Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 124

 

А.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00729/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.А- нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 601 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Боржигон овогтой А-гийн Э-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Хайрхан овогтой Б-гийн М-д холбогдох

“Хамтын амьдралтай байсныг болон хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэх” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хамтын амьдралтай байсныг болон эцэг тогтоолгох, 17,200,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч Б.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, Ц.Гэнэндулам, хариуцагч Б.М-, хариуцагчийн өмгөөлөгч
Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч А.Э-оос:

“Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр Б.М-, А.Э- нарын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосон юм. Иймд гэрлэлт цуцлуулах шаардлагаасаа татгалзаж, Б.М-тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Мөн эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа Б.М-, А.Э- нарын өмчлөлийн Ү-2003016931 дугаартай 2 өрөө орон сууцыг үлдэгдэл голомт банкны өртэй нь охин М.Ичинхорлоо  бид  хоёрын   өмчлөлд үлдээхээр, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 25-р хороолол, 1-р хэсэг, 11 тоот амины орон сууц барих зориулалттай газрыг охин М.Ичинхорлоо  бид  хоёрын  эзэмшилд,  гэрийн  доторх  тавилга,   ахуйн    хэрэглээний  эд

зүйлсийг Б.М-эд үлдээхээр өөрчилж, мөн 2016 оны 04 сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бусдын орон сууцыг түрээслэн амьдарсан нийт 3.300.000 төгрөгийг хариуцагч Б.М-ээс гаргуулахаар, 2016 оны 04 сарын 29-ний өдрөөс хойш хүүхдийн тэтгэмжийн мөнгийг нөхөн гаргуулахаар, охин бид хоёрыг өөрийн орон сууцанд байлгахаар нэмэгдүүлж байна гэжээ. 

Хариуцагч Б.М-ээс:

2011 оноос А.Э-той хамт амьдарч нэг охинтой болсон. Охин маань одоо 5 настай. Миний хувьд “Оюу толгой” ХК-д ажилладаг. 14 хоног ажиллаж, 7 хоног амардаг. Охиноо ээжийнх нь асрамжинд үлдээж чөлөөтэй уулзаж байх хуулийн дагуу 18 нас хүртэл нь тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна. А.Э-той хайр сэтгэлтэй болж хамт амьдрах болсон хэдий ч энэ хугацаанд охиноо бодож өнчрүүлэхгүйн тулд тэсч тэвчсээр ирсэн. А.Э- нь зан авирын хувьд тогтворгүй, хамт олонтой ажиллах чадваргүй, гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг бий болгодоггүй, байнга худал үнэн зүйл санаанаасаа зохиож хардаж хэрүүл өддөг. Миний хувьд амьдралынхаа төлөө бүхий хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж хөдөлмөрлөсөөр ирсэн. Миний цалингийн картыг А.Э- эзэмшиж захиран зарцуулдаг байсан. Герман явж магадгүй, дансаар мөнгө орж гарсан байх хэрэгтэй байна гээд өөр хадгаламжийн данс нээлгэж цалинг маань тэр дансанд байршуулж байсан. Сүүлийн байдлаар уг дансанд 5.200.000 төгрөг байсныг авч захиран зарцуулсан. Энэ бүгдээс харахад түүний сүлжээний орлогоор гэр бүлээ тэжээдэг, намайг цалингаа огт өгдөггүй мэтээр бичсэн нь худал гэдэг нь харагдаж байна.  Би хол ажилладаг хэдий ч охиныхоо сурч боловсроход нь хангалттай ном хэвлэл, хөгжмийн боловсролд нь зориулж Кasio-LK-240кг авч өгсөн. Охиныхоо эрүүл мэндийг бодож чанартай сайн тоглоомуудыг “Brick House”-аас авч өгдөг. Төлбөртэй сургалт дамжаанд хамруулж охиныхоо төлөө чадах бүхнээ зориулдаг. Мөн нэхэмжлэгч А.Э- нэмэлт нэхэмжлэлдээ өөрийн олсон орлогоороо дундын хөрөнгийг бий болгодог байсан гэж бичсэн байна. Эхний үед би түүний ажлыг дэмжиж офиссын байр түрээслэхэд нь офиссын тавилга авч өгч байсан. Орифлеймд ажиллаж байхад нь болзол хангахад удаа дараа мөнгөн тусламж үзүүлж байсан. Мөн бизнес хийх гэж байна гээд ОХУ-аас 3.000.000 гаруй төгрөгөөр бараа авчирч хүмүүст зээлээр тараасан нь эргэж орж ирээгүй.  Хөрөнгийн хувьд дундын хөрөнгө гэх зүйл байхгүй, А.Э- нь уран яруу, худал үнэн ярьж хүнийг итгүүлэх чадвар сайтай тул энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. А.Э- бидний хоорондын гэрлэлт хүчин төгөлдөр бус байсан гэж үзэж байгаа тул гэрлэлтийн талаар ямар нэгэн тайлбар гаргах шаардлагагүй, энэ талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Харин охин М.Ичинхорлоогийн төрсөн эцэг гэдгийг хүлээн зөвшөөрч охиндоо хайртай эцгийн ёсоор хандан тэтгэлгийг хугацаанд нь төлж байна. Охины асрамжийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Харин гэр бүлийн дундын өмчлөлийн асуудал яригдах боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч А.Э- нь надтай хүний ёсоор харьцвал охин болон тэр хоёрын цаашдын амьдралд нь эд хөрөнгийн тодорхой хэсгийг өгч болно. Мөн гэрлэлт хүчин төгөлдөр бус\д тооцуулах тухай нэхэмжлэл болон хамтын амьдралтай байсныг, хүүхдийн эцэг мөн болохоо тогтоолгох тухай шаардлагуудаасаа татгалзаж байна. Харин 17.200.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа дэмжиж А.Э- өөрөө охиноо асарч халамжилж чаддаггүй тул би охиноо өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Хүүхдийн эцэг мөн болохоо зөвшөөрч байна. А.Э- ямар ч мөнгө оруулаагүй, миний ажилладаг байдал дээр тулгуурлан Голомт банк зээл олгосон. Зээлээ сар бүр би цалингаасаа төлдөг. Байр банкны барьцаанд байгаа тул А.Э-ын өмчлөлд шилжих боломжгүй, миний өөрийн өмч юм. Мөн газрын хувьд би 3 удаагийн төлөлтөөр уг газрыг 25.000.000 төгрөгийг төлж авсан. Орон сууц хөлсөлсөн зардлаа А.Э- өөрөө хариуцах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, харин 17.200.000 төгрөгийг А.Э-оос гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.М- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Миний бие Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын иргэний бүртгэлийн газарт гэр бүлээ албан ёсоор хуулийн дагуу бүртгүүлээгүй бөгөөд 2011 оны 03 сарын 06-ны өдөр Солонгос улс руу магистрт сурахаар явахад А.Э- миний араас Солонгос явах зорилгоор гэр бүлийн гэрчилгээ гаргуулсан билээ. А.Э- нь анх надтай ханилж эхлэхдээ гаргаж байсан зан ааш, хэлж ярьж байсан зүйлүүд нь бүгд эрс өөрөөр хувирч одоо намайг янз бүрээр хэлж ярьж, цагдаагийн байгууллагад хүртэл өргөдөл гаргаж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж, аль болох ял эдлүүлэх гэж улайрч зүтгэн хүний үнэргүй зан гаргаж аашилж байна. Гэр бүл болсон гэдгээр далимдуулж миний хүч хөдөлмөрөөр олсон эд хөрөнгийг авах шунахай сэтгэл гаргаж байгаа тул би гэрлэлтийг хууль журам зөрчиж хийгдсэн гэдгээр нь шалгуулж, А.Э- бидний хооронд хийгдсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2012 оны 02 сараас эхлэн 2016 оны 04 сар хүртэл А.Э- бид нар хамтын амьдралтай байсныг тогтоолгох,  мөн охин М.Ичинхорлоогийн төрсөн эцэг миний бие мөн эсэхээ тогтоолгох хүсэлтэй байна. Гэр бүлийн хэрэгцээний блокон хашаа барихад зарцуулсан 12.000.000 төгрөг, голомт банкин дахь хувийн хадгаламжаас авсан 5.200.000 төгрөг нийт 17.200.000 төгрөгийг А.Э-оос гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн Хаан банкинд миний хувийн хадгаламж эзэмшилд 5.200.000 төгрөг хадгалагдаж байсныг 2016 оны 04 сарын 04-ний өдөр Бельги улс явахад мөнгө хадгалуулсан байх шаардлагатай гээд А.Э- гуйгаад байхаар нь би төгрөгийг долларт шилжүүлж Голомт банкинд хувийн хадгаламж нээлгэж нэхэмжлэгчийн нэрийг оруулсан. Гэтэл А.Э- миний зөвшөөрөлгүй 2016 оны 05 сарын 02-ны өдөр Голомт банкинд очиж хадгаламжинд байсан 2531 долларыг шууд гаргуулж аваад надад нэг ч төгрөг өгөлгүй үрсэн тул уг мөнгийг А.Э-оос гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 

