

- Увс аймгийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,

-2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял тус тус шийтгэгдэж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны 21 цаг 15 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны зам, Хилчин хотхоны зүүн талын замд “Toyota Aqua” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.У-г тээврийн хэрэгслийнхээ урд талын хэсгээр /урд салхины шил гол хэсэгтээ цөмөрч цацарсан эвдрэл, гэмтэлтэй/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, А овгийн Б.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай “Toyota Aqua” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэж заасныг зөрчсөний улмаас 21 цаг 15 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны зам, Хилчин хотхоны зүүн талын замын явган хүний гарц дээр хохирогч (явган зорчигч) Б.У-г мөргөж, биед нь зүүн зулай, баруун, зүүн чамархай, баруун ухархайн гадна хана, баруун хацар ясны хугарал, баруун чамархай, зүүн зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун зовхи, нүдний алим, баруун гуянд цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон болно.

Тухайлбал, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-11 дэх тал), хохирогч Б.У-гийн: “...гарцаас хойд зүгт хойноос ...нэлээд зайтай хурд сааруулагч дээгүүр 2 автомашин гарч ирж байгаа нь харагдсан. Тэр машинуудын урдуур би зам хөндлөн гарч амжина гэж тооцоолоод явсан. Түүнээс хойш би юу болсныг санахгүй байна, нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн “...урд салхины шил гол хэсэгтээ цөмөрч цацарсан эвдрэл, гэмтэлтэй байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 55-58 дахь тал), “Сүлд үнэлгээ” ХХК-ий 27 дугаартай “...’’Toyota Aqua” ***...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 1,320,000” гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 63-65 дахь тал), Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11522 дугаартай: “...Б.У-гийн биед зүүн зулай, баруун, зүүн чамархай, баруун ухархайн гадна хана, баруун хацар ясны хугарал, баруун чамархай, зүүн зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун зовхи, нүдний алим, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруу дээр маргах зүйлгүй, мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хохирогчид 1,120,328 төгрөг өгсөн, цаашид ч хохирол төлнө...” гэв.

Шүүгдэгч Б.Д нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн мэдүүлэг, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11522 дугаартай “...Б.У-гийн биед зүүн зулай, баруун, зүүн чамархай, баруун ухархайн гадна хана, баруун хацар ясны хугарал, баруун чамархай, зүүн зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун зовхи, нүдний алим, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогджээ.  

Шүүгдэгч Б.Д-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсаншинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн авч үзэх өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Д-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Улсын яллагч: “...Хохирлоор нэхэмжилсэн 1.128.300 төгрөг болон 1.751.853 төгрөгийн хохирлыг шүүдэгчээс гаргуулах, ажилгүй байсан үеийн цалин хөлс, орлого зэрэг бусад зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна..” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчтай санал нэг байна. Хохирогч 1,751,853 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Иргэний хуулийн 505.2 дугаар зүйлд “гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан байдаг тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хохирол гаргуулах саналтай байна. Б.У болон У-үү нар ах дүүс. Тухайн үед хохирогч Б.У-гийн ах нь хүнсний ногоог ялгаж ангилах зайлшгүй шаардлагатай байсан тул 85.000 төгрөгийн тээврийн зардал гаргаж Улаанбаатар хотод ирсэн тул уг хохирлыг хангаж өгнө үү. Иргэний хуулийн 505.2 дугаар зүйлд “гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан байдаг тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хохирол гаргуулах саналтай байна. Хөдөлмөрийн чадвар алдалт тогтооход Сонгинохайрхан дүүргийн эмнэлгээс хамгийн багадаа 1 жил болно гэсэн...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Хохирлын хувьд шүүгдэгч хохирогчид өгөх гэж 1 сар гаруй барьж явсан. Хохирол төлөөгүй гэх асуудал гарах вий гэж хохирогчийг хайсаар байгаад 12 дугаар сарын 31-ний өдөр өгсөн. Хохирлын баримтад 85,000 төгрөгийн унааны билетийн зардалд У-үү гэх хүний нэр байсан бөгөөд тухайн хүн ямар учраас хот руу ирсэн болох нь тодорхойгүй байх тул уг хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн хасаж өгнө үү. Харин 1,712,809 төгрөгийг гаргуулахад маргах зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.У-гийн төрсөн ах Б.У-үү нь энэ хэргийн улмаас дуудагдан ирсэн байх бөгөөд дүү нь зам тээврийн осолд орж хүнд гэмтэл авсан байх үед хүрэлцэн ирэх нь хүний ёсны хэрэг тул Б.У-гийн замын зардал болох 85,000 төгрөгийг хангах нь зүйтэй гэж үзэв. Харин хохирогчийн цалин хөлс, орлогогүй байсан хугацааг нотлох баримтад үндэслэн тогтоох боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Шүүгдэгч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.У-гийн нэхэмжилсэн 1,320,328 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримттай зардал болох 1,891,853.0 төгрөг болон цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардлыг төлөхөө илэрхийлж байх тул Шүүгдэгч Б.Д-с 1,891,853.0 төгрөгийг нэг жилийн дотор гаргуулан хохирогч Б.У-д олгохоор шийдвэрлэж, хохирогч Б.У нь цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоох хэсэгт заах нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна. Шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч: “...Хохирогчийн хувьд эрүүгийн хариуцлагын талаар гаргах тусгайлсан саналгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирол нөхөн төлсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн. Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин өгөхгүй байгаа нөхцөл байгаа тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг бөгөөд болгоомжгүй үйлдэгддэг хэрэг юм. Иймд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, холбогдох байгууллагын зөвшөөрлөөр орон нутагт нэвтрэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна...” гэв.

2.2.        Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Д-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлж, үлдсэн хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 44-46 дахь тал, шинээр гаргаж өгсөн), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 33 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дахь тал),  үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), хуулийн этгээд бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн “эрхэлсэн тодорхой ажилтай, байнгын оршин суух хаягтай, ам бүл тавуулаа, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг, В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй” гэсэн хувийн байдлыг тодорхойлов.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан бөгөөд шүүх гэм буруутай этгээдийг нийгмээс тусгаарлалгүйгээр эрүүгийн хариуцлагын хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангах нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилго нь зөвхөн хорих ялаар илрэн гардаггүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхээс дээрх дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хариуцлага нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт тохирохын зэрэгцээ эрүүгийн хариуцлагын “зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилгыг хангах үр нөлөөтэй хэмээн дүгнэв.

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, мөн зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, хэрэв тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн зүйлийн 5-д зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт үндсэн ял оногдуулахыг шүүгдэгч Б.Д-д санууллаа.

Шүүгдэгч Б.Д-д хорих ял шийтгээгүй учир түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохыг тогтоолд тусгах нь зүйтэй.

            2.3.         Бусад асуудлын талаар

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогч Б.У-д 1,230,328.0 төгрөг төлсөн, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.А овгийн Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, мөн зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4.Хэрэв тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн зүйлийн 5-д зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт үндсэн ял оногдуулахыг шүүгдэгч Б.Д-д сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 409 дүгээр зүйлийн 409.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-с 1,891,853.0 төгрөгийг нэг жилийн дотор гаргуулан хохирогч Б.У-д олгож, харин хохирогч нь цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардал болон хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан хугацааны талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогч Б.У-д шүүх хуралдаанаас өмнө 1,230,328.0 төгрөг төлсөн, мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байгааг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний *** дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА