Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/181

 

                             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Ж.Сувданчимэг, шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00008 0051 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Е овгийн Н.Х, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** их сургуулийн ** 1 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл дөрөв, эцэг, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Х нь Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын орчимд 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 03 цагийн үед иргэн А.Б-ийг  хэрүүл маргаан хийж, хэл амаар доромжилсон гэсэн шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, 2 нүдний дотор буланд цус хуралт, дух, хамар, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Е овгийн Н.Х-ийг 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын орчимд урьд үерхэж байсан найз охин М.А-тэй уулзаад зогсож байхад нь хохирогч А.Б ирж, ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр Н.Х-тэй хэрүүл маргаан үүсгэжээ. Харин шүүгдэгч Н.Х хохирогч А.Б-ийн нүүр лүү нь гараараа 2 удаа цохиж, биед нь “хоёр нүдний дотор буланд цус хуралт, дух, хамар, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч А.Б-ийн “...2021 оны 12 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороололд М-ийн гэрт ирсэн. 00 цагийн үед М-ийн найз охин Х ирчихлээ гэхээр М гэрээсээ гараад очсон чинь Х өөр бандитай хамт зогсож байсан. Тэгээд М, Х хоёр хоорондоо жаахан маргалдаж байгаад салаад явцгаасан... Би ганцаараа Содон хороололд үлдээд машинаа бариад гэртээ харих гэтэл Х-тай хамт зогсож байсан танихгүй залуу намайг машинаасаа буугаад ир гэж хэлээд миний машины цонхыг цохиод байхаар нь би буугаад “яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь гараараа миний нүүрэн тус газар 2 удаа цохиж зодсон. Миний дух хавдсан, хамар болон хоёр нүд хөндүүртэй өвдөөд байна. Өөр бусад газарт бэртэл гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал), насанд хүрээгүй гэрч М.А-ийн: “...унтах гэж байхад Х над руу залгаад гараад ир гэхээр нь гарахад тэр архи уучихсан байсан. Бид хоёр уулзаад юм яриад зогсож байхад Б гэх эгч ирээд Х-тэй хэрүүл хийгээд байсан. Б эгчийг би муухан танина, манай дээд ангид сурч байсан. Б намайг Х гэдэг нэртэй гэж андуурсан байж магадгүй. Тэгтэл Х Б эгчийн нүүр лүү 1-2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12125 дугаартай: “...А.Б-ийн биед хоёр нүдний дотор буланд цус хуралт, дух, хамар, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Н.Х нь яллагдагчаар “...Шөнө 03 цагийн үед өмнө найзалдаг байсан А гэх охинтой Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын сагсны талбайн ойролцоо уулзсан. Бид хоёр уулзаад зогсож байхад А гар утсаар хүнтэй яриад хэрэлдээд байсан...Дараахан нь З-ийн байрных нь эгч Б гэх охин ирээд надтай учир зүггүй хэрүүл хийгээд байхаар нь би гараа атгаж байгаад нүүр лүү нь 1 удаа цохисон... Би тухайн үед нэлээн согтуу байсан, гэхдээ болсон асуудлыг санаж байна. Б гэх охин над дээр ирээд хэрүүл хийж байгаад машин руугаа явахаар нь би араас нь очоод машин руу нь шүлсээ хаяад баруун гараа атгаж байгаад нүүр лүү нь цохисон...” гэж (хавтаст хэргийн 65 дахь тал)...” гэж мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд “...мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Х нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12125 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Х-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч А.Б-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Н.Х-ийн хохирогчийг гараараа 2 удаа цохисон үйлдэл болон хохирогч А.Б-ийн биед учирсан хоёр нүдний дотор буланд цус хуралт, дух, хамар, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд хохирогч А.Б нь шүүгдэгч Н.Х дээр ирж хэрүүл маргаан үүсгэсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч А.Б-д учирсан хохирлын талаарх ямар нэгэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Н.Х-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Н.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Н.Х: “...би торгуулийн ялыг биелүүлэх боломжтой...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 20 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 21 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 26-54 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Н.Х-ийн хувийн байдлыг (оюутан) харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоног буюу 3 сарын үндсэн хугацааг нэмэгдүүлж, торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

    1. Бусад асуудлын талаар

Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Х нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Е овгийн Н.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Х-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Х-т оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Х-т сануулсугай.

5.Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Х нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА