Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0156

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Б.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 919 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Б.М-ын нэхэмжлэлтэй, ХУД-н ТХ-н даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгээс илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ХУД-н ТХ-н дарга Д.Б- нь Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас өөрөө надад арга хэмжээ авах албан бичиг ирүүлэхийг захиалан, ирүүлсэн бичгийн дагуу сахилгын арга хэмжээ авсан 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 тоот тушаал гаргажээ.

Тушаалд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.2 болон бусад хууль тогтоомжийн заалтуудыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй. Татварын улсын /ахлах/ байцаагч нарыг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар томилдог.

Намайг 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнайн 236 дугаар тушаалаар ХУД-н ТХ-н хяналт, шалгалтын тасгийн даргаар томилж, өнөөдрийг хүртэл уг албан тушаалын үүрэгт ажлыг гүйцэтгэж байна.

Миний бие төрийн жинхэнэ албан хаагч билээ. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчсөн тушаалыг ХУД-н ТХ-н дарга Д.Б- гаргасан гэж үзэж байна. ХУД-н ТХ-н дарга Д.Б- надад сахилгын арга хэмжээ авах эрх байхгүй.

Миний бие сахилгын арга хэмжээ авахуулах албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөрчлийг гаргаагүй, сахилгын арга хэмжээ авсан тушаалд байцаагч нараа мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн байна.

Энэ нь 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, удирдлага, арга зүйн газраас ирүүлсэн бичгээр 3 татвар төлөгчийг шалгаж, хариуг Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хүргүүлэх тухай 7/3561 тоот бичиг ирүүлсний дагуу 2014 оны 12 дугаар сарын 22-нд бичгийг хүлээж аваад 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шалгалт хийлгэхээр татварын улсын байцаагч нарт томилолт олгосон. 2014 он дуусахад 7 хоног дутуу байсан, тийм учраас бид стандартын дагуух үндсэн төлөвлөгөөт ажлаа хийж дуусгах шаардлагатай байсан тул шалгалт хийж амжаагүй. 2015 он гараад 2014 оны 11 дүгээр сард цагдаагаас шалгуулахаар ирүүлсэн бичгийн дагуух шалгалтууд дарааллаараа хийгдээд явж байсан. /Мөн хяналт шалгалтын тасгийн байцаагчдын сэлгээ хийгдсэн/. Тухайн бичгээр шалгалтыг эхлүүлэхийн тулд Эрсдлийн удирдлагын тасагт өгч, дахин программ руу төлөвлөгөөнд оруулаад 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр томилолт олгоод шалгалт эхэлсэн. Шалгалтыг эхлээд 3 татвар төлөгчөөс 1 нь шалгагдаж акт бичигдсэн бөгөөд 2 нь шалгалт дуусаагүй, цагдаагийн газраас гаргаж өгөх баримт бичиг дутуу байгаа учраас хүлээгдэж байгаа.

1. Бид үндсэн чиг үүргийнхээ хүрээнд төлөвлөгөөт шалгалтуудаа эхний ээлжинд дуусгах ёстой.

2. Цагдаагийн ерөнхий газраас ирсэн бичигт шалгалтыг хийж дуусах тодорхой хугацааг заагаагүй.

3. Томилолт 4 сард дахин олгогдсоноор өнөөдрийн байдлаар цагдаагийн ажилд саад учруулаагүй. Учир нь байцаагч томилоод шалгалт хийгдээд бидний зүгээс татвар төлөгчийн гаргаж өгсөн баримт бичигт хийх шалгалт хийгдсэн боловч цагдаагийн газраас гаргаж өгөх материал дутуугаас хүлээж бай гэсэн хариу аваад өнөөдрийг хүртэл шалгалт дуусаагүй хүлээгдэж байгаа.

4. Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай тэмцэх газар нь манай албаны ажилтанд арга хэмжээ авах тухай албан бичиг явуулах нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд

-        Хуульд заасан сахилгын арга хэмжээ авахуулах зөрчил, ажлын дутагдал гаргаагүй

-        ХУД-н ТХ-н дарга Д.Б- нь надад сахилгын арга хэмжээ авах эрх байхгүй

-        Хууль зөрчиж гаргасан ХУД-н ТХ-н дарга Д.Б-ын надад сахилгын арга хэмжээ авсан 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ХУД-н ТХ-н дарга Д.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б.М-ын нэхэмжлэлийн хувийг 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн аваад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу энэхүү тайлбарыг гаргаж байна.

Б.М- нэхэмжлэлдээ ...Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчин надад шийтгэл ногдуулсан гэжээ.

Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/53 тоот тушаалаар Үндэсний татварын албаны хүнд суртал, чирэгдлийг арилгах, бие дааж ажиллах нөхцлийг хангах, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт заасан Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын даргын бүрэн эрхийн 27.6.3... сахилганы шийтгэл хүлээлгэх 27.6.9... татварын албаны ажилтнуудыг ... сэлгэж ажиллуулах, шагнаж урамшуулах гэснийг хязгаартай хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн Татварын газар, Аймгийн Татварын газар, хэлтэс, дүүргийн ТХ-н дарга нарт шилжүүлсүгэй гэж дүүргийн ТХ-н дарга нарт татварын улсын байцаагч нарт сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрхийг олгосон.

Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Үндэсний татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна гэсний дагуу Татварын алба нь босоо удирдлагатай, дээд шатны албан тушаалтандаа доод шатны албан тушаалтан нь шууд захирах, захирагдах Төрийн албаны зарчмыг баримтлан ажилладаг алба юм.

ХУД-н ТХ-н хяналт, шалгалтын тасгийн дарга Б.М- нь Хэлтсийн дарга Д.Б-тай Үр дүнгийн гэрээ байгуулан биелэлтийг дүгнүүлж ажилладаг. Энэ утгаараа ч доод шатны албан тушаалтандаа аливаа зөрчил дутагдал гаргасан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага ногдуулах эрх надад бий бөгөөд тэр эрх үүргийнхээ дагуу Б.М-д сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй шийдвэр болсон.

Мөн нэхэмжлэлд ...сахилгын арга хэмжээ авахуулах зөрчил, сахилгын дутагдал гаргаагүй гэжээ. Татварын ерөнхий газрын ХШАЗГ-ын дарга Б.Даваацэрэнгийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 7/3561 тоот албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 9д/6520 тоот албан бичгийн дагуу эрүүгийн хэрэгт шалгагдаж буй нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтанд хамруулан үр дүнг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг ХУД-н ТХ-н Хяналт шалгалтын тасагт мэдэгдсэн байна. Гэтэл Хяналт шалгалтын тасгийн дарга Б.М- дээр аж ахуйн нэгжүүдэд хийх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулаагүй талаар Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 9д/2813 тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн тул ХУД-н ТХ-н даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.

Дээрх зөрчлийг үйлдэхээс өмнө нь ч Б.М- албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж байсан. Тухайлбал, Татварын ерөнхий газрын даргын 2008 оны 192 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний татварын албаны хяналт шалгалтын ажлыг эрхэлсэн нэгж нь батлагдсан төлөвлөгөөг үндэслэн 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор тухайн жилийн хяналт шалгалтын ажлын график /маягт ХШ04/-ыг боловсруулан Татварын албаны даргаар батлуулан мөрдөж ажиллана, мөн 2014 оны А/101 тоот тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 4.4 дэх хэсэгт сар бүр татварын хяналт шалгалтын хуваарийг гарган, тухайн Татварын албаны даргаар батлуулан дараа сарын 03-ны өдрийн дотор мэдээллийн санд бүртгэнэ гэж заасныг зөрчин 2014 оны 01-05 дугаар сарын хяналт шалгалт хийх хуваарийг батлуулаагүй, татварын хяналт шалгалтын ажлыг дүрэм, журам зөрчин дур мэдэн хийсэн тул Хэлтсийн даргын шийтгэл ногдуулсан юм. Уг шийтгэлийг ногдуулахдаа ХУД-н ТХ-н даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөг олон сараар батлуулахгүй байгааг нь сануулж, Төрийн албаны тухай хууль, Татварын ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн тушаал гаргасан нь үндэслэлтэй болсон.

Гэтэл Б.М- нь тухайн үед Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Т.Магнайтай хуйвалдан ..хуулийн заалт буруу хэрэглэсэн, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг зөрчсөн гэсэн хууль бус үндэслэлээр ХУД-н ТХ-н даргын Б/52 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр А/224 тоот тушаал гаргуулан хүчингүй болгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байсан юм. Тухайн үед Б.М- нь Хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөг Хэлтсийн даргаар сар бүр батлуулж ажиллаагүйн улмаас тус хэлтсийн хяналт шалгалтын ажил доголдож, 288 татвар төлөгчийг шалгалтад хамруулах ёстой байснаас дөнгөж 84 татвар төлөгчийг хяналт шалгалтад хамруулан, улмаар энэ байдал нь улс орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд болон хэлтсийн ажлын үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн юм.

Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/252 тоот тушаалын 6 дахь хэсэгт Харъяа нэгжийн 2014 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр D буюу хангалтгүй үнэлгээтэй дүгнэгдсэн нэр бүхий татварын албадын ажил хариуцсан албан хаагчдад хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь сайжруулах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч, үр дүнг тооцон, энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргаа, удирдлагын газар /С.Орхон/-д даалгасугай хэмээн заасан байсан. Татварын ерөнхий газрын ХШУДАГ-аас ХУД-н ТХ-н 2014 оны эхний хагас жилийн үйл ажиллаганад үр дүнгийн үнэлгээ хийх тул хэлтсийн хяналт шалгалтын ажлын 45.3 оноогоор буюу Хангалтгүй гэж дүгнэсэн юм.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 919 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ХУД-н ТХ-н даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/34 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ХУД-н ТХ-н дарга давж заалдах гомдолдоо: ХУД-н ТХ-н даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/34 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Татварын ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ нэхэмжлэгч нь биелүүлээгүй тул сахилгын шийтгэл ногдуулсан.

1.    Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хяналт шалгалт хийх тухай Татварын ерөнхий газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны 7/3561 албан бичгийн хавсралтад заасан аж ахуйн нэгжүүдэд хийх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулаагүй талаар Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 9д/2813 тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн тул сахилгын шийтгэл ногдуулсныг анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.М-ыг цагдаагийн ерөнхий газрын ажилтан биш, Цагдаагийн газрын албан бичгийг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль бус гэжээ. Энэ нь Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нэгжийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, үр дүнг агентлагийн даргын өмнө хариуцна, Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т Татварын албаны хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжийн дарга нь хяналт шалгалт хийж буй татварын улсын байцаагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, Цагдаагийн ерөнхий газрын албан бичигт заагдсан нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтад хамруулан үр дүнг цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг ХУД-ийн ТХ-н Хяналт шалгалтын тасагт ТЕГ-аас 2014 оны 7/3561 дугаарын албан бичгээр үүрэг өгч явуулсаар байхад Хяналт шалгалтын тасгийн дарга Б.М- дээрх аж ахуйн нэгжүүдийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулаагүй нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болох харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан нэгжийнхээ өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүйгээс гадна Үндэсний татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 200/463 тоот хамтран ажиллах журмын 3.6-д энэ журмыг зөрчсөн албан хаагчдын талаарх мэдээллийг харилцан солилцож хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу 9д/2813 дугаар албан бичиг ирсэн. Энэ нь хоёр байгууллага нь үйл ажиллагаагаа уялдуулж хамтран ажиллахдаа албан хаагчдынхаа үүрэг хариуцлагыг өндөрсгөн журамлаж энэ тухайгаа мэдээлэл солилцох байдлаар талууд журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах бөгөөд Б.М- нь Агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйн холбогдох баримт, нотолгоогоор тогтоогдож байхад түүнийг шүүхээс цагдаагийн ерөнхий газрын ажилтан биш бөгөөд гэж онцлоод цагдаагийн газрын албан бичгийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль бус байна гэж үзэж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Хяналт шалгалтыг хуульд заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй.

2.    Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т ...хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна, төлөвлөгөөт бус хянал шалгалтыг 5дугаар зүйлийн 52.2-т Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ, 52.4-т Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байхаар заасан Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 4.5-т Төлөвлөгөөт бус татварын хяналт шалгалтад: ... хууль хяналтын байгууллагын албан хүсэлт, шийдвэр, үүрэг даалгавар, ...татварын хяналт шалгалтууд хамаарна. Төлөвлөгөөт бус татварын хяналт шалгалтыг дараах байдлаар хийж гүйцэтгэнэ, 4.5.1-т хууль, хяналтын байгууллагын хүсэлт, шийдвэр, үүрэг даалгаврыг нийслэлд ТЕГ-ийн дарга болон... хүлээн авах бөгөөд ТЕГ-ын дарга нь татварын хяналт шалгалт хийх эсэх талаарх үүрэг даалгавар, шийдвэрийг харьяа газар, хэлтэс, тасагт хүргүүлэн шийдвэрлэнэ гэж заасан нь хяналт шалгалт хийх хугацаа болон дээд шатны байгууллагын хяналт шалгалт хийж болох эсэхийг заасан эрх зүйн зохицуулалт байна. Гэтэл ЦЕГ-ын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 9д/6520 тоот албан бичгийн дагуу эргүүгийн хэрэгт шалгагдаж буй нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн хяналт шалгалтад хамруулан үр дүнг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 7/3561 тоот албан бичгээр ХУД-н татварын хэлтэст ирүүлсэн байтал Б.М- нь дээрх хууль, журмын заасан хугацаанд шалгалтыг хийж гүйцэтгээгүй, мөн журмын 4.5.2-т ...байгуулагын мэдээлэл, хүсэлт, өргөдөл, гомдол болон энэхүү журмын 4.5.1-д заасан шийдвэрийг тухайн татварын албаны Татварын хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгж нь хүлээн авч Эрсдэлийн мэдээллийн ажил эрхэлсэн нэгжээр эрсдэлийн үнэлгээг хийлгэж татвар төлөгчийн жагсаалтад бүртгүүлснээр Татварын хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгж татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэнэ гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүй тус шалгалтын ажиллагааг хийх ёстой байтал хийлгүй 2015 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийг хүртэл явж ирсэн нь түүнийг сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болсныг шүүх үнэлж үзэхгүйгээр шийдвэрээ гаргасан.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй.