Нэхэмжлэгч А.Э- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

2010 онд 4-р курст орох жилдээ жирэмсэн болж охин М.Ичинхорлоог 2011 оны 04 сарын 13-ны өдөр төрүүлсэн бөгөөд охиныг төрүүлэх үед Б.М- Солонгос руу явсан байсан. Түүнийг явахад ар гэрийнхэн нь охин бид хоёрыг байнга харж хандана гэсэн боловч хэлсэндээ хүрээгүй, мөнгө олохын тулд охиноо ээжээрээ харуулан ажил хийж 2011 оны 08 сараас Орифлейм компанид ажиллаж орлогын эх үүсвэртэй болсон. Б.М- өөрийн гэсэн орлоготой болсон учраас би түүнд хэрэггүй болсныг 2012 оны 10 сард битүү зодуулж үлдэхдээ мэдсэн бөгөөд тэр үед “Оюу толгой” ХК-д хүнээр яриулж хахуульд өгөх 1.500.000 төгрөгийг надаас авч ажилд ороод сар болсон байсан. Би тэр үед охины минь эцэг гэж дахин уучилж бүх талаар тусламж үзүүлж эрүүл мэндийг нь сайжруулахад бүхий л талаас нь тусалсан. Хариуцагч Б.М- 2010 онд ажилгүй байхдаа бизнес хийнэ гэж хэлж ээжээс 5.000.000 төгрөг зээлсэн. Б.М-ийн тайлбарт үнэн зүйл алга байна. Охиндоо анхаарал хандуулж байсан удаа цөөхөн. Өрх гэрийн амьдралыг эхнэр хүний хувьд бусдын адил авч явж үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, эр нөхрөө хайрлан халамжилж явж байсан. Тэрээр байнга надаас нууж ар гэрийнхэндээ мөнгө төгрөг өгдөг байсан. Би сүлжээндээ хэрэглэнэ гэж Б.М-ээс мөнгө төгрөг авч байгаагүй, харин түүний гэр бүл миний зардаг бараа бүтээгдэхүүнээс үргэлж үнэ төлбөргүй авч хэрэглэсээр өдийг хүрсэн. Б.М- тайлбартаа дундын өмч хөрөнгө гэж байхгүй гэсэн байна, бид албан ёсны гэр бүл болон үр хүүхэдтэй болж 7 жил хамтран амьдрахад хамтран өмчлөх дундын өмч хөрөнгө бий болсныг аль аль нь мэдэж байгаа. Энэ талаар шүүхэд холбогдох нотлох баримтыг өгсөн тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 601 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин М.Ичинхорлоог эх А.Э-ын асрамжинд үлдээж,

         Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 2011 оны 04 сарын 13-ны өдөр төрсөн охин М.Ичинхорлоог 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.М-ээс тэтгэлэг гаргуулж,  

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 46 дугаар байрны 72 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016931 дугаарт бүртгэгдсэн, 49,18 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг А.Э-ын өмчлөлд үлдээж, 9.308.302 төгрөгийг нэхэмжлэгч А.Э-оос гаргуулж, хариуцагч Б.М-эд, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 25 дугаар хороолол, 1 дүгээр хэсэг, 11 тоот, амины орон сууцны зориулалттай, нэгж талбарын 080154955 дугаартай,  500 мкв газар эзэмших эрхийг хариуцагч Б.М-эд үлдээж, хариуцагч Б.М-ээс 12.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Э-од тус тус олгож, А.Э-ын нэхэмжлэлийн шаардлагаас 3.300.000 төгрөг гаргуулах, эцэг тогтоолгох, хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хариуцагч Б.М-ийн  сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 17.200.000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.М- нь гэрлэлт хүчин төгөлдөр бусд тооцуулах, хамтын амьдралтай байсныг болон эцэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 545.950 төгрөг, хариуцагч Б.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 454.550 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид 313.533 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Э-од олгож, хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс тооцож, 23.248 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг нар давж заалдсан гомдолдоо:

