| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01124/И |
| Дугаар | 102/ШШ2017/01533 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2017/01533
| 2017 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/01533
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 54 дүгээр байр, 8 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Содномдаржаагийн Цоггэрэл /РД:УК68121211/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Цоггэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Төмөр Зам дах Цагдаагийн хэлтэст вокзалын жижүүрийн цагдаагаар ажилд орсон. Түүнээс хойш 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад 2007 он хүртэл хөдөлмөрийн чадвар түр алдсан. Одоогоор түр саатуулах байр бөгөөд өмнө нь эрүүлжүүлэх гэж байсан. Дээрхи хугацаанд цагдаагаар ажиллаж байсан гэж нийтлэг тушаал гаргадаг. Би одоо тэтгэвэрт гарах гэж байгаа бөгөөд цагдаа гэсэн ерөнхий нэршилтэй байгаа болохоор болохгүй байгаа юм. 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, 2007 оноос 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл зөвхөн цагдаагаар ажилд орсон гэж томилсон. Эргүүл болон жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан нь тодорхой харагддаггүй. Тэтгэвэрт гарах үед жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан бол нэмэгдэл авдаг юм. Жижүүрийн цагдаа гэсэн байдлыг тогтоолгохгүй бол нэмэгдэл авч чадахгүй болоод байгаа юм. Хэв журмын хэлтэс нь жижүүр, эргүүл хийдэг. Өөр зүйл хийдэггүй. 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эргэн орж одоог хүртэл хэв журмын тасгийн эргүүлийн цагдаагаар ажиллаж байна. Өмнө нь гаргасан шаардлага цаг хугацааны хувьд бага зэрэг өөрчлөгдсөн. Одоо ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж байгаа хугацаа нь 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Төмөр замын Цагдаагийн Хэлтсийн Улаанбаатар зорчигч үйлчилгээний төвийн буудлын цагдаагийн хэсэг дээр жижүүрийн цагдаа хийж байсан. 2007 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын Цагдаагийн хэсгийн жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Цоггэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана”, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, 135.2, 135.2.6-д “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, хүний ажиллаж байсан байдал” гэж заасны дагуу өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд амьдардаг болох нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолтоор нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн ажилд орсон гарсан тушаал дээр цагдаа гэж бичсэн нь ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох үндэслэл болжээ.
Нэхэмжлэгч С.Цоггэрэл нь 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн Улаанбаатар Зорчигч үйлчилгээний төв буудлын цагдаагийн хэсэгт жижүүрийн цагдаагаар, 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн Улаанбаатар Зорчигч үйлчилгээний төв буудлын цагдаагийн хэсэгт жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна.
Үүнд: Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 72 тоот ажилд томилох тухай тушаал, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн даргын 1997 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 123 тоот С.Цоггэрэлд нэмэгдэл олгох тухай тушаал, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн даргын 2003 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 64 тоот С.Цоггэрэлийг албанаас түр чөлөөлөх тухай тушаал, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 107 тоот томилох, буцалтгүй тусламж олгох тухай тушаал, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн даргын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 47 тоот ажлаас чөлөөлж, ажилд томилж, албан тушаалын цол олгох тухай тушаал, хэв журмын цагдаагийн ажлын байрны тодорхойлолт, Цагдаагийн Ерөнхий газрын Төв Архивын газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 13/2286 тоот С.Цоггэрэлийн тухай лавлагаа, гэрч Х.Сайхнаагийн “Би С.Цоггэрэлтэй 1999 оноос хойш төмөр замын Цагдаагийн газарт одоог хүртэл цуг ажиллаж байна. С.Цоггэрэл нь 2003 он хүртэл эрүүлжүүлэхийн цагдаагаар ажиллаж байсан. 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хууль байдаг бөгөөд тухайн хуулинд цагдаагийн эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн албан хаагчийн 1 жилийг 1 жил 3 сараар тооцно гэсэн заалт байдаг. С.Цоггэрэл нь эргүүл, жижүүрээр ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг, Д.Түвшинжаргалын “Би С.Цоггэрэлтэй хамт ажиллаж байсан гэдгийг гэрчлэхээр исэн. Би 1994 онд Төмөр замын Цагдаагийн газарт ажилд орсон. С.Цоггэрэл ах 2003 онд группт гараад 2007 онд ажилдаа буцаж орсон. Бид одоог хүртэл хамт ажиллаж байгаа” гэсэн мэдүүлэг, Улаанбаатар төмөр замын Зорчигч үйлчилгээний төв буудлын цагдаагийн хэсэг дэх ажлын байранд авхуулсан фото зураг, 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн рапортын дэвтрийн хуулбар, 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн үр дүнгийн гэрээ, төмөр замын Цагдаагийн хэлтсийн Шуурхайн албаны удирдлагын хэсгийн хоногийн мэдээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд дээрх дурдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч С.Цоггэрэлийг 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн Улаанбаатар Зорчигч үйлчилгээний төв буудлын цагдаагийн хэсэгт жижүүрийн цагдаагаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг Боржигон овогт Содномдаржаагийн Цоггэрэлийг 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн Улаанбаатар Зорчигч үйлчилгээний төв буудлын цагдаагийн хэсэгт жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