3.  Анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.9 болон Монгол Улсын засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоол Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-ын 3, 4, 5 дахь заалтыг хэрэгжүүлэлгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилын шийтгэлийг шууд давхардуулан ногдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ гэж үндэслэн үзсэн, хэдийгээр шүүх хуулийг түрүүлж хэрэглэх учиртай ч нэгэнт тогтоолд заасныг үндэслэж байгаа бол мөн тогтоолын 9-т Сахилгын шийтгэл хүлээсэн төрийн захиргааны албан хаагч уг шийтгэлийг үндэслэлгүй буюу буруу ногдуулсан гэж үзвэл энэ тухай  гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэнээс хойш 1 сарын дотор харьяалах дээд шатны төрийн байгууллагадаа бичгээр гаргана, 10-т Харьяалах дээд шатны төрийн байгууллага гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш З0 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ, 12-т Гомдол  гаргагч харьяалах дээд шатны төрийн байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг  мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор Төрийн захиргааны албаны зөвлөлд, эсхүл шүүхэд гаргаж болно гэснийг харгалзан үзэх ёстой байсан.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэснийг шалгаж үзэлгүйгээр буюу ХУД-н ТХ-н харьяалах дээд шатны байгууллага болох Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөр мөн хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан ажиллагааг ХУД-н ТХ-н хяналт шалгалтын тасгийн дарга Б.М-ын гаргасан гомдлын дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэх боломжтой байтал нэхэмжлэлийг шууд хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3.-т заасан захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгчээс ...ХУД-н ТХ-н дарга Д.Б- надад сахилгын арга хэмжээ авах эрх байхгүй байхад ... байцаагч нараа мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах албан үүргээ хангалтгүй биелүүлсэн... гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан нь төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэсэн Төрийн албаны тухай хуулийн заалтыг зөрчсөн ... миний бие сахилгын арга хэмжээ авхуулах албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөрчлийг гаргаагүй..., Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай тэмцэх газар нь манай албаны ажилтанд арга хэмжээ авах тухай албан бичиг явуулсан нь хуульд нийцээгүй... гэж,хариуцагчаас ...Татварын ерөнхий газрын даргын 2015 оны А/53 тоот тушаалаар дүүргийн ТХ-н дарга нарт татварын улсын байцаагч нарт сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрхийг олгосон ... Б.М- нь хэлтсийн дарга Д.Б-тай үр дүнгийн гэрээ байгуулан биелэлтийг дүгнүүлж ажилладаг тул ... зөрчил дутагдал гаргасан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага ногдуулах эрх надад бий ... Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан бичгийн дагуу ...нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтанд хамруулан үр дүнг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг мэдэгдсэн байхад уг шалгалтыг зохион байгуулаагүй талаар албан бичгээр мэдэгдсэн тул түүнд сахилгын шийтгэл ногдуулсан... өмнө нь ч Б.М- албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж байсан... гэж тус тус маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн, 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэж төрийн албаны үндсэн зарчмыг, 26 дугаар зүйлийн  26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:, 26.1.2-д албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл шаардлага, төрлийг, мөн 26.3-д Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээдийг тодорхойлон заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон этгээдээс сахилгын шийтгэлийг ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, анх эсхүл давтан үйлдсэн эсэхийг, мөн албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчиж албан үүргээ биелүүлсэн эсэхийг буюу албан үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэхээс хамаарч сахилгын шийтгэлийг ногдуулахаар байх тул төрийн албанд хуулийг дээдлэх, төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас бусдад учруулсан хохирлыг төр хариуцах үндсэн зарчмын хүрээнд шийдвэр гаргагч нь сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлийг тодруулан тогтоож, улмаар харьцуулан дүгнэх буюу харгалзан үзсэний үндсэн дээр тохирох сахилгын шийтгэлийг ногдуулсан тохиолдолд тус шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/200 дугаар тушаалаар батлагдсан Төрийн албаны тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх, татварын улсын /ахлах/ байцаагч ... татварын албаны бусад албан хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтоох, уг хэм хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавих, ... ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага тооцохтой холбогдсон харилцааг зохицуулах... зорилго бүхий Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрэм-ын 4.1-д Татварын ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн татварын ажилтны үйлдэл, эс үйлдэхүй нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах, хариуцлага тооцох үндэслэл болно гэж татварын ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг, 4.2-т Сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын шийдвэрээр ногдуулна гэж сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээдийг зааж, мөн дүрмийн 4.4-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж сахилгын шийтгэл ногдуулах хугацааны хязгаарыг тус тус зааж зохицуулжээ.