            Шүүх зохигчдыг хуульд заасан шаардлага хангасан гэр бүл гэж үзэж эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлон, гаргуулж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бүхэлдээ үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үл анзаарч нэхэмжлэгч, хариуцагч аль нь хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Зохигчдын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхэд бусдад төлөх буюу банкны ипотекийн өр зээлийн асуудал байгаа талаар талуудын хэний хариу тайлбарт болон шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан байхад орон сууцыг нэхэмжлэгч болон хүүхдэд үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Э- хариуцагч Б.М-эд холбогдуулж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагуудаа өөрчилж, хариуцагч Б.М-тэй хамтын амьдралтай байсныг болон эцэг Б.М- мөн болохыг тогтоолгох, дундын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг өөрийн болон охин М.Ичинхорлоогийн өмчлөлд үлдээх, амины орон сууц барих зориулалттай газрыг эзэмшилдээ авах, орон сууц түрээслэсний төлбөр 3.300.000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж, гэрийн тавилга гаргуулах болон гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч Б.М- А.Э-од холбогдуулж, гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эцэг тогтоолгохоор, гэр бүлийн хэрэгцээний хашаа барихад зарцуулсан 12.000.00 төгрөг, банкны хувийн хадгаламжаас авсан 5.200.000 төгрөг, нийт 17.200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж маргажээ.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин М.Ичинхорлоог эх А.Э-ын асрамжид үлдээж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар дундын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч А.Э-ын өмчлөлд үлдээж, 9.308.302 төгрөгийг А.Э-оос гаргуулж Б.М-эд олгож, амины орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг Б.М-эд үлдээж, Б.М-ээс 12.500.000 төгрөг гаргуулж, А.Э-од олгож, нэхэмжлэгч А.Э-ын нэхэмжлэлийн шаардлагаас 3.300.000 төгрөг гаргуулах, эцэг тогтоолгох, хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хариуцагч Б.М-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас  17.200.000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурьдсанаар хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч А.Э-, хариуцагч Б.М- нар 2011 оноос гэр бүлийн харилцаатай болж 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдох бөгөөд гэрлэгчдийн дундаас 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр охин М.Ичинхорлоо төрсөн байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зохигчид тусдаа амьдарч байгаа, өнгөрсөн хугацаанд охин М.Ичинхорлоо эхийн асрамжид байгаа бөгөөд эцэг Б.М- хөдөө орон нутагт ажилладаг, хүүхдийн эрх ашиг зэрэг нөхцөл байдлыг харгалзан охиныг эхийн асрамжид үлдээж эцэг Б.М-ээс хуульд зааснаар тэтгэлэг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

Охин М.Ичинхорлоогийн төрсөн эцэг нь Б.М- мөн болохыг зохигчдын хүсэлтээр шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99 хувь байна гэж гарсан бөгөөд шүүх хуралдааны шатанд хариуцагч Б.М- охин М.Ичинхорлоогийн төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрсөн тул хүүхдийн эцгийг шүүхийн журмаар дахин тогтоох шаардлагагүй гэж, мөн зохигчдын гэрлэлтийн бүртгэл хүчингүй болох хүртэлх хугацаанд гэр бүл байсан нь тогтоогдсон гэж шүүх нэгэнт дүгнэсэн тул хамтын амьдралтай байсныг тогтоох шаардлагагүй гэж тус тус дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Иргэний бүртгэлийн тухай хуулийг баримтлан зохигчдын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосон боловч энэ нь зохигчдын хүсэл зоригоос хамаарахгүй шалтгаанаар буюу улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарыг анхнаасаа гэрлээгүйтэй адилтган үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Зохигчдын маргаж буй орон сууц, газар эзэмших эрхийн талаар анхан шатны шүүх гэрлэлтээ бүртгүүлснээс хойш гэрлэлтийн бүртгэл хүчингүй болох хүртэлх хугацаанд  бий болсон хөрөнгө тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Дундын өмчлөлийн орон сууцыг шийдвэрлэхдээ тус орон сууцны өнөөгийн бодит үнэлгээнээс банкны үлдэгдэл төлбөрийг хасч тооцон үлдэгдэл үнийн дүнг гэр бүлийн 3 гишүүнд адил тэнцүү хувааж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

Амины орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг хариуцагч Б.М-ийн хуваарьт өмч гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх бөгөөд тухайн газрын эзэмших эрхийг хариуцагч Б.М-эд үлдээж,  үнийн дүнгий тал хувийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч Б.М- нэхэмжлэгч А.Э-оос сөрөг нэхэмжлэлээр 17.200.000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл уг газар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг газар байх бөгөөд хариуцагч нь өөрийн хуваарьт өмч гэж үзэн түүнд гаргасан зардлыг гэр бүлийн бусад гишүүдээс шаардах эрхгүй гэж үзнэ.

Мөн Голомт банкны хадгаламжийг А.Э-, Б.М- нар хамтран эзэмшдэг бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус хадгаламжаас гаргасан зардал 2531 долларыг охин М.Ичинхорлоог Малайз улсад сургалтанд хамруулахад гарсан зардал гэж үзэж болохоос гадна Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар зохигчид эцэг эхийн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Б.М-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Хариуцагч Б.М-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 601 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.М-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688.620 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ 

                                       ШҮҮГЧИД                                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                             Л.АМАРСАНАА