Нэхэмжлэгч Б.М-ын зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоогоогүй буюу тухайн нөхцөл байдлыг тодруулж, шалтгаан үндэслэлийг нарийвчлан судлалгүйгээр албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, өөр байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг шууд үндэслэл болгон маргаан бүхий актаар түүнд сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь төрийн албаны харилцаа тэр дундаа төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой хууль, журамд заасантай нийцээгүй нь тогтоогдож байх тул хариуцагчийн ...Цагдаагийн ерөнхий газрын нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтад хамруулан үр дүнг ирүүлэх үүрэг даалгаврыг удаашруулсан тул хариуцсан нэгжийнхээ өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй, Цагдаагийн Ерөнхий газар, Үндэсний Татварын Ерөнхий газрын хамтран ажиллах журамд хариуцлага хүлээлгэхээр заасны дагуу сахилгын арга хэмжээ авсан... гэх тайлбар, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Б.М-ын 2014 онд ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалттай хэрэгжүүлж байсныг нотлох баримт болох төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин /үр дүнгийн гэрээний биелэлт/-ийг үнэлэх илтгэх хуудас /77.2 хувь буюу С /хангалттай/ үнэлгээтэй[1] гэж дүгнэгдсэн/ авагдсан байхын дээр хариуцагчаас зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоогоогүй атлаа ... 2014 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хяналт шалгалт хийх хуваарийг батлуулаагүй, татварын хяналт шалгалтын ажлыг дүрэм журам зөрчин дур мэдэн хийсэн тул хэлтсийн даргын шийтгэл ногдуулсан юм. Гэтэл Б.М- нь тухайн үед Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Т.Батмагнайтай хуйвалдан хуулийн заалт буруу хэрэглэсэн, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг зөрчсөн... зөрчлийг үйлдэхээс өмнө нь ч Б.М- албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж байсан... гэж өөрийн гаргасан шийдвэрийг зөвтгөн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг нь дээд шатны албан тушаалтнаас хүчингүй болгосныг хууль бус мэтээр өөрөө дүгнэн тайлбарлаж байгаа нь түүний гаргасан маргаан бүхий актыг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч өөрийн сонгох эрхээ хэрэгжүүлэн шууд шүүхэд хандсан байх тул хариуцагчийн ...Б.М-ын гаргасан гомдлын дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийх боломжтой байтал нэхэмжлэлийг шууд хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т заасныг зөрчсөн... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хууль, Татварын ерөнхий хууль болон Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/125 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний татварын албаны хөдөлмөрийн дотоод журам-ыг зөв тайлбарлан хэрэглэсэн байхын дээр ...Үндэсний татварын албаны ёс зүйн хорооны ажиллах журмын дагуу төрийн албан хаагчийн гомдол мэдээлэл гэж үзэн тус журамд зааснаар ёс зүйн хороо шалгаж тогтоох байтал хариуцагч нь Цагдаагийн ерөнхий газраас албан бичиг ирсэн гэхүндэслэлээр буюу бусад этгээдийн хүсэлтээр нэхэмжлэгч Б.М-д сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль журамд нийцээгүй, олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн, шийдвэр болсон... гэж маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 919 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 


[1] Хавтаст хэргийн 48-50 дугаар тал